Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 121

 

“А” банк-ны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00554/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэртэй,  

          Нэхэмжлэгч: “А” банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ж.У-, Ш.М- нарт холбогдох, 

          “Үндсэн зээлийн үлдэгдэл 2.952.109,12 төгрөг, хүүгийн үлдэгдэл   592.039,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 24.647,67 төгрөг, нийт 3.578 296,18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”  тухай иргэний хэргийг,

          Хариуцагч Ж.У-, Ш.М- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

Нэхэмжлэгч “А” банк-ны Дархан-Уул аймаг дахь салбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ж.У-, Ш.М- нар нь 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 13/149 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 12 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зээлийн зориулалтаар 24 сарын хугацаатай жилийн 30,0 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 3 578 296.18 төгрөгийн өртэй болоод байна. Ж.У-, Ш.М- нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас   мэдэгдэл өгч    шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна.

1. 13/149 тоот зээлийн гэрээний 4.2.3-т заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр   үндсэн   зээлийн   үлдэгдэл  2,952,109.12  төгрөг,   үндсэн   хүүний   үлдэгдэл 592,039.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 24,647.67 төгрөг, нийт 3,568,796.18 төгрөг, нотариатын зардал 9500 төгрөг, нийт 3 578 296.18 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

2. Ж.У-, Ш.М- нарын зээлийн барьцаанд буй Дархан сум, 5-р баг, 20-р хороолол, 17-р брак байр, ******* тоот, Y-2003013070 дугаартай 23,0 м/2 талбай бүхий 2 өрөө байраар зээлийн барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.У-, Ш.М- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Миний бие нь 2013 оны 09-р сарын 04-ний өдөр Ариг банкнаас зээл авсан нь үнэн. Зээлийг зохих журмын дагуу төлж байсан. Миний бие зах дээр наймаа эрхэлдэг байсан. Нийт орон нутгийн хэмжээнд хямрал болсоор хүмүүсийн худалдан авах чадвар буурч барааны үлдэгдэл нэмэгдэж зээлээ төлөх боломж муудсан. Ариг банкнаас авсан зээлийг бид төлөхөд татгалзах зүйлгүй, гэхдээ банк нь алданги хүү өндөр чадан ядан төлсөн цөөхөн мөнгийг үндсэн зээлд биш хүү, алдангид төлөгдөж байсан нь бид хэцүү байдалд орсон. Бид 24 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй 12 000 000 төгрөгийг зээлсэн. Гэтэл одоогийн байдлаар 13 174 493 төгрөгийг 26 сарын хугацаанд тус банкинд төлсөн. Одоо биднээс 3 568 796.18 төгрөгийг нэхэмжилж байна.  Бидний тооцоогоор 24 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай жилийн 30%-ийн хүүтэй 12 сая төгрөг зээлэхэд хүүд нь 3 226 876 төгрөг төлөхөөр бодож үзлээ. Нийт 15 226 876 төгрөг төлөхөөр бодсон. Бидний тооцоогоор хийсэн 1 434 772 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Ариг банкны нэхэмжилж байгаа 3 568 796.18 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр:    

           Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” банк-ны Дархан-Уул аймаг дахь салбар, хариуцагч Ж.У-, Ш.М- нарын хооронд байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 13/149 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ж.У-, Ш.М- нараас 3 418 539,18 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож, 159756,7 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл  барьцааны эд хөрөнгө, Дархан сум 5-р баг 20-р хороолол 17-р байрны ******* тоот брак байр 2 өрөө 23,0 мкв  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003013070 дугаарын гэрчилгээтэй байрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72203 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 69647 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Ариг банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.У-, Ш.М- нар давж заалдсан гомдолдоо:

  Ж.У- миний бие нөхөр хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг, нөхөр ганцаараа ажилладаг тул бид амьдралаа дээшлүүлэх гэж “А” банк-наас зээл авсан боловч эдийн засгийн хямралаас болж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл алдагдаж хүмүүсийн худалдан авах чадвар муудсан. Бид 24 сарын хугацаатай жилийн 30 хувийн хүүтэй 12 000 000 төгрөгийг зээлээд 26 сарын дотор 13 174 493 төгрөг төлсөн, бидний тооцоогоор 24 сарын хүүнд   3 226 876 төгрөг төлөхөөр байна.  Нийт 12 сая төгрөг, 15 226 879 төгрөгийг 24 сард төлөх ёстой юм байна, бид тооцохдоо бусад банкны тооцоолуурыг ашигласан мэдээж гэрээнд заасан алданги бодогдсон байх гэхдээ энэ нь илүү бодогдсон байх, бид 1 434 772 төгрөгийг төлөхгүй, бидний хүсэлтийг хүлээн авч амьдралыг маань харгалзан үзэж банкны хүү, алдангиас хасч шийдвэрлэж туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч  “А” банк-ны Дархан-Уул аймаг дахь салбар хариуцагч  Ж.У-, Ш.М- нарт холбогдуулан   зээлийн гэрээг  цуцалж, гэрээний  үүрэгт  үндсэн зээлийн үлдэгдэл  2.952.109,12 төгрөг, хүүгийн үлдэгдэл  592.039,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл  24.647,67  төгрөг,  нийт  3.578.296,18 төгрөг  гаргуулах, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  шаардлага  бүхий  нэхэмжлэлийг  гаргасан байна.

            Хариуцагч  Ж.У-, Ш.М- нар “Бидний тооцоогоор 24 сарын хугацаатай,  жилийн 30 хувийн хүүтэй, 12 сая  төгрөг зээлэхэд,  хүүд нь  3.226.876  төгрөг төлөхөөр бодож үзлээ, нийт  15.226.876  төгрөг  төлөхөөр бодсон, ...тооцоогоор  1.434.772 төгрөг  төлүүлэхээр  шийдвэрлэж өгнө үү,  банкны нэхэмжилж байгаа  3.568.796,18 төгрөгийг төлөх боломжгүй”  гэж  маргажээ.

            2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 13\149 тоот  зээлийн гэрээгээр  Ж.У-, Ш.М- нар  “А” банк-ны Дархан-Уул аймаг дахь салбараас  12.000.000 төгрөгийг,  жилийн 30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж,   гэрээг  2015 оны  08 дугаар сарын 11-ний өдрөөс  12 сарын хугацаагаар  сунгасан бөгөөд  талуудын  хооронд  Иргэний  хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д  заасан  зээлийн гэрээний  харилцаа  үүссэн  байна. Энэ  талаар  маргаагүй болно.

            Зээлийн  гэрээнээс дүгнэж үзэхэд зээлдүүлэгч нь  мөнгөн хөрөнгийг  зээлдэгчид  шилжүүлэх  үүрэг хүлээж, энэ үүргийн дагуу гэрээ байгуулсан өдөр  12.000.000 төгрөгийг  шилжүүлж, зээлдэгч нь  үндсэн зээл  12.000.000 төгрөг, хүү 5.245.960,11  төгрөг,  нийт 17.245.960,11 төгрөг  буцаан төлөх  үүрэг хүлээж, гэрээний хугацаанд  13.701.811,6 төгрөг  төлсөн, 2015 оны  10 дугаар сараас  хойшхи   зээлийг хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн үлдэгдэл 3.418.539,18 төгрөгийг төлөөгүй,   \хэргийн 18,22-24 дүгээр тал \  нь  хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоодсон гэж үзнэ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн  шаардлагын зарим буюу зээлийн гэрээг цуцлах  шаардлагыг  татгалзаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Анхан шатны шүүх хариуцагч нараас  3.418.539,18  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  “А” банк-ны  Дархан-Уул аймаг дахь салбарт  олгож, илүү нэхэмжилсэн  4,5 сарын хүү, нэмэгдүүлсэн хүү  гаргуулах  шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг зөв тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  хуульд заасан журмын  дагуу  явуулжээ.

            Харин хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзал, тооцоолол нь  нотлох баримтанд  үндэслээгүй  болохыг  дурдах нь  зүйтэй.

            Иймд хариуцагч Ж.У-, Ш.М-  нарын  гаргасан давж  заалдсан гомдлыг  хангах   боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хариуцагч Ж.У-, Ш.М- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  давж заалдах шатны  шүүхэд, хариуцагчаас  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.814 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЦЭЦЭГ  

                          ШҮҮГЧИД                                                 Л.АМАРСАНАА

                                                                                            С.ЭНХЖАРГАЛ