Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 16

 

Д.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1952 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийтгэсэн 17 дугаар тогтоолтой Д.Мт холбогдох 17232 дугаартай хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Хэнтий аймгийн Буянт сумын 3 дугаар баг, ам бүл 3, эхнэр Аюуш, хүү Гантөмөр, хөрөнгө адуу 21, үхэр 13, хонь 31, нам, эвлэлийн гишүүн бус, 1930-1940 он хүртэл багийн агент, худалдааны төлөөлөгч хийж явсан,

 

Мааюур нь 1952 оны 2 дугаар сард ард Чойжамцынд охин нь өвчтэй байхад очиж, шашны “Гурван гүрэм” хэмээх ном уншиж, гүрэм, сан айлдаж, барьцанд 1 морь авч ашигласан хэргийг үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1952 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийтгэсэн 17 тогтоолоор Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 1 жил хорьж шийтгэж, барьцанд авсан морь 1-ийг хурааж, улсын орлого болгохыг Буянт сумын захиргаанд анхааруулж шийдвэрлэсэн” байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Д.М нь өөрийн хамаатан н.Чойжамцийн охиныг өвчтэй байхад нь ном уншиж барьцанд 1 морь авсан хэрэгт Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1952 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн бөгөөд дээрх үйл баримт нь баримтуудаар нотлогдоогүй байдаг. Иймд Д.Мыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэж дүгнэлт бичсэн, дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Д.Мг “... 1952 оны 2 дугаар сард өөрийн садан төрөл ард Чойжамцынд охин нь өвчтэй байхад очиж, шашны “Гурван гүрэм” хэмээх ном уншиж, гүрэм, сан айлдаж, барьцанд 1 морь авч ашигласан хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1952 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн таслан шийтгэсэн 17 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 1 жил хорьж шийтгэж, барьцанд авсан морь 1-ийг хураан” шийдвэрлэжээ.

 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан “Ямар нэгэн ашгийг хичээж, олон нийтийн дотор мухар сүжгийг төрүүлэн гаргах зорилгоор ялт мэхт явдлуудыг гаргах аваас энэ хуулийн 136 дугаар зүйлийн ёсоор шийтгэнэ”, “3 жил хүртэл хугацаагаар хорих буюу 1 жил хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэвэл зохино” гэж заасан бөгөөд 1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд “... Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэж албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьц авахыг хориглоогүй тул Д.Мыг “... бусдын гуйлт хүсэлтээр шашны ном уншиж өгснийхөө хариуд сэтгэлээсээ өргөл болгож өгсөн зүйлийг нь авсныг ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн” гэсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэсэн үндэслэл мөн болно.

 

Иймд Д.Мын холбогдсон хэрэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан “улс төрийн хилс хэрэг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийн “г”-д заасан “1942 оны Эрүүгийн хууль-ийн 55-69, 137 дугаар зүйл”-д зааснаар шийтгүүлсэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорьж шийтгэн, барьцанд авсан морь 1-ийг хураасан Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1952 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1952 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүйгэсэн үндэслэлээр Д.Мт холбогдох 17232 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                   С.БАТДЭЛГЭР

 

                                                                        Б.ЦОГТ

 

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН