Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00962

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр                  Дугаар 142/ШШ2016/00962                     Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн 52 дугаар гудамжны 9а тоотод оршин суух Дугар хаван овгийн Мижигийн Лханаагийн /регистрийн дугаар ЦГ57040116/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Донж Орд” ХХК-ийн захирал Ж.Даринчулуунд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10 000 000 төгрөг, алданги 26 460 000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 1 200 000 төгрөг, нийт 37 660 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Лханаа, хариуцагчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Лханаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие иргэн М.Лханаа 2014 оны 10 сарын 08-ны өдөр Донж орд ХХК-ний захирал Ж.Даринчулуунтай хувийн 2 давхар орон сууц захиалан бариулах гэрээ №2 байгуулсан. Гэрээний үүргээ би биелүүлж тухайн өдөр Голомт банкаар 10,0 сая төгрөг шилжүүлсэн дээр нь нэмж өөрийн эзэмшлийн LEХUS-470 машиныг 65,0 сая төгрөгөөр бодож нэр дээр нь шилжүүлж өгсөн. Энэ хугацаанаас хойш Ж.Даринчулуун 4-н сар гаран хугацаанд миний машиныг унаж эдэлж элэгдэл хорогдол үүсгэж хэрэглэж байсан. Гэрээнд заагдсан 3-р зүйлд талуудын эрх зүйн үүрэг дээр 3.1-д заасны дагуу орон сууцны барилга заасан хугацаанд Донж орд ХХК барьж гүйцэтгээгүй юм. Тухайн үедээ бид 2 үлдэгдэл мөнгийг байрандаа орохдоо төлөхөөр тохиролцсон байсан тул гэрээнд ямар нэг график хугацаа заагаагүй. Нэгэнт барилга нь хугацаандаа баригдаж дуусаагүй машинаа буцааж өгсөн зэргээс болж тушаасан мөнгөө нэхэхэд одоо болтол эргүүлж өгөөгүй байна. Иймд Донж орд ХХК-ний захирал Ж.Даринчулуунаас урьдчилгаа төлбөр тушаасан 10,0 сая төгрөг, гэрээний 3.9-д заасны дагуу 36,450,000 /гучин зургаан сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг мөн машиныг минь ажил алба уналгандаа хэрэглэж байсан 4-н сар гаран хугацааны төлбөр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ /хоногийн 10,000/ нийт 37,660,000 /гучин долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Даринчулуун шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компаниас нэхэмжилсэн иргэн Лханаагийн уг нэхэмжлэл нь манай компанид ямар нэгэн холбогдолгүй юм. Учир нь иргэн Лханаа хаусны төлбөрт оролцуулж төлсөн гэх Lexus-470 машиныг 2015 оны 12 дугаар сард надаас хүчээр ирж авсан ба 2015 оны 03 сарын 13-ны өдөр Даваабаяр гэх хүний нэр дээр албан ёсоор шилжүүлэн авсан уг өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Мөн бэлнээр шилжүүлсэн гэх 10 сая төгрөгийг New blue house компанийн Хүрэлчулуун авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэ нэхэмжлэл нь манай компанитай ямар ч хамааралгүй юм” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Лханаа зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээг үндэслэн хариуцагч “Донж Орд” ХХК-ийн захирал Ж.Даринчулуунд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10 000 000 төгрөг, алданги 26 460 000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 1 200 000 төгрөг, нийт 37 660 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

Зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хувийн орон сууц захиалан бариулах тухай / хамтран ажиллах / гэрээ байгуулагдаж гэрээний дагуу “Донж Орд” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр хороололд 120 м2 талбайтай хувийн орон сууцыг өөрийн материалаар барих, М.Лханаа нь барилгын нийт үнэ 156 000 000 төгрөгийн урьдчилгаа 75 000 000 төгрөгийг / 10 000 000 төгрөг бэлнээр, 65 000 000 төгрөгнд тооцож lexus 470 автомашин / 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж үлдэх 81 000 000 төгрөгийг гэрээний 2.1-д заасны дагуу 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр урт хугацааны буюу 15-20 жилийн банкны зээлэнд хамрагдуулж өгөхөөр тохиролцсон байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 75 000 000 төгрөгийг / 10 000 000 төгрөг бэлнээр, 65 000 000 төгрөгнд тооцож lexus 470 автомашин / төлсөн болох нь хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Донж Орд ХХК-нд 10 000 000 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.9-д “...3.1, 3.2, 3.3-т заасны дагуу А тал гэрээнд заасан үүргээ үүрэгт хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үнийн дүнг хоногийн 0,5%-ийн алданги тооцож Б талд төлнө” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь гэрээний дээрхи заалтыг үндэслэн “...Донж орд ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны дотор орон сууцыг барьж дуусгаагүй, надад хүлээлгэн өгөөгүй учраас гэрээний үлдэгдэл төлбөр 81 000 000 төгрөгнөөс тооцож алданги 26 460 000 төгрөг, мөн орон сууцны үнэд тооцож шилжүүлсэн 10 000 000 төгрөг, машиныг маань 4 сарын хугацаанд унаж хэрэглэсэн хохиролд 1 200 000 төгрөг, нийт 37 660 000 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч шүүхэд “...Манай компаниас нэхэмжилсэн иргэн Лханаагийн уг нэхэмжлэл нь манай компанид ямар нэгэн холбогдолгүй юм. Учир нь иргэн Лханаа хаусны төлбөрт оролцуулж төлсөн гэх Lexus-470 машиныг 2015 оны 12 дугаар сард надаас хүчээр ирж авсан ба 2015 оны 03 сарын 13-ны өдөр Даваабаяр гэх хүний нэр дээр албан ёсоор шилжүүлэн авсан уг өдрөөс гэрээ цуцлагдсан гэж үзэж байна. Мөн бэлнээр шилжүүлсэн гэх 10 сая төгрөгийг New blue house компанийн Хүрэлчулуун авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс энэ нэхэмжлэл нь манай компанитай ямар ч хамааралгүй” гэсэн тайлбар гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.Учир нь нэхэмжлэгч нь Донж Орд ХХК-ийн Голомт банкин дахь 4025001571 тоот дансанд орон сууцны урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг шилжүүлсэн нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч “...10 000 000 төгрөгийг н.Хүрэлчулуун бэлнээр авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тул манай компанид хамааралгүй” гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбартайгаа холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.Тиймээс хариуцагч Донж Орд ХХК-иас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний алдангид тооцож нэхэмжилсэн алданги 26 460 000 төгрөг, гэрээний хохиролд тооцож нэхэмжилсэн lexus 470 автомашиныг 4 сарын хугацаанд унаж хэрэглэсэн хохирол 1 200 000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заасан.

Дээрхи зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч Ж.Даринчулуун нэхэмжлэгчийн lexus 470 автомашиныг эзэмшиж байх хугацаандаа тухайн автмашинд эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн дээрхи шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн алданги гэж нэхэмжилсэн 26 460 000 төгрөгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Зохигчдын хооронд байгуулагдсан хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.9-д “...3.1, 3.2, 3.3-т заасны дагуу А тал гэрээнд заасан үүргээ үүрэгт хугацаанаас хэтрүүлсэн тохиолдолд үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөгийн үнийн дүнг хоногийн 0,5%-ийн алданги тооцож Б талд төлнө”, гэрээний 2.1-д “ үлдэгдэл төлбөрийг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр урт хугацааны буюу 15-20 жилийн банкны зээлэнд хамрагдуулж өгнө” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 81 000 000 төгрөгийг урт хугацааны буюу 15-20 жилийн банкны зээлэнд хамрагдаж өгөхөөр тохиролцсон атлаа төлөөгүй үнийн дүн болох 81 000 000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэж энэ дүнгээс алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хувийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний үлдэгдэл төлбөр болох 81 000 000 төгрөг бол гүйцэтгээгүй үүрэг биш юм.

            Хариуцагч Ж.Даринчулуунд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Донж Орд” ХХК-ийн захирал Ж.Даринчулуунаас 10 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27 660 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Донж орд” ХХК захирал Ж.Даринчулуунаас 174 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Лханаад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА