Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2024/00040

 

нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 150/ШШ2024/00097 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох тухай

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.******* би 2005 оны 02 сарын 12-нд төрсөн, 19 настай зээ хүү *******, 2013 оны 05 сарын 10-нд төрсөн 10 настай зээ охин ******* нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** багын ****** тоотод амьдарч байна.

Миний төрсөн охин ******* ******* 2021 оны 10 сарын 08-ны өдөр өвчний учир нас барсан юм.

Талийгаач охин Г.******* нөхөр *******аас 2009 оны 12 сарын 14-ны өдрийн 549 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч эрэн очин холбоотой байснаар тэдний дундаас 2013 оны 05 сарын 10-ны өдөр охин ******* төрсөн юм. Охин *******ыг төрснөөс хойш талийгаач охин маань *******тай хамт амьдраагүй бөгөөд ******* нь Хөтөлд өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байсан болно.

Талийгаач охиныг өөд болсноос хойш хүүхдүүдийн эцэг ******* хоёр хүүхэдтэй ойртохыг хүсч талийгаачийн эгч дүү нартай өмч хөрөнгийн маргаан үүсгэж Цагдаа, Прокурорын байгууллагаар шалгуулж бидний гэр бүлийг сэтгэл санааны дарамтанд оруулж байв. Миний талийгаач охин Г.******* нь гэрлэлтээ цуцлуулснаас хойш сүүлийн хэдэн жил амьдрал ахуйгаа дээшлүүлж орон байртай болохын төлөө нойртой нойргүй, хоолтой хоолгүй шургуу ажилласнаас биеийн эрүүл мэнд нь муудаж улмаар ковид өвчний улмаас өөд болсон юм.

Талийгаач охин маань нөхөр *******тай хамт амьдарч байх үед нөхөр ******* нь байнга дарамталж, хэрүүл маргаан хийж нэг бус удаа гар хүрч зоддог байснаас арга буюу гэрлэлтээ цуцлуулсан юм.

Охиныг нас барснаас хойш ******* нь охины маань амьд ахуйдаа бий болгосон 3 өрөө байранд хоёр хүүхдээ харж хандах нэрийдлээр ирж суугаад тэдэнтэй хамт 2021 оны 12 сараас 2022 оны 10 cap хүртэл хамт амьдарсан боловч хоёр хүүхдээ хоолтой хоолгүй байлгаж байнга орхиж явдаг байснаас том хүү *******тэй муудалцаж хэрүүл маргаан үүсгэснээс хүү ******* орон гэрээсээ явж байрны орц хонгилоор хоног төөрүүлж явсныг миний бие мэдэж зээ хүү *******г өөрийн асрамжинд авсан болно. ******* нь Хүү *******г ятгаж талийгаач ээжийнх нь ах дүү нарынх нь эсрэг өөрөө өргөдлийг нь бичиж гарын үсгийг нь зуруулж Цагдаагийн байгууллагаар шалгуулж ах дүү нартай нь муудалцуулж байсныг хүү ******* нь ойлгож аавтайгаа муудалцаж хамт амьдрах аргагүй болсноос ******* нь өөрийн эцэг эх рүү буцсан юм.

******* нь хоёр хүүхдийн оршин суудаггүй Сэлэнгэ аймгийн Орхон сумын засаг даргаар хоёр хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгосон захирамж гаргуулсныг нэхэмжлэгч ******* миний бие мэдэж уг захирамжийг хүчингүй болгуулж Дархан сумын засаг даргын 2023 оны 03 сарын 30-ны өдрийн А/49 тоот захирамжаар насанд хүрээгүй зээ охин *******ы харгалзан дэмжигчээр ******* миний биеийг тогтоосон юм. Миний бие хоёр зээгээ харж хандаж амьдралд нь хэрэгцээтэй хоол унд, хувцас хунар, сургалтын зардал бусад бүх л хэрэгцээг нь хангаж асран хамгаалж хамт амьдарч байгаа болно.

Гэтэл 2024 оны 1 сарын 28-ны өдөр ******* нь охин *******ыг далдуур ямар нэгэн байдлаар ятгаж надаас болон ах *******гээс нь зөвшөөрөл авалгүй нууцаар өөрийн гэрлүү авч яваад хичээлийг нь өнөөдрийг хүртэл таслуулж бага насны хүүхдийн сэтгэл санааг өөрлүүгээ татаж Хөтөлийн сургуульд шилжүүлж авна гэж одоо сурч байгаа "Цайхуун" сургуулийн захиргаанд хандсан байна.

Зээ охиныг авч явсан орой нь түүний ах ******* дүүгээ авч ирэхээр Хөтөл рүү явж аавынхаа гэрт очиж дүүгээ авахыг шаардсан боловч ******* хүү *******тэй хэрүүл маргаан үүсгэж Цагдаа дуудаж бариулж зээ хүүг минь хүнд байдалд оруулсан байна. ******* нь охиндоо хайртайдаа биш талийгаачийн үлдээсэн өв хөрөнгөнд санаархаж охиныг ямар нэгэн аргаар өөрийн асрамжинд авч цаашид энэ хүүхдээр түрүү барьж өөртөө мөнгө хөрөнгө олж авахаар санаархаж байгаа болно.

******* нь өөрийнхөө эрх ашгийн төлөө бага насны охин хүүхдийн сэтгэл санааг үймүүлж хичээл сургуулийг нь таслуулж золиослож байгаад эмээ, ахын хувьд маш их санаа зовж байгаа тул зээ охин *******ыг нэхэмжлэгч ******* миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

...1984 оны 05 сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн. Дээрээ 1 эгчтэй доороо охин дүүтэй. Манайхан бүгд тус тусын амьдрал хөөгөөд амьдарч байгаа. Би Сайхан сумын ****** тоотод аав ээж хоёрын хамт амьдардаг. Би өөрийн гэсэн орох гэр оронгүй хүн биш. **** тоот байрыг 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр миний нэр дээр ээж аав 2 маань шилжүүлж өгсөн. Одоог хүртэл миний нэр дээр байдаг. Энэ хүний ярьж байгаа шиг хүүхдээ зоддог дарамталдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ийм асуудал урьд нь гарч байгаагүй. Тийм юм огт байхгүй байсан. Талийгаач бид 2 анх 1998 онд танилцаад 2005 онд хүү ******* төрсөн. 2010 онд бид 2 хоорондоо ярилцаад Дархан-Уул аймгийн Цайхун сургуульд гайгүй сургуульд аваачиж өгье гэж ярьсан. 1-12 анги хүртэл би энэ хүүхдийн төлбөр, сургуулийн хувцас хунар, хоол унд, бүхий л юмыг бэлдэж 18 жил хүүгийнхээ төлөө зүтгэсэн. Охин Ялгууныг талийгаачаас зөрсөөр байгаад би өөрөө Цайхун сургуульд өгье гэж талийгаачийн том ах *******гийн эхнэр тус сургуульд ажилладаг тай ярьж байж бүртгүүлсэн. Сүүлийн 2 жил эмээ дээр нь очсноос хойш төлбөр мөнгийг нь төлөөгүй. Хөрөнгө мөнгөнд шунаж байна гэсэн ор үндэсгүй юм ярихаа болих хэрэгтэй.

2021 оны 10 сарын 08-нд талийгаач өнгөрөөд тухайн үед ажил явдалд нь очиж оролцохдоо би бизнест нь оролцохгүй гэдгээ хэлсэн. Манай талийгаач 2017 оноос өөрийн биеэр бизнесээ эхлүүлж тортны цехтэй болсон. Улаанбаатар хотод ковидын үеэр салбар нээсэн. Талийгаач хүнтэй суугаад жирэмсэн болоод ядраад бие дийлэхгүй байна гээд ах дүү нартаа түрээслүүлж, Дархан-Уул аймгийн тортны цехээ бага дүү таа, Улаанбаатар хотын салбарыг гэрчээр мэдүүлэг өгөх гээд байгаа тээ түрээслүүлсэн байдалтай байсан. Талийгаачийн ажил явдалд оролцохдоо энэ бизнест оролцохгүй миний хурууны үзүүр ч оролцоогүй. Гэхдээ та нар энэ бизнесийг нь 2 хүүхдийн нэр дээр болгож өгөөрэй. Сарын түрээсэнд өгч байсан мөнгөө энэ 2 хүүхдийн дансанд 18 нас хүртэл нь хадгаламжид нь хийгээд яваарай. Би гар хүрэхгүй. Та нар гар хүрэхгүй. Би зөвхөн эцэг хүнийхээ үүргийг хэрэгжүүлээд 2 хүүхдээ асран хамгаалаад явна гэж ярьсан. Ингээд байж байтал том ах ******* нь талийгаачийн 49 хоногийг өнгөрөөгүй байхад хүү *******г зодсон асуудал гарсан. Хүүхдээ өмөөрч очсоноос болж энэ хэрүүл маргаан үүссэн. Тэрнээс урьд нь 2 хүүхэдтэйгээ хэвийн харилцаатай байнга мөнгө шилжүүлдэг байсан. Салаад 2 талд байх хугацаандаа 2015 онд би 1 өрөө байр авч өгч байсан. Тэр байранд миний 2 хүүхэд болон талийгаач амьдарч байсан. Сүүлд ажил төрөл нь гайгүй болоод өөрийн бизнес сайн болоод би хүнтэй суух гэж байна. Чиний авч өгсөн байранд яаж амьдрах вэ. Би өөрөө байр авсан чи байрандаа өөрөө амьдарвал амьдраад түрээсэлбэл түрээсэл гээд надад суллаж өгсөн. Би та нарт л өгч байсан байр шүү дээ. Амьдрахгүй гэвэл энэ байрыг зарлаа гээд тухайн үед тэр байрыг зарсан. Намайг гүтгэж байгаа асуудал бол ор үндэсгүй асуудал. Өөрсдөө харин талийгаачийн бизнес дээр эзэн суух гэж зодож нүдэж байсан асуудал Дархан-Уул аймгийн Прокурорын газар бүх юм нь тодорхой байгаа.

Би эд нараас үнэхээр залхаж байна. Сая 01 дүгээр сарын 28-нд охин маань над руу өөрөө яриад би энд байж чадахгүй байна. Намайг дарамтлаад хоол ундтай байлгахгүй байна. Эмээ 7 хоногийн 3,4 өдөр цехийн ажил гээд явчихдаг. ******* ах фитнест явдаг. Орой 6,7 цагийн үед гэртээ бөөгнөдөг гэж байсан. Хараа хяналтгүй охин маань тэнд байдаг. Ирээд аваач гэхэд охиноо очоод авсан. Орой нь 22 цагийн үед 19 настай хүүг маань явуулаад охиныг авч явна гээд намайг ална гээд 3,4 хүүхэд дагуулж ирж хаалга нүдээд аргаа бараад цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын цагдаатай хаалга нүдэж хамт орж ирсэн. Тухайн үед уурлаад хүү рүүгээ хөлөө явуулаад хоёулаа буруудаад баривчлах шийтгэл авсан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд охиныг эмээд нь өгье гэсэн бодолтой байгаа гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148/ШШ2024/00097 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар *******ын сөрөг нэхэмжлэлтэй *******т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг, *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 150 / ШШ 2024/ 00097 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Г.Октябрийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 150 дугаартай шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбарт үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

******* нь 10 настай зээ охин *******ыг асрамжиндаа авах нэхэмжлэлийн шаардлагыг *******т холбогдуулан гаргасан бөгөөд анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байгаа бөгөөд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7, 26 дугаар зүйлийн 26.9, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно.

Шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөн хүлээж охин *******ыг эмэг эх асрамжинд үлдээхийг зөвшөөрч, охин ******* шүүх хуралдаанд биечлэн оролцож эмээгийнхээ асрамжинд үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байхад шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахдаа: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл нь зөвхөн гэрлэгчдийн хоорондох хүүхдийн асрамжийн харилцааг зохицуулсан байна бусад этгээдийн хоорондох харилцаа энэ заалтанд хамаарахгүй гэсэн нь тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 -д заасан Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэсэн заалттай харшилсан шийдвэр болсон бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1, 5.3 дахь зүйлд заасан төрийн болон бусад байгууллага хүүхдийн эрхийг нэн тэргүүнд хамгаална гэсэн заалттай харшилсан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ нэн тэргүүнд хүүхдийн санал, түүний эрхийг хамгаалахын оронд зохигчдын эрх зүйн байдлыг харгалзан хуулийг тайлбарласан нь хүүхдийн эрх ашигт харшилсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь энэ хэргийн хариуцагч ******* нь охин *******ыг төрөхөөс өмнө түүний талийгаач эх Г.*******ээс гэрлэлтээ цуцлуулсан охинтой хамт амьдарч байгаагүй, бага насны охиныг харгалзан дэмжигчийнх нь зөвшөөрөлгүй авч явснаас том хүү *******г дүүгээ авахаар очиход нь хэл амаар доромжилж эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчлийн шийтгэлээр шийтгүүлсэн зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл удаа дараа хийсэн байгаа нь баримтаар нотлогдсон ******* нь энэ байдлаа ойлгоод охин *******ыг эмэг эх асрамжинд үлдээхийг зөвшөөрөн хүлээсэн байхад шүүх ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг хэрэглэхдээ хариуцагчийн зөвшөөрлийн талаар дурьдаагүй орхигдуулсан, нэхэмжлэгч Октябрийг захиргааны байгууллага харгалзан дэмжигчээр тогтоосон, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийг шүүх тогтоох хуулийн үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна Гэр бүлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн эрхийг хязгаарласан байх тул нэгэнт хүүхэд өөрөө эмэг эх Октябрийн асрамжинд үлдэхийг хүссэн, хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд зөвхөн шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байгаад шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж, 10 настай Ялгууныг асрамжид үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 3.Хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч охин Г.******* нь хариуцагч *******тай хууль ёсны гэр бүл байсан ба тэдний дундаас хүү ******* 2005 оны 02-р сарын 12-нд төрсөн, тэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2009 оны 12-р сарын 14-ний өдрийн 549 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байсан ба үүнээс хойш тэдний дундаас 2013 оны 06-р сарын 10-ны өдөр охин ******* төрсөн, эх Г.******* 2021 оны 10-р сарын 08-ны өдөр өвчний учир нас барсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Охин *******, ******* нар өөрийн ээж Г.*******ийн эх буюу эмэг эх асрамжид үлдсэн ба улмаар Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/147 тоот захирамжаар эцэг *******ыг асран хамгаалагчаар тогтоосон байсныг 2021 оны А/126 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа хүү ******* 18 насанд хүрсэн, 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн А/49 тоот Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Харгалзан дэмжигч тогтоох тухай захирамжаар эмэг эх Л.Октябрийг насанд хүрээгүй охин *******ы харгалзан дэмжигчээр тогтоосон байна.

Дээрх үйл баримтуудын талаар талууд маргаангүй, харин амьдралын явцад охин ******* аав болох ******* дээр очих үед хүү ******* дүүгээ очиж авах үед аавтайгаа үл ойлголцол үүсэж хоорондын таарамжгүй харилцаа бий болсноор Цагдаагийн байгууллагад очиж маргаанаа шийдвэрлүүлж байсан байна.

Дээрх маргааны улмаас нэхэмжлэгч ******* нь зээ охин *******ы асран хамгаалагчаар тогтоолгохоор шүүхэд хандсныг анхан шатны шүүх өмнөх Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн А/49 дугаар бүхий захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д заасан агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын 2023 оны 03-р сарын 30-ны өдрийн А/49 дугаар Харгалзан дэмжигч тогтоох тухай захирамжаар 2013 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн Хариад овогт *******ын Ялгууны харгалзан дэмжигчээр эмэг эх Чонос овогт Любагийн Октябрийг тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа, охины асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон шийдвэрийн талаар төрсөн эцэг ******* маргахгүй, улмаар хүлээн зөвшөөрч байгаа, охин *******ы хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж,

1.2-д Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж тус тус заасан.

Гэтэл энэхүү хэргийн нэхэмжлэгчийн шаардаж буй эрхийн харилцааны талаар урд шийдвэрлэсэн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа, хариуцагч уг шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн, өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан буюу маргаантай эрхийн харилцаа байхгүй, охин *******ы эрх ашиг ноцтой зөрчигдсөн буюу хуулиар сэргээх шаардлагатай эрхийн харилцаа үүсээгүй зэрэг нөхцөл байдлуудыг дурьдав.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэсэн заалтыг харгалзан үзсэнгүй, охин ******* эмэг эхийнхээ асрамжинд байхыг хүсч байгаа гэсэн гомдлыг гаргаж байгаа боловч түүний хууль ёсны харгалзан дэмжигч эмэг эх нь байгаа тул түүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Хүүхдийн эрхийн үндсэн зарчим, 5 дугаар зүйлд заасан Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг харгалзан үзээгүй шийдвэр болсон талаар маргаж байгаа боловч ийм үйл баримт тогтоогдоогүй болохыг дурьдав.

5.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 150/ШШ2024/00097 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  РГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Б.ЭРДЭНЭХИШИГ