| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0419/И |
| Дугаар | 424 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 14 дүгээр гудамж 5 тоотод оршин суух, Алаг адуутан овгийн Даваачамбын Марууш /РД:ЦЗ61042561/
1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Марууш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Марууш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1978 онд Багшийн сургуульд элсэн орж 4 жил суралцаад бага ангийн багш мэргэжлээр төгссөн. Тухайн үед сургуулиас шууд хөдөлмөрийн дэвтэр нээдэг байсан. Иймд сургуулийн диплом, хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг Даваачамбын Маруся гэж буруу бичсэн байсан. Би 1981 оны 6 дугаар сард сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажлаагүй. Харин Тусгай үйлчилгээний авто аж ахуйд ашиглалтын тоо бүртгэгчээр ажилласан.
Мөн 1987 оны 7 дугаар сараас 1989 он хүртэл 115 дугаар цэцэрлэгт туслах багшаар, 1989 оны 9 дүгээр сард 48 дугаар цэцэрлэг рүү шилжиж хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад 1990 онд Дархан-Уул аймаг руу шилжэн 10 дугаар цэцэрлэгт асрагчаар, 1991 он хүртэл Дархан-Уул аймгийн 1 дүгээр 10 жилд багшаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гарсан. Ингээд өндөр насны тэтгэвэрт гарах нас болж Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоосон байсан. Учир нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг Даваачамбын Маруся гэж зөрүүтэй бичсэнээс болж улсад ажилласан 10 жилийг тооцоогүй байсан. Иймд улсад ажиллаж байсан баримтыг үндэслэн 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Марууш нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Д.Маруся нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Д.Маруушид эрх олгосон баримт бичиг дээрх нэр иргэний үнэмлэх дээрхтэй зөрүүтэй байгаа тохиолдолд уг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугшаар зүйлийн 135.2.4.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл: нэхэмжлэгч Д.Марууш нь 1961 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрж, эцэг Даваачамбаар овоглосон байх ба түүний 288 дугаар төрсний гэрчилгээ, Иргэний үнэмлэх дээрх нэр Даваачамбын Марууш гэж бичигдсэн байна. /хх-4-5/
Нэхэмжлэгч Д.Марууш Найрамдалын районы Ардын дефутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар 115 дугаар цэцэрлэгийн багшийн ажлаас чөлөөлөгдөж, 48 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар шилжин ажилласан. Мөн тэрээр Дархан-Уул аймаг руу шилжин ажиллах болсон тул Найрамдалын районы Ардын дефутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар 48 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн баримт хэрэгт эх хувиараа авагдсан болно. /хх-10-13/
Багш нарыг бэлтгэх сургуулиас олгосон 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 6615 дугаар диплом, мөн өдөр сургуулиас нээж өгсөн хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр Даваачамбын Маруся гэж бичигдэн дээрх бичиг баримттай нэр нь тохирохгүй байгаа ч уг дэвтрийн 10-11 дүгээр хуудсанд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаар тушаал, 1990 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалын бичилт хийгдэж, тамга дарагдан баталгаажсан байна./хх-6-9/
Иймд Даваачамбын Маруся гэж бичигдэн 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Марууш болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин гэрч А.Төрболд, Ш.Должин, Д.Баярсайхан нар нэхэмжлэгчийн нэрийг Д.Маруся биш Д.Марууш гэж мэдүүлж байгаа ч 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг гэрчилж чадахгүй байх тул шүүх гэрч нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой баримтаар үзэх боломжгүй гэж үнэлэв.
Шүүх хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д зааснаар Даваачамбын Маруся нэрээр 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нэхэмжлэгч Алаг адуутан овгийн Даваачамбын Марууш болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Маруушийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС