Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2024/00041

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШШ2024/00393 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах

Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/ оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. Миний бие ******* нь *******тэй 1998 онд гэрлэж, дундаасаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний бие нь энэ хүнтэй сайн сайхан амьдарна гэж өөрийн амьдралын 25 жилийг зориулж байсан боловч сүүлийн үед маш ихээр дарамтлах болж амь насанд ч аюул учруулж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. ******* нь анх гэрлэснээс хойш ааш авир тийм ч сайн биш байсан ба хардах зодох зэрэг асуудал гардаг байсан боловч гэр бүл үр хүүхдээ бодоод тэвчээд өдийг хүрсэн. Гэтэл 2021 онд *******тэй самарт яваад ирэхдээ өөр хүүхэнтэй болсон гээд надад гэрлэлтийн баталгаагаа цуцлаад өг гэж хэлж эхэлсэн. Энэ үед хүүхдүүд оюутан амьдрал хэцүү байсан ба үр хүүхдийнхээ ирээдүйг бодон амьдралаа бүтэн авч үлдэхийн тул өөрийн чадах чинээгээрээ хичээсний дүнд ******* гэртээ ирсэн.

...Бид гэрлээд 2013 онд зээлийн журмаар орон сууц авч улмаар өөрсдийн 2 өрөө орон сууцтай болсон. Энэ орон сууц Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***** баг ***** байр ****** тоотод байдаг. Иж бүрэн тавилгатай энэ байр 80 сая төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй. Энэ хөрөнгийг хуваалгах хүсэлттэй байна. Хүүхдүүдийн хувьд манай дунд хүү ******* 24 настай, охин ******* 21 настай, бага охин ******* бид ам бүл 5-лаа амьдардаг. Энэ хүүхдүүд дундын хөрөнгөөс хувь хүртэх эрхтэй. Охин *******гоо өөрийн асрамжид үлдээж эцэг *******гээс тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна. Иймд 1. ******* бид хоёрын гэрлэлтийг цуцлах, 2. Бага хүү *******г миний асрамжид үлдээж эцэг *******гээр тэжээн тэтгүүлэх, 3. Дундын хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг гэр бүлийг гишүүдэд хувь тэнцүү хуваалгаж бага охин ******* болон надад ногдох хэсгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авна уу...гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

*******гийн надад холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асаргаа тогтоолгох, тэтгэмж тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* бид хоёр 1997 онд танилцаж, 1998 оноос эхлэн нэг гэртээ амьдарч эхэлсэн. Биднийг анх танилцахад ******* 1996.06.30-нд төрсөн У.Содгэрэл гэх охинтой байсан. Харин бидний хамтын амьдралын хугацаанд том хүү ******* 1999.12.25-нд, охин ******* 2002.04.18-нд, охин ******* 2012.05.29-нд тус тус төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд *******гийн бичсэн шиг хэцүү байгаагүй бөгөөд би түүнд гар хүрч, түүнийг зодож цохиж байсан асуудал байгаагүй. Хүний л амьдрал хойно хааяа ам зөрөх үе бол байсан. Тэглээ гээд *******гийн бичсэн шиг би түүнийг тийм муухай дарамтад амьдруулж байгаагүй.

...Гэтэл эхнэр маань Бороо гоулд гэх компанид ажилласнаасаа хойш тэнд ажилладаг байсан ******* гэх хүнтэй явалдаж, гэр бүлээ салгахад хүртлээ толгой нь эргэжээ. Надаас салахын тулд шүүхэд худлаа зүйл маш их бичиж өгсөн байна. Би эхнэрээ буцааж авчрахын тулд элдвийн арга хэрэглэж, хамгийн сүүлд зар хараад надтай холбоо барьж магадгүй гэж бодоод Зүүнхараагийн зарын групп дээр амьдарч байгаа байраа зарна гэж зар тавиад устгасан юм. Гэтэл зарыг хараад ******* нь их хурдан Зүүнхараад ирж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэгсэн атлаа надтай огт холбогдоогүй. Би 50 хүрэх гэж байгаа насан дээрээ эхнэрээсээ салах бодолгүй, үр хүүхдээ өнчрүүлэх хүсэлгүй байгаа бөгөөд *******г ч гэсэн түр зуурын толгой нь эргэсэн байгаа нь арилж, эрүүлээр сэтгэж, амьдралаа авч үлдээсэй гэж хүсч байна. Миний хүүхдүүд хүртэл тэр дундаа хүү маань ааваа би ээжийгээ заавал авчирна гэж хэлдэг болсон. Би өөрийн нэр дээр байдаг байраа зарж үрж, үрэн таран хийх бодолгүй бөгөөд хэдэн хүүхдүүддээ л өвлүүлж үлдээх болно. Би эхнэрээ зоддоггүй, үүнийг манай хүүхдүүд том жижиггүй гэрчилнэ.

Иймд бид гэр бүлийн хүчирхийлэлгүй, гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулсан гэр бүл тул эвлэрүүлэн зуучлал руу шилжүүлж, эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэж хүсэж байна. Иймд би гэр бүлээ цуцлуулахгүй учир *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна....гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШШ2024/00393 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овгийн ******* , овгийн ******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Мөнхзолбоог эх *******гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Мөнхзолбоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Мөнхзолбоог, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******гээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 32,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч *******гээс тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 54770 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

...Миний бие 11-24 насны 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин овогтой 1996.06.30 нд төрсөн, 27 настай 2018 онд гэрлэсэн, нөхөр 3 хүүхдийнхээ хамт өрх тусгаарлан амьдардаг. Удаах хүү ******* овогтой Мөнхсүлд 1999.12.24 нд төрсөн, 24 настай, гэрлээгүй, ажилчин. Мөн охин ******* овогтой Мөнхгэрэл 2003.04.18 нд төрсөн, 20 настай, гэрлээгүй, оюутан. Бага охин ******* овогтой Мөнхзолбоо 2012.05.29 нд төрсөн, 11 настай сурагч.

Ингээд 11-24 насны 3 хүүхдийн хамт айл хэсэн өдөр хоногийг авч байна. Ялангуяа насанд хүрээгүй охин ******* нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох таатай нөхцөлд бүрдэхгүй амьдрал хүнд нөхцөл байдалд байна. 2023.10.07-ны өдөр шүүх хурал болж өнгөрснөөс хойш ******* олон нийтийн болон хаа таарсан газраа Чам шиг янханд нэг ч төгрөг өгөхгүй энэ байшинг би өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан байдаг хэмээн доромжлох, дарамтлах үг үйлдэл гаргаж байна. Мөн байр өөрийнх эзэмшилд үлдсэн учир хаалганы цоожны голыг солисон гэдгээ хүүхдүүдэд хэлсэн, хэдэн хүүхдээ ч оруулдаггүй. Бид орох оронгүй амьдрал хүнд байна. Дундын өмч болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***** багт байрлах 2 өрөө байрыг 3-н хүүхдийн хамт эзэмших хүсэлтэй байна. Хэрвээ байрыг бидний эзэмшилд шийдвэрлэвэл *******гээс *******д тэтгэлэг гаргуулахгүй байх боломжтой.

Тус сумын анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 149ШШ202300393 шүүгчийн захирамжаар гэрлэлтийг цуцалж, бага охин *******г эхийн асрамжинд үлдээж, эцэг *******гээс сар бүр тэтгэлэг гаргуулах, хариуцагч *******гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулахаар гэх мэт шийдвэрлэсэн боловч миний бие 3-н хүүхдээ авч үлдэж байгаа юм. Тэгээд хүү Д.Мөнхболд /гэрлээгүй/ охин ******* /гэрлээгүй/ нарын талаар яах нь тодорхойгүй хэнийгээ дагах нь ойлгомжгүй, анхан шатны шүүх энэ талаар хүлээн аваагүй хаяж орхигдуулсан байна. Иймд энэхүү захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******гийн нэр дээр улсаас үнэгүй газар өгсөн. Би өөр дээрээ худалдаж авсан газар байдаг. Хоёр газрыг зохицоод өнгөрч байна гэж бодож байна. Эд хөрөнгийн маргаан дээр ганц байр байгаа. 4 хүүхэдтэйгээ айлын зуны байшинд цагаан сараа хийгээд, энэ тэнд амьдраад явж байна. ******* 32,000,000 төгрөгөө өгөхгүй гэсэн. Би чамд нэг ч төгрөг өгөхгүй. Чи надтай яаж ч заргалдаад нэг төгрөг ч авч чадахгүй. Гудамж талбайд таарахдаа хэл амаар доромжилдог. 2 хүүхэд маань насанд хүрсэн ч гэрлээгүй, бага насны нэг хүүхэдтэйгээ 3 хүүхдээ дагуулаад өвөл айл хэсээд явах хэцүү байна. ******* 32,000,000 төгрөгөө гаргаад өгвөл би хашаа байшин авмаар байна. Маш их хэл амтай хүн. Би насан туршдаа дугардаггүй байсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрээд байна. Байшингийн 5/4-г хүүхдүүдтэйгээ нийлж эзэмших юм байна. Үүнийгээ эзэмшмээр байна. Сард тэтгэвэртээ тааруулаад 200,000 төгрөг аваад, иймэрхүү байдлаар өнгөрвөл хэцүү. Би байрны үлдэгдлийг нь төлөөд явж байна. Би байраа авмаар байна. Адилхан төрд олон жил ажилласан гэв.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Зохигчид болох *******, ******* нар нь 1998 онд танилцан хамтран амьдрах үед ******* нь 1996 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрүүлсэн охин У.Содгэрэлийн хамтаар хамтын амьдралаа эхлүүлсэн ба тэдний дундаас 1999 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү *******ийг, 2002 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр охин *******ийг, 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр охин *******г тус тус төрүүлсэн ба 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байна.

Гэрлэгчид нь 2023 оны хавраас хоорондын таарамжгүй харьцаатай болж маргаан үүссэнээр улмаар нэхэмжлэгч ******* нь шүүхэд ....1.******* бид хоёрын гэрлэлтийг цуцлах, 2.Бага охин *******г миний асрамжид үлдээж эцэг *******гээр тэжээн тэтгүүлэх, 3.Дундын хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг гэр бүлийг гишүүдэд хувь тэнцүү хуваалгаж бага охин ******* болон надад ногдох хэсгийг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авна уу гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн аваад зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 149/ЭТ2022/00018 дугаар бүхий тэмдэглэлээр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч ******* эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа дуусгавар болсон тул гэрлэлт цуцлах ажиллагааг явуулж өгөх хүсэлт гаргаснаар шүүхийн ажиллагаа үргэлжлэн явагдаж, улмаар шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд зохигчдын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин *******г эх *******гийн асрамжинд үлдээж, эцэг *******гээр насанд хүртэл нь тэжээн тэтгүүлэхээр, тэдний дундын өмчлөлийн 80,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцыг гэр бүлийн 5 гишүүнд хувааж нэг хүнд 16,000,000 төгрөг оногдсоноос нэхэмжлэгч *******, насанд хүрээгүй ******* нарт оногдох 32,000,000 төгрөгийг *******гээс гаргуулан *******д олгож, 80,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг *******гийн эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан ба гомдлын үндэслэлээ ...Тус сумын анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дугаар 149ШШ202300393 шүүгчийн захирамжаар гэрлэлтийг цуцалж, бага охин *******г эхийн асрамжинд үлдээж, эцэг *******гээс сар бүр тэтгэлэг гаргуулах, хариуцагч *******гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулахаар гэх мэт шийдвэрлэсэн боловч миний бие 3-н хүүхдээ авч үлдэж байгаа юм. Тэгээд хүү Д.Мөнхболд /гэрлээгүй/ охин ******* /гэрлээгүй/ нарын талаар яах нь тодорхойгүй хэнийгээ дагах нь ойлгомжгүй, анхан шатны шүүх энэ талаар хүлээн аваагүй хаяж орхигдуулсан байна. Иймд энэхүү захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтэй байна ... гэж тайлбарлажээ.

5.Анхан шатны шүүхээр хэргийн хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байх ба нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцнаас насанд хүрээгүй охин болон өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Зохигчид нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***** баг ******** байр ************ тоотод амьдардаг байсан тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүдийн шаардлагаар ... хувааж болно., 130.3-т дундын хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлно... гэж заасны дагуу гэрлэгчдийн нэг болох нэхэмжлэгч *******гийн хүсэлтээр гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийг хуваалгаж өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдэд адил байна гэж заасны дагуу гэр бүлийн дундын өмч болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын *** баг ******** байр *********** тоот 2 өрөө 52 м2 талбай бүхий орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр 80,000,000 /наян сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хэмжээгээр хуваарилж нэг гишүүнд ногдох хэсгийг 16,000,000 төгрөг байхаар анхан шатны шүүх хувааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу орон сууцыг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээж, түүнээс орон сууцаас нэхэмжлэгч болон насанд хүрээгүй охин *******д оногдох хэсгийг буюу нийт 32,000,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд гэр бүлийн бусад гишүүн болох насанд хүрсэн хүү *******, охин ******* нар нь дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаагүй тул шүүх шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй юм.

6. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. гэж заасан тул 25 настай хүү *******, 22 настай охин ******* нарт оногдох хувь хөрөнгө буюу тус тус 16,000,000 төгрөгийг нэхэмжлэх, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх гэр бүлийн гишүүний хувьд хадгалагдана.

7. Нэхэмжлэгч ******* нь орон сууцыг өөрийн эзэмшилд авч насанд хүрээгүй охин *******гийн хүүхдийн тэтгэлгийг авахгүй байх боломжтой талаар гомдолдоо дурьдсан нь холбогдох хуульд нийцэхгүй байгааг дурьдав.

Монгол улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд тэжээн тэтгүүлэх эрхийг эдлэх, эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан ба эцэг, эх үр хүүхдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөгдөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 149/ШШ2024/00393 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. .

2.Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  АРГАЛАГЧ

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Б.ЭРДЭНЭХИШИГ

Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИ459,810Г