| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0216/и |
| Дугаар | 333 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 333
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016.09.13 Дугаар 333 Баруун- Урт
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Уртын 10-5 тоотод оршин суух Хавхчин овогт Сэнгээгийн Энхзаяагийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Дөрвөлжийн 2-8 тоотод оршин суух, Чогсом овогт Лувсангийн Алтанчимэгт холбогдох “дөрвөн ханатай гэр болон 140.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхзаяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Үндэсний чуулганы зохион байгуулах хорооны дарга Ч.Оюунгэрэл, тэргүүлэгч Балдандорж нар Хүй долоон хутагт 21 аймаг 9 дүүргийн төлөөлөгчдийн өмнө манай төлөөлөгч нарт 5 ханатай гэр 1 ширхэг, чуулганы хамгийн ахмад настан төлөөлөгч Бүлтэнд 4 ханатай гэр 1 ширхэг, мөн Энхзаяа миний гаргасан хүсэлтийн дагуу 4 ханатай гэр 1 ширхэгийг нийт 3 гэр олгосон. Өндөр настан Бүлтэн өөрийн гэрийг хувийн унаагаар авч яваад нөгөө 2 гэрийг төлөөлөгчдийн сууж явсан автобусаар тээвэрлэж ирсэн. Аймагт ирээд өөрт олгосон гэрийг буулгаад ачиж байтал Л.Алтанчимэг наадмаар аймгийн даргаар өгүүлнэ гэж хэлээд загнаад булааж аваад явсан. Дараа нь Л.Алтанчимэг гэрийг чинь 100000 төгрөгөөр авчирсан тээврийн хөлсийг төлөх юм бол гэрийг чинь аваачиж өгнө гэж хэлээд Дарьганга өртөө компанийн Д.Баяржаргал гэдэг хүнд 100000 төгрөг төлүүлсэн. Бас чуулга уулзалтанд оролцсон хүн бүр 10000 төгрөг өгөх ёстой гээд надаас 40000 төгрөг авсан. Л.Алтанчимэгтэй учраа олъё гээд Батболд, Баяраа нартай гэрт нь очиж уулзаад зодуулж, цохиулаад гэрээс нь гарсан. Гэрээ авахын тулд тээврийн хөлс 100000 төгрөг, ХБИ явсны 40000 төгрөг, гэр хүлээлцсэн бичгийн 1 хувийг авах гэж хот явсан 100000 төгрөг төлж хохирсон. Гэрийг надад эргүүлэн өгөх байх гэж бодсоор 2 жил боллоо. Миний нэр дээр олгосон 4 ханатай гэрийг Л.Алтанчимэгээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 140.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 4 ханатай гэрийг Л.Алтанчимэг төлөхөөр эвлэрсэн гэжээ.
Хариуцагч Л.Алтанчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч С.Энхзаяагийн нэхэмжилсэн 4 ханатай гэрийг өгөхөөр, нэхэмжлэгч С.Энхзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 140.000 төгрөгийг хасахаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхзаяа нь 4 ханатай гэр болон 140.000 төгрөгийг хариуцагч Л.Алтанчимэгээс гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч С.Энхзаяа нь нэхэмжлэлийн шаардлагаа 140.000 төгрөгөөр багасгаж, 4 ханатай гэрийг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч Л.Алтанчимэг төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Энхзаяагийн нэхэмжилсэн 4 ханатай гэр нь тусламжийн гэр учир үнэлэх боломжгүй байна. Иймд гэр гаргуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 140.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагад 4850 төгрөг, нийт 75.050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 37.525 төгрөгийг хариуцагч Л.Алтанчимэгээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Энхзаяа нь 4 ханатай гэр болон 140.000 төгрөг гаргуулах
нэхэмжлэлийн шаардлагаасаа 140.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, 4 ханатай гэрийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Алтанчимэг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлагад төлвөл зохих 75.050 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 37.525 төгрөгийг хариуцагч Л.Алтанчимэгээс гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ