Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг

Шүүгдэгч Б.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Гантулгад холбогдох эрүүгийн 1936000670076 дугаартай, 178/2019/0072/Э/ индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 1-10 тоотод оршин суух, урьд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх,  ПВ93040136 регистрийн дугаартай, Цагаан туг овогт Батнасангийн Гантулга

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Гантулга нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Мөнхбаатарын  1 тооны адуу буюу бод мал хулгайлж иргэн Б.Мөнхбаатарт 850.000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Эмч овогт Батнасангийн Мөнхбаатар / ПД88010870 регистрийн дугаартай, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2018 оны 11 дүгээр сарын дундуур Ховд аймгийн Буянт сумын Улаанхудаг гэх газраас морио алдсан. Тухайн үед манай дүү Д.Чулуунтөмөр морио хайж байгаад тахиа Ганаа гэдэг хүн аваад нэг казак хүнд зарсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд байж байтал Ганаа ирээд “ би танай морийг төлөөд өгье, цагдаад битгий хэлээрэй” гэхээр нь цагдаад мэдэгдэлгүй байж байсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 6-7-р хуудас/

Гэрч Д.Чулуунтөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед мориныхоо мөрийг хөөж явж байгаад тэр казак айлд очоод асуусан чинь тахиа Ганаа бор зүсмийн морь зарсан гэхээр нь арьсыг нь үзсэн чинь манай морь мөн байсан. Тэр морь манай аавын төрсөн дүү Б.Мөнхбаатарын адуу байгаа юм..”. гэх мэдүүлэг / хэргийн 10-р хуудас/

Гэрч М.Амангельдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр манайх Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн Өл гэх газар өвөлжиж байхад тахиа Ганаа хочтой залуу нэг бор зүсмийн 11 настай, баруун талын гуян дээрээ урианхай нум тамгатай морь хөтөлж ирээд манайд хоноод уг морио надад зарчихаад маргааш өглөө нь бид нартай хамт авчирсан морио гаргалцчихаад надаас 100.000 төгрөг аваад явсан.2019 оны 01 дүгээр сард үлдэгдэл 250.000 төгрөгөө аваад явсан. Тэрнээс хойш Ганаа гэдэг залуутай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 11-12-р хуудас/

Мал үнэлсэн тухай  ... 11 настай 1 толгой морь 850.000 төгрөг гэх тайлан .../хэргийн 18-р хуудас/

Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын дундуур өөрийнхөө 3 даагаа хайж Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газарт явж байгаад  миний унаж явсан морь муудахаар тэнд байсан 7 адуунаас бор зүсмийн нас гүйцсэн, нуман тамгатай  морь барьж хөтөлж авч яваад Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Өөлд гэх газарт М.Амангельд гэдэг хүний гэрт очиж хоноод хөтөлж явсан бор морио 600.000 төгрөгөөр бодож худалдаад  100.000 төгрөгийг бэлнээр аваад үлдсэнийг нь дараа авахаар тохироод явсан.Би М.Амангельдэд өөрийнхөө адуу гэж хэлсэн..”.гэх мэдүүлэг /хх-33-35-р хуудас/  зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Б.Гантулга  нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхбаатарын 1 тооны морь буюу бод малыг  хулгайлж аваад  М.Амангельдэд зарж борлуулсан болох нь   хохирогч Б.Мөнхбаатарын мэдүүлэг, гэрч Д.Чулуунтөмөр,М.Амангельд нарын мэдүүлэг болон шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мал үнэлсэн тухай тайлан зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гантулга нь өөрийнхөө даагыг хайж явах замдаа хохирогч Б.Мөнхбаатарын 1 тооны морийг  хулгайлан авч замдаа хоносон айл болох М.Амангельдэд  зарж борлуулсан  үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Гантулга   хохирогч Б.Мөнхбаатарын 1 тооны морь буюу бод малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Гантулга  нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-54/, шийтгэх тогтоолын хуулбараар /хх-ийн 46-48/ -аар, хохирогчид  төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Мөнхбаатарын  “ Б.Гантулга надад 1 сая төгрөг өгсөн, одоо нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй”  гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлын талаар гэрч Б.Ганхуягийн өгсөн “...Б.Гантулга нь эцэг эхээс 4-лээ, дээрээ нэг эгч, доороо 2 дүүтэй.9 дүгээр ангиас сургуулиас гарсан.Зан байдлын хувьд цайлган, төлөв даруу, үг дуу цөөтэй, найз нөхөддөө нэр хүндтэй...”  гэх мэдүүлэг хэргийн 14-р хуудас/

Гэрч Ч.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...одоо эцэг эх дүүгийнхээ хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, янз бүрийн зан араншингүй, хүнд тусархуу, архи дарс хэрэглэдэггүй,хүний үгэнд оромтгой, цэргийн алба хаагаагүй, эцгийнх нь бие муу, эмчийн хяналтанд байдаг..” гэх мэдүүлэг /хэргийн 15-16-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.Гантулгад   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “шүүгдэгч нь өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.Мөнхбаатарт 1 сая төгрөгний  хохирол төлбөр төлсөн, ам бүл 6-лаа, эцэг ,эх эгч,дүү нарынхаа хамт амьдардаг, болон хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү  ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5845452406 дугаартай дансанд байрласан 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/49 дугаартай Прокурорын тогтоолыг цуцлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан туг овогт Батнасангийн Гантулгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Цагаан туг овогт Батнасангийн Гантулгыг 300 / гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногооор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Б.Гантулгад тайлбарласугай.

4. Шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

5.Шүүгдэгч Б.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкны 5845452406 дугаартай дансанд байрласан 450.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/49 дугаартай Прокурорын тогтоолыг цуцалсугай.

6.Шүүгдэгч Б.Гантулгад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ГАНТӨГС

Top of Form