| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0417/И |
| Дугаар | 428 |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 428
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Бага тойруу 3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК
Хариуцагч Налайх дүүргийн 6 дугаар хороо, шар булаг гудамж, 5 тоотод оршин суух, Тэрэлж овгийн Төмөрхуягийн Отгонхайдав /РД:УД90122910/-т холбогдуулан
NP10 төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай компани Т.Отгонхайдавтай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр NP10 төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240.000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон.
Гэвч Т.Отгонхайдав 120.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 60.000 төгрөг нийт 180.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Шүүхийн шатанд алданги 60.000 төгрөгөөс татгалзаж, 120.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Т.Отгонхайдав бүхэлд нь зөвшөөрч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Отгонхайдав шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.275 төгрөг нийт 122.275 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК хариуцагч Т.Отгонхайдаваас NP10 төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 180.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 120.000 төгрөг болгон багасгаж, алданги 60.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болно.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарь, хариуцагч Т.Отгонхайдав нь худалдан авсан NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөг, алданги 60.000 төгрөг болох тухай тооцооны дэлгэрэнгүй нэхэмжлэхийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-4-10/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Отгонхайдав нэхэмжлэлийн шаардлага болох NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.275 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д төлж барагдуулсан нь зохигчдын тайлбар, төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна./хх-25-27/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Отгонхайдав биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Т.Отгонхайдав нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар хөнгөлдөг. Иймээс хариуцагч Т.Отгонхайдав нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгөөс 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 төгрөгийг төлсөн болно.
Харин улсын орлогоос 2.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Тэрэлж овгийн Төмөрхуягийн Отгонхайдав NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.050 төгрөгөөс 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Т.Отгонхайдав төлснийг дурдаж, улсын орлогоос 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС