| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0355/Э |
| Дугаар | 373 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811033820345 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Маахүү овогт Ц.М, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Таван богд ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 21 дүгээр гудамж 204 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1 дүгээр гудамжны 29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ....................................................................................
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх төв”-ийн караокед иргэн Н.Мөнх-Очиртой маргалдаж, түүнийг боож унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Н.Мөнх-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүүхдийн маань сурдаг цэцэрлэгийн аав нарын дунд гар бөмбөгийн тэмцээн Чингэлтэйн эцэст шинэ сургууль дээр болсон юм. Ингээд уг тэмцээнд манай баг тусгай байранд орсон. Тэгээд бид нар шагналаа аваад баяраа тэмдэглэхээр 6-н буудлын Өсөх төвд цэцэрлэгийн 2 багш, манай багт байсан 6 хүн зарим нэгний эхнэрүүд нь ирсэн байсан. Тэгээд би цаг ч орой болсон байсан болохоор өөрийн эхнэр Сарантуяаг дуудсан. Тэгээд эхнэр маань ч ирээд уг караокед нилээд олуулаа сууж байтал гаднаас нэг залуу караокений хаалга онгойлгоод хуруугаа хөдөлгөөд намайг дуудсан. Тэгээд би өрөөнөөсөө гараад очтол нөгөө залуу чамайг хэн дуудсан юм гээд хэгжүүрхээд байсан юм. Тэгэхээр нь чи одоо хүн дуудчихаад юу гээд байгаа юм гэсэн чинь нөгөө залуу намайг боосон. Тэгээд боолт нь ороод би ухаан алдаад унасан юм шиг байна лээ. Нэг сэргэхэд намайг эмч үзэж байсан бөгөөд тэгээд эргээд ухаан балартаад юу болсоныг мэдэхгүй байж байгаад гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон ...гэмтлийн эмнэлэгт 5 хоногийн хугацаанд гавал яс цууралт өгсөн тархинд цус хуралт үүссэн гэдэг оношоор хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлийн эмнэлэгээс гараад Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтэн 2018 оны 12 дугаар сарын 7-ноос 14-ний өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн ... ” гэх мэдүүлэг /хх-12-13х/,
Гэрч Б.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...караокений 103 тоот өрөөнд сууж байсан чинь нэг танихгүй хүн хаалгаар шагайж байснаа манай нөхөр Н.Мөнх-Очирыг гараад ир дээ гэж хэлээд дуудсан юм. Тухайн үед тэр хүнээс яах гэж байгаа юм бэ гэж асуухад тэр хүн юм асууя гэж хэлээд манай нөхөр Н.Мөнх-Очирыг дуудан гарсан юм. Тэгээд удаагүй 5 минутын дараа нэг хүн хаалгаар шагайж та нар хүнээ аваач ээ гэж хэлсэн. Тэгээд бид нар гараад харахад манай нөхөр бид нарын сууж байсан өрөөний өөдөөс харсан хаалганы харалдаа цаад талд нь шалан дээр дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан бөгөөд яасан юу болсон талаар асуухад манай нөхрийг дуудаж байгаад авч гарсан залуу “би боогоод унагаачихлаа” гэж хэлээд зогсож байсан. Мөн ойр хавьд байсан хүмүүс сая танай нөхрийг наад залуу чинь боогоод энэ шалан дээр тархиар нь аймаар унагаалаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-15х/,
Гэрч Ж.Түмэндэлгэр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...103 тоот өрөөнд сууж байгаад бие засах гээд 00 орох гээд гарсан чинь бид нартай сууж байсан, манай охины ангийн хүүгийн аав нь болох ах караокений коридороос гардаг хаалганы паб байдаг талд нь /тэр хүний нэрийг нь мартсан байна/ дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би очоод “юу болов оо” гэсэн чинь хажууд нь зогсож байсан нэг улаан куртик өмссөн өндөрдүү биетэй нэг залуу “би цохисон юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа хүн цохидог юм бэ? гэж хэлээд маргалдаж байгаад буцаад өрөөндөө очоод уг ахын эхнэр болох эмэгтэйд хандан эгч нөхөр чинь гадаа ухаангүй хэвтэж байна хүн цохисон гэж байна гэж хэлээд хамт гараад эхнэр нь уг ахыг сэрээх гэж оролдсон чинь сэрэхгүй байгаад байсан тэгээд би караокений эзэн эмэгтэйг та цагдаа дуудаач ээ энд хүн ухаан орохгүй байна гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-17х/,
Гэрч Б.Гүндэгмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...орой 22-23 цагийн хооронд манай караокений коридорт улаан куртиктэй нэг залуу /Ц.М/ мөн өндөр туранхай биетэй залуу /Н.Мөнх-Очир/ юм яриад зогсож байх шиг байсан. Тэгээд хүмүүс ч их орж гараад л байсан тэр хоёр хүмүүсийг яг юу ярьж байгаа талаар ямар үйлдэл хийж байсныг үнэндээ анзаараагүй. Ингээд хүмүүст үйлчлээд л явж байхад гэнэт караокений коридорын хаалга онгойгоод өндөр залуу нь наашаа унаад ороод ирсэн. Тэгээд би юу болов гээд очоод нөгөө өндөр залуутай хамт явсан хүмүүсийг 103 тоот өрөөнөөс дуудсан чинь өрөөнөөс хүмүүс гарч ирээд улаан куртиктэй залуутай маргалдаад байсан ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,
Шинжээч эмч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Н.Мөнх-Очирын дагз ясны шугаман хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн суурь хэсгийн цусархаг няцрал гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн даланд зулгаралт гэмтэл нь мөн мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ийм учраас би дүгнэлтэндээ мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тусгасан байгаа. Дүгнэлтэнд тусгагдсан дээрх бүх гэмтэл нь биеийн ар хэсгээр мохоо гадаргуутай зүйл дээр унах, савах үед үүсгэгдэж болно” гэх мэдүүлэг /хх-34х/,
Яллагдагч Ц.М мэдүүлэхдээ: “...Мөнх-Очир гэгч намайг заамдаад авахаар нь би хүн дуудаад өг гэж байхад юун сүртэй юм гээд түлхсэн чинь тавьчихсан. Тэгснээ дахиад би чамд хүн дуудаж өгөх алба уу гэснээ дахиад заамдаад намайг боогоод авсан. Тэгээд би зөрүүлээд цамцных нь захаар заамдаж эрүүнийх нь доошоо гараараа тулаад авсан. Тэгтэл тэдний өрөөнөөс нь цагаан өнгийн цамцтай залуу гарч ирэхээр нь би Мөнх-Очир гэгчийг тавьчихсан чинь миний баруун гар талаар 2, 3 алхаад караокений шилэн хаалга түшмээр аядаж байгаад арагшаа саваад уначихсан. Тухайн үед би боолт орчихсон гэж бодоогүй...” гэх мэдүүлэг /хх-47-48х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн №14047 тоот дүгнэлтэнд:
“1. Н.Мөнх-Очирын биед дагз ясны шугаман хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн суурь хэсгийн цусархаг, няцрал, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-33х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх төв”-ийн караокед иргэн Н.Мөнх-Очиртой маргалдаж, түүнийг боож унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.