| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00679/И |
| Дугаар | 00974 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 00974
2016 оны 07 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2016/00974 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн, 42 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 85 тоотод оршин суух Бөөчүүд овгийн Очирхуягийн Эрдэнэчимэгийн /регистрийн дугаар РД84062701/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 85 тоотод оршин суух Болду овгийн Лхагвын Баттөрд /регистрийн дугаар РЕ78031971/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 18 тоотод байрлах 31,0 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 767.0 м2 газрыг өөрийн болон хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээхийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагч П.Баттөр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр Баттөртэй 2000 онд гэр бүл болж, бидний дундаас 2001.02.22-нд охин Эрдэнэцэцэг, 2003.02.11-ний өдөр хүү Амартөр, 2008.08.15-ны өдөр охин Маргад-Эрдэнэ, 2010.09.17-ны өдөр хүү Амартүвшин нар тус тус төрж, ам бүл 6 болж, хүүхдүүд маань бүгд эрүүл өсч бойжиж байна. Нөхөр Баттөр маань эхний хэдэн жил сайхан амьдарч байсан боловч сүүлийн 7 жил архи ууж, байнга согтуурч агсам тавьж, элдвээр хэлэх хэлэхгүй үгээр над руу дайрч надар гар хүрч, согтуугаар надтай секс хийхийг шаардаж үгүй гэхээр уурлаж, гэр орныхоо эд зүйлийг хагалж эвдэж, үүнээс нь болж хүүхдүүд айж уйлалдаж том жижиггүй нойргүй хонож, хичээл номоо тасалж, амгалан тайван суух аргагүй болдог. Сүүлдээ гэртээ орохоос айдаг, үр хүүхэд маань гэр орноосоо дайжиж, найз нөхдөөрөө айл айл хэсэж хоног төөрүүлэх, бүр болохгүй бол хүүхдүүдээ авч аав ээжийндээ ирэхээр араас ирж, аав ээжийг минь айлгаж хүн гэж авч хэлэлцэхгүй дарамталдаг. Сүүлдээ би өөрөө айгаад түүний өөдөөс нь ч харж чадахгүй, айж чичирдэг болсон ба өвлийн хүйтэнд унтлаганыхаа хувцастай зугтаж хажуугийн айлд нуугдах, олон цагаар ч хамаагүй айлын жорлонд орж нуугдах зэргээр өөрийгөө хамгаалж байсан. Энэ байдлаас болж сэтгэл санааны хямралд орж байнгын айдас хүйдэстэй, сэтгэл санаа тогтворгүй болж 2014 онд бамбайн булчирхайн өвчтэй болсон. Түүнийг эрүүл болохоор нь салах тухай хэлэхээр хэзээ ч чамаас салахгүй, хэзээ ч чамайг жаргаахгүй, хаа байгаа газар чинь үргэлж дагаж зовооно, хүүхдүүдээс минь салгана гэж байгаа бол чамайг ална гэж заналхийлдэг. Эрүүлдээ гайгүй боловч маш их өс хонзон санадаг. Би цаашид энэ амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй, тайван амьдрахыг л хүсч байна. Согтуу ирээд унтана гэж байдаггүй, ядаж унтаад өгдөг бол амар байх боловч биднийг зовоохын тулд архи ууж ирээд 4-6 цаг агсарч байж унтдаг. Намайг тайван байлгаад өгөөч би бамбай булчирхайн өвчтэй, эмч намайг тайван бай гэсэн гэхээр чи худлаа өвдсөн чам шиг юм үхдэггүй юм, танай муу аав ээж удахгүй үхнэ гэж дайрдаг. Аав маань намайг өмөөрөхөөр толгойд нь сүх зооно хутга шаана, гал голомтыг чинь самрана гээд л агсарч сэтгэл санаа хямраачихдаг. Түүний энэхүү байдлыг хэсгийн цагдаа сайн мэддэг бөгөөд удаа дараа шүүх цагдаад хандан эрүүлжүүлэн баривчлагдаж байсан боловч засардаггүй. Сая гэхэд баривчлагаанд орж 20 хоночихоод гарч ирэнгүүтээ архи ууж агсараад цагдаа ирээд аваад явах гэхээр нь дахиад л баримвчлуулахаар бөөн өс санах байх гэж бодоод баривчлуулаад яахав гэтэл өөрөө цагдааг эсэргүүцэн хувцас эмблемийг нь урсан тул дахин 20 хоногоор баривчлагдсан байна. Би энэ хүнтэй амьдарвал үхэхээс өөр арга зам алга. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүүхдүүдээ бодоод амар тайван амьдрахыг л хүсэж байна. Хүүхдүүдийг минь надад үлдээж, одоо амьдарч байгаа гэр орон хашаа байшинг хүүхдүүд бидэнд үлдээж өгнө үү, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
Хариуцагч Л.Баттөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2000 оны 01 дүгээр сарын 14-нд Эрдэнэчимэгтэй гэр бүл болсон. 16 жил хамт амьдарч 4 хүүхэд өсгөж байна. Сүүлийн хэдэн жил архи уусан нь үнэн. Нүдэж биед нь толбо тогтоож байгаагүй. Хүүхдүүд хичээл номоо тасалж айл хэсэж байсан хонож байгаагүй. Хэлж ярих үгээ согтуудаа хэлдэг муу зуршилтай болсон. Хань үр хүүхэддээ хайргүйдээ архи уугаагүй, нэг мэдэхэд ийм байдалд хүрлээ. Миний хань амьдрах хугацаандаа ажил хийж мөнгө олж үзээгүй. Би архинаас гарах эмчилгээ хийлгэж гэр бүлээ бүрэн байлгахын төлөө бүхнээ дайчлана. Хадам аав ээж эхнэртээ буруу санаж явдаг юм байхгүй. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч бид эвлэрээгүй, одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хашаа байшингаа эхнэр болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээнэ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь хариуцагч П.Баттөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 18 тоотод байрлах 31,0 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 767.0 м2 газрыг өөрийн болон хүүхдүүдийнхээ өмчлөлд үлдээхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.
Гэрлэгчид нь 2002 онд гэр бүл болж, тэдний дундаас 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Эрдэнэцэцэг, 2003 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Амартөр, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Маргад-Эрдэнэ, 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Амартүвшин нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж, сурч хүмүүжиж байгаа болох нь гэрлэлтийн лавлагаа, №0366294, Г-20, Г-55, Г-1490 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, “Нийцэл” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Гэрлэгчдийн дундаас төрсөн охин Б.Эрдэнэцэцэг Б.Маргад-Эрдэнэ, хүү Б.Амартөр, Б.Амартүвшин нарыг асрамжиндаа авна гэсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа, түүнчлэн хүү Б.Амартүвшин нь бага насны, охин Б.Эрдэнэцэцэг, Б.Маргад-Эрдэнэ, хүү Б.Амартөр нарын санал зэргийг үндэслэн хүүхдүүдийг эх О.Эрдэнэчимэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж, хариуцагч Л.Баттөр нь нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг болон хүүхдүүдийнхээ өмчлөлд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 18 тоот Г-2101005035 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээр баригдсан Ү-2101014440 улсын бүртгэлийн дугаар бүхий амины орон сууцыг үлдээнэ гэж хүлээн зөвшөөрсөн тул дээрх үл хөдлөх хөрөнгө болон газрыг нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг болон хүү Б.Амартөр Б.Амартүвшин, охин Б.Эрдэнэцэцэг, Б.Маргад-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон газрын гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, хариуцагч Л.Баттөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б.Эрдэнэцэцэг, 2003 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Амартөр, 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Маргад-Эрдэнэ, 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Амартүвшин нарыг эх О.Эрдэнэчимэгийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, Гэр бүлийн тухай хуулийн 14.5-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Баян-Өндөрийн 02 дугаар гудамжны 18 тоот Г-2101005035 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээр баригдсан Ү-2101014440 улсын бүртгэлийн дугаар бүхий амины орон сууцыг нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг болон хүү Б.Амартөр Б.Амартүвшин, охин Б.Эрдэнэцэцэг, Б.Маргад-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээж, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ болон газрын гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА