Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01352

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01352

 

У- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/02052 дугаар шийдвэртэй,

 

У- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Ж-д холбогдох,

 

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 537,080,157 төгрөг гаргуулах үндсэн, ажлын хөлс 60,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч Х.О хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: У- ХХК нь Э.Ж-тай 2022 оны 02 сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 01/22 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр У- ХХК-ийн 1880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэх ухааны удирдлага болон техник технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Э.Ж- нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр У- ХХК-д 5 жилийн төлөвлөгөө, жилийн орлого, зарлагын мэдээлэл агуулсан баримт бичиг болох Технологийн картыг хийж өгсөн. Гэрээний урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нь Э.Ж-ын Хаан банкны дансанд, ажлын явцад 5,000,000 төгрөгийг захирал Г.Ч-ын Хаан банкны данснаас Э.Ж-ын хүсэлтээр С.Д-ийн Хаан банкны дансанд шилжүүлсэн.

Зөвлөх Э.Ж- нь 30,000,000 төгрөгийг авснаас хойш газар тариалангийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахаа больж, үйл ажиллагаанд биечлэн оролцож зохион байгуулаагүй, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулаагүй, түлш шатахуун болон өмч хөрөнгийн ашиглалтад анхаарал хандуулаагүй, газар тариалангийн технологи ажил бүрийг орхигдуулсан, хяналт тавиагүй, зааварчилгаа өгөх үндсэн үүргээ зөрчсөн. Технологийн картын төлөвлөгөөнд тусгаснаар Рапс 1149 га талбайд 10 центнер тооцож 1.149 тн хураан авахаар төлөвлөсөн мөн Улаан буудай 732 га талбайд 20 центнер тооцож 1.464 тн хураан авахаар төлөвлөсөн байна.

Төлөвлөгөөний дагуу ажилласан бол манай компани нийт 1,649,880,000 төгрөгийн ашигтай ажиллах байсан. Гэвч төлөвлөсөн борлуулалтын үр дүнд хүрээгүй буюу хураан авсан Рапс 0%-тай, Улаан буудай центнерт 0.01% ургасан байна. Энэхүү ажлын үр дүн усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дүн туйлын хангалтгүй буюу ажил гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанид учруулсан хохирол гэж үзсэн. Эдгээр тооцооллын дүнд компани нь санхүүгийн төлөвлөгөө гүйцэтгэлийн тайлангаар 944,843,648 төгрөгийн зардалтай, борлуулалтын орлого тооцсон дүнгээр 507,080,157 төгрөгийн алдагдалтай ажилласан. Иймд 507,080,157 төгрөгийн алдагдал, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр 30,000,000 төгрөг, нийт 537,080,157 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э.Ж- нь гэрээний төслийг 2022 оны 02 сард У- ХХК руу явуулж, нэхэмжлэгч гэрээнд саналаа оруулж, ажлын хөлс 60,000,000 төгрөг байхаар амаар харилцан тохиролцсон. Гэрээг бичгээр байгуулахыг Э.Ж-ын зүгээс удаа дараа хэлсэн ч У- ХХК нь бичгээр байгуулаагүй. Гэрээг бичгээр байгуулаагүй ч Э.Ж- нь зөвлөх үйлчилгээг үзүүлж, тохирсон хөлсөө төлнө гэж итгэсэн. Нэхэмжлэгчийн Хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээл авахад шаардлагатайгаар банкинд өгөх тариалалтын төлөвлөгөө, тооцооллыг гарган өгч туслаач гэсний дагуу төлөвлөгөө, тооцооллыг гаргаж, мөн 2022 оноос 2026 он хүртэлх 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган явуулсан. Д-аймгийн Д- суманд байрлах тариалангийн газар дээр 6 удаа биечлэн очиж зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан. Газар тариалангийн технологийн карт бол олон талын судалгаа, агрономийн шинжлэх ухааны мэргэжлийн мэдлэг, туршлага, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдан боловсруулагддаг тухайн талбайд нь тохируулан гаргасан тариалалттай төлөвлөгөө юм. Уг тариалалтын төлөвлөгөөг дагаж мөрдөхөд шаардагдах хамгийн чухал баримт бичиг буюу технологийн картыг Э.Ж- нь ярилцаж тохиролцсоныхоо дагуу гарган өгч, төлөвлөгөөний дагуу тариалалт явуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн мэдээлэл, холбогдох зөвлөгөөг У- ХХК-д тухай бүр нь бүрэн өгч ажилласан.

Гэтэл У- ХХК нь Э.Ж-аар тариалалтынхаа хамгийн чухал төлөвлөгөө буюу технологийн карт схем гаргуулж, банкнаас зээл авахдаа зээлийн тооцоолол хийлгүүлж, зээлээ авч, олон удаа уулзаж болон утсаар зөвлөгөө мэдээллийг хангалттай авчихаад ажлын хөлс төлбөрөө огт төлөөгүй. Мөн нэхэмжилсэн 30,000,000 төгрөг нь гэрээний урьдчилгаа биш бөгөөд 25,000,000 төгрөгийг байршил тодорхойлох төхөөрөмж захиалах зорилгоор шилжүүлж байсныг зөвшөөрнө. Тус компанид Э.Ж- нь өөрийн хэрэглэж байсан байршил тодорхойлох төхөөрөмжийг өгсөн. Харин технологийн картын төлөвлөгөөний дагуу ажиллаагүйгээс, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дүн туйлын хангалтгүй буюу ажил гүйцэтгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс компанид учруулсан хохирол 507,080,157 төгрөг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: GPS гэх төхөөрөмж нь газар тариалангийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой бөгөөд үр цацах, хор цацах, газар хагалах, ургац хураах гэх зэрэг тариалалтын хугацаанд тогтмол ашиглагдах, нэг цацсан газраа дахиж хор цацахгүй, нэг хагалсан газраа дахиж хагалахгүй байх чиглэл байршлыг тодорхойлж өгдөг төхөөрөмж тул хариуцагч нь У- ХХК-ийг GPS төхөөрөмжгүй байхад нь түүний гуйлтаар СР8 төхөөрөмжийг Хятад улсаас захиалж өгч, мөн өөрийн GPS төхөөрөмжөө тус компанид үнэ төлбөргүй хэрэглүүлж тусалсан. Нэхэмжлэгчийн Э.Ж-д 2022 оны 05 сарын 23-ны өдөр шилжүүлсэн 25,000,000 төгрөг нь GPS төхөөрөмжийн захиалгын үнэ бөгөөд уг мөнгийг гадаад шилжүүлгээр дээрх төхөөрөмжийг захиалсан. Иймд У- ХХК-аас зөвлөх үйлчилгээ үзүүлж, технологийн карт гаргаж өгсөн ажлын төлбөр 60,000,000 төгрөгийг гаргуулж, Э.Ж-д олгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга: Э.Ж-тай байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийг авахаар гэрээ байгуулж, тохиролцсон зүйл байхгүй. 2022 оны 05 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг ажлын хөлсийг шилжүүлсэн. Түүнээс төхөөрөмж авахаар нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй. Э.Ж- өөрийн төхөөрөмжөө ашиглуулж байгаа гэж байна. тэр нь ажилладаггүй хуучин төхөөрөмж байдаг. Э.Ж- нь компанид хохирол учруулчихаад үндэслэлгүй төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч У- ХХК-ийн хариуцагч Э.Ж-аас 537,080,157 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Э.Ж-ын нэхэмжлэгч У- ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч У- ХХК-ийн төлсөн 3,001,305 төгрөг, хариуцагч Э.Ж-ын төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу дүгнэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээс дараах зүйлс тогтоогдсоныг дутуу дүгнэсэн. Үүнд:

6.1. Талуудын хооронд 2022 оны 02 сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ" 01/22 тоот гэрээ амаар байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр 25,000,000 төгрөг төлөгдсөнийг шүүх дүгнэсэн. Хариуцагч Э.Ж- нь гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаж шинжээч томилуулсан ч тус гэрээний эх загварыг өөрөө гаргаж явуулсан, үнэ хөлс тохиролцсон, урьдчилгаа мөнгө авсан, 2022-2026 оны газар тариалангийн календарчилсан төлөвлөгөөг гаргаж хүргүүлсэн, Д-аймгийн Д- сумын нутагт байрлах газарт 6 удаагийн үйлдлээр очсон зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

6.2. Сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлс 60,000,000 төгрөг нэхэмжилж "гэрээний урьдчилгаа хэмээн авсан 25,000,000 төгрөгийг ОР8 буюу байршил тодорхойлох автомат жолоодлогын төхөөрөмжийн төлбөр байсан хэмээн маргаж, тухайн төхөөрөмжийг өгөөгүй гэдгээ шүүхэд мэдүүлсэн. Шалтгаанаа хуучин төхөөрөмжийг үнэ төлбөргүй ашиглуулж байгаа гэх атлаа тус төхөөрөмжийг авъя гэж холбогдоогүй хэмээн тайлбарласан.

6.3. Гэрч Б.У нь нөхөр Э.Ж-ын даалгавраар Хятад улс руу GPS буюу автомат жолоодлогын төхөөрөмж захиалж байснаа мэдүүлдэг бөгөөд гэр бүлийн бизнес байсан гэдгийг үгүйсгээгүй.

6.4. У- ХХК-ийн 2022-2026 оны газар тариалангийн календарчилсан төлөвлөгөө /хариуцагч Э.Ж-аас боловсруулж өгсөн Технологийн карт/-нөөс үзвэл:

6.4.а. 2022 онд 1881 га-д тариалалт хийх бөгөөд Улаан буудайг 732 га-д (1 га-гийн ургацыг 2 тонноор тооцож), Рапс 1149 га-д (1 га-гийн ургацыг 1 тонноор тооцож) тариалах бөгөөд нийт авах ургацын хэмжээ 2,612 тн буюу борлуулалтын төлөвлөгөөгөөр 3,297,371,000 төгрөгийн борлуулалттай байхаар, үйл ажиллагааны зардалд 1,692,938,927 төгрөг зарцуулахаар тооцсон байдаг бөгөөд татварын өмнөх ашиг 1,210,074,660 төгрөг байхаар тооцсон.

6.4.b. 2023 онд 1881 га талбайг 2 хувааж Улаан буудайг 1149 га-д (1 га-гийн ургацыг 3 тонноор тооцож), Рапс 732 га-д (1 га-гийн ургацыг 2 тонноор тооцож) тарих төлөвлөгөө гаргасан байсан бөгөөд ургацын хэмжээ 4910 тн буюу борлуулалтын төлөвлөгөөгөөр 5,464,454,000 төгрөгийн борлуулалттай байхаар, үйл ажиллагааны зардалд 1,824,573,927 төгрөг зарцуулахаар тооцож, татварын өмнөх ашиг 3,245.522.660 төгрөг хэмээн гаргасан байдаг.

6.5. Хүнс, хөдөө аж ахуйн газраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн ****дугаартай албан бичгийн хавсралтад У- ХХК-ийн 2022, 2023 оны тариалалт, ургац хураалтын мэдээг ирүүлсэн байдаг. Үүнд:

6.5.а. 2022 онд 1500 га-г тариалалт хийж бөгөөд Улаан буудай 730 га-д тарьснаас 8.2 цн/га ургаж 600 тн, Рапс 770 га-д тарьснаас 0.8 цн/га ургаж 30 тн буюу нийт үйлдвэрт орсон нийт буудай хэмжээ 407.8 тн буюу ургац алдсан талбай 730 га хэмээн тодорхойлсон. Энэ үзүүлэлтийг хариуцагч Э.Ж-аас боловсруулж өгсөн Технологийн картын борлуулалтын төлөвлөгөөтэй харьцуулбал 10,6 хувийн гүйцэтгэлтэй харагдах бөгөөд У- ХХК-д учирсан хохирол 2022 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлангаар татварын өмнөх тайлант үеийн цэвэр алдагдал -507,080,200 төгрөг болсныг шүүх дүгнээгүй.

6.5.b. 2023 онд 1500 га-г 3 хувааж Улаан буудайг 1330 га-д, Овьёос 70 га-д, Тосны ургамал 100 га-д тариалснаас Улаан буудай 9.0 цн/га ургаж 1200 тн, Рапс 100 га-д тарьснаас 0.0 цн/га ургаж 100 тн ургац алдсан, овьёос 1.6 цн/га ургаж 115 тн ургац авсан буюу үйлдвэрт орсон нийт буудай хэмжээ 1106 тн буюу ургац алдсан талбай 100 га хэмээн тодорхойлсон. Энэ үзүүлэлтийг хариуцагч Э.Ж-аас боловсруулж өгсөн Технологийн картад тусгасан 2023 оны тариалалтын тооцооноос зөрүүтэй байгаа буюу огт өөр төлөвлөгөөгөөр тариалалт хийж ажилласан болохыг харьцуулан дүгнээгүй.

6.6. Шүүх гэрээний талаар дутуу дүгнэлт хийж, хууль зүйн алдаатай дүгнэлт гаргасан. Үүнд:

6.6.а. Гэрээний 1.6-д заасан зорилгод нийцүүлэн хийх ажилд: 2022 оны газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу тогтвортой ургац авах технологийн горимын арга хэмжээг зохион байгуулж ажиллана, мөн Усалгааны тоног төхөөрөмжүүдийг зохих түвшинд ажилд оруулан ажиллуулах, шаардлагатай өөрчлөлтийг хийх төлөвлөгөөг гаргаж, үр ашигтай усалгааны системийг ажиллуулах менежментийг хийж гүйцэтгэнэ гэж тодорхойлсон ба зөвлөх нь тус газар тариалангийн үйл ажиллагаа нь дахь удирдах ажилтан байсныг үнэлээгүй.

6.6.b. Үйлчлүүлэгч буюу У- ХХК нь 4.1.3-т: "Зөвлөхийн санал зааврын дагуу ажлыг явуулах боломж бүрдүүлнэ. Үйлчлүүлэгч нь хамтын шийдвэртээ Зөвлөхийн саналыг харгалзана.", 4.1.6-д Газар тариалангийн төлөвлөгөөний дагуу тогтвортой ургац аваагүй тохиолдолд Зөвлөхөд гомдол гаргах эрхтэй." гэж тус тус заасан. Зөвлөхийн эрх, үүрэгт 5.1.7-д Газар тариалангийн үйлдвэрлэлийн ажилд өөрийн томилсон агрономичид зааварчилгаа өгч шаардлагатай үед биечлэн оролцож ажил жигдэртэл ажиллана. Газар тариалангийн технологит ажил бүрийн үеэр ирж тариалсан ургамал, талбайгаа шалгана. ...ажил цалгардахаас сэргийлж ажлыг зохион байгуулна." гэх мэтчилэн эрх, үүрэг олгосон. Гэрээний хариуцлага буюу 7 дугаар зүйлийн 7.2-т "Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талд учруулсан хохирлыг нөхөн төлнө. мөн 7.3-т Үйлчлүүлэгчид мөнгөн болон эд материалын хохирол учруулбал хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна гэж тохиролцсон заалттай.

6.6.с. Гэрээний дагуу хийх байсан ажлыг томьёолбол: 2022 оны Газар тариалан үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөөг гаргаж батлуулах; 2022 оны газар тариалангийн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулж, Усалгаатай газар тариаланд шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийг хийж ажиллагаатай болгох; Газар тариалангийн ажилд ажил жигдэртэл биечлэн оролцож, заавар зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллах, тогтвортой ургац авах; гэх мэт асуудлууд яригдах бөгөөд хариуцагч нь 60,000,000 төгрөгийн ажилд 6 удаагийн үйлдлээр газар дээр нь түр очиж зөвлөн ажилласан байдал, мөн хариуцагч Э.Ж-аас боловсруулж өгсөн Технологийн картын борлуулалтын төлөвлөгөөтэй харьцуулбал 10,6 хувийн гүйцэтгэлтэй байсан буюу 730 га-д ургац алдсан байдал, У- ХХК-д учирсан хохирол 2022 оны жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлангаар цэвэр алдагдал 507,080,200 төгрөг болсныг харьцуулбал хангалтгүй гэж дүгнэх боломжтой байсан.

6.7. Анхан шатны шүүхээс тус гэрээг Хөлсөөр ажиллах гэрээ" гэж дүгнэсэн нь зөв боловч гэрээний үүргийн зөрчил үүссэнээс хариуцлага оногдуулах ерөнхий зарчим алдагдсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 227 дугаар зүйл "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэсэн Иргэний хуулийн зүйл заалттай холбоотой тодорхой дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгчээс хариуцагч Э.Ж-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Технологийн картын борлуулалтын төлөвлөгөөний ашиг тооцсон дүнгээс бус зөвхөн компанид учирсан 507,080,200 төгрөгийн алдагдал мөн гэрээт ажлын төлбөр гэж олгосон мөнгөн дүн болох 30,000.000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилсэн.

6.8. Анхан шатны шүүхээс гэрээ байгуулагдаж 25,000,000 төгрөг өгсөн, авсан гэдгийг дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас хазайсан буруу дүгнэлт гаргасан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан У- ХХК-д үнэ төлбөргүй ашиглуулж байсан хэвийн бус ажиллагаатай GPS-ийг гэрээний төлбөрт авсан 25,000,000 төгрөгөөр дүйцүүлэн хааж байгаа мэт хаяж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Э.Ж- У- ХХК-тай усалгаатай газар тариаланд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулахаар амар тохиролцсон ч бичгээр гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцсоны дагуу 2022 оны 04 сард газар тариалангийн төлөвлөгөө буюу технологийн картыг гаргаж өгсөн. Уг картад нь тухайн талбайд тохируулсан тариалалт хийх нарийвчилсан төлөвлөгөөг 5 жилээр гаргаж өгсөн. Тариалалтын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийг алдаагүй явуулсан бол тухайн тариалалтад заасан төлөвлөгөөний дагуу ургацаа авах боломжтой байсан. Нэхэмжлэгч компани тариалалтын үйл ажиллагаатай холбоотой зөвлөхөөс өгсөн зөвлөгөөг дагаагүйн улмаас ургацаа алдсан. Үүнд бэлтгэл ажлаа огт бэлдээгүй, гүйцэтгэл дээр дутуу ажилласан. Хариуцагчаас тариалалтын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж өгсөн бөгөөд хамгийн чухал техник болох GPS-тэй трактороо бэлдээгүй. Мөн хор цацагч нь шаардлага хангаагүй буюу шинээр авах шаардлагатай байсныг аваагүй. Тариалалтын үйл ажиллагаа эхлэхэд шаардлага хангаагүй хор цацагчаар хор цацсан нь тариалалтын үйл ажиллагаанд шууд нөлөөлөхийг тухайн талбай дээр ажиллаж байсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Мөн GPS-тэй трактороо бэлдээгүй байсан учир хариуцагч Э.Ж- өөрийн GPS-тэй трактороо үнэ төлбөргүй ашиглуулж, зөвлөхийн хажуугаар дэмжлэг үзүүлж ажилласан. GPS-тэй тракторгүй тариалалтын үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй бөгөөд GPS нь тухайн газрыг хавах, хавсан газраа дахин хавахгүй, үрэлгээ хийсэн газраа дахин үрэлгээ хийхгүй, хор цацсан газраа дахин хор цацахгүй байх ажиллагааг зохицуулж байдаг чухал тоног төхөөрөмж юм. Эдгээр нөхцөл байдлыг зөвхөн зөвлөхийн буруу гэсэн нь илт үндэслэлгүй. Зөвлөхийн гаргасан хуваарийн дагуу газар, тариалангийн орц, техник, тоног төхөөрөмжөө бэлдэх, ажлуудаа цаг тухайд нь хийгээгүй нь нэхэмжлэгч компаниас шууд шалтгаална. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч Э.Ж-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 537,080,157 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлс 60,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талуудын хооронд 2022 оны 02 сарын 23-ны өдөр Усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ тухай 01/22 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн 1,880 га талбайд хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үед агрономын шинжлэх ухааныг удирдлага болон техник технологи, тоног төхөөрөмжийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, 2022 оны Газар тариалангийн үйлдвэрлэлийн календарчилсан төлөвлөгөөг гарган өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 60,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Талууд гэрээний хугацааг 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс 10 сарын 22-ны өдөр гэж заасан. Гэрээ байгуулснаар нэхэмжлэгч урьдчилгаа 25,000,000 төгрөгийг хариуцагч Э.Ж-ын Хаан банкны *******тоот дансанд шилжүүлж, сарын бүрийн 30-ны өдөр төлөвлөгөөт ажлын гүйцэтгэлээр 2,000,000 төгрөгийг, гэрээт ажлын хугацаа дуусахаар гэрээг хамтран дүгнэж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тусгажээ.

Дээрх тохиролцоогоор нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд гэрээний 1.4-т заасан зөвлөх үйлчилгээ авч, хариуцагч гэрээний 1.6-д заасан үйлчилгээг үзүүлэх, нэхэмжлэгч хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчийг Д-аймгийн Д- суманд байх нэхэмжлэгчийн эзэмшлийн тариалангийн талбайд очсон, 2022 оноос 2026 он хүртэлх 5 жилийн тариалалтын технологийн картыг боловсруулан өгч, тариалангийн ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж өгсөн үйл баримт тогтоогдсоныг зөв дүгнэсэн боловч тухайн хэрэгт хамаарал бүхий, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний үүргээ бүрэн биечлүүлсэн эсэхэд дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т зааснаар хариуцагч Э.Ж- нь нэхэмжлэгч У- ХХК-ийн 1,880 га талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, нэмэгдүүлэх, тус компанийг ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагыг ашиглан зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээсэн. Зөвлөх үйлчилгээний хүрээнд хариуцагч нь гэрээний 1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэсэн байх, мөн гэрээний 5.1.7-д зааснаар зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд баримтлах ажлын шаардлагыг тохиролцсон байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч нь гэрээний 1.6, 5.1.7-д заасан гэрээт ажил, зөвлөх үйлчилгээг бүрэн гүйцэтгэж ажилласан гэх байдал тогтоогдоогүй байна.

4.2. Гэрээний 1.6.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тогтвортой ургац авах технологийн горимын арга хэмжээг авч ажиллах, мөн 1.6.2-т усалгааны тоног төхөөрөмжүүдийн үр ашигтай системийн менежментийг хийж гүйцэтгэх үүргийг хариуцагч хүлээсэн байна. Хаврын тариалалт эхлэх үед хариуцагч нь тариалалтын төлөвлөгөө болон технологийн горимын дагуу хэрэгжүүлэхээр тариалалтын технологийн картад заасан арга хэмжээг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилласан эсэх нь тодорхойгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

4.3. Мөн гэрээний 5.1.7-д зааснаар хариуцагч Э.Ж- нь ажилд томилсон агрономичид газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ямар заавар, зөвлөгөөг өгч удирдан чиглүүлж ажилласан, тухайн жилийн тариалалт жигдрэх хүртэлх хугацааны ажилд хэрхэн оролцож ажилласан болон газар тариалангийн технологит үе шатны ажлыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажилласан байдлаа шүүхэд нотлоогүй байна.

4.4. Хэрэгт авагдсан гэрч О.Цэндийн мэдүүлэгт Э.Ж- 2022 онд 4 удаа ирсэн, 3 удаад нь өдөртөө, 1 удаад нь хоноод явсан тариалалтын дундах технологийн заавар өгдөг байсан, сүлжээгүй газар болохоор байнга утсаар холбогдох боломжгүй, гэхдээ байнга холбоогүй байгаагүй. Э.Ж- агронамич зөвлөсөн, би гүйцэтгэсэн гэж, гэрч О.Анхбаярын мэдүүлэгт Э.Ж-тай 2-3 удаа холбогдоод ажилдаа ирээч гэхээр очино гэж хэлдэг 2 удаа талбай дээр очиж байсан. Түүнээс хойш тариалалт эхлээд агронамичаас зөвлөгөө авах гэхээр утсаа авдаггүй, заримдаа согтуу байдаг, сүүлдээ холбоогүй болсон гэж тус тус дурдагджээ.

Гэрчүүдийн мэдүүлгээр хариуцагч нь тариалалтын талбайд ирж ажилласан, уг талбайд ажилласан агрономич О.Ц-д заавар, зөвлөгөө өгч байсан байх боловч гэрээгээр хүлээсэн үүрэг болох газар тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нэхэмжлэгчийг тогтвортой ургац авах боломжит хэмжээнд ажилласан, тариалалтын төлөвлөгөө, технологийн горимын дагуу тариалалт явуулахад оролцож, хяналт тавьж ажиллаж байсныг нотлоогүй байна.

4.5. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Э.Ж- нь нэхэмжлэгч У- ХХК-тай байгуулсан гэрээний 1.4-т заасан үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээнд заасан тодорхой ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэсэн байдал тогтоогдохгүй, зөвлөх үйлчилгээг хаврын тариалалт эхлэхээс намар ургаж хурааж дуусах хүртэл үзүүлэхээр тохиролцсон байх боловч хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, энэ талаархи баримт, хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймээс хариуцагчийг гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй, энэ талаархи нэхэмжлэгчийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дүн туйлын хангалтгүй гэсэн тайлбарыг хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Талууд хэлэлцэн тохиролцож, гэрээнд тухайлан заасан тодорхой ажил, үйлчилгээг хариуцагч Э.Ж- бүрэн гүйцэтгэж ажилласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учир энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч У- ХХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т гэрээний хугацааг 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 сарын 22-ны өдөр хүртэлх 6 сарын хугацаатай байгуулсан ч хариуцагч гэрээний хугацаа дуустал хугацаанд буюу 2022 оны 07 сараас хойш нэхэмжлэгчид зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

Иймээс хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас хөлсөөр ажиллах гэрээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцлагдсан байна.

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3.1-д гэрээ байгуулснаар урьдчилгаа 25,000,000 төгрөгийг ажиллуулагч төлөхөөр заасан. Нэхэмжлэгч У- ХХК-ийн Хаан банк ХК дахь ****тоот данснаас 2022 оны 05 сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөгийг ****** тоот дансанд У- гэрээний дагуу төлбөр гэсэн утгаар шилжүүлснийг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй. Харин уг төлбөр нь гэрээний төлбөр бус OP8 байршил тодорхойлох төхөөрөмж-ийн захиалгын үнэ гэж хариуцагч тайлбарласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Иймд гэрээг цуцалсны үр дагаврыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэх тул нэхэмжлэгч гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Э.Ж-аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У- ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

Харин хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч төлөвлөсөн ургацаа авч чадаагүй, төлөвлөгөөний дагуу ажиллаж чадалгүй алдагдал хүлээсний хохиролд 507,080,648 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдалтай шууд шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгч төлөвлөсөн ургацаа авч чадаагүй байдал баримтаар тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээ цуцалсны улмаас учирсан хохиролд 507,080,648 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэлслэгүй байна. Мөн нэхэмжлэгч уг хохирол шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ хангалттай нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Э.Ж-ын нэхэмжлэгч У- ХХК-аас зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний ажлын хөлс 60,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 08 өдрийн 183/ШШ2024/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Ж-аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 512,080,157 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.Ж-ын нэхэмжлэгч У- ХХК-аас 60,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

 

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж хариуцагч Э.Ж-аас 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У- ХХК-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч У- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,843,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ