Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 60

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Хохирогчийн төлөөлөгч: Б.Б ,

Шүүгдэгч: Г.М ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галч овгийн Ганзоригийн Г.М т холбогдох 1928000130030 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр ................ тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Галч овгийн Г.М , регистрийн дугаар ................,

Шүүгдэгч Г.М  нь 2018 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн нутаг, Төгрөгийн ширээ гэх газарт хууль бусаар палентологийн хайгуул малтлага хийж, одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан protoceratops andrewsi нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүгдэгч Г.М ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.М  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 дүгээр сард 31 дүгээр цэргийн анги руу явдаг явган хүний зам тавих ажилд хөлсөөр ажиллаж байсан. Тэр үед санхүүгийн жаахан асуудалтай байсан. Өвчтэй аав руугаа мөнгө явуулах шаардлагатай мөнгөний хэрэг их гарсан. Тэгээд хойшоогоо Өвөрхангай аймгийн арц энгэр гэх газраас хөөрөгний чулуу олж авахаар явж байгаад Булган сумын Төгрөгийн ширээ гэх газар шар мана гардаг. Тэр шар мана чулууг эрж явж байгаад энэ зүйлийг олсон. Толгой, хавирга, хөл хэсэг нь салхинд ил гарчихсан байсан. Тэгээд ерөнхийдөө динозаврын яс гэдгийг нь мэдсэн. Загийн мөчрөөр ухаад гаргаж ирэхэд бутарч унаад байсан. Бутарч унаад байхаар нь барилга дээр хэрэглэгддэг халуун цавуугаар цавуудсан. Тэгээд эргэж аймаг дээр ирээд эндээс гипс аваад эргэж очоод  гипсдэж хатууруулж байгаад мотоцикль дээрээ ачиж авч явсан. Танилцаад 2 жил болсон Хосоо гэх залуутай 10 сарын дундуур яриад би нэг ийм зүйл олсон 5 төгрөг болгох санаатай гэж ярьсан. Тэгэхэд найз нь хүнтэй холбогдоод үзье гэсэн. Би 2 дугаар багийн төвийн гадаах ажлыг хийж байхад Хосоо ирж зургийг нь авна гээд зургийг нь аваад хэл чимээгүй алга болчихсон. Тэгээд Хосоо 2019 оны 01 сард яриад хүн авна гэж байна үзүүл гэсэн. Тэгээд хүнд үзүүлсэн чинь тэр нь цагдаа нар байсан. Тэгээд баригдсан.

Хохирогчийн төлөөлөгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Эртний сээр нуруутан амьтны чулуужсан яс эд мөрийн баримтаар хураагдаж Монгол Улсын Шинжлэх ухаан палентологийн хүрээлэнд байгаа гэсэн мэдээлэл Аймгийн засаг даргад Өмнөговь аймгийн музей буюу соёлын байгууллагын төлөөлөл оруулж ирсэн байдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Засаг дарга соёлын өвийн зөрчлийн мэдээллээр арга хэмжээ авах эрхтэй. Үүний дагуу хохирогчоор оролцох хүсэлт гаргаж миний бие хохирогчийн төлөөлөгчөөр оролцож байгаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд Засаг дарга хамгаалах, арга хэмээ авах, соёлын өвийг бүртгэх энэ арга хэмжээнд нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Соёлын өвийг хадгалж хамгаалах газар нь хуулиараа аймаг, орон нутгийн музей юм байна. Үүнтэй холбогдуулаад үүнийг орон нутагт нь үлдээе гэсэн бодолтой намайг оролцуулж байгаа. Өмнөговь аймагт олон улсын стандартад нийцсэн музей баригдаж 2019 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байгаа. Үүн дотроо палентологийн танхим гэсэн тусдаа зориулалтын танхимтай байхаар зориулалтын дагуу хийгдэж байгаа. Шинжилгээний дүгнэлтийг уншиж танилцсан. 95 хувь бүтэн гэсэн байсан.   Энэ орон нутгийн музей зориулалтын дагуу орчин үеийн техник хэрэгсэлтэй болно, тиймээс цаашид олдворыг бүрэн бүтэн байлгах боломжтой. Тиймээс орон нутагт нь үлдээх чиг үүрэгтэй оролцож байгаа.

Хохирогч В.Ө  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Цагдаагийн байгууллагаас орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгаас үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар олж авсан гэх хэрэгт хохирогчоор тогтоох алба хаагчийг томилон ирүүлэх албан бичигтэй холбоотой би уг хэрэгт төрийг төлөөлөн хохирогчоор оролцож байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яс бүтнээрээ олдчихсон. Одоо Шинжлэх ухааны академийн Палентологийн хүрээлэнд хүргүүлж үнэлгээ нь гарчихсан. Тэнд хадгалагдаж байгаа. /хх-ийн 29-р хуудас/

Гэрч Г.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ахыг сонин зүйл олсон гэж хэлсний дараа 2018 оны 11 сарын эхээр би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байх Гэгээн говь буудлын засварын ажлыг хийж байгаад ахаас барилгын багаж авах гээд ах Г.М ын хадмын хашаанд очсон. Тэр үед ах надад ийм зүйл олсон гээд хонины төлөг хэлбэртэй яс үзүүлсэн. Тэгээд би яаруу ажилтай болоод ахаас салаад явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа би ахын хадмын хашаанаас уг зүйлийг очиж аваад өөрийнхөө хадмын Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Жаал-Уулын 5-27 тоот хашаанд байх шар өнгийн зүүн хойд буланд нь нэг давхар улаан тоосгон байшинтай хашааны баруун урд талд байрлалтай модон амбаарт оруулж тавьсан юм. Тухайн үед манай хадмын гэрт хүн байгаагүй, бүгд ээлжтэй байсан. Тэгээд хэд хоногийн дараа би уг зүйлийг буцааж авч яваад ахын хадмын хашаанд байсан машины гражид хийж орхисон. Энэ талаар ах мэдэхгүй байгаа. Би хэлээгүй. Над руу нэг танихгүй дугаараас залгаад чамд байгаа зүйлийг чинь үзье. Өмнөговьд байна гэхээр нь би ахынхаас авч тухайн хүнд үзүүлсэн юм. Тухайн үед шөнө болсон байсан болохоор тухайн хүний машины дугаар номерыг хараагүй. Би тухайн хүнийг над руу Хосоо холбогдуулсан байх. Хүний утасны, дугаарыг би одоо мэдэхгүй байна. Энэ талаар манай ах мэдэхгүй байгаа. Тэр хүн машиндаа хоёулаа байсан. Би нэр усыг нь асууж танилцаагүй. Уг зүйлийг үзээд 5.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж надад хэлээд эргээд холбогдъё гэж хэлээд дахин холбогдоогүй /хх-ийн 33-34-р хуудас/

Гэрч С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны эхээр Мөөгий буюу Г.М  гэх хүнтэй Улаанбаатар хотод танилцсан. Өмнөговь аймагт ажлаар очихдоо уулздаг байсан. Надад анх танилцаж байхдаа Г.М  манай аймагт Динозаврын яс байдаг, олддог гэж байсан. Түүний дараа 2018 оны 10 сарын сүүлээр Улаанбаатар хотод байхдаа би Г.М аас нөгөө яс чинь байгаа юу гэж асуухад би чам руу зургийг нь явуулъя гээд над руу зураг явуулсан. Тухайн үед хүнд үзүүлэх санаатай байсан юм. 2018 оны 12 сарын эхээр би Отгоо гэх багын найздаа үзүүлсэн байсан чинь над руу залгаад авъя гэж байна гэхээр нь би өөрөө Өмнөговь аймагт очиж зургийг нь авч ирсэн юм. Тэгээд Улаанбаатар хотод эргэж ирж зургаа Отгоод үзүүлсэн байсан чинь Цагдаа нар мэдсэн байсан. Хаанаас авсан талаараа хэлж байгаагүй. Үнэ нь 20 сая төгрөг гэж байсан. /хх-ийн 37-38-р хуудас/

 

Гэрч С.Ө  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хууль бусаар олдсон олдворыг тухайн хэрэг хянан шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд манай байгууллагад түр хугацаагаар хадгалдаг. Энэ хугацаанд тухайн олдворт ямар нэгэн өөрчлөлт хийлгүй анхны байдлыг хадгалан үлдээдэг. Энэ ямар шаардлагатай вэ гэвэл: Нэгдүгээрт Шинжээчийн дүгнэлт гаргахын тулд олдворыг биечлэн харж судлах, Хоёрдугаарт: Тухайн олдвор нь эвдэрч гэмтэх магадлалтай байдаг учир тус хүрээлэнгийн сан хөмрөгт түр хугацаагаар хадгалагддаг юм. Тухайн Палеонтологийн олдворыг зөвхөн эрдэм шинжилгээний байгууллага эзэмших, ашиглах эрхтэй байдаг. Тухайн эрх нь Монгол Улсын соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу манай байгууллагад байдаг. 2019 оны 01 сарын 09- ний өдрийн сан хөмрөгт олдвор хүлээн авах 19/01 дугаартай aкт үйлдэж тухайн олдворыг сан хөмрөгийн “В” зааланд байршуулсан, тухайн үед олдворыг хүлээж авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж гэрэл зургаар баримтжуулан хүлээн авсан. Тухайн гэрэл зургаас 3 кадр олдворын гэрэл зургийг танд гаргаж өгье. /хх-ийн 40-41-р хуудас/

 

Шинжлэх ухааны академи палентологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтэд: Хүлээн авсан эртний амьтны үлдвэр нь одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан бүдүүлэг эвэрт үлэг гүрвэл болох Protoceratops andrewsi-ийн олдвор болохыг гадаад төрх, анатомийн шинжүүдээр тодорхойлов. Тус олдворыг биеийн анатомийн шинжүүд буюу шувуу маягийн хошуу, толгойн ард байрлах хавтгай, далбаа маягийн яс, бахим мөч, сүүл зэрэгт үндэслэн Protoceratops andrewsi болохыг тодорхойлов. Энэхүү амьтан нь зөвхөн Монгол улсын нутагт орших Баянзаг, Төгрөгөн ширээ, Үүдэн сайр, Ухаа төвд, Ягаан хөвд зэрэг олдворт газарт тархах цагаан цайвар, улаан өнгийн элс жингээс бүрдсэн, эртний гаралтай хурдас чулуулгаар түгээмэл олддог. Protoceratops нь палентологийн шинжлэх ухаанд эвэрт үлэг гүрвэлийн хувьсал хөгжил, тэдгээрийн гарал үүслийг тодорхойлоход онцгой чухал байр суурийг эзэлдэг. Тус материал нь үлэг
гүрвэлийн өсөлтийг тодорхойлох шинжлэх ухааны нарийвчилсан судалгаанд онц шаардлагатай чухал олдвор болох нь илэрхий байна. Тус олдворт их хэмжээгээр, тохиромжгүй цавуу, буруу химийн урвалж ашигласан, урт хугацааны
туршид эвдрэх магадлал өндөр суурь зэргийг хийсэн нь мэргэжлийн бус этгээдүүд боловсруулалт хийсэн нь харагдаж байна. Энэхүү онцгой материалын цаашдын бүрэн бүтэн байдал, шинжлэх ухааны эргэлтэд оруулахын тулд бэхжүүлэлт болон суурийг мэргэжлийн түвшинд даруй бэлдэх шаардлагатай. Protoceratops-ийн тус олдвор нь эмзэг, бутарч унах магадлал өндөр тул олон дахин, мэргэжлийн бус хамгаалалттайгаар тээвэрлэх нь тус материалыг бүрэн бүтэн байдлыг алдагдуулах тул мэргэжлийн байгууллагын, зориулалтын орчинд хадгалах шаардлагатай. /хх-ийн 47-48-р хуудас/

 

Шинжлэх ухааны академи, палентологи, геологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Өмнөговь аймгийн Булган сумаас хууль бус малтлага хийж авсан гэх Protoceratops andrewsi эвэр үлэг гүрвэлийн олдворт Монгол Улсын сангийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 140 тоот тушаалаар батлагдсан ”Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”- г үндэслэн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №А/07 тоот тушаалаар томилогдсон шинжээч нарын дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрзоригын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчээр томилсон тогтоолын дагуу 1928000130030 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан Protoceratops andrewsi эвэр үлэг гүрвэлийн олдвор нь 24 000 000 (хорин дөрвөн сая) төгрөгийн үнэлгээтэй болно. /хх-ийн 56-р хуудас/

Шинжлэх ухааны академи, палентологи, геологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Олдворын нэр: Протоцератопс /Protoceratops Andrewsi/, Үлгэрчилсэн 1-р зэргийн олдвор (бүрэн бүтэн байдал 75%-с дээш). Жишиг үнэ 15 000 000 төгрөг, Зэрэглэл: Үнэт 20% (үнэлгээг 25% хүртэл өсгөнө/, ховор байдал: Нэн ховор 30% (үнэлгээг 40% хүртэл өсгөнө), Түүх, Соёл, Шинжлэх ухааны ач холбогдол: Ач холбогдол ихтэй

25% (үнэлгээг 40% хүртэл өсгөнө), Иж бүрдлийн байдал: -10% (үзмэр, эд өлгийн зүйлийн бүрдлээс 10-20% дутуу) Эвдрэл гэмтлийн байдал: -5% (үзмэр, эд өлгийн зүйл нь 5-10% гэмтэлтэй, Үнэлгээ: 24 000 000 төгрөг (хорин дөрвөн сая төгрөг) /хх-ийн 58-р хуудас/

Шүүгдэгч Г.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би чулуугаар хөөрөгний бэлдэц хийж зардаг юм. Тэгээд 2018 оны 09 дүгээр сард явган хүний зам тавих ажилд хөлсөөр ажиллаж байгаад хэдэн төгрөгтэй болж аваад 09 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн арц энгэр гэх газраас хөөрөгний чулуу олж авахаар ганцаараа мотоцикльтой явсан. Тэгж явах замдаа би Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс хойшоо 30 гаруй километрт Төгрөгийн ширээ гэх газраар дайрч гараад бас хэсэг чулуу хайсан юм. Би тэр газраас өмнө нь дээр үед шар мана чулуу олж байсан юм. Тэгээд юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хэсэг тэрүүгээр явсан юм. Гэтэл элсэн дунд хавтгай цагаан арзгар зүйл харагдсан. Тэрийг нь гараараа малтаж байсан чинь нөгөө цагаан зүйл нь бутарч унаад байсан. Тэр үед эхлээд бол юуг нь бол мэддэггүй. Тэгээд гараараа ухаж байгаад ерөнхийдөө динозаврын яс гэдгийг нь мэдсэн. Тэгээд ухах үед бутарч унаад байсан. Үлээсэн чинь мөн бутарч үйрээд байсан. Тэгэхээр нь би бутраад байгаа зүйлийг нь цавуудчихвал бутрахгүй байх гэж бодоод цагаан цавуу авахаар Булган сум руу явсан. Тэгээд би Булган сумын Худалдааны төвийн урагшаа харсан дэлгүүрүүдийн баруун талаасаа 2 дахь билүү 3 дахь дэлгүүр дээрээс Со гэж өвгөнөөс цагаан цавуу 10 гаран ширхэгийг худалдаж авсан. Тэгээд цавуугаа аваад нөгөө газартаа очсон, ил гарсан ясаа цавуудаж түрхээд авч явах болсон. Тэгсэн бас авч явж болохгүй байхаар нь би элстэй нь гипсдэж хатууруулж байгаад авчихъя гэж бодоод шууд аймгийн төв рүү давхисан. Тэгээд аймгийн төв дээр би тэр өдрийнхөө 17-18 цагийн үед ирээд 1-р сургуулийн урд талд байдаг барилгын материалын дэлгүүрээс 10 килограмм гипс аваад гэрийн гаднаас хар панерны өөдсөөр жижиг хайрцаг хийгээд аваад явсан. Тэгээд буцаад нөгөө газар руугаа яваад ганцаараа шөнө гипсдэж хоноод гипсээ хатахаар нь мотоцикль дээрээ тавиад дарж сойж уяад дээгүүр нь куртикээр бүтээгээд тэгээд өөрөө суугаад мөн өөрийнхөө бүсэлхийгээр бүсэлж ороогоод тэгээд аймгийн төв явсан. Наашаа давхиж явж ирээд Баяндалай сум явдаг засмал замын аймгийн төвөөс 10 гаруй километрт байх замын үерийн усны хоолойд нөгөө ясаа нуусан. Тэгээд гэртээ явж ирсэн. Тэгсэн чинь хүн утсаар яриад 2-р багийн төвийн гадна талын явган хүний зам гэх мэт гадна тохижилтын засварын ажил хийх санал тавиад түүнийг нь очиж үзээд хийхээр болсон. Тэр ажлыг хийж байх үедээ би нөгөө динозаврын ясаа нэг эргэж очиж үзсэн. Тэгж байгаад тэр хоолойд нууснаас хойш 3-4 хоногийн дараа мал гишгэчихнэ гэж бодоод өөрөө мөн ганцаараа очиж аваад Даланзадгад сумын 7-р баг Оюутын 03-20 тоотод байх хадам аавынхаа хашаанд байх явдаггүй приус-11 маркийн машины ар багаажинд шөнө 01 цагийн үед аваачиж хийсэн юм. Тэгээд би Хосоо гэж 1 жилийн өмнө архи ууж яваад танилцаж байсан Улаанбаатар хотод байдаг хүн рүү яриад би нэг динозаврын яс олчихлоо үүнийг хэд арван төгрөг болгочихмоор байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө залуу за би сураглая гэж хэлээд хэсэг хугацаанд таг болсон. Түүнээс хойш нэлээн удаж байгаад 10 дугаар сарын дундуур Хосоо аймаг дээр ирээд нөгөө ясны зургийг нь авчихаад явсан. Хүнд үзүүлэх гэж байгаа гэж байсан. Тэгээд түүнээс хойш бас хэсэг сураггүй болсон. Би нөгөө барилгын ажлаа хийж дуусаад өөр газарт бас тааз хийж байтал 2019 оны 01 дүгээр сард Хосоо над руу утсаар яриад хүнд үзүүлээдэх гэж хэлсэн. Тэгээд хүнд үзүүлсэн чинь тэр нь цагдаа нар байсан. Тэгээд баригдсан. /хх-ийн 66-67-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-12-р хуудас/

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Улсын яллагч шүүгдэгч Г.М ыг 2018 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн нутаг, Төгрөгийн ширээ гэх газарт хууль бусаар палентологийн хайгуул малтлага хийж, одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан protoceratops andrewsi нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М  нь 2018 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн нутаг, Төгрөгийн ширээ гэх газарт хууль бусаар палентологийн хайгуул малтлага хийж, одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан protoceratops andrewsi нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн палентологи, геологийн хүрээлэнгийн сээр нуруутны палентологийн салбарын 19/01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр палентологийн шинжлэх ухаан нь эртний амьтан, ургамлын үлдвэрийг судалдаг ба protoceratops andrewsi нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэл нь палтентологийн олдвор болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг ойлгоно гэж томьёолсон ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт ...түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд “аливаа олдвор нь төрийн өмч мөн” гэж заажээ.

Шүүгдэгч Г.М ын Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн нутаг, Төгрөгийн ширээ гэх газарт хууль бусаар палентологийн хайгуул малтлага хийж олсон, одоогоос 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан protoceratops andrewsi нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан яс нь:

Шинжлэх ухааны академи, палентологи, геологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: Олдворын нэр: Протоцератопс /Protoceratops Andrewsi/, Үлгэрчилсэн 1-р зэргийн олдвор (бүрэн бүтэн байдал 75%-с дээш). Жишиг үнэ 15 000 000 төгрөг, Зэрэглэл: Үнэт 20% (үнэлгээг 25% хүртэл өсгөнө/, ховор байдал: Нэн ховор 30% (үнэлгээг 40% хүртэл өсгөнө), Түүх, Соёл, Шинжлэх ухааны ач холбогдол: Ач холбогдол ихтэй
25% (үнэлгээг 40% хүртэл өсгөнө), Иж бүрдлийн байдал: -10% (үзмэр, эд өлгийн зүйлийн бүрдлээс 10-20% дутуу) Эвдрэл гэмтлийн байдал: -5% (үзмэр, эд өлгийн зүйл нь 5-10% гэмтэлтэй, Үнэлгээ: 24 000 000 төгрөг (хорин дөрвөн сая төгрөг) /хх-ийн 58-р хуудас/ гэснээр соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулна гэж хуульчилсан төдийгүй Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 222 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам”-ын 1 дүгээр зүйлд “Монгол Улсын нутагт хийгдэж буй археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй арга зүйгээр гүйцэтгэх,...олдворыг хамгаалах үйл ажиллагааг зохицуулах...” талаар тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Г.М  нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, хууль бусаар палентологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Соёлын өв, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах болон палентологийн малтлага, хайгуул, судалгаа хийх журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул малтлага хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар палентологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх доод хугацааг заагаагүй, харин дээд хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоосон байх тул шүүгдэгч Г.М т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл нь соёлын үнэт зүйл болох нь Соёл өвийг хамгаалах тухай хуулиар тогтоогдож байна.

Хохирогчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: ...Монгол Улсын Шинжлэх ухаан палентологийн хүрээлэнд уг олдворыг шинжилгээ судалгааны зориулалтаар үлдээх боломжгүй. Харин орон нутгийн өмчид бүртгэн авч орон нутагтаа үлдээх нь зүйтэй гэх тайлбар гаргасан ба Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт соёлын өвийн анхны төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулахгүйгээр тухайн орон нутагт нь хадгалах зарчим баримтална гэж заасан тул хохирогчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Шинжлэх ухааны академи палентологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтэд: Энэхүү онцгой материалын цаашдын бүрэн бүтэн байдал, шинжлэх ухааны эргэлтэд оруулахын тулд бэхжүүлэлт болон суурийг мэргэжлийн түвшинд даруй бэлдэх шаардлагатай. Protoceratops-ийн тус олдвор нь эмзэг, бутарч унах wiaraflriah өндөр тул олон дахин, мэргэжлийн бус хамгаалалттайгаар тээвэрлэх нь тус материалыг бүрэн бүтэн байдлыг алдагдуулах тул мэргэжлийн байгууллагын, зориулалтын орчинд хадгалах шаардлагатай. /хх-ийн 47-48-р хуудас/ гэж дурьдсан ба суурийг бэхжүүлээгүй тохиолдолд тээвэрлэх боломжгүй учир Шинжлэх ухааны академи палентологийн төв лабораторид хадгалагдаж байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт Соёлын биет өвийг хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр зөөж тээвэрлэнэ гэж заасан байна.

Иймд protoceratops andrewsi нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан ясны бэхжүүлэлт болон суурийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсний дараа мэргэжлийн хамгаалалттайгаар тээвэрлэн орон нутагт ирүүлж, мэргэжлийн байгууллагын зориулалтын орчинд хадгалах, улмаар аймаг, орон нутгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн, хадгалах, хамгаалах үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргад хүлээлгэж, энэхүү ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар савны тасархай 1 ширхэг, хар өнгийн гялгар ууттай цагаан өнгийн мяндсан ууттай гипс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын нөхөн үзлэгийн бичлэг бүхий ди ви ди 1 ширхэг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэг бүхий ди ви ди 1 ширхэг, С.Хээс гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий ди ви ди 1 ширхэгийг тус тус хэрэгт хадгалан үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М  нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн хенсим-150 маркийн мотоциклийг унаж, ашиглан, эд мөрийн баримтыг тээвэрлэсэн байх бөгөөд уг мотоциклоо бусдад зарж, худалдсан талаараа мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хенсим-150 маркийн мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч Г.М аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Галч овгийн  Г.М ыг хууль бусаар палентологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, 20.2 дахь хэсэг, Монгол Улсын Шинжлэх ухаан палентологи, геологийн хүрээлэнгийн сээр нуруутны палентологийн салбарын шинжээчийн дүгнэлтийг тус тус үндэслэн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “protoceratops andrewsi” нэртэй бүдүүлэг эвэрт үлэг гүрвэлийн чулуужсан ясны бэхжүүлэлт болон суурийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсний дараа, мэргэжлийн хамгаалалттайгаар тээвэрлэн орон нутагт ирүүлж, мэргэжлийн байгууллагын зориулалтын орчинд хадгалах, улмаар аймаг, орон нутгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн, хадгалах, хамгаалах үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргад хүлээлгэж, энэхүү ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар савны тасархай 1 ширхэг, хар өнгийн гялгар ууттай цагаан өнгийн мяндсан ууттай гипс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын нөхөн үзлэгийн бичлэг бүхий ди ви ди 1 ширхэг, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны бичлэг бүхий ди ви ди 1 ширхэг, С.Хээс гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий ди ви ди 1 ширхэгийг тус тус хэрэгт хадгалан үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хенсим-150 маркийн мотоциклийн үнэ болох 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.М аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Г.М  нь улсын орлогод оруулах 150.000 төгрөгийн төлбөртэй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА