Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00975

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 07 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00975                                    Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 23 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Хүнхэр Дашням овгийн Бямбаагийн Мягмаржавын /регистрийн дугаар ФБ60032013/ хүсэлттэй Булган аймгийн Баян-Агт сумын Их Ирээдүй нэгдэлд токарчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Булган аймаг Баян-Агт суманд 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр токарчинаар ажилд ороод 1980 онд цэргийн албанд явсан. Орсон гарсан тушаал сумын архив шатсан тул олдохгүй байгаа тул дээрх ажилласан хугацааг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мягмаржав нь 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд токарчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 889469 дугаар хөдөлмөрийн дэвтэрт “1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баян-Агт сумын Их ирээдүй нэгдэлд токарын дагалдангаар авч ажиллуулав, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд явах болсон тул токарчны үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэжээ.

2.Гэрч Л.Энхбат шүүхэд мэдүүлэхдээ: “Б.Мягмаржав нь 1974 оны 08 дугаар сараас 1980 оны 06 дугаар сар хүртэл Булган аймгийн Баян-Агт сумын Их Ирээдүй нэгдэлд токарчинаар ажиллаж байсан нь үнэн. Би тэр үед Их Ирээдүй нэгдэлд тариа бригадад тракторын жолоочоор ажиллаж байсан” гэжээ.

4.Гэрч Л.Энхбатын хөдөлмөрийн дэвтэрт “1972 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Их Ирээдүй нэгдэлд тариа бригадад туслах ажилнаар авч ажиллуулав, 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн албанд явах болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв, 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цэргээс халагдаж ирсэн тул нэгдэлд тракторын жолоочоор ажиллуулав” гэжээ.

5.Гэрч Л.Сайнбилэг шүүхэд мэдүүлэхдээ: “Б.Мягмаржав нь 1974 оноос 1980 он хүртэл  Булган аймгийн Баян-Агт сумын Их Ирээдүй нэгдэлд токарчинаар ажиллаж байсан, би 1972 онд Их Ирээдүй нэгдэлд тариа бригадад тракторын жолоочоор ажилд ороод, 1976 онд цэргийн албанд явсан” гэв.

6.Гэрч Л.Сайнбилэгийн хөдөлмөрийн дэвтэрт “1972 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Их Ирээдүй нэгдэлд тариа бригадад туслах ажилнаар авч ажиллуулав, 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн албанд явах болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мягмаржав нь 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд токарчинаар ажиллаж байсан болох нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 889469 дугаар хөдөлмөрийн дэвтэр, гэрч Л.Сайнбилэг, Л.Энхбат нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Сайнбилэг, Л.Энхбат нарыг гэрчээр асуусан ба гэрч Л.Сайнбилэг, Л.Энхбат нар нь 1972-1976, 1976-1990 он хүртэл Б.Мягмаржавтай хамт Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Мягмаржаваас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хүнхэр Дашням овгийн Бямбаагийн Мягмаржавыг 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд токарчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Мягмаржаваас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА