Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01355

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01355

 

Х- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01628 дугаар шийдвэртэй

Х- ХК-ийн нэхэмжлэлтэй, М х-ХХК, С.С-, Н.Б-, Ц.А- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 474,476,619 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.С-, Н.Б-, Ц.А- нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Г.Л, хариуцагч С.С-, Ц.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч "М х-" ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.А-, С.С-, Н.Б- нар 2015 оны 12 сарын 08-ны өдөр "Х-" ХК-тай Зээлийн болон Барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө барьцаалах БГХ/2015/459 тоот, үл хөдлөх хөрөнгө барьцаалах БГУ/2015/459 тоот/ гэрээг тус тус байгуулан 550,000,000 төгрөгийг Жайка төслийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, зээлийн хувьсах хүүтэй /зээлийн ашигласан дүнгээс буцаан төлөгдөөгүй байгаа үлдэгдэлд хувьсах хүү тооцох ба хүүгийн хувь хэмжээ 6 сар тутамд буюу жил бурийн 01 сарын 01-ний өдөр болон 07 сарын 01-ний өдөр доорх байдлаар шинэчлэгдэнэ. Төгрөгөөр олгогдсон зээлийн жилийн хувьсах хүүгийн хэмжээ нь Монгол банкны зарласан арилжааны банкнуудын сүүлийн 12 сарын төгрөгийн хугацаагүй хадгаламжийн дундаж хүү + 4 хувьтай тэнцэнэ/, 60 сарын хугацаагаар зээлж авсан.Зээлдэгчид зээлийн барьцаанд: 1. Эрхийн улсын бүртгэлийн *************** дугаартай Ц.А-, А.А-, А.Д-нарын өмчлөлийн ******** дүүргийн ***хороо, 5-р хороолол /14252/, *****байрны ***од байх 104,5 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 2. Эрхийн улсын бүртгэлийн  ************* дугаартай Б.А- Б.М- нарын өмчлөлийн С- дүүргийн ** хороо, *******хороолол /18070/,  *****гийн гудамж, *********, *******од байх ****** талбайтай 1 өрөө орон сууц, 3. Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаартай Н.Б-ын өмчлөлийн С- дүүргийн ** хороо, *******хороолол 118070/ *****гийн гудамж, *********, ***** байх ****** талбайтай 1 өрөө орон сууц, 4. Эрхийн улсын бүртгэлийн ********* дугаартай Л.Б-ын өмчлөлийн Б- дүүргийн 12-р хороо,  ******** хороолол /13311/, **** гудамж, ****байр, 10 тоотод байх *** м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 5. Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай Л.Б-ын өмчлөлийн *** дүүргийн ** хороо, ** хороолол, *** байр, *** тоотод байх 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 6. Эрхийн улсын бүртгэлийн ****** дугаартай Н.Б-ын өмчлөлийн ******** дүүргийн *** хороо, Алтайн *** гудамжны ****тоот, ***** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай *** м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд, 7. Бараа материал, 8. Үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан.

Зээлдэгч нар 2022 оны 08 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 245,889,579 төгрөг, үндсэн хүүд 88,358.255 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,541 төгрөг, нийт 334,257,375 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойшхи хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн өнөөдрийг хүрсэн болно.

Иймд зээлдэгч нараас үндсэн зээлд 304,110,421 төгрөг, зээлийн үндсэн хүүд 159,727,010 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,604,187 төгрөг, нотариатын зардалд 35,000 төгрөг, нийт 474,476,619 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч "М х" ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: "М х" ХХК болон Ц.А-, С.С-, Н. Б нар нь Х-" ХК-тай 2015 оны 12 сарын 08-ны өдөр дээрх зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 550,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлж авсан. Үүнээс үндсэн зээлийн төлбөрт 245,889,579 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 88,358,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,541 төгрөг, нийт 334,257,375 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2020 онд дуусах байсан ба энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал хүндээр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдолд орж олон удаагийн хатуу хөл хорио тогтоосноор зээлээ хугацаанд нь төлөхөд хүндрэл учирсан.

Монгол банк, Засгийн газраас арилжааны банкнуудад зээлийн гэрээний хүүд тодорхой хөнгөлөлт үзүүлэх зөвлөмж хүргүүлж байсантай холбоотойгоор манай компани зээлийн үлдэгдэл болон түүнд ногдох хүүд тодорхой хөнгөлөлт үзүүлэх байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хувь хүмүүс хариуцагчаар татагдах, зээлийн гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ц.А-, С.С- нарын тайлбар, татгалзлын агуулга: Ц.А-, С.С- нар 2015 оны 12 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг Х-тай байгуулах үед "М х" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2018 оны 05 сарын 31-ний өдөр компанийн хувьцаагаа худалдах худалдан авах гэрээний дагуу Н.Б-ад шилжүүлсэн. Ц.А-, С.С-т нар нь Х-тай харилцан тохиролцсоны дагуу тухайн зээлийн өөрт оногдох хэсгийг төлж барагдуулан өөрийн өмчлөлийн барьцааны зүйлийг сулласан. Иймд нэхэмжилж буй зээлийг төлөх үүрэггүй гэж үзэж байна. Тиймээс Ц.А-, С.С- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Н.Б-ын тайлбар, татгалзлын агуулга: Ц.А-, С.С-, биднийг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах ёстой гэсэн банкны шаардлагын дагуу гарын үсэг зурсан. Ц.А-, С. С нар нь хувьцаагаа надад шилжүүлж, одоо компани 100 хувь миний мэдэлд байгаа. Ц.А- зохих төлбөрийг нь төлж барьцаа хөрөнгөө чөлөөлж авсан. Эдгээр хүмүүс зээлийн гэрээнд ямар ч холбогдолгүй учир хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээд Б.М-, Б.А-, Л.Батболд нар тайлбар гаргаагүй байна.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "М х" ХХК, хариуцагч Н.Б-, Ц.А-, С.С- нараас 474,476,619 төгрөгийг гаргуулж Х- ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох гуравдагч этгээд Б.А-, Б.М- нарын өмчлөлийн ************* дугаартай С- дүүргийн ** хороо, *******хороолол/18070/ *****гийн гудамж, *********, *******од байх, 43.41 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууц, гуравдагч этгээд Л.Б-ын өмчлөлийн ********* дугаартай Б- дүүргийн ** хороо, ******** хороолол/13311/ *** байр, **од байх, ****м.кв бүхий, 3 өрөө орон сууц, гуравдагч этгээд Л.Б-ын өмчлөлийн *** дугаартай **** дүүргийн **хороо, ** хороолол, ** байр, *** тоотод байх, 29 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х- ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,920,984.02 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,920,984.02 төгрөг гаргуулан Х- ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Н.Б-ын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Х- ХК нь иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэлийн хэмжээг 2 удаа ихэсгэсэн. Анхны буюу 2022 оны 08 сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 440,324,595 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Үүний дараа 2023 оны 03 сарын 30-ны өдөр 454,337,010 төгрөг болгож, нэхэмжлэлээ дахин нэмэгдүүлж 474,476,619 төгрөг болгосон. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ "зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө" гэсэн заалтыг үндэслэсэн байна. Гэхдээ Х- ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад уг хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн "шударга ёсны" зарчимд нийцэхгүй. Ийнхүү хугацаа удааширсан нь хариуцагч нараас болсон гэж үзэх нь хэт өрөөсгөл юм. Бид хуульд заасан эрхийн дагуу хэрэгт өмгөөлөгчтэй оролцох зэрэг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь шударга бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн 34,152,024 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Ц.А-, С.С- нарын давж заалдах гомдлын агуулга: Х- ХК-тай байгуулсан зээлийн гэрээний зээлдэгч нь "М х" ХХК бөгөөд С.С-, Ц.А- нар тус зээлийн гэрээ байгуулагдах үед тус компанийн хувьцаа эзэмшигч байсан ч 2018 оны 05 сарын 31-ний өдөр компанийн хувьцаагаа худалдах худалдан авах гэрээгээр Н.Б- 100 хувь шилжүүлж, тэрээр хувьцааг эзэмшиж байна. Тиймээс компанийн авсан зээлийг С.С-, Ц.А- нар хариуцах үүрэггүй. Энэ талаар хариуцагч Н.Б- маргадаггүй бөгөөд зээлийг дангаар төлөхөд татгалзахгүй гэсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Мөн барьцааны гэрээнд С.С-. Ц.А- нарын зарим үл хөдлөх хөрөнгүүдийг банктай харилцан тохиролцож зээлээс төлж барьцаанаас чөлөөлснийг нэхэмжлэгч тал маргадаггүй. Ийнхүү С.С-, Ц.А- нарын хувьд энэхүү зээлээс чөлөөлөгдсөн нь тодорхой байхад анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, С.С-, Ц.А-т нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Талуудын хооронд 2015 оны 12 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, үндсэн зээлдэгчээр М х-ХХК, хамтран зээлдэгчээр Ц.А-, С.С-, Н.Б- нар оролцсон. Гэрээний 4.4-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд мөн гэрээний 4.1.1, 4.1.4-т заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан. Хамтран үүрэг гүйцэтгэгчид Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар гэрээнд гарын үсэг зурснаар үүргийг хамтран гүйцэтгэх бөгөөд үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн болон хамтран зээлдэгч нараас зээлийн төлбөрийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардах эрхийг гэрээний 5.1.7-д зааснаар зохицуулсан. Энэхүү зохицуулалт нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасанд нийцнэ. Хариуцагч Ц.А-, С.С- нар зээлийн төлбөрийг төлж, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан нь хамтран гүйцэтгэх үүргээс чөлөөлөгдөнө гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу барьцаалагч, барьцаалуулагч нар харилцан тохиролцоод зээлийн төлбөрийн үлдэгдлийг хангах барьцаа хөрөнгө байсан учир зарим барьцаа хөрөнгийг чөлөөлсөн.

Хариуцагч Н.Б-ын гаргасан гомдлын тухайд зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, ихэсгэх, багасгах, татгалзах, эвлэрэх эрхтэй. Зээлдэгч нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд зээлийг бүрэн төлж барагдуулах хугацааны хүүг тооцож авахаар хуульчилсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлтэй. Хариуцагч нарын хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэж хуульчилсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан.

Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын хооронд үүссэн маргааныг үнэн, зөв дүгнэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

10. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гуравдагч этгээдүүд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Х- ХК нь хариуцагч "М х" ХХК, С.С-, Н. Б, Ц.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 474,476,619 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

3.1. Х- ХК, "М х" ХХК, С.С-, Н.Б- Ц.А- нарын хооронд 2015 оны 12 сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээгээр Х- нь 550,000,000 төгрөгийг, Жайка төслийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, зээлийн ашигласан дүнгээс буцаан төлөгдөөгүй байгаа үлдэгдэлд хувьсах хүү тооцохоор, зээлийг 60 сарын хугацаатай олгож, хариуцагч нар зээлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн талууд дараах барьцааны гэрээгээр:

-Эрхийн улсын бүртгэлийн *************** дугаарт бүртгэлтэй Ц.А-, А.А-, А.Д-нарын өмчлөлийн ******** дүүргийн ***хороо, 5-р хороолол /14252/, *****байрны ***од байрлах *** м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй Б.А-, Б.М- нарын өмчлөлийн С- дүүргийн ** хороо, *******хороолол /18070/, *****гийн гудамж, *********, *******од байрлах ****** талбай бүхий 1 өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй Нямсүрэнгийн Базаргарьд /Нэг хүний/-ын өмчлөлийн С- дүүргийн *** хороо, *******хороолол /18070/, *****гийн гудамж, *********, ***** байрлах ****** талбай бүхий 1 өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй Л.Б-ын өмчлөлийн Б- дүүргийн ** хороо, ******** хороолол /13311/, ***, ** байр, ** тоотод байрлах 73,44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

- Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй Л.Б-ын өмчлөлийн *** дүүргийн *** хороо, ** хороолол, ** байр, *** тоотод байрлах 29 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц,

-Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй Н.Б-ын өмчлөлийн ******** дүүргийн 9-р хороо, Алтайн *** гудамжны *** тоот, ***** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ***м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд болон бараа материал, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн, уг гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэжээ.

Талууд гэрээндээ зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгө 550,000,000 төгрөгийг зээлдэгч "М х" ХХК-ийн дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

4. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ тодорхойлохдоо, "М х" ХХК ...зээлийн мөнгийг хувь хүмүүст шилжүүлээгүй учир хуулийн этгээдийн хувьд гэрээний үүргийг дангаар хариуцах, ковид-19 цар тахал гарсантай холбоотой 15 сарын хүүгээс чөлөөлүүлэх гэж, хариуцагч Н.Б- ...С.С-, Ц.А- нар хувьцаагаа шилжүүлсэн учир зээлийг хариуцахгүй, мөн хувь хүний хувьд хариуцагч болох үндэслэлгүй гэж, хариуцагч С.С-, Ц.А- нар ...С.С-, Н.Б-, Ц.А- нар нь зээлийн гэрээний тал биш, "М х" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан учир гэрээнд гарын үсэг зурсан, хувьцаагаа хариуцагч Н.Б-ад шилжүүлсэн гэж тайлбарласан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хариуцагч нар гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.С-, Н.Б-, Ц.А- нар нь хариуцагч "М х" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс гадна зээлийн гэрээний хамтран зээлдэгчийн хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч "М х-" ХХК-аар хүлээн авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хүсэл зориг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хэргийн баримтаар хариуцагч нарын татгалзал, давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нар зээлийн гэрээ байгуулсан даруйдаа зээлийн гэрээнд компанийн хувьцаа эзэмшигчийн хувиар бус иргэний хувьд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсныг үгүйсгэх болон зээлдүүлэгчээс зээлийн мөнгөн хөрөнгийг "М х-" ХХК-д шилжүүлсэн талаар маргаагүй, хариуцагч нар зээлийг захиран зарцуулжээ. Энэ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан гэж тооцогдохгүй тул хариуцагч нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлдэгч нарын нэг нь төлөөлөн зээлдүүлэгчээс мөнгийг хүлээн авсан зээлдэгч нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчинтэйд тооцогдоно.

 

Иймээс хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч нарын гаргасан тайлбарыг бодитой гэж үзэхгүй, энэхүү татгалзал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

5. Хариуцагч С.С-, Ц.А- нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тайлбарт дурдсан зээлийн гэрээний тал биш, "М х-" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан, хувьцаагаа хариуцагч Н.Б-ад шилжүүлсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х- ХК нь хариуцагчаар "М х-" ХХК, С.С-, Н.Б-, Ц.А- нарыг тодорхойлж, тэдгээрээс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцсэн байна. Зээлийн гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч С.С-, Ц.А- нар хариуцагч "М х-" ХХК дахь хувьцаагаа хариуцагч Н.Б-ад шилжүүлж, хувьцаа эзэмшигчээс хасагдсан нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийг хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөх, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч С.С-, Ц.А- нар өөрт ногдох зээлийг төлж, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлснээр гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэх боловч гэрээний талууд энэ талаар харилцан тохиролцож эдгээр хариуцагч нарыг үүргээс чөлөөлсөн тухай хэлцэл хийгдсэн нь хэрэгт баримтаар авагдаагүй, хариуцагч нар татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна. Барьцаалагч хэд хэдэн барьцааны зүйлээс зарим хэсгийг барьцаанаас чөлөөлсөн нь зээлдэгчийг зээлийн, барьцаалуулагчийг барьцааны үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хариуцагч Ц.А- зээлийн гэрээнд хариуцагч "М х-" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хувьд, түүнээс гадна хамтран зээлдэгчийн хувьд С.С-, Ц.А- нар гэрээнд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж, зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч Н.Б-ын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 08 сарын 24-ний өдрийн байдлаар гаргасан 440,324,595 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн 34,152,024 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар давж заалдах гомдлоо гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх эрхтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 03 сарын 30-ны өдөр 13,977,415 төгрөгөөр, 2024 оны 03 сарын 04-ний өдөр 20,104,609 төгрөгөөр тус тус ихэсгэжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч нар зээлийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон энэхүү шаардах эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Н.Б-ын гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 181/ШШ2024/01628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч Н.Б-ын 328,710 төгрөгийг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-гийн 1,460,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ