Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01356

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01356

 

Г.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02133 дугаар шийдвэртэй

Г.Х-гийн нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Г.Н-ээс Баянзүрх дүүргийн 25 хороо, **хороолол, ** байрны * тоот, эрхийн улсын бүртгэлийн *** гэрчилгээтэй, 52.84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 02 сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан. Тухайн үед Г.Н- нь орон сууцанд өөр айл амьдарч байгаа түүнийг нүүлгэнэ гэж хэлсэн ч өдийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. М.Б- нь уг орон сууцны өмчлөгч биш, хууль ёсны эзэмшигч биш боловч амьдарсаар байгаа тул түүний эзэмшлээс дээрх орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Тус байрыг М.Б-гийн төрсөн дүү М.Б-ын Д- ХХК нь Л- ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Л- ХХК-ийн барьж буй 56 айлын орон сууцны барилгын дотор цахилгааны угсралт, гэрэлтүүлгийн ажлын төлбөрт авсан орон сууц юм. Тиймээс уг орон сууцыг М.Б- нь эгч М.Б-д 50,000,000 төгрөгөөр худалдсан, орон сууцанд М.Б- амьдарч байгаа.

Г.Х- нь энэ байрыг ирж үзэж байгаагүй, байрны гэрчилгээ хэрхэн гарч, ямар журмаар Г.Х-д очсон нь тодорхойгүй тул үүнийг тодруулахгүйгээр хурал хийх боломжгүй юм. Д- ХХК-ийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулах ёстой. Энэ байр нь 7 тоот бөгөөд компани нь барилгыг ашиглалтад оруулсны дараа нэршил нь өөрчлөгдсөн. Г.Н-, Г.Х- нар орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч энэ тухай баримтгүй, гэрээ нь хүчин төгөлдөр болохыг нэхэмжлэгч нотлоогүй. Иймд энэхүү худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол, **байрны * тоотод байх **м.кв талбайтай * өрөө орон сууцыг хариуцагч М.Б-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Б-гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Х-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрт Г.Х- нь Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол, ** байр, * тоот ** м.кв орон сууцны өмчлөгч болох нь нотлогдсон гэжээ. Гэтэл хариуцагчаас тухайн орон сууцанд анх баригдсан цагаас нь эхлэн амьдарч байгаа, уг орон сууцыг нэхэмжлэгч хуулийн дагуу бус дүр үзүүлсэн хэлбэрээр шилжүүлэн авсан талаар шүүхэд тайлбараа хэлсээр байхад шүүх хариуцагчийн тайлбар, татгалзлыг шалгахгүйгээр хэргийг шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн хариуцагчийн татгалзал, тайлбартаа хавсарган өгсөн баримтуудыг шүүх нягтлаагүй бөгөөд тухайн орон сууцыг Л- ХХК болон Д- ХХК нарын хооронд 2014 оны 04 сарын 14-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд заасан * блок байрны * дүгээр давхрын * тоот * өрөө ** м.кв орон сууц гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Мөн шийдвэрт дурдсанаар маргаан бүхий орон сууцны гэрчилгээнд нэхэмжлэгчийн нэр байгаа ч тус гэрчилгээг дүр үзүүлсэн гэрээгээр шилжүүлж авсан нь шүүх хуралдааны явцад тодорхой болсныг шүүхээс дээрх байдлаар буруу шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

4.2. Нотлох баримт, талуудын тайлбарыг дутуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы журмыг ноцтой зөрчсөн тухайд:

4.2.1. Хариуцагчийн гаргасан баримтыг шүүх дутуу шалгаж тухайн хэргийг шийдвэрлэсэн ба хэргийн үнэн зөвийг олох талаас бус маргааны үйл баримтыг гуйвуулж, ач холбогдолтой баримтуудыг үнэлэлгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулалгүй, хайнга байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Шүүгч энэхүү хайнга, дутуу үйл ажиллагаагаа хариуцагч өөрөө нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг дурдсан боловч хариуцагчийн хүсэлтийг хангаагүй байж хариуцагч өөрийн тайлбар, татгалзалаа хэрхэн нотлох ёстойг дүгнээгүй.

Хариуцагч талаас Л- ХХК-ийн захирал Б.М-ыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж Б.М нь яг хэдэн тоот орон сууцыг Д- ХХК-д өгсөн, тэрхүү орон сууц нь одоо нэхэмжлэгчийн шаардаж буй орон сууц мөн эсэхийг тодруулан татгалзлаа нотлох боломжтой байсан. Энэ мэтээр хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

4.2.2. Шүүх дээрх байдлаар нотлох баримт хангалтгүй, талуудын тайлбар эргэлзээтэй байгаа нөхцөлд захирамж гарган нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх зорилгоор шаардан авах, тус хэрэгт хүний амьдрал шийдвэрлэгдэж байгаа талаас нь хандаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г.Х- нь хариуцагч М.Б-д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход ач холбогдолтой байж болох Л ХХК-ийн захирал Б.М-оос гэрчийн мэдүүлэг авахуулах тухай, мөн уг хэргийн улмаас эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болохуйц Д- ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хариуцагч талын хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй буюу хариуцагч талын татгалзлаа нотлох эрх хангагдаагүй, шүүхийн шийдвэрийн улмаас бусад этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болохуйц байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргах эрхтэй, шүүх нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч талын Б.М-ыг гэрчээр асуулгах хүсэлт нь зохигчийн маргаж буй 6 тоот орон сууцыг хариуцагч хууль ёсоор эзэмшиж буйгаа нотлох агуулгатай гэж үзэхээр байна.

Л ХХК, Д- ХХК нарын хооронд 2014 оны 04 сарын 16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууцыг хариуцагч М.Б- эзэмшиж байгаа буюу Д- ХХК нарын захирал М.Б- нь өөрийн эгч М.Б-д уг орон сууцыг шилжүүлсэн гэх агуулга хэргийн баримт, талуудын тайлбараар илэрхийлэгдэж байна.

Энэ нөхцөлд Д- ХХК-ийн гэрээний төлбөртөө авсан гэх орон сууц бусдын өмчлөлд шилжиж, улмаар орон сууцны эзэмшлээс Д- ХХК-ийн хамаарал бүхий хариуцагчийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардлага гаргасан нь тус компанид сөрөг үр дагавартай байж болохуйц тул Д- ХХК-ийг уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэж үзнэ.

Түүнчлэн Б.М-ыг гэрчээр асууж, Д- ХХК уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсоноор дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцсон 7 тоот 53.13 м.кв орон сууц нь зохигчийн маргаж буй 6 тоот 52.84 м.кв орон сууц мөн эсэхийг тогтооход ач холбогдолтой байна.

 

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт хэрэгт нотолгооны ач холбогдолтойг болон уг хэргийн улмаас бусад этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх байдлыг анхаарахгүйгээр хариуцагч талын хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан шүүх хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоохтой процессийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн алдаанд хамаарна.

6. Дээрх үндэслэлээр буюу анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй, хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлснийг давж заалдах шатны шүүх залруулах, тодорхой ажиллагаа явуулах боломжгүй тул хэрэгт дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

Э.ЭНЭБИШ