| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00852/И |
| Дугаар | 00984 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00984
2016 оны 07 сарын 08 өдөр Дугаар 142/ШШ2016/00984 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эрэгтэй, Булган аймаг Хутаг-Өндөр сум 3 дугаар багт оршин суух Боржигон овгийн Чойжамцын Болдын /регистрийн дугаар ГН67050919/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1969 онд төрсөн, 47 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Хапитатын 5б-01 тоотод оршин суух Могой овгийн Даваанямын Баттөмөрт /регистрийн дугаар ИБ69122835/ холбогдох 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баттөмөр нь 2 сарын хугацааны зээлээр 4 эр хязаалан, 2 эр шүдлэн үхэр, нийт 4 200 000 төгрөгөөр өгсөн. Үүнээс одоо 1 700 000 төгрөг өгсөн. Зээлийн хугацаа дуусаад удаж байгаа тул 2 500 000 төгрөгийг Баттөмөрөөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Болд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Д.Баттөмөр нь шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 300 000 төгрөг өгсөн, одоо 2 200 000 төгрөг гаргуулж авна” гэжээ.
Хариуцагч Д.Баттөмөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Болдоос 4 200 000 төгрөгөөр үхэр авсан нь үнэн, тал мөнгийг нь өгч чадалгүй өдий хүрсэн. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 300 000 төгрөг өгсөн. Үлдсэн 2 200 000 төгрөгийг 2016 онд багтаан төлөх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Болд хариуцагч Д.Баттөмөрөөс 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэгчид 300 000 төгрөг өгсөн, одоо үлдэгдэл 2 200 000 төгрөгийг хариуцагч Д.Баттөмөр төлөхийг зөвшөөрсөн байх тул зохигчдын хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Болдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 27475 төгрөг, хариуцагчаас 27475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Болдын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баттөмөрт холбогдох 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттөмөрөөс 27475 төгрөг, төрийн сангаас 27475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Болдод олгосугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА