Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар, 

Хохирогч Ш.А, П.Б нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч Т.М, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мт холбогдох 1830002420205 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны Түвшинширээ тооцооны төвд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т.М. 

Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/: 

Шүүгдэгч Т.М нь Төрийн банкны Ттооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, тус сумын 2 дугаар багийн иргэн Ш.Ад 2017 оны 05 дугаар сарын 31- ний өдөр 5.0 сая төгрөгийн малчны зээл олгохдоо 5.0 сая төгрөгийг нэмж, 10.0 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулан өөртөө 5.0 сая төгрөгийг авч бусдыг залилан 5.0 сая төгрөгийн хохирол учруулсан, - Төрийн банкны Ттооцооны төвийн харилцааны менежер буюу зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, тус сумын 5 дугаар багийн иргэн П.Бд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10.0 сая төгрөгийн малчны зээл олгохдоо 8.0 сая төгрөгийг нь өөрөө авч бусдыг залилан 8.0 сая төгрөгийн хохирол учруулсан, - Төрийн банкны Ттооцооны төвийн харилцааны менежер буюу зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, тус сумын тус сумын 5 дугаар багийн иргэн Б.Баар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9.0 сая төгрөгийн малчны зээлийг хуурамчаар бүрдүүлсэн баримтаар олгож, 9.0 сая төгрөгийг нь өөрөө авч бусдыг залилан 9.0 сая төгрөгийн буюу нийт 22.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сард Ш.А эхнэрийн хамт манай банкинд дээр ирээд 5000000 төгрөгийн зээл авах гэсэн юм. Зээл олгох боломжтой юу гэхээр нь зээлийн материалаа бүрдүүлээд ир, судалж байж шийдвэрлэнэ гэж хэлэхдээ надад бас 5000000 төгрөгийн хэрэг байна. Нэмээд аваад өг гэж хэлсэн. Ш.А эхнэрийн хамт материалаа бүрдүүлээд ирэхээр нь бид нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр зээлийн хороогоор оруулаад зээл авсан. 2017 оны 08 дугаар сард Базарбуусаагаас малчны зээл аваад өгөөч гэж гуйсан. 10 дугаар сарын 27-ны өдөр П.Б зээлийн материалаа бүрдүүлээд ирэхээр нь судлаад 10.000.000 төгрөгийг зээлийг зээлийн хороогоор орж шийдвэрлүүлсэн. Уг 10000000 төгрөгнөөс би 7000000 төгрөгийг Бгийн дэлгүүр дээр очиж эхнэр Эгаас бэлнээр авсан. Б 3000000 төгрөгийг нь авсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-нд Б.Бы нэр дээр 9000000 төгрөгийг зээлийн хороогоор орж шийдвэрлүүлсэн. Б.Б 500000 төгрөгийг авч, би үлдсэнийг нь авсан. Нийт гурван хүнээр зээл авахуулсан нь үнэн гэв. 

Эрүүгийн 1830002420205 дугаартай хэргээс: 

Хохирогч Ш.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төрийн банкны эрхлэгч Т.Мтай уулзаж зээл авах талаар уулзахад та надад 2.000.000 төгрөг нэмээд аваад өгчих, би 11 сараас өмнө төлчихнө гэсэн. Ингээд маргааш нь зээлээ авах гээд төрийн банкин дээр очиход М зээлийн гэрээ байгуулчихсан байсан. Гарын үсэг зурах гээд хартал зээлийн үнийн дүн 10.000.000 төгрөг болчихсон байхаар нь асуухад 5.000.000 төгрөгний хэрэг гараад нэмчихлээ гэж хэлсэн. Би энэ мөнгөө хэзээ, яаж төлөх вэ гэж асуухад 11 сард бүгдийг нь төлчихнө, санаа зоволтгүй гэсэн. Би банкинд ажилладаг учраас итгээд зээлүүлсэн. Зээлүүлсэн мөнгөө хүүгийн хамт нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-17/ 

Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “ 2017 оны 11 дүгээр сарын 19-нд хөдөө гэртээ байхад М ирээд мөнгөний хэрэг байна. Чи надад 8000000 төгрөгний малчны зээл аваад өгчих гэхээр нь би ХААН банкинд зээлтэй тухайгаа хэлсэн. М тэр хамаагүй, би зохицуулчихна, найдвартай 5 сард төлчихнө гээд байсан. Тэгээд тухайн сарын 28- ны өдөр Хэнтий аймаг явах гээд хотын шууданд суух гэж байхад ирээд нөгөө зээлийг чинь 23- ны өдрөөр 9.000.000 төгрөг гаргачихсан шүү, чи хэдэн гарын үсэг зураад өгчих гэхээр нь гарын үсэг зурж өгсөн. Авсан зээлээ төлчихвөл надад гаргах гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86- 90/ 

Хохирогч П.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сард Мтай таарахад надад мөнгөний хэрэг байна. 10.000.000 төгрөгийн малчны зээл аваад өгчих гэсэн. Би ХААН банкинд зээлтэй, боломжгүй талаараа хэлээд явсан. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр М манай эхнэр рүү яриад ажил дээр хүрээд ир гэж хэлсэн байсан. Манай эхнэр надад хэлэхдээ нөгөө М чинь зээлийн чинь материалыг бүрдүүлчихлээ хүрээд ир гээд байна гэхээр нь эхнэрийн хамт очсон. Очиход М зээлийн материалыг өөрөө бүрдүүлээд гарын үсэг зурахад бэлэн болгочихсон байсан. Тэгээд эхнэр бид хоёр зээлийн гэрээн дээр гарын үсэг зарж 10.000.000 төгрөгийн зээлээ аваад 2000000 төгрөгийг нь бид хоёр авч, үлдсэн 8000000 төгрөгийг Мын данс руу шилжүүлэх гэтэл шилжүүлж хэрэггүй, бэлнээр өгчих гээд байхаар нь бэлнээр авч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 153-156/ 

- Гэрч С.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр бид хоёр анх Төрийн банкнаас 5,000,000 төгрөг авна гэж ярилцаж байсан юм. Би хамтран зээлдэгчээр зээлийн гэрээн дээр гарын үсэг зурах гээд очиход гэрээн дээр 10,000,000 төгрөг гэсэн байхаар нь нөхрөөсөө “яагаад 10 000 000 сая төгрөг авч байгаа юм бэ” гэж асуухад “Төрийн банкны М бид хоёр ярилцаж тохиролцсон юм. Мт 5,000,000 төгрөгийг нь авч өгч байгаа юм” гэж байсан. Тухайн үед би Мтай уулзаад зээлээ яаж төлөх талаар нь асуухад М цаг тухайд нь би төлөлцөөд явна, Атараа бид хоёр ярилцсан гэсэн. Тэгээд Маас 5 000 000 төгрөгөө данс руу чинь хийх үү гэж асуухад М манай банк бэлнээр 10,000,000 төгрөг байхгүй байна. ХААН банкныхаа данс руу мөнгөө хийгээд ХААН банкнаас авчих гэж байсан. Мт бэлнээр 2 200 000 төгрөг өгөөд 2 800 000 төгрөгийг нь Мын эхнэрийн данс болох 5638102694 данс руу би өөрийн данснаас мобайл банкаар хийсэн. Мыг манай сумын Төрийн банкинд ажилладаг гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19/, 

- Гэрч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Мыг танина, надтай цуг Түвшинширээ сумын Төрийн банкны салбарт ажиллаж байсан юм. Би Мыг харилцагч нарын нэр дээр зээл авч байгаа талаар мэдээгүй, учир нь зээлдэгч нар зээлийн материалаа өөрсдөө бүрдүүлж өөрийн биеэр ирж зээлдэгч нар зээлийн материал дээр гарын үсгээ зурдаг юм. Тийм учраас банкны эрхлэгч зээлийн ажилтнаа харилцагч нарын нэр дээр зээл авч байгааг мэдэх боломжгүй байдаг. Миний хувьд Т.Мтай 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэл 5 сар гаран цуг ажиллаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, 

- Гэрч Б.Пийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Мыг танина. Надтай хамт Түвшинширээ сумын Төрийн банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Түвшинширээ сумын иргэн Б.Б нь 2018 оны 11 дүгээр сард 9 000 000 сая төгрөгийн малчны зээл авч байсан. Харин манай банкинд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан. Т.Мыг Б.Б гэдэг хүний нэр дээр зээл авсан талаар мэдээгүй. Миний хувьд Батсайханыг зээлийн материал дээр гарын үсэг зурж байхад нь хажууд нь байгаагүй, учир нь тухайн зээл авч байгаа хүний зээлийн материалыг нь зээлийн эдийн засагч бүрдүүлж зээл авч байгаа хүнээр гарын үсэг зуруулдаг юм. Харин зээл авч буй 9 000 000 сая төгрөгийн гүйлгээ надаар дамжин хийгдсэн учир гүйлгээний баримтан дээр гарын үсэг зурж байхад нь би Б.Бы хажууд нь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, 

- Гэрч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны хавар /сарыг нь сайн санахгүй байна/ Төрийн банкинд ажилладаг М нь миний утас руу залгаад “найз нь хүүхдийнхээ үсийг авах гээд мөнгөний хэрэг их байна, та хоёр малчны зээл аваад өгөөч” гэж ярьж байсан. Тэгэхэд нь би “манайх өөрөө ХААН банкинд зээлтэй болохгүй байх, тэгээд ч манайх зээлээ төлөөд эргээд зээл авна” гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш 2017 оны 10 дугаар сард М манай нөхрөөс “зээл аваад өгчих” гээд гуйгаад байна гэж нөхөр ярьж байсан. М над руу байн байн залгаад “та хоёр юу болж байна, ярилцсан уу” гээд яриад байхаар нь би “манайх ХААН банкинд зээлтэй болохгүй” гэхэд М “зүгээрээ танайхыг хоёр зээлтэй гэж банкинд харагддаггүй юмаа, 6 сарын хугацаатай зээл аваад төлчихнө” гээд байсан. Тэр үед бид хоёр зөвшөөрөөгүй. Тэрнээс хойш 2,3 хоногийн дараа М над руу залгаад “та хоёр манай банкин дээр хүрээд ир” гээд байхаар нь бид хоёр Төрийн банкинд очиход М нь манай нөхрийн нэр дээр 10,000,000 төгрөгийн малчны зээлийн материалыг бүрдүүлчихсэн гарын үсэг зурахад бэлэн болгочихсон байсан. Тэгэхэд .нь би “ингэж болж байгаа юм уу, манайх ХААН банкинд зээлтэй, давхар зээлтэй байж болох юм уу” гэж Маас олон дахин асуусан. М “болно оо, та хоёр гарын үсгээ зурчих, харин энэ зээлийг 6 сарын хугацаатай авсан байгаа, 6 сарын дараа би өөрөө дарчихна” гээд байхаар нь нөхөр бид хоёр гарын үсэг зурсан.Зээлийн 10,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг нь манайх аваад 8,000,000 төгрөгийг нь Мын данс руу хийх гэж байхад М “миний данс руу хийж яах юм бэ та хоёр бэлнээр нь аваад явчих, би дэлгүүр дээр чинь очоод авъя” гэсэн. 2,3 хоногийн дараа манай дэлгүүр дээр М ирээд найз нь нөгөө мөнгөө авъя гэж ирэхээр нь би өгсөн. Манай суманд Төрийн банкинд ажиллаж байхад нь танилцаж байсан. Зээл авч өгөхөөс нэг жилийн өмнөөс таньдаг болсон. Садан төрлийн холбоо байхгүй. Найз нь зээлээ хаагаад эргэж зээл аваад танай зээлийг хаачихна гэж ярьж байсан. Манай нөхөр бид хоёр мэднэ, өөр мэдэх хүн байхгүй. Мт зээл авч өгснөөс хойш бүр уулзаж байгаагүй. Би гомдолтой байна. М банкны зээлээ төлөхгүй 1 жил болж байна. Миний ярьсан зүйл үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,

 - Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын 2018.05.18-ны өдрийн 402 тоот тодорхойлолт / хх-ийн 57 /, 

- Т.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, 

- Төрийн банкны хүү тооцооллын хүснэгт. Б.Б /хх-ийн 52/ 

- Төрийн банкны хүү тооцооллын хүснэгт. Ш.А /хх-ийн 53/

 - Төрийн банкны хүү тооцооллын хүснэгт. П.Б /хх-ийн 54/ 

- 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 59/ зэргийг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Т.М нь Төрийн банкны Ттооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, тус сумын 2 дугаар багийн иргэн хохирогч Ш.Ад 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5.0 сая төгрөгийн малчны зээл олгохдоо 5.0 сая төгрөгийг нэмж, 10.0 сая төгрөгийн зээлийн гэрээг байгуулан өөртөө 5.0 сая төгрөгийг авч бусдыг залилан 5.0 сая төгрөгийн хохирол учруулсан, - Төрийн банкны Ттооцооны төвийн харилцааны менежер буюу зээлийн ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, тус сумын 5 дугаар багийн иргэн хохирогч П.Бд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10.0 сая төгрөгийн малчны зээл олгохдоо 8.0 сая төгрөгийг нь өөрөө авч бусдыг залилан 8.0 сая төгрөгийн хохирол учруулсан, Мөн тус сумын 5 дугаар багийн иргэн хохирогч Б.Баар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 9.0 сая төгрөгийн малчны зээлийг авахуулж 9.0 сая төгрөгийг нь өөрөө авч албан тушаалын байдлаа ашиглан 3 удаагийн үйлдлээр нийт 22.0 сая төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь Ш.А, П.Б, Б.Б, гэрч С.М, Б.Ц, Б.П, Б.Э нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Т.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг авч хохирол учруулдаг бөгөөд энэхүү эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд эрүүгийн хариуцлагын зорилго оршдог. Шүүгдэгч Т.Мын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Залилах гэмт хэргийн хохирогч нь гэмт үйлдлийн улмаас бодит байдлыг буруугаар ойлгож төөрөгдөлд орсон этгээд байх бөгөөд тухайн хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч хамаарна. 

Шүүгдэгч Т.Мын бусдын мөнгийг захиран зарцуулсан үйлдэл нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж албан тушаалын байдлаа ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Прокуророос шүүгдэгч Т.Мыг албан тушаалын байдлаа ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу 22 000 000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.Мыг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч нь Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Т.Мт торгох ял оногдуулахаар тогтов. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. Иймд шүүгдэгч Т.Маас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн хохирогч Хардал овгийн Батсуурийн Батсайханд 7 071 123 төгрөгийг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн хохирогч Зээрднүүд овгийн Шарын Атараад 6 050 419 төгрөгийг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн иргэн хохирогч Баруунгар тэмээчин овгийн Пүрэвдоржийн Бд 6 480 419 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн ялтан Т.Мын өмчлөлийн Түвшинширээ сумын 1-р баг 3-306 тоотын 48 мкв талбайтай 15 000 000 төгрөгийн үнэлгээтэй хувийн сууцыг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тогтов. 

Шүүгдэгч Т.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Бд 3 000 000 төгрөг, П.Бд 2570000 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т.Мыг албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Мыг 10 000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Мт мэдэгдсүгэй 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Т.Маас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн хохирогч Хардал овгийн Батсуурийн Батсайханд 7 071 123 төгрөгийг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар багийн иргэн хохирогч Зээрднүүд овгийн Шарын Атараад 6 050 419 төгрөгийг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн иргэн хохирогч Баруунгар тэмээчин овгийн Пүрэвдоржийн Бд 6 480 419 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай. 

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн ялтан Т.Мын өмчлөлийн Түвшинширээ сумын 1-р баг 3-306 тоотын 48 мкв талбайтай 15 000 000 төгрөгийн үнэлгээтэй хувийн сууцыг хураан авч, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай. 

8. Ялтан Т.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогч Б.Бд 3000000 төгрөг, П.Бд 2570000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА