Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01372

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01372

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02592 дугаар шийдвэртэй,

О.Д-гийн нэхэмжлэлтэй, Н.Н-од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39,750,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би Н.Н-од 2019 оны 01 сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй бол алданги тооцохоор тохиролцож, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад Н.Н- хүүгээ төлдөг, мөн үндсэн зээлээ одоо төлөх боломжгүй байгаа гэсэн тул бид ярилцан 2020 оны 06 сарын 28-ны өдрийн хугацаагаар гэрээг сунгасан. Мөн Н.Н- хүнээс мөнгө авмагц бүх мөнгөө хүү алдангитай нь төлнө гэсэн учир гэрээний хугацааг сунгаж, 2021 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хүүг төлж байсан. 2020 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэлх 12 сарын хүүгийн төлбөрт 9,200,000 төгрөгийг төлсөн. Иймд Н.Н-оос гэрээнд заасны дагуу төлөх байсан 2020 оны 01 сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл 23 сарын хүүгийн төлбөр 17,250,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 39,750,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н.Н- нь О.Д-д 9,720,000 төгрөгийг төлсөн. Үүнээс 8,200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах байсан. Үндсэн зээлээс сунгасан гэрээтэй холбогдуулаад энэ хугацааны хүүг төлөх боломжтой. Зээлийн гэрээний хүүг 5 хувь гэж өндөр байгуулсан. Хариуцагчийн зүгээс алдангийг хасч шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. Үлдэгдэл үндсэн зээл 6,800,000 төгрөгийг төлөх боломжтой. Илүү нэхэж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Н-оос 27,0450,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлээс 12,705,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Н- шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох ***** дүүргийн * дүгээр хороо,**** хотхон, энхтайваны өргөөн чөлөө гудамж, **** дугаар байр, *** тоотод байрлах, **** м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 293,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Н.Н-той 2019 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээл 15,000,000 төгрөг, 23 сарын хүү 17,250,000 төгрөг, 720 хоногийн алданги 7,500,000 төгрөг, нийт 39,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хариуцагчаас 27,450,000 төгрөгийг гаргуулан, үлдэх 12,705,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

4.1. 2019 оны 01 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгч Н.Н- нь сар бүрийн 28-ны өдөр тухайн сарынхаа хүүг төлнө, харин үндсэн зээлийн гэрээг дуусгавар болсны дараа бүхлээр нь төлнө. Хэрвээ 2 талын зөвшөөрснөөр сунгасан тохиолдолд зөвхөн хүүг төлж, сунгасан гэрээг дуусгавар болоход үндсэн зээлийг бүрэн төлж барагдуулснаар нотариатын байгууллагаар дуусгавар болгож барьцааг чөлөөлүүлэх нөхцөлтэйгээр байгуулсан. Нотариатч Уг нөхцлийг гэрээний 2.5-д тусгасан бөгөөд энэ гэрээний хувьд 2019 оны 04 сарын 28-ны өдөр дуусч байгаа тул 2019 оны 04 сарын 28-ны өдөр үндсэн зээлийг төлнө гэж бичих учиртай гэж хэлсэн. Гэтэл гэрээний хугацаа дуусахад Н.Н- Гэрээг сунгах хүсэлтэй байна, сарын хүүгээ найдвартай төлсөн, үндсэн зээлээ төлөх боломжгүй байна. Би чамд сарын хүүг найдвартай төлнө гэж гуйсан учир би зөвшөөрсөн.

4.2. Гэтэл бид 2 талд ажил ихтэй, Н.Н- хөдөө ажиллаж байна гэсэн учраас гэрээг дуусмагц уулзаж чадаагүй, утсаар харилцаж байгаад Н.Н- надад барьцаа чиний нэр дээр байгаа. Би сарын хүүгээ өгөөд явна. Харин заримдаа боломжгүй үе таарвал дараагийн сарынхтай нь нийлүүлээд хийгээд явъя гэсэн учраас 2020 оны 01 сарын 18-ны өдөр нотариат орж 2019 оны 4 сарын 28-ны өдөр дууссан гэрээг 2020 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл сунгуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд нотариатч гэрээг баталж өгсөн. Нотариатчийн хэлснээр гэрээний зорилго нь 2019 оны 01 сарын 28-ны гэрээг хугацааг сунгахтай холбоотой бөгөөд гэрээний 1.3-т талууд 2019 оны 01 сарын 28-ны өдөр дууссан гэрээг 2020 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан талаар тусгасан. Мөн үндсэн гэрээнд заагдсан бусад заалт, нөхцөлүүд нь хэвээр гэж тайлбарласан учир бид гэрээ сунгагдлаа гэж ойлгосон.

Иймд үргэлжилсэн шинжтэй гэрээ учраас дээрх 9 сарын хугацааны хүүг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй. Нотариатчийн хайхрамжгүй байдал, алдаанаас болж хохирох ёсгүй. Шүүх 2019 оны 04 сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 сарын 18-ны өдөр хүртэлх 9 сарын хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Учир нь зээлийн гэрээг сунгаагүй бол Н.Н- сарын хүүг төлөхгүй байсан. Анх гэрээг байгуулахдаа гэрээг дуусгавар болсны дараа үндсэн зээлийг бүтнээр төлнө, дууссан бол нотариатаар батлуулна гэж заасан. Н.Н- үндсэн зээлээ төлсөн тохиолдолд "үндсэн зээл төлөв" гэж тусгах байсан. Мөн үндсэн зээл төлсөн бол 2020 оны 01 сарын 18-ны нэмэлт гэрээн дээр тусгах байсан. Түүнчлэн 3538 болон Б/Д 1610 дугаартай нэмэлт гэрээнүүдэд зээлийн гэрээний хугацааг сунгасан, Н.Н- зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, тооцоо нийлсэн акт буюу "2019 оны 01 сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх 11 сарын хүүхэд төлсөн нь үнэн" гэх Н.Н-ын бичиж өгсөн баримт зэрэг баримтуудаар 9 сарын хугацааг сунгаж байсан нь хангалттай нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй. Н.Н- өмнө хэзээ ч "мөнгийг чинь өгөхгүй" гэж хэлж байгаагүй "удахгүй эгчийн чинь мөнгийг өгнө" гэж хэлдэг байсан. 2023 оны 8 сард Н.Н- зээлээ дуусгая гэж дуудсан ба "найз нь эгчийн чинь мөнгийг 2023 оны 09 сарын 30-ны өдөр гэхэд гэхэд дуусгая" гэж хэлсэн. Ингэхдээ 2020 оны 01 сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэл 43 сарын хүү 32,250,000 төгрөг, үндсэн зээл 47,000,000 төгрөг болсныг тохиролцоод 35,000,000 төгрөг болгосон ба Н.Н- ахтайгаа зөвлөлдөөд 7 хоногийн дараа дахин уулзахаар товлосон. Гэтэл сар гарны дараа ах зөвшөөрөөгүй "шүүхээрээ яв гэсэн" гэж хэлсэн.

Шүүхэд хандсанаас хойш арга, заль зохиож, баримт байхгүйг далимдуулан зээлийн мөнгөн дүнг надаас аваагүй, гэрээ дээр бичсэн мөнгийг бодит байдал дээр талыг авсан, өөр хүнээс мөнгө зээлээд байраа чөлөөлж байсан" учир мөнгө төлөх үүрэггүй гэж тайлбарладаг. Гэтэл надаас гуйж Голомт банкны барьцаанд байсан байраа надаар чөлөөлүүлчхээд чөлөөлүүлсний төлбөр 20,000,000 төгрөг дансаар шилжүүлснийг шүүх зээлэнд хамааруулж хассан. Миний хувьд бусдаас хүүтэй мөнгө гуйж зээлсэн байсан мөнгөнөөсөө Н.Н-од итгэн зээлүүлж, 6 жилийн турш өөрөө ажил, бизнестээ эргэлдүүлж чадахгүй асар их хохирч өчнөөн өр зээлийн болон хүүгийн төлбөрт унаад байна.

Иймд Н.Н-ын гэрээгээр хүлээсэн үүргийг нь зохих ёсоор биелүүлж гэрээний дагуу төлөх мөнгийг бүрэн төлүүлж өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид 9,720,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан шүүх үндсэн зээлээс хасаж тооцоогүй, ямар үндэслэлээр 15,000,000 төгрөг төлөгдөөгүй талаар дүгнэлт хийгээгүй. Мөн хариуцагчийг 17 сарыг хүү төлөх ёстой гэж үзсэн ч ямар хугацааны 17 сар гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Иргэний хуульд алдангийн хэмжээ үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар хуульчилсан. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтыг зөрчиж алданги 8,495,000 төгрөгийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид нийт 9,860,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 17,185,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдол нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Н- өөрөө шүүх хуралд ирээгүй. 2022-2024 оны нийт 3 жилийн хугацаанд ямар ч хүү авах боломжгүй байдалд орсон учраас зээлийн гэрээний дагуу Н.Н-ын төлөх ёстой байсан төлбөрийг бүхэлд нь гаргуулж өгөхийг хүсэж байна. Тооцоо нийлсэн акт дээр тодорхой бичигдсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Н.Н-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,750,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Б.Батзориг 6,800,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 01 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч О.Д- 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлдэгч Н.Н- зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Зээлийн барьцаанд ***** дүүргийн 4 дүгээр хороо,**** хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *** дугаар байрны *** тоотод байх *** м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу буцаан өгөх үүрэгтэй. Зээлдүүлэгч О.Д- нь 2019 оны 01 сарын 28-ны өдөр зээлдэгч Н.Н-од гэрээний зүйл болох 8,200,000 төгрөг, 6,800,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Талуудын хооронд байгуулсан 3 сарын хугацаагаар байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 28-ны өдөр дууссан байна. Түүнээс хойш талууд гэрээний хугацааг 2020 оны 01 сарын 18-ны өдөр 5 сараар, мөн 2020 оны 10 сарын 11-ний өдөр 4 сараар, мөн 2021 оны 11 сарын 21-ний өдөр 11 сараар тус тус зээлийн гэрээний хугацааг сунгаж, гэрээнд нэмэлт оруулжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зохицуулжээ. Талууд дээрх байдлаар зээлийн гэрээний хугацааг гурван удаа сунгахдаа 2020 оны 10 сарын 11-ний өдрийн 2021 оны 11 сарын 21-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг нөхөж байгуулсан байх тул уг хугацааны хүүг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж уг нөхөж сунгасан хугацааны хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Н- нь зээлийн гэрээг анх 2019 оны 01 сард байгуулсан гэрээний дагуу 3 сарын хүү /750,000х3/ 2,250,000 төгрөг, мөн 2020 оны 01 сард байгуулсан зээлийн гэрээний нэмэлт гэрээний дагуу 6 сарын хүү /750,000х6/ 4,500,000 төгрөг, мөн 2020 оны 10 сард байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу 4 сарын хүү /750,000х4/ 3,000,000 төгрөг, нийт 9,750,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Зохигчийн хооронд нийт 13 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д дурдсанаар хожим нөхөн байгуулсан хугацааны хүүг өмнө дурдсанчлан нөхөн тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүрэг 13 сар бөгөөд уг хугацааны хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэгч О.Д- нь үндсэн зээл 15,000,000 төгрөг, 13 сарын хүү 9,750,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байхаас хариуцагч 9,200,000 төгрөгийг төлж 15,550,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөгдөөгүй байна. Зээлийн гэрээний 2.6-д зааснаар зээлдэгч үүргээ биелүүлээгүй нөхцөлд алданги төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15,500,000 төгрөгийн 50 хувиар алдангийг тооцоход 7,775,000 төгрөг болсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 7,775,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд хариуцагч Н.Н-оос зээлийн гэрээний үүрэгт 23,325,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгох үндэслэлтэй байна.

 

6. Түүнчлэн, анхан шатны шүүх барьцааны зүйл болох хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 27,0450,000 төгрөг... гэснийг 23,325,000 төгрөг гэж, үлдэх 12,705,000 төгрөгт гэснийг 16,425,000 төгрөгт гэж,

3 дахь заалтад 293,175 төгрөг гэснийг 274,575 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 218,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 243,875 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ