Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01260

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1285 дугаар магадлалтай,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандухай, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/05771 дугаар захирамжаар А ХХК-иас 913.753. 993 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс 76/1 байршилтай 1120 м.кв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй сэндивчин барилга 6000 м.кв газрын хамт 2 дахь албадан дуудлага худалдаанд 818.480.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 50 хувь бууруулж 409.240 төгрөгөөр үнэлж үнэгүйдүүлсэн байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Мөн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг мэдэгдээгүй болно. Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05771 дүгээр шийдвэрээр “Агар-интернэшнл” ХХК-иас 913.753.993 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Агар-интернэшнл” ХХК-Д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн тул “Агар-интернэшнл” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан сэндвичин барилгыг газрын хамт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140/04 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Дурдсан хугацаанд үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, ХД-76-1 тоот хаягт байршилтай 1120 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039334 дугаарт Бүртгэлтэй сэндвичин барилга, эрхийн улсын бүртгэлийн Г-0229622 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 6000 м.кв талбайтай газрын хамт 818.480.000 төгрөгөөр үнэлснийг “Агар-интернэшнл” ХХК-ийн захирал Б.Ганболдод тус ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбаярт 2016 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл “Үндэсний шуудан” сонинд мэдээлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 101/Ш32016/ 21658 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3,-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1285 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандухай, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1285 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/05771 дугаар захирамжаар А ХХК-иас 913.753. 993 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн бүс 76/1 байршилтай 1120 м.кв талбайтай 95 хувийн гүйцэтгэлтэй сэндивчин барилга 6000 м.кв газрын хамт 2 дахь албадан дуудлага худалдаанд 818.480.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 50 хувь бууруулж 409.240 төгрөгийн үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай огт мэдэгдээгүй. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхэд хандахад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг дахин хянаж 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн  үндэслэлийг “...дуудлага худалдааны доод үнийг тогтоосон тогтоолыг мэдэгдээгүй” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэсэн тайлбар гаргажээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2015/05771 дугаар шийдвэрээр “А” ХХК-иас 909.050.789 төгрөг гаргуулж Голомт банкинд  олгох, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс, 1120м.кв талбай  бүхий сэндвичин барилга, нэгж талбарын 8022/0037 дугаартай газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, энэ   тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй.

Төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөрөнгийг битүүмжилж, хураасан боловч төлбөрөө төлөөгүй байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг талууд харилцан тохиролцож чадаагүй, төлбөр авагчийн хүсэлтээр шинжээч томилсон, анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул 2 дах албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 5 дугаар сарын 27-ний өдөр тогтоол гарч, нэхэмжлэгчид албан бичиг болон шуудангаар хүргүүлсэн нь тогтоогджээ /хэргийн 96-98 дугаар тал/.

Барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, энэ талаарх  шүүхийн  дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.2, 177.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1285 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандухай, өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ