Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 33

 

                                                     Ц-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар магадлалтай, Ц-д холбогдох эрүүгийн 2120000000088 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Э.Б нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй Ц.

Ц нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 811 дүгээр тэмдэгтийн зүүн талаар боомт бус газраар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц-ийг Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 2 жилийн хугацаагаар хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 35 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорын газарт буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо: “Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчөөгүй тул прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн дараах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоол гарган мөн хуулийн 17.3-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах болон ял шийтгэлийг хөнгөрүүлэх, цагаатгах гэх мэт Эрүүгийн хуулийн 6.7-д заасан нөхцөл байгаа, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэгт оногдуулж болох ялын төрөл зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар тохиролцож хэргийг шилжүүлсэн, яллагдагч болон өмгөөлөгчийн зүгээс тус ялыг хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хуулийн шаардлагын дагуу шийтгэх тогтоол гарган уг хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд магадлалд оногдуулсан ялыг шүүхийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй, прокурорын байгууллагаас ирүүлсэн ялын саналыг хүлээн авахгүй байсан гэх зэргээр дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг үгүйсгэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад Монгол улс нэгдэн орсон. 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан бүх нийтээр дагаж мөрдөх хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдэн орсон бөгөөд тухайн тунхаглалын 7 дугаар хэсэгт хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байна, мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” ял шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц-д холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан үндэслэл, журам, хэм хэмжээг зөрчсөн. Уг ажиллагаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Прокуророос яллагдагчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хохирогч санал, гомдолгүй болохоо илэрхийлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол үйлдэж яллагдагч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн зэрэг нөхцөл байдлыг ханган 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, урьдаас төлөвлөж үйлдсэн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн үйл баримтыг илтэд үндэслэлгүй дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, үр дагаварт хууль зүйн дүгнэлт хийлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д хуульчлагдаагүй 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, түүнээс чөлөөлөх саналыг яллагдагчид танилцуулж, Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэжээ. Анхан шатны шүүх прокурорын гаргасан шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц зөрчил, ажиллагааг засуулах арга хэмжээ авахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцээд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсын иргэн Б-тай хамтран амьдарна гэх бөгөөд Б нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь дүүргийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн тохирсон ял болох 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, прокурорын яллагдагчтай тохиролцсон хуульд байхгүй ялын хугацааг зөвтгөн 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялаас чөлөөлөх прокурорын саналыг шийдвэрлээгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн нийтийн болон үндэсний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго, үзэл санааг агуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т “шударга ёсны зарчим”, 6.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл журмыг баримтлах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд хэргийг прокурорт буцааж хуульд заасан хэм хэмжээг үндэслэл, журамд нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл (эс үйлдэхүй)-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон  эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдал болон гэм хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад “гэмт хэргийг хэн үйлдсэн”-ийг зайлшгүй нотлох шаардлагатай бөгөөд үүнд аль улсын иргэн, овог нэр, нас, боловсрол, мэргэжил, эрхэлж байсан ажил, албан тушаал, сэтгэцийн эрүүл мэндийн байдал, ял шийтгүүлж байсан эсэх зэрэг хувийн байдалтай холбоотой асуудлууд хамаардаг билээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэрээс хил зөрчиж Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар, ямар ч баримт бичиггүйгээр нэвтэрсэн Ц-г (өөрийнх нь мэдүүлснээр) гэгчийн хувийн байдлыг эргэлзээгүй тодорхойлсон баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй тул уг этгээд хэн болох, тэрээр ямар сэдэлт, зорилгоор (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалт) уг гэмт хэргийг үйлдсэнийг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад хөдөлбөргүй тогтоосон гэж дүгнэх боломжгүй байна.

Тухайлбал, гэрч Ч.Д (хэргийн 1 дэх хавтас, 130-131 дэх тал), О.Б (хэргийн 1 дэх хавтас, 133-134 дэх тал) нар нь Ц-г гэгчтэй дотно харьцаатай байсан, албан ёсоор гэрлэж, хамтран амьдрах хүсэлтэй гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь түүнийг зөвхөн гэр бүл болох шалтгаанаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхүйц болжээ.

Түүнчлэн Ц-г гэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 1 дэх хавтас, 49-61 дэх тал)-ээр бэхжүүлсэн баримт бичгийн зураг, хилээр нэвтэрч байсан талаарх Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа (хэргийн 1 дэх хавтас, 25 дахь тал), гэрч Ч.Д, О.Б, Л.Т (хэргийн 1 дэх хавтас, 137-138 дахь тал) нарын мэдүүлгээр Монгол Улсын хилээр 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрсэн этгээд хэн болохыг хангалттай, эргэлзээгүй нотолсон гэж дүгнэх боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах ба хяналтын шатны шүүхүүд хэргийг бүхэлд нь, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үздэг билээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар эдгээр шүүхүүд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай цугларсан эсэх, тэдгээрийг хуулийн дагуу бэхжүүлсэн эсэх, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хянах үүрэгтэй юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлал болон энэхүү тогтоолд заасан Ц гэгчид холбогдох хэргийн нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаасан магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л шаардлага хангагдсан байх ёстой бөгөөд дээрх байдлаар хэргийг хянан шийдвэрлэхэд мөн хуульд заасан ердийн болон тусгай журмын аль алиныг баримтлахаар уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тул энэ хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хэргийн 1 дэх хавтас, 161 дэх тал)-ын 3, 4 дэх заалтууд нь хоорондоо зөрчилтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Э.Б нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН