Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 109/2019/0001/З |
Дугаар | 221/МА2019/0528 |
Огноо | 2019-10-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0528
П.Ч-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч П.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагч Ц.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Ч-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6, 17 дугаар зүйлийн 17.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, П.Ч-ыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... 1. Тухайлбал Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дугаартай захирамжид дурдсан “...төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй...” гэсэн талаар анхан шатны шүүх дүгнэхдээ “...Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4.15, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу тус аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж ажиллах бүрэн эрхтэй байсан байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээр дурдсан хуулиудад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн үйлдэлд хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд энэ эрх, үүргийнхээ дагуу шалгаж тогтоон хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж байгааг нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсний зэрэгцээ нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн зөрчлүүд гаргасан болохоо үгүйсгэж маргадаггүй.
Тухайлбал галын байрны цонхыг засуулахад зориулж байгууллагаас 10 литр түлшийг Д.Э гэх иргэнд өгсөн нь үнэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд амаар гаргасан, 2014 онд Засаг даргын Тамгын газрын байранд шилэн хорго хийлгэхээр 900.000 төгрөгийг орлогод аваад 2015, 2016, 2017 онуудад хийгдээгүй байж байгаад 2018 оны 4 дүгээр улиралд хийлгэж тавихдаа дахин 400.000 төгрөгийг өвс тэжээлийн фондноос буюу төсвийн өөр зориулалттай мөнгөнөөс авч хийлгэн, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан нь үнэн гэдгээ мөн шүүх хуралдаан дээр тайлбарладаг, цаашилбал төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарсныг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газраас сахилгын шийтгэлтэй, шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байгаа албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид олгохоор шийдвэрлэснийг зөрчиж, сахилгын шийтгэлтэй, бүр төрийн албанаас халагдсан хүнд дээрх 300.000 төгрөгийг олгохоор тушаал гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохын зэрэгцээ өөрөө үгүйсгэж, няцааж, маргадаггүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна. Ийм нөхцөл байдлууд байсаар байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг буруу үнэлж дүгнэсэн байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн байна.
Тухайлбал “...нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнээгүй гэх зэрэг дүгнэлт хийж, хууль тогтоомжид заасан зорилго, зорилт, зарчмуудыг хариуцагч тал хэрэгжүүлж ажиллаагүй...” гэх дүгнэлтийг хийсэн байгаа нь нэхэмжлэгч П.Ч-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл болон маргаан бүхий актыг хянан шийдвэрлэхэд огт хамааралгүй, маргаагүй асуудал болно.
2. Маргаан бүхий актад дурдсан “...ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан...” гэх үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...зөрчлийн шинж байдлыг нотолж тогтоогоогүй, зөрчил давтан гаргасан талаар шалгаагүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналаа гаргах боломжийг олгоогүй ...” гэсэн нь хуульд нийцэхгүй, нотлох баримтын буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь нэхэмжлэгч нь ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэх явцдаа архидан согтуурч, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь гэрч тус сумын хэсгийн байцаагч болон бусад гэрчүүд нотолдог ба хөдөө сумын төвд согтолтын хэмжээ тогтоох багаж төхөөрөмж хүртээмжтэй бус байдлыг нэхэмжлэгч нь далимдуулан шалгаж тогтоогоогүй гэх тайлбарыг үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй. Мөн архи ууж согтсон үедээ бусадтай маргалдаж, хэн ч харсан илт согтуу гэдгийг нь мэдэж болохоор дүрс бичлэг хүртэл хэрэгт авагдсан байхад ямар үндэслэлээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлдэлтэй нь холбогдуулан сонсгох ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу явуулах үед тэрээр хүлээн зөвшөөрч, ажлаас халахгүй өөр шийтгэл оноож өгөөч гэж гуйж байсан болох нь тогтоогддог бөгөөд нэг өдрийн дараа дахин уулзсан баримт ч хэрэгт авагдсан байдаг ба саналаа амаараа хэлж, бичгээр мөн тайлбараа гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад урьдчилан мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Иймээс хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан процессыг зөрчсөн болон Монгол Улсын Үндсэн хуульд заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Ч нь өмнө нь сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хуулийн хугацаа дуусаагүй байгаа болох нь нотлогддог бөгөөд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан ёс зүйн ноцтой зөрчил болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь нотлогдож тогтоогдож байхад ийнхүү анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэгч П.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг буруу баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн маргаан бүхий Б/19 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-ыг “эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаагүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаадлагыг хангахгүй, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг ноцтой зөрчил илэрсэн” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч П.Ч дээрх “Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Сумын Засаг дарга надад хууль бус шаардлага тавьж, үүнийг нь хэрэгжүүлээгүйн төлөө намайг өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, идэвх зүтгэл гаргасангүй гэдэг. Төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, ажлын цаг алдагдуулж архидан согтуурсан болон архи ууж ноцтой зөрчил дутагдал гаргасан талаар ямар ч дүгнэлт, нотолгоо байхгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, ... төрийн удирдах албан тушаалтны шалгалтад тэнцэж, төрийн албаны тангараг өргөж, Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан учир ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан“ гэсэн үндэслэлээр маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчилсны дотор 27.2.1-д “төрийн жинхэнэ албан хаагч нь энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдана” гэж заасан бол мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд эрх бүхий этгээд төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “тухайн төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийн ноцтой, хор уршигтай эсэх зэрэг шинж байдлыг, мөн тухайн зөрчлийг анх үйлдсэн эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзсэний үндсэн дээр тус хуульд заасан сахилгын шийтгэлүүдийн төрлөөс аль тохирохыг сонгож, шийдвэр гаргахаар байна.
Ийнхүү хариуцагчаас дээрх нөхцлийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахдаа юуны өмнө тухайн төрийн албан хаагч сахилгын зөрчил гаргасан эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байх учиртай. Хэрэв сахилгын зөрчил гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй бөгөөд нэгэнт зөрчил гаргасан нь хангалттай нотлогдоогүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, анх эсхүл давтан зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэх тухай асуудал хөндөгдөх үндэслэлгүй юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл П.Ч-ыг “сахилгын зөрчил гаргасан” нь эргэлзээгүйгээр тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагчийн “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хуульд заасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх, анх болон давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзсэн байх шаардлагад дор дурдсан үндэслэлээр нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас халах нэг үндэслэлийг “Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаагүй, өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулсан” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийг яг ямар үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж ажил цалгардуулсан талаарх баримт нотолгоог маргаан бүхий захирамжид зааж тусгаагүй, тодорхой бус, энэ талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг уг үндэслэлээр буруутгасныг үндэслэлтэй зөв гэж үзэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан “Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас”[1]-аас үзэхэд нэхэмжлэгч П.Ч нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 66.5 оноо авч тэнцэн, Төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосны дагуу түүнийг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/147 дугаар захирамж[2]-аар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон байх тул нэхэмжлэгчийг “Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй” гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан яг аль шаардлагыг хангаагүй гэж үзсэн талаар баримт нотолгоог шүүхэд гаргаж, мэтгэлцээгүй байх тул энэ талаарх анхан шатны дүгнэлт үндэслэлтэй.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хууль бусаар олж авсан нотлох баримт нь нотолгооны ач холбогдлоо алдах бөгөөд тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй түүнчлэн мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хэргийн оролцогч хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглосон байна.
Тухайн тохиолдолд анхан шатны шүүхэд хариуцагчаас гаргаж өгсөн “Нэхэмжлэгчийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан” гэх бичлэг бүхий CD-г далд аргаар буюу хуульд заасан арга хэлбэрээр олж аваагүй баримт гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлэлгүй орхиж, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан 34 дүгээр зүйлийн 34.5-д нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарахгүй.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заажээ.
Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт болох боловч тухайн гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болох үндэслэлгүй, өөр бусад нотолгооны эх сурвалжаар баталгаажсан тохиолдолд шүүх тус мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой. Энэ хэргийн тухайд гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байх тул “ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг ноцтой зөрчил илэрсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасныг үндэслэлтэй зөв гэж үзэх боломжгүй.
Мөн маргаан бүхий Б/19 дүгээр тушаалд “төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэсэн байх бөгөөд уг зөрчлийг аудитын байгууллагын шалгалтаар шалгаж, тогтоогоогүй, санхүүгийн албаны дүгнэлт гараагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, түүнчлэн энэ талаарх анхан шатны шүүхийн “... Б/33 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдад төсвийн тодотголоор батлагдсан төрийн албан хаагчдад олгох 300.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн үйлдэл нь цаг хугацааны хувьд зөрчил гаргасан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байх хугацаа дууссан” гэх дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэгтгэн дүгнэвэл хариуцагч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга нэхэмжлэгч П.Ч-д сахилгын шийтгэл ногдуулахдаа шийдвэр гаргах болсон бодит нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчийг ажлаас халах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бодитоор бий болсныг эргэлзээгүйгээр тогтоогоогүйн улмаас маргаан бүхий Б/19 дүгээр захирамж Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай, мөн хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Ч-ыг Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 2ХХ-ийн 52 дугаар хуудас
[2] 2ХХ-ийн 81 дүгээр хуудас