Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/0230

 

 

“Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг  

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/06** захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0142 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан,

Хариуцагч С.Цэрэнчимэд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнгөнтуяа, С.Төрцэцэг нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрээр: Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.3, 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 252.8, 253 дугаар зүйлийн 253.1, 256 дугаар зүйлийн 256.7, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/06** захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргахдаа Геологийн төв лабораторийн ХФ2017/06** захиалгын дугаар бүхий шинжилгээний дүн буюу дэгдэмхий бодисын гарцын үзүүлэлт 28.3% буюу сул коксжих нүүрс гэж гарсныг үндэслэн дүгнэлтээ гаргахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0142 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 6 дугаар зүйлийн 6.2, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2, 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож, Геологийн төв лабораторийн ХФ2017/06** захиалгын дугаар бүхий шинжилгээний дүнг үндэслэн дүгнэлт гаргахыг Гаалийн төв лабораторид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол   

3. “Ц-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторид холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №221/МА2018/0142 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартыг зохицуулах ёсгүй харилцаанд буюу дэгдэмхий бодисын хэмжил, түүний эцсийн үр дүнг илэрхийлэх зорилгоор ашигласан нь буруу шийдвэр гаргах үндэслэл боллоо.

5. Нүүрсэнд агуулагдах дэгдэмхий бодисын хэмжил, түүний үр дүнгийн нарийвчлалыг илэрхийлэх харилцааг дэгдэмхий бодисын гарцыг тодорхойлох MNS 0654:1979 болон MNS IS0562:2001 стандартуудаар зохицуулдаг. Эдгээр стандартуудад дэгдэмхий бодисын шинжилгээний “...эцсийн үр дүнг гаргахдаа аравны хувьд оруулна” /MNS 0654:1979-ийн 4.4 дэх заалт/, “...үр дүнг 0,1% нарийвчлан илэрхийлнэ” /MNS ISO562:2001-ийн 8 дугаар заалт/ гэж зохицуулсан. Энэ хоёр стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заасан тул Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай 2003 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт болон 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх заалтын дагуу заавал мөрдөх үндэсний стандартууд болно.

6. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэс болсон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартын зорилго нь “нүүрсний ордуудын чанарын үзүүлэлтүүдээс хамааруулан ашиглах, худалдах зэрэг хэрэглээнд зориулсан” ангилал бөгөөд хамрах хүрээг нь “нүүрс худалдах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд баримтлана” гэж тодорхойлсон байгаа нь маргаж буй асуудал болох нүүрсэн дэх дэгдэмхий бодисын шинжилгээний дүнг хэрхэн илэрхийлэх, ямар хэмжээнд нарийвчлан илтгэх ёстойг зохицуулах зорилгыг энэ стандарт агуулаагүй байна.

7. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол /2015 оны 102 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/ нь нэг талаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх төлбөрийг ногдуулах зорилгоор, нөгөө талаас нүүрсний жишиг үнийг нийтэд мэдээлэх зорилгоор нүүрсэн бүтээгдэхүүний ангиллыг тогтоосон байна. Иймд шүүх энэ тогтоолыг түүнд заасан зорилго, хамрах хүрээнээс гадуур буюу нүүрсний дэгдэмхий бодисын эцсийн үр дүнг тогтоосон баримт бичигт хэмээн тооцож шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу гэж үзэж байна.

8. Нүүрсний ангилал бүхий MNS6457:2014 стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заагаагүй, нөгөө талаас Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай 2003 оны хуулийн 6 дугаар зүйлийн 9.4-д заасны дагуу Засгийн газрын 2011 оны 193 болон холбогдох бусад тогтоолуудад энэ стандартыг заавал мөрдөхөөр иш татаагүй тул “сонгон хэрэглэх” стандарт болж байна. Иймд хариуцагч тал болон шүүхээс ийнхүү сонгон хэрэглэх стандартыг “тулгаж” байгаа нь үндэсгүй болно.

9. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоол болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандарт болон “Математикийн үндсэн таних тэмдгүүд” MNS 2608:1978 стандартыг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн.  

10. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалт, MNS6457:2014 стандартын 2 дугаар хүснэгтэд дэгдэмхий бодисын үзүүлэлтийг “бүхэл” тоогоор заасан тул 28.30-28.36 гэсэн шинжилгээний үр дүнг тоймлон бүхэлдсэн үндэстэй гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр, түүний үндэслэл нь эргэлзээ төрүүлж байна.

11. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 2.2-ын 9 болон 2.4-ийн 9 дэх заалтуудад нэг дор, нэг өдөр буюу 2015 оны 102 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Энэ баримт бичиг нь дэгдэмхий бодисын эцсийн үр дүнг өөрчлөн зохицуулсан баримт бичиг мөн бөгөөд бүхэл тоогоор өгөгдсөн тул “...орхих тооны эхний цифр нь 5-тай тэнцүү буюу их байвал урдах оронг нэгээр их болгож, уг орны тооны дээд талд зураас тавьж тэмдэглэнэ. Хэрэв 5-аас бага байвал уг тоог орхиж, үлдэж байгаа орны тоог өөрчлөлгүй бичиж доогуур нь зурна” /магадлалын 6 дугаар хуудас/ гэсэн математикийн тоймлох онол ашиглах нь зөв, гарцаагүй үнэн гэсэн нөхцөлд уг тогтоолын 2.4-ийн 9 дэх заалтын хэрэглээ асуудал үүсгэж байна. Тодруулбал, дэгдэмхий бодисын шинжилгээний үр дүн нь 27.45-аас 27.49 хүртэл; 27.50-аас 27.59 хүртэл; 27.60-аас 27.69 хүртэл; 27.70-аас ... 27.94 гэсэн интервал дотор гарсан тохиолдлуудад тоймлох онолын дагуу бүхэлдээд 28 болж байна. Гэтэл дэгдэмхий бодис нь 28-тай тэнцүү бол гэсэн өгөгдөл энэ тогтоолын 2.4-ийн 9-д заагаагүй тул ийм үзүүлэлттэй нүүрсийг аль нэг ангилалд оруулах боломжгүй болж байна.  

12. Энд баяжуулсан болон боловсруулаагүй нүүрсний дэгдэмхий бодисын шинжилгээг ижил стандартаар гүйцэтгэх бөгөөд 2011 оны 193 дугаар тогтоолд зөвхөн дэгдэмхий бодисын хэмжээгээр ялгагдаж байгааг тэмдэглэмээр байна.

13. Дээрхийн нэг адил “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартын 2 дугаар хүснэгтийн чулуун нүүрс төрлийн баяжуулсан нүүрс ангиллын дэгдэмхий бодисын үзүүлэлт 28-тай тэнцүү бол гэсэн өгөгдөл байхгүй болно.

14. Давж заалдах шүүх цэгэн үнэлгээ (point estimate) болон интервалан үнэлгээ (interval estimate) хоорондын ялгааг тодруулаагүй тул “Математикийн үндсэн таних тэмдгүүд” MNS 2608:1978 стандартыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүрсэн. Уг стандартын 1.1 дэх заалтад “аравтын тооны бутархай тооны бүхэл ба бутархай хэсгийг ялгах тэмдэг нь таслал болно” /магадлалын 6 дугаар хуудас/, нэгэнт таслал өгөгдөөгүй бол тоймлож/бүхэлдэж болно гэсэн дүгнэлтэд шүүх хүрсэн байна. Үүнийг зөв тайлбар гэж үзэх нөхцөлд Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.2-ын 9 дэх заалтын коксжих нүүрсний нийт чийг Wt<10,0 гэж өгөгдсөн, сул коксжих нүүрсийн хувьд Wt<10 гэсэн тул эдгээр нь өөр хоорондоо ялгаатай үзүүлэлтүүд гэж үзэхэд хүргэж байна. Энд <10,0 болон <10 гэсэн өгөгдөл өөр хоорондоо хэрхэн ялгагдаж байгааг математикийн аргаар илэрхийлэх нэг л боломж байна: <10,0 өгөгдлийн хувьд [9.5-9.9] хүртэлх үзүүлэлт хамарна, таслалтай тул тоймлоогүй гэсэн үндэслэлээр. Харин <10 өгөгдлийн хувьд [9.1-9.4] гэсэн үзүүлэлт хамарна. Учир нь таслал байхгүй, бүхэл тоо гэж тайлбарлах нэг арга байна. Ийм тохиолдолд “Математикийн үндсэн таних тэмдгүүд” MNS 2608:1978 стандартын 1.2.3 болон 1.2.5-д заасны дагуу эхлэх “... ээс...хүртэл” буюу интервалыг нь заах ёстой болохоос дан таслал, цэг нь эхлэх болон төгсөх цэгийг илтгэхгүй. 

15. Шүүхийн энэ байх суурь нь коксжих болон сул коксжих нүүрс хоорондын ялгаанд шинэ үзүүлэлт нэвтрүүлж байна энэ нь дэгдэмхий бодисоос гадна нийт чийг гэсэн үзүүлэлтээр өөр хоорондоо ялгагдах болж байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ангилалтай харшилж байна.

16. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Гаалийн тухай хуулийн 256 дугаар зүйлийн 256.7-д “Сорьц, дээж, загвар авах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж заасан. Энэ дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны №683 тушаалаар батлагдсан “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ын 5.9-д “магадлан шинжилгээ нь бусад итгэмжлэгдсэн лабораториудад хийгдсэн тохиолдолд шинжилгээний дүнг үндэслэн Гаалийн төв лаборатори дүгнэлт гаргана”, мөн журмын 5.5-д “Дүгнэлт гаргах шинжээч нь сорилтын дүнг үндэслэн ангиллын кодыг... тодорхойлно”. Гаалийн тухай хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “шинжээч нь шинжилгээний үндсэн дээр дүгнэлтийг ...гаргана” гэж тодорхой зааж өгсөн. Харин Гаалийн төв лаборатори нь маргаан бүхий 0023353 дугаар дүгнэлт гаргахдаа Геологийн төв лабораторийн ХФ2017/0635 тоот шинжилгээний үр дүн буюу 28,30-28,36 үзүүлэлт бүхий дэгдэмхий бодисын сорилтын дүнг үндэслэл болгоогүй нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй байна.

17. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0874 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №221/МА2018/0142 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Гаалийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

19. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “Ц-Ө” ХХК-ийн 2017-TU-KINGHO-004 дугаар бүхий “Нүүрс экспортоор худалдан борлуулах гэрээ”-ний дагуу гаргаж байгаа нүүрснээс Шивээхүрэн дэх Гаалийн газар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дээж авч битүүмжлэн 1517L00105 бүртгэлийн дугаартай хүргүүлсэн байна. Гаалийн тухай хуулийн  252 дугаар зүйлийн 252.2-д “Магадлан шинжилгээг гаалийн лаборатори, гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ” гэж заасны дагуу нүүрсний дээжийг Геологийн төв лабораторид шинжлүүлж 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ХФ 2017/06** захиалгын дугаартай шинжилгээний дүн гарчээ. Хэргийн оролцогчид нүүрснээс дээж авсан ажиллагаа болон Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнгийн талаар маргаагүй. Харин Геологийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэл болгон Гаалийн төв лабораториос дүгнэлт гаргахдаа коксжих нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээг бүхэл тоонд шилжүүлж тооцох нь зөв эсэх асуудлаар маргажээ.  

20. Шинжилгээний дүн болон холбогдох бусад баримтуудаар нэхэмжлэгч компанийн экспортлож буй нүүрсийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0023353 дугаар дүгнэлтээр “боловсруулаагүй коксжих нүүрс” гэж дүгнэсэн нь Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.2-ын 9 дэх заалт, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS 6457:2014 стандартад заасан үзүүлэлттэй нийцсэн.

21. Нэхэмжлэгч компанийн экспортод гаргах нүүрсний дэгдэмхий бодисын гарц нь дээр дурдсан Засгийн газрын тогтоол, стандартад заасны дагуу “Математикийн үндсэн таних тэмдэгүүд MNS 2608:1978” стандартын 1.1, 1.6-д заасан математик аргачлалаар бүхэл тоонд шилжүүлж, коксжих нүүрсний ангилалд хамаарна гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Геологийн төв лабораторийн ХФ2017/06** тоот шинжилгээний үр дүн буюу 28,30-28,36 үзүүлэлт бүхий дэгдэмхий бодисын сорилтын дүнг үндэслэл болгоогүй, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал” MNS6457:2014 стандартыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

22. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0142 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН