Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 122

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00345/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 653 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Х Т Т” ХХК-д холбогдох

          “Түрээсийн гэрээний төлбөр 7.020.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Тус компани нь “Х Т Т” ХХК-тай 2013.11.15-ны өдрөөс эхлэн 26 м2 талбайг 520.000 төгрөгөөр түрээслэх 53/13 тоот түрээсийн гэрээ байгуулан 2016.01.31-нээр дуусгавар болгон өрөөг хүлээн авч түрээсийн гэрээг цуцалсан. 2015 оны 4 сараас хойшх түрээсийн төлбөрөөс 2015.12.31-нд 520,000 төгрөгийг шилжүүлж үлдсэн төлбөрийг огт төлөөгүй. 2015.03.10-ны өдөр 29/15 тоот албан бичиг хүргүүлж 2015.03.20-ны дотор түрээсийн төлбөрийг төлж дуусгахыг мэдэгдсэн. Үүнээс хойш төлөөгүй байсаар 2015.06.19-ний 013 тоот албан бичигтээ 4,5,6-р сарын түрээсийг 30-ны өдөр төлж барагдуулна гэж хүсэлт гаргасан боловч төлөөгүй. “Х Т Т” ХХК-ийн захирал Ц.******* утсаар холбогдон түрээсийг төлөхийг шаарддаг боловч удаа дараа шалтаг тоочин хойшлуулж, сүүлдээ утсаа авахгүй байсаар 2015 оны 11-р сард холбоо барин ирж уулзаад 12 сарын 25-ны өдрийн дотор Туркээс төлөөлөгчид ирэхээр төлнө гэсэн боловч төлөлгүй 12 сарын 31-ний өдөр манай компаний данс руу 520,000 төгрөг шилжүүлсэн байсан.

2016.01.11-ний өдрийн 05 тоот албан бичиг ирүүлэн 1-р сарыг дуусгаад ажлын байраа хүлээлгэн өгч төлбөрөө барагдуулахаа мэдэгдсэн. Мөн 2016.01.23-ны    өдрийн   07   тоот   албан   бичигтээ өрөөгөө хүлээлгэн өгөөд, түрээсийн төлбөрийн барьцаанд “Үнээний цахилгаан саалтуур” 1 ширхэгийг үлдээе гэсэн хүсэлт ирүүлсэн байсныг бид татгалзаж зөвхөн түрээсийн төлбөрөө авна гэдгээ мэдэгдсэн. Ингээд 2016.02.01-нд утсаар холбогдон бид хугацаа дууссан учир шүүхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн. Мөнгө орж ирээгүй учир төлөх мөнгө байхгүй байна гээд түр хугацаа өгөхийг хүссэн учир 2016.02.15-ны өдөр хүртэл хойшлуулсан боловч төлөөгүй. Хариуцагчаас 2015 онд түрээсийн төлбөрт нийтдээ 2,080,000 төгрөг төлсөн талаар маргахгүй, түрээслэгчийн барьцаа, дэнчин болгож өгсөн 260,000 төгрөгийг үлдэх төлбөрөөс хасч тооцоход татгалзах зүйлгүй. Одоо “Х Т Т” ХХК-иас нийт 9 сарын түрээсийн нийт төлбөр 4,680,000 төгрөг, түрээсийн гэрээнд заасны дагуу тооцсон алданги 2.340.000  төгрөг,  нийт 7,020,000  төгрөгийг “******* трейд” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Х Т Т” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

“******* трейд ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНТурк улсаас эрчимжсэн фермийн бүх төрлийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад оруулж ирдэг. Бид 2013 оны 11-р сараас эхлэн Улаанбаатар хот дахь “Х” ХХК-ийн ажлын байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компаний оффисын байрыг сарын 520,000 төгрөгөөр түрээслэж байсан. 2014 он бидний хувьд амжилт дүүрэн жил байсан бөгөөд ажлын байрны түрээсийг цаг хугацаанд нь төлж байсан. Харин 2015 онд Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас үүдээд орлого бага байсан тул ажлын байрны түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй удаасан болно. Бид 2015 оны 04-р сараас эхлээд оффисийн байрыг ашиглаагүй хэдий ч төлбөрийг боломжоороо төлсөөр ирсэн. Ажлын байрыг суллаж өгөх хүсэлтийг  “Х” ХХК-нд тавьсан ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй учраас гаргах боломжгүй гэсэн хариу өгч байсан. Ажлын байрыг суллаж өгөх 2 дахь хүсэлтийн дагуу “Х” ХХК нь энэ оны 1-р сард ажлын байрыг хүлээн авсан. Манай компани 2015 оны 6 сар хүртэл түрээсийн төлбөр төлөх ёстой гэж үзэж байна. Үүнээс 1,2,3 дугаар сарын төлбөрөө төлсөн, 4 дүгээр сарын төлбөрөө 2015 оны 12 дугаар сард төлсөн ба нийтдээ 2,080,000 төгрөгийг төлсөн. Мөн нэхэмжлэгчид барьцааны 260,000 төгрөг өгсөн бөгөөд энэ мөнгөө төлбөрөөсөө хасуулж тооцуулж одоо нэхэмжлэгчид 780,000 төгрөг өгөх ёстой. Манай компанийн нэхэмжлэгчтэй бичгээр байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан, 2015 онд талуудын хооронд бичгийн гэрээний байгуулагдаагүй учир нэхэмжлэгч нь хүү, алданги тооцох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь ямар нэгэн тооцоо судалгаагүй, үндэслэл нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 780,000 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 653 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.4, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х Т Т” ХХК-иас 3,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,120,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 127,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Ш.Есөн-Эрдэнэ давж заалдсан  гомдолдоо:

Хариуцагч компани бидэнд түрээсийн байраа 2016.01.29-нд хүлээлгэн өгсөн байхад анхан шатны шүүх түрээсийн төлбөрийн сүүлийн 1 сарыг хасч 7.5 сараар тооцон, 3.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь 2015 оны 5 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй бөгөөд барьцааны 260.000 төгрөгийг хасч тооцвол 8,5 сар буюу 4.420.000 төгрөгийг гаргуулах ёстой байхад 520.000 төгрөгийг дутуу тооцон 3.900.000 төгрөг гаргуулахаар шийджээ.Манай түрээсийн гэрээ бүхэлдээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан учраас гэрээний алдангийн талаарх 6.6 дахь заалт мөн хүчинтэй хэвээр байгаа гэсэн үг юм. Гэтэл шүүх гэрээг сунгагдсан гэж дүгнэсэн мөртлөө алдангийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “Х Т Т” ХХК-иас 4.420.000 төгрөг, алданги 2.210.000 төгрөг нийт 6.630.000 төгрөгийг гаргуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  “Х Т Т” ХХК-д холбогдох  түрээсийн төлбөрийн гэрээний  үүрэгт  7.020.000 төгрөг гаргуулах тухай иргэний  хэргийг  шүүх шийдвэрлэхдээ дараах алдаа гаргажээ.

Үүнд: Ц.*******  хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй  эсэх нь  тодорхойгүй байхад  түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан,

С.Баасанд олгосон итгэмжлэлийг  эрхтэй этгээд  олгосон эсэх нь эргэлзээтэй,

итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасанд олгосон  итгэмжлэлээр, түүнд  зөвхөн  нэхэмжлэлийг  гардан авах эрх олгогдсон \ хэргийн 18 дугаар тал\ байхад шүүх түүнд  хэргийн  оролцогчийн эрх, үүрэг  танилцуулах \хэргийн 21 дүгээр тал \ , хэргийн материал танилцуулах \ хэргийн 22 дугаар тал\, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг мэдэгдэх  \ хэргийн 23 дугаар тал \, шийдвэрийг цахим санд  байршуулахыг  мэдэгдэх \ хэргийн 24 дүгээр тал \, нөлөөллийн мэдүүлгийг  танилцуулах \ хэргийн 25 дугаар тал \ , шүүх хуралдааны товыг мэдэгдсэн  \ хэргийн  28 дугаар тал \ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25  дугаар зүйлийн 25.1.1-25.1.7, 25.2, 36 дугаар зүйлийн 36 дугаар зүйлийн 36.2, 76 дугаар зүйлийн 76.1.2-т  заасныг зөрчсөн.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдаа нь   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуульд нийцээгүй тул шийдвэрийг  хүчингүй болгох үндэслэл болж  байна.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

         2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59  дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК, улсын тэмдэгтийн хураамжид 58.630 төгрөг төлснийг, шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ          

                                    ШҮҮГЧИД                                                       Л.АМАРСАНАА                    

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ