Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2016/00120

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Г

Хариуцагч: Л.Б нарт холбогдох

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 4 712 886.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

О.Г, хамтран зээлдэгч Л.Б нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1120014323 тоот зээлийн гэрээгээр 5 290 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан. Одоогоор зээлдэгч О.Гантулга, хамтран зээлдэгч Л.Бадамханд нарын үндсэн зээлийн үлдэгдэл 3 871 853.4 төгрөг, хүүгийн төлбөр 777 783 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51 250 төгрөг, нийт 4 700 886.4 төгрөг болоод байна. О.Г Л.Б нар нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж эхэлсэн тул банкны зүгээс удаа дараа утсаар болон биечлэн очиж зээлээ төлөхийг сануулж мэдэгдэх, шаардах хуудсыг тухай бүрт нь өгч байсан. Зээлдэгч нь хугацаа хэтэрч эхэлсэн цагаасаа цалин бага гарсан, цаашлаад ажлаас халагдсан гэсэн шалтгаанаар манай ажилд ихээхэн хүндрэл учруулж байна.

О.Г Л.Б нар нь 1120014323 зээлийн гэрээний 3.2.1 заалтыг зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн хийгээгүй 333 хоног болсон.

Иймд зээлийн гэрээний 3.1.5-д заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4 700 886.4 төгрөг, нотариатын зардал 12 000 төгрөг, нийт 4 712 886.4 төгрөгийг зээлдэгчээр барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Г Л.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Х нэхэмжлэлд хариуцагчаар О.Г Л.Б бид оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 4 712 886.4 төгрөгийг бид төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал гомдол байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х нь хариуцагч О.Г Л.Бнарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 4 712 886.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 1120014323 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 290 000 төгрөгийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 39 инчийн телевизор, хөргөгч, хивс зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, 1120014323-01 тоот барьцааны гэрээ, харилцагчийн анкет, бичил зээл хүсэгчийн судалгааны тэмдэглэл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн хяналтын хуудас, хэрэглээний зээлийн өргөдөл, Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч О.Г Л.Бнар нь нэхэмжлэгч “Х салбарын нэхэмжилсэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 4 712 886.4 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 356.2 төгрөгөөс 45 178.1 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Г, Л.Б нараас 45 178.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Х нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 4 712 886.4 /дөрвөн сая долоон зуун арван хоёр мянга найман зуун наян зургаан төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч О.Г, Л.Б нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Х улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 356.20 төгрөгөөс 45 178.10 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч О.Г Л.Б нараас 45 178.10 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                             

ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ