Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01373

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01373

 

Ш.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01940 дугаар шийдвэртэй,

 

Ш.Э-ын нэхэмжлэлтэй, О- ХХК холбогдох,

 

О- ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш.Э- нь О- ХХК-д 2014 оноос хойш тасралтгүй ажиллаж, 2019 онд Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Үйл ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2023 оны 11 сарын 10-ны өдөр намайг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежерээс гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх шийдвэрийн үндэслэлээ ...хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон тул... гэжээ. Би ажлын байрны бэлгийн дарамтыг бусдад үззлэх сэдэлттэй ямарваа үйлдэл хийгээгүй. Иймд намайг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.

Иймд ажил олгогчийн дээрх тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хэргийн баримтаар Ш.Э- нь 2023 оны 10 сарын 11-ний өдөр болсон арга хэмжээний үеэр хамт ажилладаг Ш.Тд бэлгийн дарамт учруулсан үйлдлийг буюу түүнийг хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн үйлдлийг гаргаж Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1.и дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 17.2, 17.2.9.2 дах заалтад заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгч Ш.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Ш.Э-ыг О- ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Үйл ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 104,348,340 төгрөгийг хариуцагч О- ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ш.Э-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Ш.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажилт хийхийг хариуцагч О- ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 679,691 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухай:

Шийдвэрт ...тайлан, дүгнэлтийг гаргахдаа зохих журмын дагуу хяналт шалгалтын ажиллагааг явуулсан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан буюу хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан нь хяналт, шалгалтаар нотлогдсон гэж эргэлзээгүй дүгнэх, буруутгах үндэслэлгүй байна гэж зөрчлийг хянан шалгасан ажиллагаа, тухайн тайлантай холбоотой хэд хэдэн дүгнэлтийг хийж, үндэслэх хэсгийн 12-т ...зөрчил гаргасан эсэхийг бүрэн тогтоох ажиллагааг зохих дүрэм журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс зөрчил тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй тул... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.1. Нэхэмжлэгч Ш.Э- нь 2023 оны 10 сарын 11-ний өдөр хамт ажилладаг Ш.Тд бэлгийн дарамт учруулсан (хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн) гэх үйлдлийг компанийн зүгээс хянан шалгасан.

Бэлгийн дарамт учруулсан үйлдэл нь нууц, далд үйлдэгддэг, зөвхөн үйлдэлд өртсөн /хохирогч этгээд болон дарамт учруулсан этгээд хоёр л хамт байсан онцлогтой байдаг. Энэ зөрчлийн хувьд П.Д- нь Ш.Э-, Ш.Т нарыг тагт руу гарч байхыг харсан, тэднийг дуудахаар араас нь гарсан, дуудахаар гарахад Ш.Э-, Ш.Т нар ямар нөхцөл байдалтай байсан, түүнийг хараад юу гэж ойлгосон, Ш.Тээс юу болсон талаар тодруулж асуусан, сонссон ганц гэрчлэх этгээд юм. Ийнхүү шүүхээс дуудан мэдүүлэг авахад ...арга хэмжээний төгсгөл хавиар тагт руу гарсан. ...тагт онгойлгоход тэр хоёр өөд өөдөөсөө харсан зогсож байсан. (хаалганаас) ширээний зайтай л зогсож байсан. ...хаалга онгойлгоод явъя гэхэд Ш.Т миний хажуугаар шурт гээд гараад явсан. Сая юу болсон зүгээр үү гэхэд сонин юм болчихлоо, жоохон шоконд орчихлоо гэх утгатай зүйл хэлсэн зэргээр П.Д- нь мэдүүлсэн.

Мөн Ш.Тийг шүүхээс дуудан мэдүүлэг авахад Н сургалтын менежерийг гаргаж өгөхөөр арга хэмжээ зохион байгуулж оройн хоол идсэн. Хоол идсэний дараа бараг арга хэмжээ дуусах дөхөж байхад Ш.Э- тагт руу гарья гэхээр нь гарсан чинь, чи хөөрхөн харагдаад байна чамайг үнсье гээд над руу ойртоод эхэлсэн. Тэгээд би юу болов гэж бодоод холдож байсан чинь ашгүй манай хамт ажилладаг П.Д- гэх залуу гарч ирээд явах боллоо гэж хэлсэн. ...тийм үл хүндэтгэсэн, бүдүүлэг, хамтран ажилладаг эмэгтэй хүн рүү тэгж дайрах бол байж боломжгүй зүйл. Би яг үнэндээ Ш.Э-ыг ийм үйлдэл гаргана гэж бодоогүй. тэр орой үнсэх гэж оролдоод дайрахад шоконд орсон гэж мэдүүлсэн.

Гэтэл шүүхээс дүгнэлт гаргахдаа зөвхөн гомдол гаргагч болон П.Д- нарын ярилцлагад үндэслэсэн, үүнийг нь зөрчлийг хянан шалгасан тайландаа тусгасан, тухайн арга хэмжээнд байсан бусад хүн хараагүй, мэдээгүй гэж хариулсан байхад хоёр хүний ярилцлагын тэмдэглэлийг үндэслэсэн, бусад хүмүүсийн хараагүй гэснийг тайландаа тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн арга хэмжээнд оролцсон бүх хүн харснаар зөрчил тогтоогдох ёстой байсан, хоёр хүн зөрчлийн талаар мэдэгдсэн, ярьсан нь хангалтгүй гэдэг агуулгаар дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай. Түүнчлэн зөрчлийн хянан шалгасан тайланд тогтоогдсон, нотлогдсон" үйл баримтыг тодруулан тусгадаг болох нь хяналт шалгалтын тайлангийн маягт дээр тодорхой бичигдсэн байдаг үүнийг нь үгүйсгэж, бусад багийн гишүүдийн хариултыг тайланд тусгаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Г.Э-аас мэдүүлэг авахад тэрээр хараагүй, үзээгүй гэж хэлсэн хүмүүсээс тайлбар бичүүлж аваагүй гэдгээ тодорхой хэлсэн.

 

4.2. Шүүх зөрчил гаргасан эсэх нь бүрэн тогтоогдоогүй" гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зөрчлийн хянан шалгасан холбогдох хянан шалгах ажиллагааны тайлан, Ш.Э-, Ш.Т, П.Д- нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлүүдийг баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад Ш.Э-тай ярилцлага хийхэд тэрээр ...би ч бас яах вэ нэлээн уусан уусан. Ш.Ттэй анх нөгөө Америк яваад ирлээ гээд фэйс тү фэйс анх удаа уулзсан. Америк яваад ирснээс нь хойш анх удаа л уулзсан гэсэн.

Зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад Ш.Ттэй ярилцлага хийхэд тэрээр ...манай менежер (Н, Ч) Америк явах гэж байгаатай холбогдуулан үдэлтийн арга хэмжээ болгон оройн хоол идсэн. Манай багийн бүх удирдагчид болон сургалтын багийн бусад хүмүүсийг урьсан. Үйл явдал дуусах дөхөж байхад манай нэг ахлах ажилтан Ш.Э- намайг рестораны тагт руу авч гарсан. Түүнийг ганцаарчлан ярилцах юм байх гэж бодсон чинь тагт руу гараад гэнэт намайг өөр рүүгээ ойртуулан тэвэрч, үнсэх гэж оролдсон. Би түүнийг түлхэх гэж оролдсон. Түүнтэй нэг минут хэрээтэй ноцолдож байтал манай хэлтсийн ажилтан П.Д- гарч ирээд бид явлаа, явах цаг боллоо гэж бидэнд хэлсэн. Д- гарч ирэхэд Ш.Э- намайг түлхсэн. Би үнэхээр цочирдсон. П.Д- гарч ирээд намайг суллаж чадсанд үнэхээр их баярласан, үнэхээр цочирдуулсан, удирдагч хүнээс ийм зан гарна гэж бодсонгүй. ... би түүнийг согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байж магадгүй гэж бодсон шалтгаан нь энэ үйлдэл нь санаанд оромгүй зүйл байсан, би түүнийг их согтуу байсан учраас ийм зүйл хийсэн гэж бодсон ч хэр их уусныг мэдэхгүй байна гэсэн.

Зөрчлийг ханан шалгах ажиллагааны явцад П.Д-той ярилцлага хийхэд тэрээр ...Энэ үед миний нүдний үзүүрт Ш.Э- Ш.Тийг чангаагаад алив уулзаа байна гэлүү дээ, өөр лүүгээ татаад тэр хоёр нөгөө тамхины өрөө рүү гарсан. Бид хэд гадуур хувцас, цүнхээ авсан. Нэг үүргэвч сандал дээр үлдсэн байсан. Тэрийг Туяагэрэлийнх гэж таньсан. Би Ш.Э-ыг дуудахаар нөгөө тамхины өрөөний хаалгыг онгойлгосон. Тэднийг гарснаас хойш 2 минут орчим болсон болов уу. Миний харсан зүйл бол Үйл ажиллагааны сургалт хариуцсан ахлах Ш.Э- ахлах Ш.Тийг мөрнөөс нь доохно, хоёр гараараа барьсан, түүн рүү толгойгоо хагас тонгойсон, нүүрэнд нь ойрхон байдалтай зогсож байсан. Гадаа харанхуй, гэрэл муутай байсан. Намайг алив явцгаая" гэж хэлэхэд Ш.Т сандарсан байдалтай миний хажуугаар гүйж орсон. Би яг хаалган дээр зогсож байсан л даа. Надад яагаад ч юм Ш.Т еэ ашгүй минь гэж байгаа мэт санагдсан. Тэгээд би буцаад хаалгаа хаасан. Ш.Э- араас орж ирсэн. Бид тарахад би нөгөө ахлахуудтайгаа явахаа болиод Ш.Тийг гэрт нь хүргэж өгсөн. Бид нэг их согтоогүй байсан. Замдаа Т-ээс Сая юу болов, чи зүгээр үү гэж асуусан. Ш.Т харин нэг эвгүй зүйл боллоо. Би яахаа мэдэхгүй, сандарсан гэж хэлсэн гэсэн.

Ажил олгогчийн зүгээс 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зохицуулсны дагуу, мөн компанийн холбогдох бодлого, журамд заасны дагуу хянан шалгах ажиллагааг журмын дагуу явуулсан. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, гарын үсэг зурсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн" гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн шийдвэрт ...хяналт шалгалтын тайланд зөрчил гаргасан өдрийн 2023 оны 10 сарын 10-ны шөнө гэж зөрүүтэй тэмдэглэсэн ...тайлан бүрэн бус гэжээ. О ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 сарын 10-ны өдрийн тушаалын 1 дэх хэсэгт 2023 оны 10 сарын 11-ний өдөр хамтран ажилладаг хүндээ бэлгийн дарамт учруулсан (хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн) гэж үйлдэл гаргасан огноо, үйлдлийг тодорхой тусгасан, мөн хавтаст хэрэгт авагдсан Төлбөрийн баримт болон кредит картын хуулга мэдээллээр 2023 оны 10 сарын 11-ний өдөр О ХХК-ийн байгууллагын зээлийн картаар Б ХХК-ийн ресторанд үйлчлүүлсэн төлбөр тооцоо болох 1,394,160 төгрөгийн төлбөрийг төлж, төлбөрийн баримтыг компанийн нэр дээр авсан үйл баримт тогтоогдсон. Хянан шалгах ажиллагааны тайлангийн зөвхөн нэг газар алдаатай буруу бичигдсэнийг тайланд зөрчил гаргасан өдрийг дандаа 10-наар бичсэн мэтээр тайлбарлаж, зөрчил бүхий үйлдлийг хянан шалгасан ажиллагаа, түүний тайланг үгүйсгэн, зөрчлийг үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

4.3. О- ХХК-ийн Сахилгын шийтгэл ногдуулах журмын 11.1.1-д заасны дагуу зөрчил гаргасан ажилтны холбогдох хэлтэс, Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын газрын Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн төлөөллөөс бүрдсэн баг хянан шалгах ажиллагааг явуулна гэж заасан. Уг журмын дагуу ажилтны холбогдох хэлтсээс нь ахлах ажилтан Ч.Д, Хөдөлмөрийн харилцааны хэлтсээс Г.Э. хуулийн хэлтсээс хуульч П.Ө нар оролцон зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж тайлан гаргасан. Гэтэл гэрч Г.Энхбаярыг П.Ө болон бид нар уг дүгнэлтийг гаргасан гэж гэрчээр асуух үед мэдүүлсэн хэмээн Ч.Д-ын оролцоог үгүйсгэж, саналын эрхтэй оролцсон эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Гэрч нь тухайн үед бичиг баримтаа хараад хэлье гэж хэлсэн боловч тийм боломж олгоогүй, гэрч сандарсан. Бусад бичгийн баримтуудаар зөрчлийг хянан шалгах ажиллагаа ямар бүрэлдэхүүнтэй явагдаж тайлан гарсан болох нь тодорхой тусгагдсан байдаг.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт хоёр гэрчийн мэдүүлэг авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэх үйл баримтын талаар зөрүүтэй тайлбарладаг. Хяналт, шалгалт хийх явцад оройн хоолон дээр байсан багийн бусад гишүүдийг асуусан тэмдэглэл хавсралт 3 гэж байгаа боловч огт үйлдээгүй, зөвхөн нэг талын буюу гомдол гаргагч, гомдол гарагчтай хамт байсан гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн хяналт, шалгалтаар тодорхой үйл баримт дүгнэгдсэн гэж тайлбарласныг анхан шатны шүүх хяналт, шалгалтын журмыг баримтлаагүй, уг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс архи, согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэсэн талаар мэдүүлдэг. Байгууллагын удирдах албан тушаалтнууд менежерээ АНУ-руу явахад нь гаргаж өгөх хаалтын арга хэмжээ гэж тайлбарладаг бөгөөд 21 цаг хүртэлх хугацааны төлбөрийг байгууллагын дансаар төлсөн.

Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн архи, согтууруулах ундааны зүйлийг хувийн мөнгөөрөө авч хэрэглэсэн бөгөөд 23 цаг орчимд тарсан. Тарсан цаг хугацаанд тухайн зөрчил гарсан гэж тайлбарлаад байгаа боловч, зөрчил яг хэзээ гарсан гэдэг нь үндэслэлтэй тогтоосон баримт байхгүй. О- ХХК-иас ялгаварлан, гадуурхах бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх бодлогыг үл тэвчих журмыг баримтлан тушаал гаргасан. Энэ бодлогын үйлчлэх хүрээг журмын 2.1, 2.2-т зааснаар ажлын байр, хамаарал бүхий газруудад гарсан тодорхой асуудлуудад үйлчлэн гэж тайлбарласан. Хувийн байдлаар хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж анхан шатны шүүх үзсэн. Хяналт, шалгалтын тайлан 3 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үеийн хянагч шалгагч нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгээр бусад хүмүүсээс тэмдэглэл тайлбар авсан, нотлох баримттай танилцсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн гарын үсэг зурсан нөхцөл байдлаар зөрчил тогтоогдсон тайлан гарсныг анхан шатны шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн.

Хөдөлмөрийн харилцааг цуцлах тушаалд заасан хууль зүйн үндэслэл, журмаар байгууллагын ажлын байран дээрх холбоотой харилцааг зохицуулсан. Гэтэл болсон үйл баримтууд нь дээрх журамтай зөрчилдсөн, хүмүүсийн хувийн хоорондоо нийлж архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн үйл явдал юм. Үүнийг хамт ажилладаг ажилтан гэдэг нөхцөл байдлаар тайлбарлаад сахилгын хариуцлага оногдуулж байгаа нь үндэслэлгүй. Гаргасан зөрчлийн хувьд нэхэмжлэгч уг үйлдлийг үйлдээгүй талаарх тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхэд тогтвортойгоор хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Э- нь хариуцагч "О-" ХХК-д холбогдуулан О- ХХК-ийн боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежерийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн №Б/9410 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь тогтоогдсон, компанийн бодлого, журмыг зөрчсөн гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий, нотолгооны ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч Ш.Э- нь 2014 оноос эхлэн хариуцагч О- ХХК-д ажиллаж байгаад, 2023 оны 11 сарын 10-ны өдрийн  Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Уг тушаалд Ш.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.3, 83.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт Ээлжийн амралт олгох ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 2 дугаар зүйлийн 2.8 (1), ажилтан Ш.Э-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн б, в, г, 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.1, 10.2.1.И, 10.4 заалтууд, О- ХХК-ийн Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1, 3.2(а), 3.2(в), З.З(а), 5.1-5.6, 5.7.в, 10.(1) заалтууд, Сахилгын шийтгэл ногдуулах журмын 13.1.4,17.1,17.2.9.2,17.3,18.7.1,18.7.3 заалтууд, О- ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгох тухай 27/22 дугаар тушаалыг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ...2023 оны 10 сарын 11-ний өдөр хамтран ажиллагчдаа бэлгийн дарамт учруулсан /хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэж хэлсэн/ ноцтой зөрчил гаргасан нь холбогдох хяналт шалгалтаар нотлогдсон... гэсэн үндэслэлийг заажээ.

Нэхэмжлэгч нь хамтран ажилладаг эмэгтэйд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь маргааны зүйл болж, хэргийн оролцогч энэ талаар мэтгэлцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

5.1. "О-" ХХК-ийн нэр бүхий ажилтан АНУ-руу зорчих болсонтой холбоотой түүний ажилладаг хэлтсийн хамт олны зүгээс 2023 оны 10 сарын 11-ний өдөр үдэлтийн арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд оролцсон О ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн ахлах менежер Ш.Тээс хамт ажилладаг Ш.Э-ын зүгээс түүнд бэлгийн дарамт учруулсан гэх гомдлыг уг арга хэмжээний маргааш буюу 2023 оны 10 сарын 12-ны өдөр ажил олгогчид гаргажээ.

5.2. Гомдлыг хянан шалгах ажиллагааны хүрээнд гомдол гаргагч, гэрч, зөрчилд холбогдогч, тухайн арга хэмжээнд байлцсан бусад хүмүүстэй хийсэн ярилцлага зэргийг үндэслэн зөрчлийн талаар байгууллагын Хянан шалгах ажиллагааны дүгнэлт гарчээ. /хх-74-88/

Дүгнэлтээр Ш.Э-ын гаргасан гэх үйлдлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж дүгнэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хэм хэмжээнд хамааруулжээ. Улмаар Ш.Э- нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн Б, В, 10 дугаар зүйлийн 10.2.1.и, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.1 дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журам-ын 17.2.9.2, Ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамт учруулах, дээрэлхэх явдлыг үл тэвчих бодлого-ын 3.1, 3.2(а), 5.7.в, Кэмпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.13.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байна.

5.3. Дүгнэлт гаргах хяналт шалгалтын явцад тухайн арга хэмжээнд оролцсон П.Д-, гомдол гаргагч Ш.Т, зөрчилд холбогдсон Ш.Э- нартай хянан шалгагчдын ахлагч П.Ө, хянан шалгагч Г.Э нар ярилцлага хийжээ.

Тухайн ярилцлагын тэмдэглэлд нэхэмжлэгч Ш.Э- нь 2023 оны 11 сарын 11-ны өдөр Blue fin рестораныд болсон хүлээн авалт тарах үед хамт ажилладаг Ш.Ттэй хамт тамхины өрөө рүү орсон. Тэрээр тамхины өрөөнд Ш.Тийн мөрнөөс доош хэсэгт хоёр гараараа барьсан, түүнрүү толгойгоо хагас тонгойлгон нүүрэнд нь ойрхон байдалтай зогсож байсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар ажилтан Ш.Т ажил олгогчид гомдол гаргаж, намайг өөрлүүгээ татан үнсэх гэж оролдсон, чи үзэсгэлэнтэй сайхан харагдаж байна гэж хэлж байсан, би түүнтэй ноцолдож байтал ажилтан П.Д- гарч ирэхэд Ш.Э- намайг түлхсэн, би үнэхээр цочирдсон гэх тайлбар болон Ш.Э-ын би тамхины цэгрүү дандаа эрчүүдтай хамт гарсан, Ш.Ттэй тамхины цэгрүү гарсан зүйл байхгүй, би Ш.Тийг гарья гэж авч гараад биед нь хүрсэн тийм зүйл огт хийгээгүй, тэрийг бол би сайн санаж байна гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

 

6. Хариуцагчийн зүгээс ажилтны гаргасан гомдлын дагуу Сахилгын шийтгэл ногдуулах журмын 11.1-д зааснаар хянан шалгах ажиллагааны баг томилон хянан шалгах ажиллагааг явуулжээ. Улмаар тухайн баг нь мөн журмын 10.1-д зааснаар хянан шалгах ажиллагааг явуулсны эцэст тухайн зөрчлийн талаар Хянан шалгах ажиллагааны дүгнэлт гаргажээ. Нэхэмжлэлээс татгалзсан тайлбар, татгалзлаа нотолж хариуцагчийн шүүхэд гаргасан тус дүгнэлтийг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, уг дүгнэлтийг өөрчилсөн, хүчингүй болгосон тухай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хамт ажилладаг эмэгтэйд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн, бодитой тогтоож чадаагүй, энэ талаархи нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн эргэлзээгүй байдлаар үнэлж чадаагүй байна.

Иймээс нэхэмжлэгч Ш.Э-ын бусдыг хүсээгүй байхад тэвэрч, үнсэхийг оролдсон, үнсье гэсэн үйлдлийг гаргасныг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзнэ.

 

7. Ажлын байрны бэлгийн дарамтыг хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг хүний эрхийн ноцтой зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхаж буй илрэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг хэмээн үздэг бөгөөд хөдөлмөрийн харилцаанд жендерийн ялгаварлан гадуурхалт, ажлын байранд жендерийн эрх тэгш байдлыг хангах, бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, үл тэвчих орчныг бүрдүүлэхэд ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ...бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг, эсхүл бэлгийн сэдэлтэй аливаа үйлдлийг давуу эрх, боломж эдлүүлэх болзол болгон тавихыг бэлгийн дарамт гэж тодорхойлжээ.

 

Түүнчлэн бэлгийн дарамт гэдэгт бэлгийн харилцаанд орохоор завдах, шаардах, дайрах, хүчиндэх, илэх, үнсэх, таалах оролдлого хийх, дарамтлах, сүрдүүлэх, мөрдөж мөшгөх, бэлгийн санаархал бүхий эсвэл бэлгийн харилцаанд орох тухай захидал, мессеж илгээх, бэлгийн дур сонирхлоо далдуур сануулсан зураг, шог зураг, хөдөлгөөн үзүүлэх, ийм агуулга бүхий эд зүйлс, зураг, бичлэг үзүүлэх, биед нь хүрэх, хэт ойртох, наалдах, хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлах, таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэх, өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, согог, эсвэл бэлгийн чадавхын тухай дүрслэн ярих, ийм агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргах зэрэг үйлдлийг тооцдог бөгөөд зарим тохиолдолд далд хэлбэрт үргэлжилж, улмаар хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөх тохиолдол байдаг гэж үздэг байна.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн дарамт нь шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болдог байна.

Энэ агуулгаар хариуцагч О- ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн ахлах менежер Ш.Тээс хамтран ажилладаг хүнээс бэлгийн дарамт учруулсан гэх гомдлын дагуу ажил олгогч зохих хянан шалгах ажиллагааг явуулж, зөрчлийн талаархи тайлан гаргасан, ажил олгогч нь ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн талаархи хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд энэ төрлийн зөрчлийг гаргахыг хориглосон дүрэм, журмын дагуу зохих арга хэмжээ авсныг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Э-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үгээр, биеэр, цахимаар болон бусад хэлбэрээр илэрхийлэх, бэлгийн харилцаанд орох эсэхээс шалтгаалж ажил, албан тушаал, цалин хөлс зэрэг эдийн засгийн болон бусад байдлаар урамшуулах, эсхүл хохироохоор айлган сүрдүүлэх, тулган шаардах, болзол тавих /quid pro quo/ байдлаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн хариуцагч Оюу толгой ХХК-ийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч О- ХХК-д холбогдуулан Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн Үйл ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 104,348,340 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Ш.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч О- ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679,692 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ