| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0010/э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 09
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн У.Эд холбогдох эрүүгийн 1830000000257 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 30 настай, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй У.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.Э нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг сумын төвд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө О.Бын гэрт архи уусан үедээ Б.Аыг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дугаар сарын 27-ны өдөр найзуудтайгаа сууж байгаад би үлдсэн нэг шил архийг нь аваад Бынд очсон. Б түүний эхнэр А бид 3 нэг шил архийг уусан. Архиа ууж дуусаад дэлгүүр орж нэг шил архи аваад Н эгчийнд очсон. Тэдний гэрээс гарч караоке орох гэснээ болиод Бынд очсон. Н Азаа 2 муудаад би салгасан. Гэтэл намайг доромжлоод байхаар нь нэг удаа цохисон гэв.
Эрүүгийн 1830000000257 дугаартай хэргээс:
- Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орой 19 цагийн үед байх намайг гэрт байж байтал манай нөхөр Б, Ц.Бо нар нь манай нөхрийн хамаатан эгч болох Т гэдэг айлд байна чи хүрээд ир гэж утсаар дуудсан. Тэгээд би Т эгчийнх рүү очтол тэднийд Б, Болдоо, Т эгч, Бархас ах нар байсан. Намайг очиход 0.75 гр-ийн ерөөл архи ууж байсан. Архиа хувааж уугаад тавуулаа бааранд орохоор гарсан бөгөөд замдаа бааранд орохоо болиод дэлгүүрээс 0.75 гр, 0.5 гр-ийн хоёр шил ерөөл архи аваад манайд очиж уухаар болсон юм. Архиа ууж дуусах үед гэнэт Т эгч нь “чи манай дүү Б, О нарыг их дарамталдаг гэсэн. Муу банзал хүүхэн” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед нь хэрэлдэж байгаад биеэ засахаар гараад хажуу айлаараа ороод иртэл Т эгч чи хаашаа яваад ирэв Болдоо, Х хоёртой банзалдаж байгаад ирлээ гээд загнаад байсан. Тэгээд хэрэлдэж байтал гэнэт данх бариад миний зүүн чихний араас данхаараа цохьсон. Тэгэхээр нь босож очоод тогооны тагаар цохих гэснээ больсон. Тэгээд байж байтал Ц.Бо, Х хоёр орж ирэхээр нь танай эгч намайг Ц.Бо, Х хоёртой явалдаж байгаад ирлээ гээд байна гэж хэлсэн. Тэгтэл Т эгч миний нуруун тус газар болон гэдсэн тус газар хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би гараараа Т эгчийн мөрөн дээр нь хоёр удаа цохьсон. Тэгтэл Ц.Бо /У.Б/ нь чи намайг Ц.Бо гэж хэлдэг хэн бэ гэж хэлээд миний шанаан тус газар гараараа дахиж цохьсон. Тэгээд би Ц.Бод цохиулаад газар ойчих үед Т эгч миний толгой руу мөн дахиж өшиглөсөн. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн /,
- Гэрч Ж.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “... манай дүү Болдоо нь чи миний аавын нэрийг дуудлаа гээд Аын нүүр лүү хоёроос гурван удаа цохисон. Аын толгойтой үснээс нь зулгаагаад автал А нь мөн намайг үсдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
- Гэрч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг гадуур явж байгаад гэртээ очиход манай эхнэр А нь манай хамаатны эгч Ттай муудаж хоорондоо зодолдсон гэсэн. Мөн Баясаа нь манай эхнэрийг цохисон гэж эхнэр А надад хэлсэн. Тэрнээс биш тухайн үед нь би гэрт байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т эгч нь мөн архи уугаад найз Мөөгий гэдэг хүүхэнтэй хамт манайд ирээд гэрийн хаалгыг балбаад байхаар нь хаалгаа тавиад өгтөл орж ирээд манай эхнэртэй хэрэлдэж байгаад тогооны таг авч чулуудсан. Тэр тагнаас нь манай эхнэр бултаад Т эгчийг орон дээр дараад зууралдаад байхаар нь би салгасан инь Т эгч босож ирээд манай эхнэрийн гаран дээр галын хайчаар нэр удаа цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 636 дугаартай дүгнэлтдээ: “Б.Аын биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хх13/,
- Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай тодорхойлолт /хх-ийн 27/,
- Шүүгдэгч У.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,
- Эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 129 дугаартай прокурорын санал /хх-ийн 38/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч У.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар аймгийн Онгон сумын 4 дүгээр баг, сумын төвд О.Бын гэрт архи уусан үедээ хохирогч Б.Аыг зодож, эрүүл мэндэд баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Эгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.А, гэрч Ж.Нийн мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг, шинжээчийн 636 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч У.Эд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч У.Эгийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.Э нь хохирогч Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч У.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч У.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч У.Эд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан У.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч У.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Эг 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан У.Эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Э торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан У.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан У.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА