Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01374

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01374

 

К -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02028 дугаар шийдвэртэй

БНСУ-ын иргэн К--ийн нэхэмжлэлтэй, А.Б-, Ж.Ц- нарт холбогдох

156,169,986 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч А.Б-гийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Ж.Ц-ийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: БНСУ-ын К нь А.Б-, Ж.Ц- нартай 2017 оны 03 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн өдөр Ж.Ц-тэй Барьцааны гэрээ тус тус байгуулсан. Хамтран ажиллах гэрээгээр А тал Ж.Ц-, В тал А.Б- нар нь СХД-ийн *** хороонд орших үйлдвэрийн зориулалттай *** м.кв газар дээрх *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг оффис болон дэлгүүрийн зориулалтаар ашиглуулахаар, Б тал болох К нь тоног төхөөрөмж, бараа материалыг БНСУ-аас нийлүүлж, А болон В тал уг бараанд өөрийн үнийг нэмж худалдан ашиг олох, барааны үндсэн үнийг буцааж Б тал болох К-д шилжүүлэн хамтран ажиллахаар гэрээг байгуулсан.

Хамтран ажиллах гэрээний дагуу нийлүүлсэн барааны үнийг А, В талууд барааг худалдсан даруй буцаан төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй, шилжүүлсэн барааны үлдэгдэл үнэ 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөг байна.

Улмаар Б тал болох К нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад В тал болох А.Б- нь банкны зээл авч 58,932,070 воныг 2019 оны 04 сарын 30-ны хүртэл төлж барагдуулахаар солонгос, монгол хэлээр баталгааны бичгийг 2019 оны 02 сарын 19-ний өдөр гаргаж өгсөн. Үүнээс хойш удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан ч төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд шилжүүлсэн барааны үнэ 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг хариуцагч А.Б- болон Ж.Ц- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Б-гийн тайлбар, татгалзлын агуулга: Бид 2017 оны 03 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн бүхий бараа зарагдаагүй байх үед гэрээний А тал болох Ж.Ц- уг барааг дангаараа шөнийн цагаар хулгайлан авч явсан. Гэрээгээр тохирсон нөхцөл болох худалдсан даруй барааны үнийг буцаах нөхцөл бий болоогүй буюу гэрээний А тал болох Ж.Ц- барааг авч явсан байхад зөвхөн надаас шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Гэрээний зүйл болох сэлбэгүүд нь бодит байдалд Ж.Ц-ийн өмчлөлд шилжсэн талаарх баримтыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас эрүүгийн журмаар шалгах явцад тогтоогдож, тодорхой болсон. Гэрээний В тал болох А.Б- нь Хамтран ажиллах гэрээний хүрээнд уг сэлбэгүүдийг борлуулсны эцэст зохих ашиг хүртэх ёстой байсан ч барааг борлуулахаас өмнө Ж.Ц- өөрийн өмчлөлд шилжүулж авснаар А.Б- нь олох ёстой байсан ашиг, цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл санаагаараа хохирч үлдсэн. Иймд А.Б-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ж.Ц- хариу тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 242 дугаар зүйлийн 242.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б-гаас 78,084,993 төгрөгийг, хариуцагч Ж.Ц-ээс 78,084,993 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч БНСУ-н иргэн К-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 938,800 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Ц-ээс 469,400 төгрөг, хариуцагч А.Б-гаас 469,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч БНСУ-н иргэн К-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Ж.Ц-ийн өмгөөлөгч Л.О-ын давж заалдах гомдлын агуулга: Н.Б, К нарын хооронд л наймаа явагдаж, хоорондоо мөнгийг өгч, авалцаж байсан. Ж.Ц-ийн хувьд байраа түрээслүүлж байсан. Гэтэл нэг ч төгрөгийн түрээс төлөөгүй. Байраа барьцаанаас гаргуулж авмаар байна. Анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч А.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх нэхэмжлэгч 2018 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш өмнөх барааны үнийг авч чадаагүй үндэслэлээр дахин бараа нийлүүлээгүй гэх ба үлдэгдэл барааны үнэ 55,932,070 вон буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар 156,169,986 төгрөгийг нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзнэ гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн. Учир нь шүүх яагаад нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон. Мөн анхан шатны шүүх хэрэглэх ёстой Иргэний хуулийн хэм хэмжээг зөв сонгон хэрэглэж чадаагүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2 дахь хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн.

Энэ талаар шүүх хуралдаанд хангалттай тодорхой тайлбарлаж, тооцооллыг бүрэн гаргаж хэлсээр байхад огт анхаараагүй. Тухайн тооцоолол нь шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан. Анхан шатны шүүх дээрх хууль зүйн үндэслэлийг бүрэн, зөв тодорхойлж шийдвэрлээгүйгээс хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хохироох, түүнчлэн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих хууль бус нөхцөлийг бүрдүүлсэн байгаад гомдолтой байна.

6.2. Анхан шатны шүүх "Учир нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нийлүүлэлтийн бүртгэл гэх баримт нь хэргийн 125-130 дугаар талд авагдсан хариуцагчийн гаргаж өгсөн Хаан тээвэр компанийн хилээр оруулсан сэлбэгийн жагсаалттай таарахаас гадна хэргийн 152-159 дүгээр талд авагдсан сэлбэгийн тооллого гэх баримтад 167,855,000 төгрөгийн бараа материал байсан талаар А.Б- болон нягтлан Ж.Н нар тооллого хийн 2019 оны 01 сарын 10-ны өдөр баталгаажуулжээ үлдэгдэл нь 167,855,000 төгрөгийн бараа материал байсан талаар гэрч Ж.Н шүүхэд мэдүүлдэг гэж хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт өгсөн атлаа үүний эсрэг шийдвэр гаргасан нь шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн болохыг харуулж байна.

Мөн шүүх Уг барааг Ж.Ц- хувьдаа завшсан гэдэг үндэслэлийг хариуцагч А.Б- тайлбарласан боловч энэ нь эрүүгийн хэргээс ирсэн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл А.Б-гийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, Ж.Ц-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан прокурорын тогтоолоор Ж.Ц- ямар нэгэн байдлаар барааг авч явсан гэдэг нь харагдах боловч тухайн бараа нь хэдэн төгрөгийн өртөг бүхий бараа гэдэг нь тодорхойгүй" гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх өмнөх дүгнэлтээрээ хэргийн 152-159 дүгээр талд авагдсан сэлбэгийн тооллого гэх баримтаар 167,855,000 төгрөгийн бараа байсныг А.Б-, Ж.Н нар тооллого хийж баталгаажуулсныг тогтоосон атлаа тодорхойгүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Шүүхийн энэхүү үндэслэлгүй дүгнэлт нь А.Б-гаас өөрт нь байхгүй барааны мөнгийг гаргуулж түүнийг илтэд хохироож шийдвэрлэсэн.

6.3. Хариуцагч Ж.Ц- нь үлдэгдэл барааг авч явсан атлаа өөрийн авч явсан барааны үнийг А.Б-гаар төлүүлэх байдлаар хууль бусаар үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрээрээ бүрдүүлсэнд маш их гомдолтой байна.

6.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахар шаардах эрхтэй. Энэ талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 9.4-т Талуудын аль нэгний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцалсан тохиолдолд нөгөө тал өөрт учирсан хохирлоо гэм буруутай талаас гаргуулан авах эрхтэй гэж заажээ гэсэн заалтыг иш татаж дүгнэлт хийсэн.

Шүүх гэрээний заалтын эсрэг шийдвэр гаргасан буюу анхан шатны шүүхийн шийдвэрлэж байгаа хэсэг нь хууль болон гэрээний заалттай зөрчилдсөн агуулгаар шийдвэрээ гаргасан. Тиймээс хууль болон гэрээний тодорхой заалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэрээний энэхүү заалтаар барааг дангаараа авч явсан Ж.Ц- хариуцлагыг дангаар хариуцаж, гэрээний нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэг үүсэх юм. Нэхэмжлэгч нь буруутай талаас хохирлоо шаардах үндэслэлтэй байхад энэ талаар ялгаж, үндэслэл бүхий байдлаар хэргийг шийдвэрлэж чадаагүй.

6.5. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэсэн үндэслэлээ буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх шийдвэртээ "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнийг тэр даруй буюу 2021 оны 09 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч мэдсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Нэхэмжлэгчийг шүүхэд 2014 оны 11 сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзэв гэж шийдвэрээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн.

Шүүхийн тайлбар нь энэ талаар нэхэмжлэгч ямар баримт гаргаж өгсөн, нотлох үүргээ хэрхэн биелүүлснийг дүгнэх ёстой байсан. Шүүх энэ тухай хараат бусаар дүгнэхгүйгээр нэхэмжлэгчийн өмнөөс үндэслэлгүй, баримтгүйгээр субъектив байдлаар тайлбарласан нь хуульд нийцээгүй. Түүнчлэн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч мэдээгүй гэх боломжгүй, анхан шатны шүүхийн энэхүү тайлбар бодит байдал нийцээгүй. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол хуульд адил тэгш үйлчлэх ёстой байхад нэхэмжлэгчид давуу байдал үүсгэн хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн А.Б-гаас 78,084,993 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ

 

7. Хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хариуцагч талаас Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, 218.2-т заасан нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнөх буюу гэрээний хугацаанд тухайн үүрэг гүйцэтгэх үеийн ханшийг тооцохтой холбоотой зохицуулалт болохоос нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон нэхэмжилсэнтэй холбоогүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Б-гийн гаргасан эрүүгийн хэргийн талаарх баримт, Хаан жинс тээврийн тооцоо гэх тооллогын баримтаас харахад Ж.Ц- нь тухайн барааг авсан нь тогтоогдоогүй. Мөн эрүүгийн хэрэгт А.Б-гийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгийг харахад нэхэмжлэгчээс нийлүүлсэн 99,000,000 воны барааг хүлээн авсан, 40,000,000 воныг төлсөн, үлдэгдэл 58,000,000 төгрөгийг төлөөгүй гэж мэдүүлсэн байдаг.

Сонгинохайрхан дүүргийн, нийслэлийн прокурор, Улсын ерөнхий прокурорт тус тус гомдол гаргасны дагуу прокурор гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд ийнхүү хэвээр үлдээхдээ А.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэлгүй, хулгайлах гэмт хэргийн шинжгүй, А.Б-д хохирол учирсан нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн. А.Б-, Ж.Ц- нар хамтран ажиллах гэрээнд нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааг худалдах үүрэгтэйгээр оролцсон учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон учир тэнцүү хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хариуцагч А.Б-гаас зээл төлөлт гэх бичгийг 2019 оны 02 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид гаргаж өгсөн. 2019 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг төлнө гэсэн боловч энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй учир 2019 оны 08 сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Ц-ийг хоёр удаа Баянзүрх болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүх эрэн сурвалжилж хаяг тогтоогдон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж хэрэг шийдэгдсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хариуцагч Ж.Ц-ийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцоогүй, өмгөөлөгчөө оролцуулсан ч тайлбар, нотлох баримт гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Ж.Ц-ийн давж заалдах гомдолд хариуцагч А.Б-гийн талын гаргасан тайлбарын агуулга: Ж.Ц- нь гэрээний тал мөн, гэрээнд гарын үсэг зурсан, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө хамтын ажиллагааны зорилгыг хангах үүднээс барьцаалсан. Барааг авч явсан нь цагдаагийн байгууллагын болон иргэний хэргийн хүрээнд Ж.Ц- нь гэрээний нэг тал учраас барааг авч явах эрхтэй, тиймээс гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн атлаа иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд асуудал яригдахаар би хариуцагч биш гэж зайлсхийж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

9. Хариуцагч А.Б-гийн давж заалдах гомдолд хариуцагч Ж.Ц-ийн өмгөөлөгч тайлбаргүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн К- нь хариуцагч А.Б-, Ж.Ц- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Б- зарагдаагүй байсан барааг Ж.Ц- хулгайлан авч явсан учир байхгүй барааг надаас шаардаж байгаа нь шударга бус гэж, хариуцагч Ж.Ц- хариуцагчаа буруу тодорхойлсон, харин үл хөдлөх хөрөнгөө ашиглуулж байсан гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хариуцагч А.Б-, Ж.Ц- нараас тус бүр 78,084,993 төгрөг гаргуулан нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Kim Chang Min-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Талууд 2017 оны 03 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Б тал БНСУ-ын иргэн K нь БНСУ-аас бараа материал, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, А тал Ж.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах *** м.кв талбай бүхий газар, *** м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглуулахаар, В тал А.Б- нь Ж.Ц-тэй хамтран бараа материалыг худалдах үүргийг харилцан хүлээсэн байна.

Дээрх гэрээг талууд хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон боловч тухайн гэрээгээр хүлээсэн талуудын хүлээх эрх, үүрэг болон ерөнхий агуулгаар тухайн гэрээний харилцааг тодорхойлох тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч БНСУ-аас нийлүүлэх ба түүний нийлүүлсэн барааг хариуцагч нар хүлээн авч өөрсдийн ашгийг нэмж Монгол Улсад худалдан борлуулах, ийнхүү нэмүү үнээр худалдсан барааны үнээс нэхэмжлэгч ашиг авахгүй, гагцхүү нийлүүлсэн барааны үнийг хариуцагч нар буцаан төлөхөөр тохиролцсоныг талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч тал нь БНСУ-ын иргэн Kim Chang Min байх бөгөөт тэрээр барааны үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгөө шилжүүлж, худалдан авагч тал А.Б-, Ж.Ц- нар барааны үнийг хожим төлөхөөр гэрээний үнийг төлөх аргаа өөрсдөө тодорхойлсон гэж дүгнэхээр байна.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн барааны үнэ 58,932,070 вон буюу 156,169,986 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийлүүлэлтийн бүртгэл гэх, Хаан тээвэр компанийн хилээр оруулсан сэлбэгийн жагсаалт гэх, Сэлбэгийн тооллого гэх баримтууд, мөн гэрч Ж.Н-ийн үлдэгдэл нь 167,855,000 төгрөгийн бараа материал байсан гэсэн мэдүүлэг болон хариуцагч А.Б-гийн үйлдсэн гэх 2019 оны 02 сарын 19-ний өдрийн огноотой Зээл төлөлт гэсэн гар бичмэлээр тус тус нотлогдсоныг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Нэхэмжлэгч барааг нийлүүлснээс хойш хэдийд хариуцагч нар үнийг буцаан шилжүүлэх хугацааг гэрээгээр тохиролцоогүй байна. Харин гэрээний 3.3-т зааснаар талууд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх харилцан үүрэг хүлээжээ. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны үлдэгдэлд 2019 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар тооллого явуулж 167,855,000 төгрөгийн барааг байгааг тооцож, хариуцагч А.Б-гийн 2019 оны 02 сарын 19-ний өдөр гаргасан тодорхойлолтоор барааны үнийг төлөх хугацааг илэрхийлснээр нь тодорхойлж болох юм.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 208.2 дахь хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан бөгөөд хэрэв үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсан даруй үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхээр заажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 58,932,070 вон гэж БНСУ-ын мөнгөн тэмдэгтээр тодорхойлж, тухайн шаардлага гаргасан 2023 оны 11 сарын 24-ны өдрийн валютын ханш 2.65 төгрөгт шилжүүлэн 156,169,986 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж үүрэг үүсэх үеийн ханшаар нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргасан үүрэг үүсэх үеийн ханшийг тухайн валютын үнэ цэнээр тодорхойлон хариуцагч нараас тус бүр 78,084,993 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй. Иймд хариуцагч А.Б-гийн 2017 оны 01 сарын 01-ний өдрийн воны төгрөгтэй харьцах ханш 2.11 төгрөгөөр тооцох байсан гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан 58,932,070 воны хэмжээг 55,932,070 вон техникийн шинжтэй алдаа гаргаж буруу бичигдсэнийг тооцооллын алдаа гаргахгүйн тулд давж заалдах шатны шүүх залруулан дүгнэснийг дурдах нь зүйтэй.

 

6. Хариуцагч А.Б- уг барааг Ж.Ц- хувьдаа завшсан гэж анхан шатны шүүхэд тайлбарлаж, байхгүй барааны мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж хохироосон гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 сарын 16-ны өдрийн 586 дугаартай прокурорын тогтоолоор Ж.Ц-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тус тогтоолд гаргасан А.Б-гийн гомдолд УЕП-ын газрын 2021 оны 09 сарын 01-ны өдрийн 4/622 тоот тогтоолоор татгалзсан хариу өгчээ. Тус хоёр тогтоолоор Ж.Ц- нь өөрийн эзэмшлийн агуулахаас нэхэмжлэгчийн нийлүүлж, талуудын худалдаж үлдэгдэл сэлбэг, бараа материалыг авч явсан үйл баримтыг тогтоосон байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээнд хариуцагч А.Б-г А тал, Ж.Ц-ийг В тал гэж тодорхойлсон, гэрээний 2.1.1-д А, В талууд бараа материалыг худалдан борлуулах үүрэгтэйгээр хамтын үйл ажиллагаанд оролцоно, 4.2-т хамтын үйл ажиллагааг А, В талууд хамтран удирдаж бүрэн төлөөлнө, 6.2-т А, В талууд гэрээнд заасан үйл ажиллагаанаас бий болсон ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар тохиролцсоныг тус тус тусгажээ. Иймээс хариуцагч А.Б-, Ж.Ц- нар гэрээний үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцах үүрэгтэй. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч нарын үүргийг тодорхойлж, тэдгээрээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч нарын мөнгөн төлбөрийн үүргийг хариуцахгүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин хариуцагч А.Б-, Ж.Ц- нар нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны дээр өөрсдийн ашгийг нэмж худалдан ашгаа хуваан авахаар хамтран ажилласан байх боломжтой. Гэвч энэ талаархи хариуцагч нарын дотоод үүргийн харилцаа хэрхэн хуваарилагдсан нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй учир шүүх энэ талаар шүүх дүгнэлт хийхгүй.

 

7. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн K нь хариуцагч А.Б-, Ж.Ц- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 130,239,880 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 5064 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Тус захирамжид нэхэмжлэгчийн хариуцагч нараас шаардаж буй гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тухай үндэслэлийг заажээ.

Улмаар уг эрүүгийн журмаар шалгаж буй асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 сарын 16-ны өдрийн *** дугаартай, мөн УЕП-ын газрын 2021 оны 09 сарын 01-ний өдрийн **** дугаартай прокурорын тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч энэхүү хугацаанаас хойш 3 жилийн дотор буюу 2024 оны 09 сарын 01-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх ёстойгоос 2023 оны 11 сарын 24-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагч А.Б-гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

8. Иймд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үнийг хариуцагч нараас шаардсан байх тул шийдвэрийн тогтоох хэсгийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 242 дугаар зүйлийн 242.3, 227 дугаар зүйлийн 227.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчилнө.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 07-ны өдрийн 183/ШШ2024/02028 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 242 дугаар зүйлийн 242.3, 227 дугаар зүйлийн 227.1... гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж, ...нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Чан Мин... гэсний ард /К-/ гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч А.Б-гийн төлсөн 549,000 төгрөг, хариуцагч Ж.Ц-ийн төлсөн 548,375 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ