Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00990

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 18 өдөр

     Дугаар 142/ШШ2016/00990

           Орхон аймаг

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 6 байр 67 тоотод түр оршин суух, Боржигон овгийн Тувааны Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5 дугаар хороолол 21 дүгээр байр 22 тоотод оршин суух Хээмчиг овгийн Чогсомжавын Ойгонжаргалд холбогдох 24 610 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Даваасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагч Ч.Ойгонжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, гэрч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:             

Нэхэмжлэгч Т.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №620 тоот шийдвэрээр би Ойгонжаргалд зээлийн төлбөрт 36 900 000 төгрөгийг төлөх болсон бөгөөд энэ төлбөрт Ч.Ойгонжаргал барьцааны зүйл болох миний өмчлөлийн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн Ү-2101006430 дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р хороололын 18-р байрны 78 тоот нэг өрөө орон сууцыг ямар ч зөрүү өгөлгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж авсан. Мөн шүүхийн шийдвэр гарсны дараахан би үдээс хойш нь түүний төлбөрт 3,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн байсан энэ мөнгийг шүүхийн шийдвэрээр төлөх болсон 36,900,000 төгрөгийн төлбөрийн дүнгээс хасаж тооцох байтал хасаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад банкны баримт авчирч өгсөн боловч огт хэрэгсэн үзсэнгүй. Гэтэл Ойгонжаргал нь дээрх шийдвэрээр миний нэг өрөө орон сууцыг авчихаад 2015 оны 7-сард Баярчимэг гэдэг хүнд миний байрыг худалдсан байсныг 12 сард мэдсэн. Ойгонжаргал надад хэлэхдээ 9,10 сард байр заръя ядаж 8 хувийн зээлд хамрагдаж, таньд зөрүү мөнгийг гаргаж өгвөл зүгээр байх та боломжоороо хөнгөн засвар хийгээдэх гэж хийлгүүлчихээд засвар дөнгөж дуусангуут манай нөхөр, хүүхэд дургүйцээд байна. Таны ах дүү хамаатан биш би яахаараа таныг харж үзэх ёстой юм гэж маш муухай дайрч давшилж хаалганы голыг шууд сольж намайг хөөж гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгөөс 36 900 000 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан гэтэл Ойгонжаргал бид 2 байрны үнэлгээг 58 сая гэж шүүхийн шийдвэр дээр тохирсон ямар ч зөрүү олгоогүй. Хэрэв дээрх зөрүүг надад өгчихсөн бол ядаж, хашаа, гэр худалдаж авах, эсхүл байрны лизингийн урьдчилгаа төлбөртэй болчих байсан. Ойгонжаргалын мөнгө болохоор хүү, алданги гэж өчнөөн өсөж тооцож болдог, миний орон сууц болохоор хорооллын амбаараас дор үнэгүйдэж хохирсон. Иймээс Ойгонжаргалаас миний орон сууцыг 58 саяар тооцож үүнээс шүүх хурлын дараа төлсөн 3 сая төгрөг, засварын 350 000 төгрөг, ус ионжуулагчийн 160 000 төгрөг, байрны 36 900 000 төгрөгнийн зөрүүнд 21 100 000 төгрөг авах хүсэлтэй байгаа тул шүүхэд хандаж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Өнөөдөр Даваасүрэн миний бие нь ах дүү дэмжих хүнгүй 2 өнчин хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, 2 хүүхэддээ бөө мөргөл ярьж хуураад энэ байранд амьдарч болохгүй гэсэн байраа түрээслээд өөр байр түрээслье гэж хуурч гаргачихаад өнөөдөр гудамжинд гарч айл, айл хэсэн амьдарч сэтгэл санааны гүн хямралд орж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу сэтгэлийн их хямралтай арай гэж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Зарим үед энэ хорвоогоос явчих юмсан гэж боддог болоод байна. Арай ч 2 хүүхдээ гудамжинд гаргачихаад үхэж болмооргүй санагдаж эцсийг нь хүртэл шудрага шүүхэд хандахаас өөр надад зам үлдсэнгүй. Иймд Ойгонжаргалаас үндэслэлгүйгээр миний хөрөнгийг завшсаны хохирол болох миний өмчлөлийн, Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн  Ү-2101006430 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-р хороололын 18-р байрны 78 тоот нэг өрөө орон сууцыг бусдад худалдсан үнэ, шүүхийн шийдвэрээр Ойгонжаргалд төлөх байсан төлбөр хоёрын зөрүү болох 21,100,000 төгрөгийг, 2014 оны 06 дугаар сарын 30-нд Ойгонжаргалын дансаар төлсөн 3,000,000 төгрөг, засварын 350,000 төгрөг, ус ионжуулагчийн 160,000 төгрөгийн хамт нийт 24,610,000 төгрөгийг гаргуулж надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Ойгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Даваасүрэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд миний нэр дээр нэхэмжилсэн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Даваасүрэнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд гарсан иргэний маргаан нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг дуустал нийт 21 сар үргэлжилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуусгавар болсон. Үүнд:1. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны №620 тоот шийдвэр, 2. Иргэний хэргийн давж заалдах шатны 7-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны №87 тоот  магадлал, 3. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 сарын 13-ны өдрийн №742 дугаар тогтоолоор тус тус хянагдан шийдвэрлэгдэж сум дундын 14-р шүүхийн 620 тоот шийдвэр хэвээр үлдэж хүчин төгөлдөр болсон тул тус шүүхийн шүүгчийн 2015 оны 02 сарын 26-ны 717 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж хуулийн дагуу ажиллагаа явагдаж барьцааны үл хөдлөх хөрөнгө 2 удаагийн дуудлага худалдаагаар орж худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид шилжсэн юм. Иймд би хууль хяналтын бүх шатны байгууллагаар шийдвэрлэгдэн өөрийн нэр дээр шилжсэн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулсан. Даваасүрэн шийдвэр гүйцэтгэлийн явцад ГОК-ын 5000 гаруй ажилчид эгч нь ус ионжуулах сав гэрээ хийж шахаж байгаа маш гоё юм хийж байгаа, гэрээний мөнгө удахгүй орж ирнэ. Хоёулаа удахгүй томорноо байраа ч зарах хэрэггүй болно гэж хэлээд энэ савыг ингэж хэрэглэдэг гээд өөрийн биеэр задлан тайлбарлаад надад бэлэг шүү хэрэглээрэй гэж хэлсэн. Түүнийг би одоо болтол хэрэглээгүй хадгалаж байгаа тул буцааж өгнө” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Даваасүрэн хариуцагч Ч.Ойгонжаргалд холбогдуулан 24 610 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би Ч.Ойгонжаргалд шүүхийн шийдвэрийн дагуу 36 900 000 төгрөг төлөхөөр болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний өмчлөлийн 6-18-78 тоот 1 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлж, Ч.Ойгонжаргалын нэр дээр байрыг шилжүүлээд үнийн зөрүү надад буцааж өгөхөөр тохиролцсон.Ч.Ойгонжаргал миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 60 000 000 төгрөгөөр зарсан атлаа надад зөрүү мөнгө өгөхгүй байгаа тул би бид 2-ын тохиролцсон үнэ болох 58 000 000 төгрөгнөөс өөрийн Ч.Ойгонжаргалд төлөх ёстой 36 900 000 төгрөгийг хасаад зөрүү 21 100 000 төгрөгийг мөн шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.Ойгонжаргалд шилжүүлсэн 3 000 000 төгрөг, байранд засвар хийсэн 350 000 төгрөг, мөн ус ионжуулагчийн 160 000 төгрөг, нийт 24 610 000 төгрөгийг Ч.Ойгонжаргалаас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар 30-ны өдрийн 620 дугаар шийдвэрээр Т.Даваасүрэнгээс 36 900 000 төгрөг гаргуулж Ч.Ойгонжаргалд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлалаар 620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Даваасүрэн 620 дугаар шийдвэр, 87 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хянаад дээрхи шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 742 дугаар тогтоолыг гаргасан нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 620 дугаар шийдвэр, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 87 дугаар магадлал, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 742 дугаар тогтоолоор нотлогдсон.

Ингээд төлбөр авагч Ч.Ойгонжаргалын хүсэлтээр гүйцэтгэх хуудас бичигдэн Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байх ба төлбөр төлөгч Ч.Ойгонжаргал тухайн үед өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлэхээр санал гаргасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж талуудын тохиролцсон үнэ болох 58 000 000 төгрөгийн 70 хувь болох 40 600 000 төгрөгнөөс анхны дуудлага худалдааг 2015 оны 05 дугаар сарын 12-нд явуулахаар зарласан боловч дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг талуудын харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувь болох 2 900 000 төгрөгнөөс дуудлага худалдаанд оруулах, 2 дахь дуудлага худалдааг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр явуулахаар шийдвэрлэсэн байна.

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулахад дуудлага худалдаанд хүн бүртгүүлээгүй тул дуудлага худалдааг хүчингүйд тооцож төлбөр төлөгч Т.Даваасүрэнгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг төлбөр авагч талд санал болгох хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгч Т.Даваасүрэн, төлбөр авагч Ч.Ойгонжаргал нарыг байлцуулан ШШГТХуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагч Ч.Ойгонжаргалд төлбөр төлөгч Т.Даваасүрэнгийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг төлбөртөө тооцож авахыг санал болгосныг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн тул төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт үйлдэж талууд нийт 37 242 450 төгрөгийн төлбөрт Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг тооцож авахыг харилцан хүлээн зөвшөөрч актанд гарын үсэг зурсан, үүний дагуу Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Ойгонжаргал бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан зэрэг үйл баримт болсон нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 51/05 тоот мэдэгдэх хуудас, Ч.Ойгонжаргал, Т.Даваасүрэн нарын ШШГА-нд гаргасан үнийн санал, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албаны дуудлага худалдааны комисст санал оруулах тухай хүсэлт, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа явуулах комиссын хурлын 01, 02, 03 тоот тэмдэглэл, 2014 оны 04 дүгээр сарын 27, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрүүдийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 145109, 15-51-10 дугаартай тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай 15-51-22 тоот акт, Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 05 дугаар 31-ний өдрийн 827 дугаар лавлагаа, 000379766 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Нэхэмжлэгч Т.Даваасүрэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргаагүй тул худалдан авагч Ч.Ойгонжаргал Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгч нь болсон байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний өмчлөлийн 6-18-78 тоот орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлж, Ч.Ойгонжаргалын нэр дээр байрыг шилжүүлээд үнийн зөрүү надад буцааж өгөхөөр тохиролцсон. Ч.Ойгонжаргал миний байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 60 000 000 төгрөгөөр зарсан атлаа надад зөрүү мөнгө өгөхгүй байгаа тул би бид 2-ын тохиролцсон үнэ болох 58 000 000 төгрөгнөөс өөрийн Ч.Ойгонжаргалд төлөх ёстой 36 900 000 төгрөгийг хасаад зөрүү 21 100 000 төгрөгийг мөн шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.Ойгонжаргалд шилжүүлсэн 3 000 000 төгрөг, байранд засвар хийсэн 350 000 төгрөг, мөн ус ионжуулагчын 160 000 төгрөг, нийт 24 610 000 төгрөгийг Ч.Ойгонжаргалаас гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргаснаас шүүх 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 21 610 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь 1-рт: нэхэмжлэгчийн “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний өмчлөлийн 6-18-78 тоот орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлж, Ч.Ойгонжаргалын нэр дээр байрыг шилжүүлээд Ч.Ойгонжаргал үнийн зөрүү надад буцааж өгөхөөр тохиролцсон” гэсэн тайлбар нотлогдохгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар 6-18-78 тоот орон сууцны санал болгох доод үнийг 58 000 000 төгрөгөөр тохиролцсон асуудлаар талууд маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа.

Шийдвэр гүйцэтгэх алба хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулах үеийн доод үнийг тогтоож, хуульд заасан хугацаанд анхны болон 2 дахь дуудлага худалдааг явуулж 2 дахь дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Т.Даваасүрэнгийн үл хөдлөх хөрөнгө зарагдаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар төлбөр авагч Ч.Ойгонжаргалд санал болгоход Ч.Ойгонжаргал хүлээн зөвшөөрсөн тул 6-18-78 тоот орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлсэн дээрхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, ШШГА хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулсан байна.

2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15-51-22 тоот актаар талууд нийт 37 242 450 төгрөгийн төлбөрт Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг тооцож авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байгаа ба харин нэхэмжлэгчийн дурьдаж байгаа “...6-18-78 тоот орон сууцыг 58 000 000 төгрөгөөр үнэлж, Ч.Ойгонжаргалын нэр дээр байрыг шилжүүлээд Ч.Ойгонжаргал үнийн зөрүү надад буцааж өгөхөөр тохиролцсон” гэсэн тайлбар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг худалдсан нь хариуцагч болон гэрч Б.Баярчимэгийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ч энэ нь түүнийг Ч.Ойгонжаргалын өмчлөлийн байрыг зарж зөрүү мөнгийг нь авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй.Учир нь тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг худалдан борлуулсан, түүнчлэн Ч.Ойгонжаргал Согоот баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 78 тоот 1 өрөө орон сууцыг 58 000 000 төгрөгөөр зарж борлуулаад зөрүү мөнгийг Т.Даваасүрэнд өгөхөөр тохиролцсон тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчид хариуцагчаас түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байрны үнийн зөрүү шаардах эрх үүсэхгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч шүүхэд “...Ч.Ойгонжаргал миний байрыг 60 000 000 төгрөгөөр худалдсан, энэ нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байгаа.Гэвч би Ч.Ойгонжаргал бид 2-ын тохиролцсон үнэ болох 58 000 000 төгрөгнөөс түүнд шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 36 900 000 төгрөгийг хасаад үлдэгдэл зөрүү болох 21 100 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэж тайлбарлаж байгаа, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Ойгонжаргал, Б.Баяржаргал нар 6-18-78 тоот орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь тогтоогдож байгаа боловч орон сууцыг хэдэн төгрөгөөр зарж борлуулах нь өмчлөгчийн эрхийн асуудал бөгөөд Ч.Ойгонжаргалын өөрийн өмчлөлийн байрыг хэдэн төгрөгөөр зарсан ч энэ нь Т.Даваасүрэнд байрны үний зөрүү өгөх үүрэг үүсгэх үндэслэл болохгүй юм.

2-рт:Нэхэмжлэгч засварын зардалд зарцуулсан 350 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч тэрээр 350 000 төгрөгөөр засвар хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн.

3-рт:Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ус ионжуулагчийг хариуцагч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчид буцаан өгсөн тул дээрхи шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

4-рт:Хариуцагчаас 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Үндэслэл нь хариуцагч Ч.Ойгонжаргалын Хаан банкны 5094467627 тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийт 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаан дээр хариуцагч энэ тухайд маргаагүй.

Хариуцагч Ч.Ойгонжаргал шүүхийн шийдвэрээр авах ёстой 36 900 000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал / Т.Даваасаүрэнгийн төлөх ёстой / 342 450 төгрөг, нийт 37 242 450 төгрөгийн төлбөрт тооцон нэхэмжлэгчийн 1 өрөө байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан атлаа зохигчдын хооронд өөр ямар нэгэн үүргийн харилцаа үүсээгүй байхад төлбөр төлөгч Т.Даваасүрэнгээс дахин 3 000 000 төгрөг авсан нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байх тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.

Хариуцагч шүүх хуралдаанд “...энэ 3 000 000 төгрөгийг өөр зориулалтаар төлсөн учраас шүүхийн шийдвэрээр тогтоосон 36 900 000 төгрөгнөөс хасч тооцох үндэслэлгүй” гэж тайлбарласан боловч тэрээр зохигчдын хооронд шүүхийн шийдвэрээр тогтоосон 36 900 000 төгрөгнөөс өөр ямар үүргийн харилцаа үүссэн гэдгээ нотлоогүй.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 3 000 000 төгрөгнд тохирох 62 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ойгонжаргалаас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 610 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага 160 000 төгрөгийн үнэ бүхий ус ионжуулагчийг хариуцагч Ч.Ойгонжаргал / буцаан өгсөн / биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ч.Ойгонжаргалаас 62 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА