Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01375

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01375

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02538 дугаар шийдвэртэй

Ж.Н-ын нэхэмжлэлтэй,

Д.Б-, Ч.Г-, Г.Х- нарт холбогдох

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г.Х-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н-, хариуцагч бөгөөд хариуцагч Ч.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-, түүний өмгөөлөгч С.Т, хариуцагч Д.Б-ы өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.Н- нь 1994 онд Сүхбаатар дүүргийн *дүгээр хороо, А * дугаар гудамжны ** тоот, *** м.кв газрыг Ч.Г-той хамтран 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Тус газарт Ж.Н- нэг байшин, хоёр автомашины гарааш барьж, харин Ч.Г- нэг байшин барьж, хашааг Ч.Г- хариуцаж байсан. Ч.Г- нь 2023 оны 11 сард Ж.Н-тай утсаар ярьж газраа худалдахаар боллоо, хашааг сулла гэхэд Ж.Н- өөрийн барьсан байшин, гараашийг буулгасан бөгөөд Ч.Г- уг хашааг 180,000,000 төгрөгөөр худалдаж, уг ажлыг түүний хүү Г.Х- хариуцан худалдсан байдаг.

Ингээд Г.Х- хашаагаа зарчихлаа, та мөнгөний талаар ээжтэй яриарай гэсэн бөгөөд Г.Х-аас Ж.Н-ын хүү Ж.Э-ийн дансанд 3 удаагийн шилжүүлгээр 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ж.Н- нь Ч.Г-оос хашааны мөнгө 90,000,000 төгрөг авах ёстойгоос үлдэгдэл 25,000,000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч нараас 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д.Б-ы тайлбар, татгалзлын агуулга: Маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч нь манай нөхөр Ч.Г- байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Г-, Г.Х- нарын тайлбар, татгалзлын агуулга: Маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр зөвхөн манай аав Ч.Г- байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Х-аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгож, хариуцагч Д.Б-, Ч.Г- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Г.Х-ын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 2024 оны 05 сарын 13-ны өдрийн шүүх хурлын товыг хариуцагч Г.Х-, Ч.Г- нарт мэдэгдээгүй. Тус өдрийн 13:30 цагт Г.Х- надад шүүх хурлын товыг мэдэгдэж, шүүх хурал 13:50 цагт эхэлсэн. Шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй ба миний зүгээс нотлох баримт шаардах, гаргаж өгөх, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ч.Г-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчиж шүүх хуралдааныг явуулсан.

Мөн шүүх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа болон гэрч Д.Д, Д.М нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Тус газрыг анх хувьчлалаар Ч.Г-, Д.Б-, Г.Э, Г.Э, Г.Х- нар өмчилсөн нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогддог. 2014 онд өмчлөлөөс Д.Б-, Г.Э-, Г.Э-, Г.Х- нар хасагдаж Ч.Г- ганцаараа өмчилсөн.

Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1, 492 дугаар зүйлийн 492.1, 183 дугаар зүйлийн 183.1, 110 ддугаар зүйлийн 110.1, 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан урьдчилсан нөхцөл нь шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч байдаг. Ж.Н- нь шаардах эрхтэй эсэхийг шүүх тодруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Г.Х-ын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүх хуралдааны товыг 5-7 хоногийн дотор мэдэгдсэн. Шүүх хуралд Ч.Г- өөрөө ирдэггүй, шалтгаанаа тайлбарлаж хэлдэггүй, би өөрөө шаардах эрхтэй, гэрчүүдийн хувьд мэддэг зүйлээ ярьсан. Мөн хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Н- нь хариуцагч Д.Б-, Ч.Г-, Г.Х- нарт холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч Г.Х-, Ч.Г- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс тэдгээрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэсэн агуулгаар гаргасан хариуцагч Г.Х-ын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч Ж.Н-ын зүгээс хариуцагч Д.Б-д холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд шүүх 2023 оны 11 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Хариуцагч Д.Б-ы хүсэлтээр өмгөөлөгч Ц.М 2024 оны 02 сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

3.2. Нэхэмжлэгч талын гаргасан Г.Х-, Ч.Г- нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 6337 дугаартай захирамжаар, Ж.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт Ч.Г-, Г.Х- нарыг хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Г- өөрийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг хариуцагч Г.Х-д 2024 оны 04 сарын 01-ний өдөр олгож, хариуцагч Г.Х- нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 16-ны өдөр гардан авч, мөн өдөр эрх, үүрэгтэйгээ танилцаж, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

3.3. Шүүх 2024 оны 05 сарын 13-ны өдөр шүүх хуралдааныг явуулахаар товлон зарлаж, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийлдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн шүүхэд мэдүүлсэн утасны дугаараар дамжуулан 2024 оны 08 сарын өдөр товыг мэдэгдсэн талаар Баримт-3 гэсэн баримт үйлджээ. Тус баримтад нэхэмжлэгч тал болон хариуцагч Д.Б-ы өмгөөлөгч Ц.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч хариуцагч Г.Х-д /Г.Х- нь Ч.Г-ийг итгэмжлэлээр төлөөлж байгаа/ шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай тэмдэглэл хийгдээгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Г.Х-, Ч.Г- нар өөрсдийгөө шүүхэд төлөөлүүлэхээр өмгөөлөгч Ц.М-д итгэмжлэл олгоогүй, мөн өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. Иймээс өмгөөлөгч Ц.М-д шүүх хуралдааны тов мэдэгдэх үед тэрээр хариуцагч нар шүүх хуралдаанд оролцохгүй, би ганцаар оролцоно гэсэн нь ач холбогдолгүй бөгөөд өмгөөлөгч Ц.М-ыг хариуцагч Г.Х-, Ч.Г- нарын төлөөлөгч болон өмгөөлөгч гэж үзэхгүй тул тэрээр шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Х-, Ч.Г- нарт мэдэгдэх үүрэггүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ... гэж, мөн зүйлийн 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж тус тус заасан.

Гэвч шүүх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Х-, Г.Ч нарт мэдэгдээгүй атлаа тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 11289 дугаартай захирамжид ...талуудад хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн... гэж дүгнэн хариуцагч Г.Х-, Ч.Г- нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг хариуцагч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шүүх зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч талын гаргасан хариуцагч Ч.Г-ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтийг ямар үндэслэлээр хангахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй буюу хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Г.Х-, Ч.Г- нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болон нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан хариуцагч Г.Х-, Ч.Г- нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/02538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ