| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0417/Э |
| Дугаар | 419 |
| Огноо | 2019-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Б.Оюун-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Б.Бумчимэг,
Шүүгдэгч Б.Н/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дархан овогт Б.Н холбогдох эрүүгийн 1903003810189 дугаартай 185/2019/0417/Э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулч ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дархан овогт Б.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Ннь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цаг 50 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн урд замд Тоёота Приус маркийн 33-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Будыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нмэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Буд /хх-ийн 22-23/, гэрч Ц.Батмөнх /хх-ийн 29/, гэрч Б.Эрхэмбаяр /хх-ийн 32-33/, яллагдагч Б.Н/хх-ийн 60-62/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №4642 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн төвийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №20502 тоот дүгнэлт /хх-ийн 46-53/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15/, шүүгдэгч Б.Нямренцэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн паркийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 33-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэт ядарсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч хохирогч Цэвээнмэдийн Будыг мөргөн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц.Будын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүү бид 2 Хан-Уул дүүрэг орох гээд Хүүхдийн паркийн урд талаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт хүү бид 2 зэрэгцээд алхаад явж байтал баруун зүгээс зүүн зүгт зорчих хэсгээр явж байсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин нь замаас гарч ирээд шууд миний өөдөөс ирээд намайг замын урд талын хашаатай хамт хавсарч мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Ц.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ээж бид 2 Халдвартын эмнэлэг орчихоод гадуур явж байгаад, өдөр 13 цаг 30 минутын орчимд байх хүүхдийн паркийн урд талын замын хажуугаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун зүгт ээж бид хоёр зэрэгцээд явж байтал баруун зүгээс ирж явсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн автомашин нь гэнэт замаас гарч ирээд ээжийг барилгын төмөр хашаатай хавсарч мөргөөд зогссон. Манай ээж нөгөө барилгын хашаан дотор шидэгдээд унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Гэрч Б.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...найз Нямренцэнтэй Таван шарын Драгон дээр уулзаад гэртээ хүргүүлэхээр болоод бид хоёр 13 дугаар хороолол орох гээд Хүүхдийн паркийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн зүгт явж байсан. Би тухайн үед Нямренцэнгийн хажууд унтаад явж байтал гэнэт бөөн дуу чимээ гарсан, цочоод сэртэл Нямренцэн замын урд талын цэнхэр өнгийн барилгын төмөр хашааг мөргөөд зогссон байсан. Нямренцэн бид хоёр машинаас буугаад иртэл барилгын хашаа нурчихсан, хашаан дотор нэг эгч машины урд талд хөлөө барьчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
Яллагдагч Б.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хохирогч Ц.Будын эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Миний энэ үйлдэл нь ямар нэгэн дүрэм зөрчие гэсэн бодол байгаагүй юм. Санамсар болгоомжгүй үйлдлээс болсон юм. Би анх осол болсон өдөр хохирогчийг эмнэлэгт үзүүлж шинжилгээ болон мөн хохирогч хагалгаанд орсон гэх бүх төлбөрт 1.465.245 төгрөгийг би өөрөөс гаргаж өгсөн. Мөн бид харилцан тохиролцож нэмж 4.000.000 төгрөгийг бэлэн гаргаж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №4642 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-ийн 41/,
Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн төвийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №20502 тоот дүгнэлтэд:
...Тоёота маркийн Приус-20 загварын 33-07 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл -урд буфер хагарч унасан, баруун урд талын их гэрлийн тогтоогч сэнжнүүд бүгд хугарч, кузовны их гэрэл байрлах нүүрний хэсэг мотор тал руугаа чихэгдсэн учир их гэрэл салсан, капот баруун зүүн хэсгээр хонхойж тахийж их хэмжээгээр эвдэрсэн, урд салхины шил баруун доод хэсгээр бяцарч, цацарч хагарсан зэрэг гэмтлүүдтэй, эдгээр нь ослын үед үүссэн бөгөөд ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэлгүй байна... Шинжээч Ө.Мөнхнаст, М.Баттөмөр, Н.Мөнх-Очир гэсэн дүгнэлт /хх-ийн 46-53/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг, эрхэлж байгаа ажил үүргийн онцлогийн хувьд шөнө харуулд гараад буугаад явж байхдаа хэт ядарсан үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсон нөхцөл байдал тус тус нөлөөлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ц.Буд нь “...Жолооч Нямренцэн нь миний эмчилгээний зардалд 1.465.245 төгрөг бэлэн гаргаж өгсөн, мөн бид хоорондоо тохиролцож 4.000.000 төгрөг бэлэн гаргаж өгсөн. Бид хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн...” гэсэн хүсэлт /хх-ийн 86/ гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Н торгуулийн ял оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Б.Н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ннь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч Ц. Будын хувьд цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар хохирол төлбөр шүүгдэгчээс нэхэмжлэхээр бол нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй болно.