Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2024/00045

 

  ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00275 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

Хариуцагч *******өд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 13,468,941 төгрөг гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

******* овогтой ******* нь 2019 оны 08 сарын 10-наас 2022 оны 12 сарын 31-н хүртэлх хугацаанд 22,822,410-н төгрөгний шатахуун, ******* масло, бэлэн мөнгөний зээл авсны үлдэгдэл 13,468,941 төгрөгний зээлээ одоо болтол төлөхгүй ******* ******* ХХК-г хохироож байна. Иймд *******өөс үлдэгдэл зээл болох 13,468,941 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Бид 2 тооцоо нийлээд 4,077,120 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би урьд өр шир төлбөрөө бэлэн өгч байсан. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй.

Нотариатын хувьд бид 2 тооцоо нийлсний үндсэн дээр гэрчлүүлсэн. Нотариатч нь манай сумын Засаг дарга. Бид 2 өрөөнд нь ороод тооцоо нийлсэн, удахгүй өгнө, болж байна гээд гар бариад гарсан. Өөр өр тооцоо байхгүй. Төлсөн гэх мөнгөнүүдийг би дандаа бэлнээр өгдөг байсан. Ийм асуудалд орно гэдэг эрсдэл тооцоогүй. Би тухайн үед данс ашигладаггүй байсан. Сүүлд ашигладаг болсон гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00275 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-т заасныг баримтлан хариуцагч *******гийн ******* /РД:************/-өөс 4,077,120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,391,821 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 68,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй ******* холбогдох ...13.468.941 төгрөг гаргуулах..., тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын шүүх хуралдааны мэтгэлцээний явцад маргасан асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл зөвхөн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай тооцооны үлдэгдлийг хийхдээ бараа, эд материалын үнэ болон эд материалын нэр, ширхэгийн хэмжээг дурдаагүй ба талуудын хооронд зөвхөн барааны төрлийн асуудлаар тохиролцоо хийж үлдэгдлийг тодорхой хугацаанд тооцсон болно.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь тооцооны үлдэгдлийг хийхдээ зарим баримтыг оруулаагүй байсан ба сүүлд тооцоо нийлснээс хойш зарлагын баримтууд гарч ирснийг хариуцагчаас нэхэхэд зөвхөн тооцооны үлдэгдлийн хэмжээнд төлнө гэсэн учраас шүүхэд баримтуудаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл шүүх тухайн баримтуудыг үнэлээгүй ба нотолж чадаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчид өгсөн барааны зарлагын баримтуудын нэг бүрчлэн өгсөн ба хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн баримтуудыг миний гарын үсэг биш гэж маргасан боловч шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлтээр 1 зарлагын баримтаас бусад баримт нь мөн гэж гарсан байна.

Хариуцагч нь тухайн зарлагын баримтуудыг өөрийнх гарын үсэг биш гэж байгаа нь авсан барааны үнийг бүрэн төлөхгүй байх санааг илэрхийлж байна гэж үзэж байна.

2.Хариуцагчийн зүгээс тооцооны үлдэгдлийг хийхдээ үнийн зөрүү гараагүй гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан өгсөн баримтыг няцааж тухайн зээлээ бүрэн төлсөн баримтуудаа гаргаж өгөх эрхтэй боломжтой байхад энэ талаар нэг ч баримт гаргаж өгөөгүйг шүүх анхаарч үзээгүй байна.

3.Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтууд тамга тэмдэггүй, хариуцагч өөрөө аваагүй, гарын үсэг биш гэж шинжээч томилуулан маргаж байгаа нь тооцооны үлдэгдлийн баталгаа нь нэхэмжлэгчийн дурдсанчлан үндэслэлтэй гараагүй гэдгийг нотолж байгаа юм.

Анхан шатны шүүх нь дээрх асуудлуудыг тодруулалгүйгээр зөвхөн тооцооны үлдэгдлийн баталгааны хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрээр олгосон 4.077.120 төгрөг дээр нэмж 6.391.821 төгрөгийг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэж гомдлын агуулгыг тодруулж байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхэд ирсэн нэхэмжлэлийн шаардлага, түүнд цугларсан нотлох баримтыг үндэслэж хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаж шийдвэр гарсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Зээл гэх 3,000,000 төгрөгийг өөр хүний данснаас шилжигдсэн байна. Энэ бол төлөгдчихсөн мөнгө, хэрэг дотор *******ийн эхнэр *******гийн данснаас 2,500,000 төгрөг дараа нь 500,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн баримт хэргийн материал дотор авагдчихсан байгаа.

Шүүх 9,391,821 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд 3,000,000 төгрөг нь ороод явж байгаа. Үлдэгдэл 4,077,120 төгрөг баталгаа нийлсэн тооцооны баталгаагаар төлөхөөр гарсан байдаг. Үүнд юу гэж тооцоолсон гэхээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтийг нэг бүрчлэн нийлж үзээд 4,077,120 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ингэж баталгаа гаргасан. Энэ нь нотариатаар гэрчлэгдсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас гаргаад байгаа тооцооны хуудасны 23 дугаар хүснэгтэд 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6,198,000 төгрөг, түүний доор байгаа 215,000 төгрөгийг нэмээд уг хүнээс гаргуулж авна гэсэн тайлбарыг өгөөд байдаг. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тооцоонд орчихсон. Ороод авсан, өгснөө бүгдийг тооцож ийм үлдэгдэл гарсан гэж нийлсэн байгаа юм.

Нэхэмжлэгч шүүхэд *******ийн дүү ******* гэх хүн төлөх ёстой гэсэн зүйлийг яриад байдаг. Хэрвээ ******* гэх хүнийг төлөх ёстой гэж үзэж байгаа бол тэр хүндээ холбогдуулж тэр нэхэмжлэлийн шаардлагаа тусад нь гаргаад явах боломж нь өөрт нь байгаа. Анхан шатны шүүх бодит байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн талаас нь үнэн бодитойгоор нь дүгнэлт өгсөн. Тийм учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******өд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 10,468,941 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 3,000,000 төгрөг нийт 10,468,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, худалдах худалдах авах гэрээний үүрэгт талуудын хооронд тооцоо нийлсэн актын хэмжээнд хүлээн зөвшөөрнө гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах худалдан авах гэрээний үүрэг 4,077,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9,391,821 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ.

4. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй талаар маргажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлтэй холбоотойгоор хариуцагч *******өд шатахуун *******лох материал нийлүүлж байсан гэсэн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн 1 ширхэг, 2020 оны 05 сарын 04-ний өдрийн 1 ширхэг, 2021 оны 06 сарын 27-ны өдрийн 2 ширхэг, 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 1 ширхэг, 2021 оны 08 сарын 13, 17, 20-ны өдрийн 3 ширхэг, 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 1 ширхэг, 2021 оны 12 сарын 02, 13, 14, 25, 31-ний өдрийн 5 ширхэг зарлагын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооны баримт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ба тус зарлагын баримтууд нь тооцооны үлдэгдлийн баталгаанд ороогүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

5. Дээрх зарлагын баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчээс тодорхой үнийн дүн бүхий шатах *******лох материалыг худалдан авч байсан гэдгийг нотолж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар талуудын 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилтийг нэг бүрчлэн нийлэх үед хариуцагчийн хүсэлтээр оруулан тооцоогүй гэж байгаа боловч энэхүү байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас *******ийн дүү ******* нь мөн адил шатах *******лох материал худалдан авсан, бүтээгдэхүүний үнэ 6,413,000 төгрөгийн үлдэгдлийн тооцоо хийх үед ******* нь дүүгээ төлнө гээд тооцоонд оруулаагүй талаар тайлбарладаг боловч энэхүү байдал нь баримтаар нотлогдоогүй.

Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид шатахуун шатах *******лох материал нийлүүлсэн тухай тооцооны баримтыг зарлагын баримтын хамт шүүхэд ирүүлсэн боловч энэ нь зохигчдын хооронд тооцоо нийлэхээс өмнө авч байсан бүтээгдэхүүний баримт байх бөгөөд тухайн баримтууд нь тооцоо нийлсэн актад ороогүй талаар баримт ирүүлээгүй тул зөвхөн нэхэмжлэгчээс ирүүлсэн зарлагын баримтаар хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй учраас нэхэмжлэгчийн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00275 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,220 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Я.ТУУЛ

Г.ДАВААРЕНЧИН

 

Bottom of Form