Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан уул багт оршин суух, Паалан вгийн Рагчаагийн Долгорсүрэнгийн /регистрийн дугаар ИЗ66052106/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1983 оноос 1991 онд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригдадад мал маллаж байсан. 1991 онд Хөдөө аж ахуйн хувьчлагдаж одоо тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан үеийн Архивын баримт болон бусад материал олдохгүй байгаа тул намайг 1983-1991 оны хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригдадад мал маллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Долгорсүрэн нь 1983-1991 оны хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригдадад мал маллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Завхан аймгийн Архивыг тасгийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/813 дугаартай лавлагаанд: “Р.Долгорсүрэн нь 1983-1991 онд Их-Уул сумын Жаргалант нэгдэлийн Зарт бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахаар хүссэний дагуу архивын баримтыг шүүж үзэхэд Зарт бригадын гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р дансанд эцэг Рагчаагийн нэрээр тусгагдсан хөлсийг он тус бүрээр жагсаавал

1984 онд 2631,90 1-12 сар Хуу №140

1985 онд 2609.68 1-12 сар Хуу №138

1988 онд 2955,59 1-12 сар хуу №36

Жич: Зарт бригадын 1983, 1986-1987, 1989, 1991 оны баримтуудад холбогдох баримт олдохгүй байна” гэжээ.

 2. Рагчаа овогтой Догорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр дээрх 1983 оноос 1990 оны хооронд авч байсан цалин хөлсний жагсаалт.

3. Гэрч Дамба овогтой Баасанжав шүүхэд гаргасан тодорхойлолтдоо: “Рагчаа овогтой Долгорсүрэн нь Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригадад 1983 оноос 1990 он хүртэл саальчинаар ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов” гэжээ.

4. Гэрч Цэрэндорж овогтой Баттогтох шүүхэд гаргасан тодорхойлолтдоо: “ Рагчаа овогтой Долгорсүрэн нь Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригадад 1983 оноос 1990 он хүртэл саальчинаар ажиллаж байсан. Би Р.Долгорсүрэнтэй хамт нэг бригадад ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлж байна” гэжээ.

5. Дамба овогтой Баасанжав шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 1974 онд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригадад саальчин хийж байсан. Тэнд 1989 онд хүртэл ажилласан байх. Би 1984 оноос 1988 он хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригадад сүүний тэрэг барьдаг байсан. Улирлын чанартай ажилладаг байсан. Аав ээжтэй нь хамт нэг дор нутагладаг байсан болохоор тэнд ажиллаж байсныг нь сайн мэдэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Р.Долгорсүрэн нь 1983-1990 оны хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригдадад мал маллаж, саальчинаар ажиллаж байсан болох нь Рагчаа овогтой Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр дээрх 1983 оноос 1990 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд авч байсан цалин хөлсний жагсаалт, гэрч Д.Баасанжав, Ц.Баттогтох нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Завхан аймгийн Их-Уул сумын Зарт бригдадад 1991 он хүртэл ажилласан гэдгээ тогтоолгох хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан баримтаар түүний 1991 онд Зарт бригдадад ажиллаж байсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрхи хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Паалан овгийн Рагчаагийн Долгорсүрэнг 1983-1990 оныг дуустал Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Зарт бригдадад саальчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1991 онтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Долгосүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.ҮҮРИЙНТУЯА