| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01026/И |
| Дугаар | 00995 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 00995
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1964 онд төрсөн, 52 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Баян-Өндөрийн 3 дугаар гудамжны 39 тоотод оршин суух, Шарнууд овгийн Монхорын Норовванжилын /регистрийн дугаар РП62122615/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Норовванжил, гэрч Б.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Норовванжил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1984 оны 06 дугаар сараас 1985 оны 06 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Атар тэжээлийн бригдад МХЗЭвлэлийн илгээлтээр гарч нормчин хийж байгаад 1985 оны 06 дугаар сард цэргийн албанд явж, ардын армийн 016 дугаар ангид 3 жилийн алба хаагаад 1988 оны 06 дугаар сард халагдаж ирээд 1988 оны 08 дугаар сард Цагаан-Уул сумын НААүйлчилгээний төвийн уурын зууханд машинистаар орж ажиллаад 1988 оны 11 дүгээр сард тус сумын Ахуйн үйлчилгээний төвд няраваар ажилд орсон. 1991 онд тус ахуйн үйлчилгээний төв хувьчлалаар татан буугдсан учир няравын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. 1991 оноос 1999 он хүртэл Цагаан-Уул суманд мал маллаж байгаад 2000 онд Орхон аймагт шилжиж ирсэн. Миний Хөдөлмөрийн дэвтэр 1984 онд ажилд орсоныг 1986 оноос дэвтэрт бичилт хийсэн. Хөдөлмөрийн дэвтэр нээсэн он сар 1989 оны 5 сар гэсэн зөрчилтэй болсон учир хөдөлмөрийн дэвтэрээ солиулж, архивын лавлагаа авахаар нутгийн иргэн Дашжамц гэдэг хүнээр 2015 оны 03 сард Цагаан-Уул сум руу явуулсан. Энэ хүн таны хөдөлмөрийн дэвтэрийг өөрийн бичиг баримтын хамт гээчихээд олохгүй байна гэсэн. Ингээд 2015 оны 10 сард би өөрөө Цагаан-Уул суманд очиж архивын лавлагаа авсан. Иймд миний 1984-1985 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Атар тэжээлийн бригдад нормчноор, 1988-1991 онд Цагаан-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд нярав, машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Норовванжил нь 1984 оны 06 сараас 1985 оны 06 сар хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Атар тэжээлийн бригдад нормчноор, 1988 оны 08 дугаар сараас 1991 он дуустал Цагаан-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд нярав, машинистаар ажиллаж ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засан даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/262 дугаартай албан бичигт: “Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Бадрал” нэгдэлд 1984-1985 онуудад илгээлтээр гарч Атар тэжээлийн цэгт нормчоор, 1988-1991 онуудад Ахуйн үйлчилгээний төвд няраваар ажиллаж байсан Монхорын Норовванжилын цалин хөлсний тухай архивын материал үзэхэд доорхи байдалтай хөлс бичигдсэнийг гэрчлэн тодорхойлов” гэжээ.
2.Сурийн ахлагч Монхорын Норовванжилын малын хөдөлгөөний бүртгэл.
3. Ахуйн үйлчилгээний төвийн нярав М.Норовванжилын цалингийн тооцооны бүртгэл
4. Гэрч Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:” Би 1984 онд 5 дугаар ангид сурч байсан.Миний бага нас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Атар тэжээлийн бригадад өнгөрсөн учраас би энэ хүний талаар сайн мэднэ. М.Норованжил ах намайг 5 дугаар ангид байхад хэсэг хүмүүсийн хамт Атар тэжээлийн бригадад ирж ажиллаж байсан.Би өөрөө сүүлд 1988-1991 оны хооронд Атар тэжээлийн бригадад нормчноор ажиллаж байсан. М.Норованжил ах 1988-1991 онуудад Ахуйн үйлчилгээний төвд няраваар ажилласан.Нэг суманд амьдарч байсан болохоор би энэ хүний талаар сайн мэднэ” гэжээ.
Нэхэмжлэгч М.Норованжил нь 1984 оны 06 сараас 1985 оны 06 сар хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Атар тэжээлийн бригдад нормчноор, 1988 оны 08 дугаар сараас 1991 он дуустал Цагаан-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд нярав, машинистаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засан даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3/262 дугаартай албан бичиг, малын хөдөлгөөний бүртгэл, цалингийн тооцооны бүртгэл, гэрч Б.Баярсайхан нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Баярсайханыг гэрчээр асуусан ба гэрч Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Атар тэжээлийн бригдад нормчноор 1988-1991 оны хооронд ажиллаж байсан нь гэрчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шарнууд овгийн Монхорын Норовванжилыг 1984 оны 06 сараас 1985 оны 06 сар хүртэл Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Атар тэжээлийн бригдад нормчноор, 1988 оны 08 дугаар сараас 1991 он дуустал Цагаан-Уул сумын ахуйн үйлчилгээний төвд нярав, машинистаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Норовванжилыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА