Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, хохирогч С.Одончимэг, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ, гэрч Ц.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжийнхан овогт Цолмонгийн Сансарт холбогдох “1811023610208” дугаартай, 186/2019/0266/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын  сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 41-16 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжийнхан овогт Цолмонгийн Сансар /РД:ДЛ83041210/,

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ц.С нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Одончимэгээс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 35.210.000 /гучин таван сая хоёр зуун арван мянган/ төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 47.210.000 /дөчин долоон сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг валют болгон БНХАУ-руу  шилжүүлнэ гэж залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.          

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирогчтой хохиролын талаар эвлэрлийн гэрээ байгуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.  

1.2.Хохирогч С.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Ц.Ст 47.210.000 төгрөгийг Хаан банкнаас зээл авч өгсөн. Надад тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан. Би зээлсэн мөнгөнийхөө банкны хүүг төлж байгаа. Ц.Стай эвлэрлийн гэрээ хийсэн. 1 жил 5 сарын хугацаанд үлдэгдэл 20.000.000 төгрөгийг өгнө гэж тохиролцсон. Ц.Саас миний үлдэгдэл мөнгийг өгөөрэй гэж л хэлмээр байна. Би 10 адуу, 3 тэмээг 10.000.000 төгрөгөнд тооцож авсан, өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Уламбаяр мэдүүлэхдээ:..Манай ах гэрийнхээ бүх зүйлийг л авч явдаг, 2018 оны 8 сард намайг хөдөөнөөс ирэхэд л өр ширэнд орсон тухайгаа хэлсэн. Бид нартай хамт амьдардаг. Эхээсээ зургуулаа л даа гэсэн мэдүүлэг гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Одончимэгийн:.. Хүмүүс хувиараа БНХАУ-руу мөнгө шилжүүлдэггүй. Сансар шилжүүлдэг гэж хэлээд одоогоос 2 жилийн өмнө анх холбогдож байсан. Түүнээс хойш тогтмол Сансараар БНХАУ-руу мөнгө шилжүүлүүлдэг байсан. Би ч өөрийнхөө дансаар мөнгийг шилжүүлж болох боловч банкаар мөнгө шилжүүлэхээр 5 хоног хүлээдэг, харин Сансараар мөнгө шилжүүлүүлэхээр өдөртөө гүйлгээ нь хийгдчихдэг байсан.  Сансар дансаараа мөнгийг аваад цаашаа БНХАУ-руу шилжүүлчихдэг байсан. Яг ямар журмаар шилжүүлдэг байсныг мэдэхгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бэлэн 12 сая төгрөг ороод ирэхээр нь мөнгөө хаячихаж магадгүй гэж бодоод Сансарлуу яриад дансруу нь шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 35.210.000 төгрөгийг Сансарын дансруу мөн Хүчит Шонхор захын хажууд байдаг Хаан банкны Экспрэсс банкаар шилжүүлсэн, 3 удаагийн гүйлгээгээр 47.210.000  төгрөг шилжүүлсэн байдаг гэх мэдүүлэг. /хх-н 9-11/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Уламбаярын:.. Ц.С нь 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын  Сайн уст гэдэг газар Цолмонгийн том хүү болон төрсөн, дороо 3 эмэгтэй 2 эрэгтэй дүүтэй,  бага насандаа 4 дүгээр анги хүртлээ Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын сургуульд сурч байгаад өвөөгөө дагаад мал маллана гээд сургуулиас гарсан гэдэг юм байна лээ.  Ах маань багаасаа мал маллаж хөдөө өвөө дээр өссөн, даруй төлөв зантай, хичээнгүй шаргуу зантай, ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, архи дарс огт хэрэглэдэггүй хүн байгаа. Шатар, Го даам тоглодог, улсын болон олон улсын чанартай том том тэмцээнүүдэд оролцож байнга байр эзэлж байсан. Ял шийтгэл эдлэж байгаагүй. Эхнэр хүүхэдгүй, хэдэн дүү нараа сургууль соёл сургаж бүгдийг  нь дээд боловсролтой болгож өгсөн, ах ар гэрээ авч явдаг. Шатар Го даамаараа хэд хэдэн шавьтай. Ах бид нарыг өдий зэрэгтэй авч явж, олон улсын тэмцээн, улсын чанартай тэмцээн уралдаанд байнга байр эзлэж, нэр хүндээ байнга өндөрт өргөж явдаг болохоороо бахархадаг. Би гэрийнхэндээ энэ талаар хэлж ярилцаад Одончимэг гэх хүнийг өрийг барагдуулах талаас нь арга хэмжээ авах болно гэх мэдүүлэг. /хх-н 123/,  

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтаст хэргээс:..5 дугаар хуудас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, 17-22 дугаар хуудас үзлэг хийсэн тэмдэглэл, 23-24 дүгээр хуудас яллагдагч Ц.Сын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцдага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 34 дүгээр хуудас, 36-37 дугаар хуудас Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29/9265 дугаартай алан бичиг, хохирогч С.Одончимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 40-42 дугаар хуудас Хаан банкны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29/8605 дугаартай алан бичиг, яллагдагч Ц.Сын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 45-52 дугаар хуудас Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5/6290 дугаартай албан бичиг, яллагдагч Ц.Сын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 125 дугаар хуудас дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, 9-11 дүгээр хуудас хохирогч С.Одончимэгийн мэдүүлэг, 115-116 дугаар хуудас яллагдагч Ц.Сын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:.. 5 дугаар хуудас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, 17-22 дугаар хуудас үзлэг хийсэн тэмдэглэл, 34 дүгээр хуудас, 36-37 дугаар хуудас Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 29/9265 дугаартай алан бичиг, хохирогч С.Одончимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 40-42 дугаар хуудас Хаан банкны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 29/8605 дугаартай алан бичиг, яллагдагч Ц.Сын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 45-52 дугаар хуудас Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 5/6290 дугаартай албан бичиг, яллагдагч Ц.Сын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 125 дугаар хуудас дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, 9-11 дүгээр хуудас хохирогч С.Одончимэгийн мэдүүлэг, 115-116 дугаар хуудас яллагдагч Ц.Сын мэдүүлэг, 123 дугаар хуудас гэрч Ц.Уламбаярын мэдүүлэг, 15 дугаар хуудас Ц.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүхэд гарган өгсөн өөрийн хүсэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:..14-16 дугаар хуудас Ц.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг, 24 дүгээр хуудас ял шалгах хуудас, 115-116 дугаар хуудас яллагдагч Ц.Сын мэдүүлэг, 123 дугаар хуудас гэрч Ц.Уламбаярын мэдүүлэг, 128-144 дүгээр хуудас хувийн байдалтай холбоотой баримтууд, шинээр гарган өгсөн Хаан банкны гүйлгээний утга, газар шилжүүлсэн баримт хохирогч, шүүгдэгч нарын эвлэрлийн гэрээ зэрэг 4 хуудас баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, банкны хуулга, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд эрүүгийн хуулийн тусгай ангид  заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан үйл баримт болсон байна.

 Шүүгдэгч Ц.С нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргий  11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Одончимэгээс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 35.210.000 /гучин таван сая хоёр зуун арван мянган/ төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 47.210.000 /дөчин долоон сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг валют болгон БНХАУ-руу  шилжүүлнэ гэж залилж авсан гэмт хэрэг  үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Чингэлтэй дүүргийн Прокуророос Ц.Ст гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.С нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Одончимэгээс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 35.210.000 /гучин таван сая хоёр зуун арван мянган/ төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 47.210.000 /дөчин долоон сая хоёр зуун арван мянган/ төгрөгийг валют болгон БНХАУ-руу  шилжүүлнэ гэж залилж авсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. 

Шүүх хуралдаанд оролцсон Улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хөнгөн гэмт хэрэг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө зарим хэсгийг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзаад тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Харин хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс үлдсэн хохиролоо тохиролцсон хугацаандаа төлүүлж авах, хорих шаардлага байхгүй, гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Сансарт хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч С.Одончимэгт шүүгдэгч Ц.С нь Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо амны хашаа бага наран 40-1б тоот амины хашаагаа 10.000.000 /арван сая/ төгрөгөөр үнэлж нийт 47.210.000 төгрөгнөөс хасч тооцон хохирогч С.Одончимэг, шүүгдэгч Ц.С нар нь харилцан тохирч наториатоор гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн.

Шүүгдэгч Ц.Сыг 10.000.000 /арван сая/ төгрөг, 7.210.000 төгрөгнийг хохирогч С.Одончимгийн дансаар шилжүүлсэн, хохирогч С.Одончимэгт нийт 17.210.000 төгрөгний хохирол барагдуулсан, үлдэгдэл хохиролоос 2019 оны 11 сард 10 000 000 төгрөгт 10 адуу, 3 тэмээг тооцуулж авахаар, үлдсэн хохирол 20 000 000 төгрөгийг энэ гэрээ хийсэн өдрөөс хойш 1 жил 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ял оногдуулахгүйгээр тэнссэн дээр нэмж хэрэглэх боломжтой тул гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Ц.Ст хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Саас 30.000.000 /гучин сая/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд зааснаар гаргуулж хохирогч С.Одончимэгт олгохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                          

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжийнхан овогт Цолмонгийн Сансарыг бусдын эд хөрөнгийн залилсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Ц.Ст хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Ст“ эвлэрлийн гэрээнд 2019 оны 11 сард 10 000 000 төгрөгт 10 адуу, 3 тэмээг тооцуулж авахаар, үлдсэн хохирол 20 000 000 төгрөгийг энэ гэрээ хийсэн өдрөөс хойш 1 жил 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон”  заасан хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, хохирогч С.Одончимэгт төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ст мэдэгдсүгэй.

         5.Шүүгдэгч Ц.С нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ