Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00996

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 33-03 тоотод оршин суух, Боржигон овгийн Чойжхүүгийн Эрдэнэбатын /регистрийн дугаар ФВ65021515/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох, мөн хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Эрдэнэбат нь 1981 онд 8 дугаар анги төгсөөд Төв аймгийн Угтаалын ТМС-д элсэн суралцаад  1983 онд Улаантолгойн САА-д илгээлтээр ирсэн. 1984-1987 онд цэрэгт явсан. 1987-1989 он хүртэл САА-д ажилласан. 1989 оны 10 сараас эхлэн Улаантолгойн САА-н нефть хангамжийн газарт 2012 он хүртэл тасралтгүй ажиллаад тэтгэрвэрт гарах болсон. Тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн дэвтэрийн овог нэр бичихдээ баллаж бичсэн, мөн хөдөлмөрийн дэвтэрийн 10-11 дүгээр хуудсанд тушаалуудыг нэг балаар бичсэн гэж байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү, мөн намайг 051084 тоот хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1989 оноос 1995 он хүртэл Эрдэнэт хотын нефть хангамжийн баазад насосчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Чойжхүүгийн Эрдэнэбатын 051084 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: “Эрдэнэт хот дахь Нефть хангамжийн газрын даргын 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар тушаалаар вагон стакатын нансосчноор авч ажиллуулав, Эрдэнэт хот дахь Нефть хангамжийн газрын даргын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 43 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын багц хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж, хөдөлмөрийн дэвтэрийн бичилтийг дуусгавар болгож, нийгмийн даатгалын дэвтэр олгов, улсад 10 жил 3 сар 17 хоног ажилласаныг баталгаажуулав”  гэжээ.

2. Улаан толгойн Сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай тушаалд: “...Төв аймгийн Угтаал дахь ХАА-н ТМС төгсөж хуваарилагдаж ирсэн Чойжхүүгийн Эрдэнэбатыг 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тэжээлийн 2-р бригадад тракторчинаар томилов” гэжээ

 3. Улаан толгойн Сангийн аж ахуйн даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай тушаалд: “Цэргийн албанд явах хавсралтанд заагдсан нэр бүхий 23 хүнийг 06 дугаар сарын 26-аас эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

Хавсралтын 9 дүгээр багананд 2-р бригадын тракторчин Ч.Эрдэнэбат “гэжээ.

4. Улаан толгойн Сангийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 195 дугаартай тушаалд: “БНМАУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн үндэслэн 1988 оны ээлжийн амралтаа 10, 11 дүгээр саруудад амрах хүмүүсийн нэрсийн хавсралтаар баталсугай.

Тус тушаалын хавсралтын 33 дугаар багананд Ч.Эрдэнэбат тракторчин” гэжээ.

5. Улаан толгойн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 08  дугаар сарын 10-ны өдрийн 199 дугаартай тушаалд: Цэргээс халагдаж ирсэн Ч.Эрдэнэбат, Д.Хүрэлчулуун, Г.Хүрэлбаатар нарыг 08 дугаар сарын 11-ний өдрөөс тракторчинаар, үтрэмийн ажилчин Ж.Чулууныг 08 дугаар сарын 01-ний өдрөөс үтрэмд слесариар тус тус томилон ажиллуулсугай....” гэжээ

6. Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай тушаалд: “......Жаргалант хорооны иргэн Лусан овогтой Уртнасан, Чулуун овогтой Жаргалсайхан, Чойжхүү овогтой Эрдэнэбат нарыг вагон стакатын буулгагч мэргэжлээр Улаанбаатар хот дахь Нефть хангамжийн төв баазад 15 хоног дагалдан суралцуулахаар томилов” гэжээ.

7. Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай 1995 оны орон тоо, цалин, ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалд: “Ажилтнуудын хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан 1995 оны 1-р улиралд ажиллах орон тоо, хөдөлмөрийн хөлс, шагналт цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.....Тус тушаалын хавсралтын 45-р багананд Ч.Эрдэнэбат агуулахын насосчин хөдөлмөрийн гэрээний гүйцэтгэлийн хувь 94 хувь, олгох цалингийн интервал 4, олгох цалин 14.000, шагнал хувь 20” гэжээ.

8. Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай ажиллагсадын орон тоо, сарын тарифт цалин, шагналын түр журмыг батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 49 дүгээр багананд Ч.Эрдэнэбат Агуулахын насосчин сарын цалин 137.000 төгрөг гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Эрдэнэбат нь 1989 оны 10 дугаар сарын 05-наас 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Эрдэнэт хотын нефть хангамжийн баазад насосчинаар ажиллаж байсан нь Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай тушаал, Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар тушаал, Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 123 дугаартай тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатыг 051084 тоот хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь 051084 тоот хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн төрсөн оныг 1965 он гэсэн байх ба нэхэмжлэгч 1965 онд төрсөн нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэнд бичигдсэн бичилттэй тохирч байна.

2-рт: Нэхэмжлэгч Чойжхүүгийн Эрдэнэбатад олгосон 051084 тоот хөдөлмөрийн дэвтэрт түүнийг Улаантолгойн сангийн аж ахуйн даргын 1983 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр тушаалаар Төв аймгийн Угтаал дахь ХАА-н ТМС төгсөж ирсэн тул хадлангийн 2 дугаар бригадад тракторчиноор авч ажиллуулав, Улаантолгойн сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр тушаалаар цэргээс халагдаж ирсэн Ч.Эрдэнэбатыг 08 дугаар сарын 11-нээс тракторчинаар томилон ажиллуулсугай, Эрдэнэт Нефть хангамжийн баазын даргын 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаар тушаалд Чойжхүү овогтой Эрдэнэбат нарыг вагон стакатын буулгагч мэргэжлээр 10 дугаар сарын 05-наас эхлэн Улаанбаатар хот дахь нефть хангамжийн баазад 15 хоног дагалдан суралцуулахаар томилон явуулсугай гэж тус тус дурьдсан нь хэрэгт авагдсан 99, 72, 199, 37 тоот тушаалд бичигдсэн бичилтүүдтэй тохирч байх тул Чойжхүүгийн Эрдэнэбатыг 051084 тоот хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигч мөн гэж үзэх үндэстэй.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Чойжхүүгийн Эрдэнэбатыг 1983 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 051084 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, мөн 1989 оны 10 дугаар сарын 05-наас 1995 оны 01 дүгээр сарын 01 хүртэл Эрдэнэт хотын нефть хангамжийн баазад насосчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ч.Эрдэнэбатын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.ҮҮРИЙНТУЯА