| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0281/э |
| Дугаар | 339 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Байгалмаа, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуацай овогт Цэрэнжавын Батхуягт холбогдох “1811027470247” дугаартай, 186/2019/0281/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын сарын 30-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, буриад, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Хошуу 22 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, Хуацай овогт Цэрэнжавын Батхуяг /РД:ЖВ91122316/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Mongolian Grill нэртэй хоолны газарт насанд хүрээгүй хохирогч Б.Аригуны Самсунг галакси эс 7 загварын гар утсыг утсаар яриад өгнө гэж хуурч, залилан авч 250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Надад Б.Аригуны гар утсыг залилж авах санаа байгаагүй. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас болж ийм хэрэг гарахад нөлөөлсөн байх. Насанд хүрээгүй хохирогчоосоо уучлалт хүсч байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, хохиролоо төлж барагдуулсан гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Аригуны:.. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Батхуяг ах яриад өнөөдөр ахынх нь цалин бууж магадгүй, хоолонд оруулнаа гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ байхад 19 цаг өнгөрч байх үед Батхуяг утсаар ярьж завтай байна уу, талбай дээр хүрээд ирээ гэхээр нь завтай байна ах гээд Сүхбаатарын талбай дээр уулзсан. Ард кинотеатрын баруун урд талд байдаг хоолны газар орж надад хоол авч өгөөд Батхуяг өөрөө пиво авч уусан. Батхуяг пиво ууж байх явцад гар утсаа өгч бай хүнтэй ярья гэхээр нь нэгж байхгүй гэсэн. Батхуяг ах би ундаа уунаа, надад ундаа аваад ир гээд намайг ундаанд явуулж, миний гар утсыг хүнтэй ярина гээд гар утас авч үлдээд ундаа аваад хоолны газарт байж бай би хүн тосчихоод ирье гээд Мөнгөн завъяагийн автобусны буулал руу явсан. Би дэлгүүрээс ундаа аваад буцаад хоолны газарт орж хүлээгээд 1 цаг гаран суухад ирээгүй. Би хоолны газрын үйлчлэгч эгчийн гар утсаар өөрийн 80942838 дугаарлуу залгахад утсаа авахгүй байгаад нэг удаа авахдаа тоссон хүнтэй хэрэлдээд маргалдаад байж байна, ах нь удахгүй очно гэж хэлсэн. Тэгээд байж байгаад дахиж залгахад утас маань холбогдохгүй байсан гэх мэдүүлэг. /хх-н 13-14/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Батжавын:.. Ц.Б нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. Дээрээ 3 ах, 2 эгчтэй, доороо нэг дүүтэй хүн. Дорнод аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд сурч 8 дугаар анги төгсөөд Дорнод аймгийн Барилгын коллежид суралцсан. Түүнээс хойш Барилга дээр хувиараа ажиллаж байсан. Хөдөө мал маллаж байсан. Дорнод аймгийн Баян-Уул суманд ээжийн хамт байдаг байсан. 2018 оны намар Улаанбаатар хотод орж ирж Барилга дээр ажилласан. Тэгээд барилга зогсохоор хөдөө явсан. Хөдөөнөөс 2019 оны 02 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод ирсэн гэсэн. Урд нь манай дүү ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй зан байдлын хувьд төлөв даруу, дуу цөөтэй хүн, хэрэг хийхээр хүүхэд биш. ямар шалтгааны улмаас гэмт хэрэг хийсэн болохыг мэдэхгүй байна. Архи хааяа уудаг гэсэн сүүлийн үед арай их уугаад байх шиг сураг сонсогдоод байгаа. Хохирлын мөнгөнөөс боломжтой хэлбэрээр нь барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-н 16/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Буд-Эрдэнэпүрэвийн:.. Манай "Наму Дэвжиг" ХХК нь Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанкй барилгыг барьж байгаа.
2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 19 цаг 45 минутын орчимд манай / компаний харуулчин Рагчаа утсаар ярьж Цахилгаан түгээх сүлжээний компан/ хашаанд хүн орж ирээд төмөр авч гарч байхад нь барьж авлаа гэж хэлсэн. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. Би гэрээсээ гараад ажил дээр очиход төмөр хулгайлсан хүнийг цагдаа нар аваад явсан байна. Рагчаа нь 2 шивлер төмөрийг хашаа давуулсан байхаар нь барьж аваад буцааж хашаанд оруулсан гэж хэлсэн. Би барилгын нэг давхарт байсан барилгын шевеллер төмрийг шалгаж үзэхэд 11 ширхэг шевеллер төмрөөс нэг ширхэг шевеллер төмөр байхгүй байсан. Ажлын өдөр ирээд няравтай хамт юу алдагдсан талаар шалгаж үзэхэд 20 см-ийн хэмжээтэй тайрагдсан нийт 120.000 төгрөгний турбаанууд, нэг ширхэг усны тэрэг байхгүй байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Турбануудыг 120.000 орчим төгрөг, усны тэргийн 2 жилийн өмиө 40 000 төгрөгөөр авч байсан одоо 30 000 төгрөгөөр үнэлж байна. Нэг ширхэг шевеллер төмөрийгрийг 30.000-40.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг. /хх-н 53/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..13-14 дүгээр хуудас насанд хүрээгүй хохирогч Б.Аригуны мэдүүлэг, 19-20 дугаар хуудас яллагдагч Ц.Бын мэдүүлэг, 21 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:..33 дугаар хуудас Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, 31 дүгээр хуудас яд шалгах хуудас, 21 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 16 дугаар хуудас гэрч Батжавын мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, насанд хүрээгүй хохирогч Б.Аригуны Самсунг галакси эс 7 загварын гар утсыг утсаар яриад өгнө гэж хуурч залилж, 250 000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Mongolian Grill нэртэй хоолны газарт насанд хүрээгүй хохирогч Б.Аригуны Самсунг галакси эс 7 загварын гар утсыг утсаар яриад өгнө гэж хуурч, залилан авч 250.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн болон шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.
Чингэлтэй дүүргийн Прокуророос Ц.Бт гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд зүйлчлэн ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Mongolian Grill нэртэй хоолны газарт насанд хүрээгүй хохирогч Б.Аригуны Самсунг галакси эс 7 загварын гар утсыг утсаар яриад өгнө гэж хуурч, залилан авч 250.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Бт хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэх боломжтой энэ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хуацай овогт Цэрэнжавын Батхуягийг бусдын эд хөрөнгийн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Бт сануулсугай.
4.Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ