Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 00999

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 20 өдөр

    Дугаар 142/ШШ2016/00999

                             Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1954 онд төрсөн, 62 настай, эмэгтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 47а дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Идэр овгийн Цогбадрахын Самандгадийгийн /регистрийн дугаар ФМ58071117/ хүсэлттэй тушаалын жинхэнэ эзэмштгчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Самандгадий, гэрч Д.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Самандгадий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 13 дугаар цэцэрлэгт 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тогоочоор ажилд орсон.Гэтэл ажилд авах тушаалд миний овгийг Цогт-Очир гэж буруу бичсэн тул Цогбадрахын Самандгадий болох намайг 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Самандгадий нь 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Монгол Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэр ОСНААУГ-ын харъяа 5, 10, 13-р цэцэрлэгийн тогоочоор ажиллаж байсан Цогбадрах овогтой Самандгадийгийн /бүртгэлийн дугаар 61454/ 1990-1994 онд авч байсан цалингийн лавлагаа.

2.Цогбадрах овогтой Самандгадийгийн 284929 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: “1992 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тэтгэвэрт гарах болсон тул Эрдэнэт үйлдвэрийн 13-р цэцэрлэгийн тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, Эрдэнэт хотын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсийн мэдэлд шилжүүлэв” гэжээ.

3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төрөлжсөн архивын Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 211 дугаартай албан бичигт. “Монгол Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06-к дугаар тушаалд  Цогт-Очирын Самандгадийг 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-р цэцэрлэгийн тогоочоор авч ажиллуулсугай” гэжээ.

4. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төрөлжсөн архивын Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаартай албан бичигт: ...”Тодорхой мэргэжилгүй Цогбадрахын Самандгадийг 1981 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс Засвар ашиглалтын цехийн 5 дугаар цэцэрлэгт туслах тогоочоор авч ажиллуулсугай” гэжээ.

Монгол Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хувьчлагдаагүй орон сууцны цехийн даргын 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр тушаалд 10 дугаар цэцэрлэгийн гал тогооны ажилтан Ц.Самандгадийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ.

5. Цогбадрах овогтой Самандгадийгийн 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нээлгэсэн 078538 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт: 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ОСНААУГ-ын 13 дугаар цэцэрлэгт тогоочоор, 1997 оны 05 дугаар сарын 07-ны өдрөө 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ОСНААУГ-ын 13 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллуулав” гэжээ.

Нэхэмжлэгчид эрх олгож буй өөрөөр хэлбэл түүнийг 13 дугаар цэцэрлэгт тогоочоор ажилд авсан тухай 06 дугаартай тушаалд бичигдсэн нэхэмжлэгчийн овог нь түүний иргэний үнэмлэхэнд бичигдсэн овогтой тохирохгүй байгаагаас түүнийг 06 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоох нь шүүхийн харъяаллын асуудал мөн юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Цогбадрахын Самандгадийг 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэлээ. Үндэслэл нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөлжсөн архивын 234 дугаартай цалингийн лавлагаагаар Ц.Самандгадийгийн овог нь Цогбадрах байгаа бөгөөд лавлагаанд нэхэмжлэгчийн таблийн дугаар 61454 гэж дурьдагдсан.байна.

Харин 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай тушаалд Цогт-Очирын Самангадийгийн таблийн дугаарыг 61454 гэж дурьдсан байх ба ажилтаны таблийн дугаар давхардаж олгогдох боломжгүй учир 61454 дугаартай таблийн дугаар эзэмшигчийг Цогбадрахын Самандгадийг мөн гэж үзэх үндэслэл болсон.

Түүнчлэн нэхэмжлэгч Самандгадийгийн овог нь Цогбадрах болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар, тэрээр 13 дугаар цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан болох нь гэрч Д.Баасанжавын мэдүүлэг, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбараар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Баасанжавыг гэрчээр асуусан ба гэрч нэхэмжлэгчтэй 10 болон 13 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан нь гэрчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар нотлогдож байх тул гэрчийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.Самандгадийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Идэр овгийн Цогбадрахын Самандгадийг 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай. / тушаалын 4 дүгээр заалт /

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Самандгадийгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.ҮҮРИЙНТУЯА