Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2023/05242/И |
Дугаар | 210/МА2024/01212 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01212
Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01365 дугаар шийдвэртэй,
Г******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
А******* ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг гаргуулах үндсэн, нэмэлт ажлын хөлс 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Г******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр гар утасны аппликэйшн хөгжүүлэх, захиалагчид эцсийн байдлаар захиалагчийн баталгаажсан бүртгэлээр арр store-д байрлуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тус гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилж гүйцэтгэгч тал захиалгын дагуу хавсралтад дурдсан шаардлагуудыг хангасан гар утасны аппликэйшн хөгжүүлж хийх ёстой байсан.
Гэрээний 2.2-т заасны дагуу нэхэмжлэгч тал 2021 оны 12 дугаар сарын 23-нд 12,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-нд 9,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-нд 3,500,000 төгрөгийг тус тус А******* ХХК-ийн данс руу шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн акт үйлдээгүй ч төлбөрийг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд ажлын гүйцэтгэлийн өмнөх байдал, ажлын явц, гүйцэтгэл бүрэн хийж гүйцэтгэсний дараах байдлыг фото зургаар албажуулан хүлээлцэх акт хавсаргана, гэрээт ажлын үр дүнг эцэслэн хүлээлцэх акт үйлдэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч акт үйлдээгүй.
Гэрээний 3.1.10-т зааснаар гүйцэтгэгч тал гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй бол төлбөрийг бүрэн буцааж өгөх үүрэгтэй. Хүснэгтэлсэн ажлуудын хөгжүүлэлтийг хийгээд амжилттай болгох маркетингийн ажлуудыг хийх байсан ч дутуу хийсэн. Имэйлд мэдэгдэл ирэхгүй, зураг дарсан өдрийг оруулах хэсэг, дараа нь татаж авах боломжтой байх хэсэг, зураг тайлбар зөвлөгөө хэсэг, санал болгоход зориулж доорхыг бүртгэх хэсэг, төлбөртэй зөвлөгөө болон сургалтад ашиглах хэсгүүд байхгүй. Хана босгоод зураг тавиад орхичихсон, ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнд хүрээгүй. Гэрээт ажлын үр дүнг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй, хэзээ хийж дуусгаж өгөх нь тодорхойгүй байсан тул 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээг цуцлах тухай саналыг хариуцагч тал руу явуулсан, хариуцагч тал саналыг хүлээн авсан. Гэрээт ажлын үр дүн нь хангалтгүй, дутуу, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул Иргэний хуулийн 225.1, 205.1-т заасны дагуу төлсөн 24,500,000 төгрөгийг хариуцагч талаас буцаан гаргуулахаар нэхэмжилсэн.
Гэрээний 4.1-д талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасны дагуу А******* ХХК нь гэрээт ажлыг 2022 оны 03 дугаар сарын 20-ны дотор бүрэн хийж дуусган хүлээлгэж өгөх ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 12,250,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд хариуцагчаас гэрээний төлбөрт шилжүүлсэн 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хоёр тал ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу хариуцагч талаас 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажил хүлээлцэх акт хийгээд 9 бүлэг 26 ажлыг 81 хувьтай буюу 14+7=21 ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн хоёр талын хэлцэл тохиролцоогоор гэрээнд заагдаагүй нэмэлтээр 6 бүлэг, 11 ажлыг нэмэлт төлбөртэйгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гүйцэтгэгч талаас хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн. Захиалагч талын хүсэлтээр төлбөртэйгээр нэмэлтээр хийсэн ажлуудын төлбөрийг гүйцэтгэгч тал урьдчилан гаргаж, захиалагч талд хүлээлгэн өгч төлбөрөө авахаар 2 тал тохиролцож, манай тал бүтээгдэхүүн гаргаж хүлээлгэн өгсөн.
2022 оны 12 дугаар сар хүртэл ажлаа хийгээд компаниудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч талаас хугацаандаа төлбөрөө өгөөгүй, ажилчид нь цалин аваагүйн улмаас явсан. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр албан бичгийн дагуу акт явуулсан. Байнгын ажиллагаатай байлгах, цаашаа хөгжүүлээд аваад явах нь нэхэмжлэгчийн үүрэг. Бид ажлаа хүлээлгэн өгч хоёр талаас баталгаажуулсан. Хоёр тал хоорондоо зөвшөлцөөд үнийн дүн багатайгаар энэ ажлыг хийхээр тохиролцоод үйл ажиллагаагаа явуулсан. Аппыг хийгээд цаашаа маркетинг, менежментийн тал дээр хамтран ажиллаад хөгжүүлээд орлого олоод явахаар тохиролцсон. Зургуудыг гаргахын тулд апп өөрөө ажиллаж байх ёстой, ажиллаж байсан гэдгийг зураг нотлоно. Оюуны өмчийн газарт аппаа бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн нь апп бэлэн болсон нь харагддаг.
Бид ажлаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгээд өгсөн байхад алдангийг 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт үнийхээ 50 хувьд оруулаад бодсон байна. Хүлээж авсан ажил 80 гаруй хувьтай байсан. Гэтэл 50 хувийн алданги шаардах үндэслэлгүй. Гэрээнд заагдаагүй нэмэлтээр хийсэн ажлууд гээд гарын үсэг зурчихаад одоо гэрээний дагуу хийгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Аппыг хөгжүүлээд явах нь нэхэмжлэгчийн үүрэг, кодоо авчихсан, бүх юм нээлттэй. Хариуцагч гэрээний заалт дээрх ажлуудыг хийсэн. Цогц гэдэг ажил гэрээнд заагдаж байж цогц болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Гэрээнд заагдаагүй нэмэлтээр гар утасны аппын функциональ шаардлагууд ном болгон хэвлүүлэх тэмплэйт, дизайн, чухал өдрүүд сэтгэгдэл үлдээх, шууд ном дизайнаар хийгдэх боломжтой болгох, төлбөрийн модуль купон, жилийн төлбөр, хэрэглэгчийн хаягийн мэдээлэл, асран хамгаалагчийн эрхийн тохиргоо, утасны дугаар баталгаажуулах, мессеж үйлчилгээ, имэйл үйлчилгээ, фэйсбүүк нэвтрэх зэрэг ажлууд хийгдсэн.
Гэрээт ажил хугацаандаа багтахгүй байсан шалтгаан нь олон талтай. Тухайлбал, гэрээний 1.4-т заасан нөхцөл, мөн санхүүжилт хугацаандаа ороогүй, дутуу, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаа зөвшөөрөлтэй холбоотой, захиалагч талын хүсэлтээр нэмэлтээр олон төлбөртэй ажлууд хийгдсэн тус ажлын төлбөр нийт 20,000,000 төгрөг болсныг захиалагч тал төлөөгүй. Иймд нэмэлтээр хийсэн ажилд 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г******* ХХК-аас гэрээт ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, хэрэв хүлээлгэж өгөхгүй бол гэрээг цуцалж өгсөн мөнгөө буцааж нэхэмжлэх талаар албан бичиг явуулсан. Үүний дараа акт үйлдсэн. Акт үйлдэхдээ гэрээнд дурдаагүй нэмэлт ажил гэж бичсэн байсан. Хэрэв нэмэлт ажил 20,000,000 төгрөгөөр хийсэн бол ажлын жагсаалтыг гаргаж өгөхдөө нэхэмжлэгч талаас нэхэмжлэх боломжтой байсан, гэтэл тухайн үед ямар нэгэн байдлаар шаардаж байгаагүй.
Мөн хариуцагч тал нэмэлтээр хийсэн гэх ажлыг 20,000,000 төгрөг гэж үзсэн нь үндэслэлгүй. Нэмэлт ажлын үнэлгээг талууд тохиролцоогүй, хариуцагч тал өөрийн үзэмжээр дангаар үнэлгээ гаргаж шүүхэд нэхэмжлэл өгсний дараа төлбөрийг буцааж өгөхгүй байх зорилгоор сөрөг нэхэмжлэлийг гаргасан гэж үзэхээр байна. Талуудын хооронд үйлдсэн ажил хүлээлцэх акт нь гэрээт ажлын гүйцэтгэл болох ажлын үр дүнг хүлээж авсан гэсэн үг биш бөгөөд гэрээний хавсралтад дурдсан ажлуудын явцыг нотлох зорилгоор ажлын жагсаалтуудыг гаргасан үйл баримтаар энэ ажил хийгдсэн гэдгийг нотлох бөгөөд гэрээт ажлыг дуусгаж ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн гэсэн үг огт биш юм.
Гэрээнд заасан ажлуудыг чеклээд ажил хүлээлцэх акт хийсэн. Хариуцагч тал хийсэн ажлуудаа хоорондоо ярилцъя гээд баримт үйлдсэн. Энэ ажил нь хангалтгүй, дутуу буюу ашиглах боломжгүй байсан. Нэмэлтээр хийсэн ажлыг 20,000,000 төгрөгөөр үнэлж байна гээд өөр компанийн үнийн саналыг гаргаж өгсөн нь ямар ч ач холбогдолгүй, урьд нь ярилцаагүй зүйл. Төлбөр нэхэмжилж байгаа бол албан бичгээр баталгаажсан, хоорондоо тохиролцсон байх ёстой. Бусад компаниудын үнэ тарифын мэдээллийг аваад тавьчихсан, тэр тарифаар нэхэмжилнэ гэж байгаа нь үндэслэлгүй. Апп ажиллагаагүй байсан нь үзлэгээр тогтоогдсон. Хариуцагч тал ажиллагаатай гэж байгаа боловч хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй CD дээр хийсэн бичлэг аваад ирсэн. Энэ нь шууд нотлох баримт болж чадахгүй. 30,000,000 төгрөг бага үнэлгээ биш, ажлаа хурдан гүйцэтгэх сонирхолтой байсан учраас хариуцагчтай тохирсон. Код өгсөн гээд байгаа, тэр кодоо буцаагаад авахад асуудал байхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч А******* ХХК-аас 24,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 12,500,000 төгрөг гаргуулах шаардлага, нэмэлт ажлын төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,450 төгрөг, 210,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 280,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч талын нэхэмжлэлийг хүчингүй болгож талуудын хооронд хийсэн гэрээний үнийн дүнгийн хэрэгжсэн дүн буюу 24,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Хариуцагч тал гэрээний үндсэн шаардлагаас өөр бусад нэмэлт ажлуудыг өөрсдийн нөөц бололцоог ашиглан хийж гүйцэтгэн, ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч гарын үсэг, байгууллагын тамгаар баталгаажуулсан.
Үүнийг шүүхийн шийдвэрт хүчин төгөлдөр гэж авч үзээгүй, бидний өгсөн сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдол тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаагүй хэсэгт гомдол гаргаж байна уу эсхүл хариуцагч талаас 24,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч ажил хүлээлцэх актаар энэхүү компани юу хийж байсан талаар нотлох баримт болохоос ажлын үр дүнг хүлээж авсан талаарх баримт биш. Гэрээнд ажлын эцсийн үр дүнг хүлээж авах актыг гэрээний 5.1.2-т зохицуулсан буюу ажлын гүйцэтгэлийг бүрэн хийж гүйцэтгэсний дараа фото зураг болон бусад баримтуудын хамт CD-нд буулгаж, хүлээлцэнэ гэж заасан. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Ажил хүлээлцэх акт 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой асуудлаар талууд маргадаг. Явцын үр дүнд нэмэлт ажил хийсэн талаараа бичсэн байгаа боловч тухайн үед ямар ч мөнгө нэхэмжлээгүй байсан. Харин манай байгууллагыг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 20,000,000 төгрөгийн ажил хийсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс өмнө нэмэлт ажлын төлбөрийг 20,000,000 төгрөгөөр тооцно гэсэн гэрээнд тусгаагүй бөгөөд үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г******* ХХК нь хариуцагч А******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 24,500,000 төгрөг, алданги 12,250,000 төгрөг, нийт 36,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс ажлын хөлс 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх1, 30, 32, 37, 75, 88/
3. Г******* ХХК болон А******* ХХК-ийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч А******* ХХК нь B******* нэртэй шаардлага хангасан гар утасны аппликэйшний хөгжүүлэлтийг хийж, цахим орчинд буюу App Store (apple), Play Store (android)-уудад байрлуулж ажиллуулж ашиглах шаардлагыг бүрэн хангасан байдлаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэн өгөх, захиалагч Г******* ХХК нь гэрээт ажлын хөлс 30,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх3-6/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлээгүй, талууд тус гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Түүнчлэн, хариуцагчийн гүйцэтгэсэн гэх ажлын хөлсний хэмжээг талууд гэрээгээр тодорхой тохиролцоогүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
4.1. Хэргийн 11-13 дахь талд авагдсан баримтаар Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нь хариуцагч компанийн Хаан банк ХХК дахь ******* тоот дансанд гэрээний төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 9,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 3,500,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн 71-73 дахь талд авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, анхан шатны шүүх хариуцагч А******* ХХК-ийг B******* нэртэй гар утасны аппликэйшнийг хөгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэн, эцсийн байдлаар захиалагч Г******* ХХК-ийн баталгаажсан бүртгэлээр App Store (apple), Play Store (android)-уудад байрлуулах шаардлагыг бүрэн хангасан байдлаар хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх71-73, 44-61, 88-140, 180-184/ Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.10-т гүйцэтгэгч тал ажлыг бүрэн гүйцэт гүйцэтгээгүй тохиолдолд үл маргах журмаар тухайн ажлын гүйцэтгэсэн ажил, материал болон гэрээний дүнг бүтнээр эргүүлэн төлөх үүрэгтэй гэж тусгасан байна. /хх 3-5/ Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид хандан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох B******* нэртэй гар утасны аппликэйшнийг хөгжүүлэх ажлын доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээт ажлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 24,500,000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
4.4. Түүнчлэн, анхан шатны шүүх талууд гэрээний дуусах хугацааг тодорхой тохирсон гэж үзэхээргүй байна гэж дүгнэн, алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Учир нь, хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэх гэж тусгасан байх боловч мөн тус заалтад тухайн хугацаа нь мобайл аппликэйшныг App Store (apple), Play Store (android)-уудад байрлуулахад тэдгээрийн шаардлагыг бүрэн хангах хүртэл буцаагдаж болзошгүй, энэ нь гүйцэтгэгчээс бүрэн шалтгаалахгүй тул өөрчлөгдөж болно гэж тусгасан байна.
Иймд хариуцагч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг үндэслэн алданги шаардах эрхгүй байна
5. Хариуцагч А******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй нэмэлтээр 6 бүлэг, 11 ажлыг нэмэлт төлбөртэйгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гүйцэтгэгч талаас хийж гүйцэтгэн нэхэмжлэгч талд ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн үндэслэлээр нэмэлт ажлын хөлс нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.
Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэлт ажлын талаар зохицуулаагүй байх ба хариуцагч нь нэмэлт ажлын хөлсийг нэхэмжлэгч талаас шаардаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Түүнчлэн, тухайн нэмэлт ажлын хөлс болон бусад асуудлын талаар бичгээр байгуулсан гэрээнд тусгаагүй байх тул хариуцагчаас хэрэгт хавсаргасан ижил төстэй ажлын үнэлгээг тусгасан баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг тодорхойлох боломжгүй юм.
Хэргийн 71-73 дахь талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр огноолсон Ажил хүлээлцэх акт-д гэрээнд заагдаагүй нэмэлтээр хийгдсэн ажлууд гэсэн хэсэгт ном болгон хэвлүүлэх хэсэгт тэмплэйт, дизайн, чухал өдрүүд хэсэгт сэтгэгдэл үлдээх, шууд номын дизайнаар хийгдэх боломжтой, төлбөрийн модуль хэсэгт coupon, жилийн төлбөр, хэрэглэгчийн хаягийн мэдээлэл, асран хамгаалагчийн эрхийн тохиргоо, утасны дугаарыг баталгаажуулах, мессеж үйлчилгээ, имэйл үйлчилгээ, фэйсбүүк нэвтрэх гэсэн ажлуудыг жагсаан бичиж, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх тэмдэглэгээ хийгдсэн боловч тухайн ажлын хөлсийг талууд 20,000,000 төгрөг болох талаар тохиролцсон буюу нэхэмжлэгч тухайн ажлыг хүлээн авснаар 20,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
6. Дээрхээс гадна, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дараах хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан байгааг хасч, алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлахаар нэмсэн өөрчлөлтийг оруулав.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01365 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Э.ЗОЛЗАЯА