Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.П-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1916001250057 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт Б-н Пүрэвжав.

Шүүгдэгч Б.П-н 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Л-н баруун гарын бугуйнд байсан бөөрөнхий хэлбэрийн зураастай мөнгөн бугуйвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх”  гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.П-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр кайф караокед байж байхад Н эгч тэр согтуу эмэгтэйг гаргаад унаанд суулгаад өг гэсэн юм. Би тэр эмэгтэйг дагуулж гараад бугуйнд нь байсан бугуйвчийг нь авсан юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... Гоё харагдаад авсан юм ... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “... “Амтат зоог”-ын дэргэдэх караоке руу Г ах бид хоёр ороод 2 шил пиво хувааж уусан. Тэнд байж байтал зөөгч эмэгтэйтэй хамт байсан өндөр шар царайтай залуу ирээд таныг таксинд суулгаад өгөх үү? та согтсон байна гэхээр нь хамт гараад дээшээ явж байгаад амбаарын завсраар оруулаад миний баруун гарын бугуйнд байсан мөнгөн бугуйвчийг тайлж авахад би бугуйвч авчихлаа гээд хувцаснаас нь барихад намайг түлхэж унагаасан. Миний ард Г ах явж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ12-13/,

Хохирогч Д.Л-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “... намайг бол түлхэж унагаагаагүй. Харин миний бугуйвчийг авчихаад аваагүй гээд байхаар нь би хувцаснаас нь барьж авах гэж байгаад өөрөө унасан юм. Өмнө өгсөн мэдүүлэгтээ буруу ярьсан байна...” гэсэн мэдүүлэг /ХХ14-15/,

Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Бармен эмэгтэйтэй хамт байсан залуу Л-г аваад гарахаар нь хамт араас нь дагаж гарахад баруун тийш Л-г тэвэрчихсэн явж байсан ба араас нь дагаж явахад тэр хоёр хойшоо хашааны өнцөг дээр очиход Л миний мөнгөн бугуйвч өгөөдөх гээд орилохоор би очиход нөгөө залуу би аваагүй гээд зогсож байсан ... Д.Л-н гарт бугуйвч байхыг харсан ... ” гэсэн мэдүүлэг /ХХ18/,

Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтад өгсөн “... Кайф караокены баруун талд явж байхад зах дээр суудаг Д.Л согтуу хажууд нь мөн зах дээр суудаг Г нар байсан. Яасан талаар асуухад Д.Л миний бугуйвчийг 1 хүн авчихлаа гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ22/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-7/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ25/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П-н 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Л-н баруун гарын бугуйнд байсан бөөрөнхий хэлбэрийн зураастай мөнгөн бугуйвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж  үзсэн болно.

Шүүгдэгч Б.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн метал бугуйвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Л-т буцаан олгож,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8 хуудас материалыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч О овогт Б-н П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.П-т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.П-т сануулсугай. 

5. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн метал бугуйвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Л-т буцаан олгож,  шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 8 хуудас материалыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА