Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2023/02596/И |
Дугаар | 210/МА2024/01213 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2024/01213
М******* ХХК, Б.Б******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/01150 дугаар шийдвэртэй,
М******* ХХК, Б.Б******* нарын нэхэмжлэлтэй,
С******* ХХК, Н.А******* нарт холбогдох
Гэм хорын хохиролд 6,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.А*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нараас хамтран гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.2. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт С******* ХХК-ийн өмчлөлийн ******* улсын дугаартай автобусны жолооч Н.А******* албан үүргээ гүйцэтгэж явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан.
1.3. Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн А ХХК үнэлгээний компани ******* улсын дугаартай Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийж 9,935,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон.
1.4. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1-т заасны дагуу ажил олгогч тал С******* ХХК-аас хохирлын үнэлгээ болох 9,655,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эзэмшигчийн данс руу шилжүүлсэн. Эзэмшигч автомашиныг засуулахаар засварын газруудад хандсан боловч засварлах боломжгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр МЧ авто засвар эмчилгээ гэх газарт сэлбэгт 3,000,000 төгрөгөөр зарж борлуулсан.
1.5. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн олговорт С******* ХХК-аас 9,655,000 төгрөг, засварлах боломжгүй болсон автомашиныг сэлбэгт зарж борлуулсан 3,000,000 төгрөг, нийт 12,655,000 төгрөгийг хамтран нэхэмжлэгчийн автомашиныг худалдан авахдаа урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг болон М******* ХХК-аас авсан 13,300,000 төгрөгийн зээл, ирээдүйд төлөх ёстой зээлийн хүүгээс хасаж тооцон 10,865,137 төгрөгийн бодит хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын нөхөн олговорт С******* ХХК-аас 9,655,000 төгрөг, засварлах боломжгүй болсон автомашиныг сэлбэгт зарж борлуулсан 3,000,000 төгрөг, нийт 12,655,000 төгрөгийг автомашины үнэ болох 19,300,000 төгрөгөөс хасаж тооцоход 6,645,000 төгрөгийн бодит хохирол хамтран нэхэмжлэгчид учирсан.
Үндсэн нэхэмжлэгч М******* ХХК-ийн хувьд бусдын гэм буруутай үйлдлийн улмаас устаж үгүй болсон өөрийн өмчлөлийн автомашиныг зээлдэгчээс буцаан шаардах фидуцийн гэрээний дагуу барьцаа хөрөнгийг хураах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх зөрчигдөж байна.
Иймд эд хөрөнгийн хохиролд учирсан 6,645,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б.Б*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт С*******" ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай автобусны жолооч Н.А******* албан үүргээ гүйцэтгэж явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас мөргөж, автомашинд хохирол учруулсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан нь А******* ХХК-ийг шинжээчээр томилж, ******* улсын дугаартай Приус 30 маркийн автомашинд үнэлгээ хийж 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тухайн автомашинд хийх шаардлагатай засвар, үйлчилгээний зардал буюу нийт хохирлын үнэлгээ 9,935,000 төгрөг болсон.
Нэхэмжлэгч Б.Б******* нь уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн, тэрээр дахин шинжээч томилох, дахин үнэлгээ хийлгүүлэх гомдол, санал гаргаагүй. Ийнхүү хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хохирлын үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгээс үнэлгээний 280,000 төгрөгийг хасч 9,655,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б*******гийн данс руу шилжүүлж, талуудын хооронд төлбөр тооцоо дууссан.
Б.Б******* нь нэхэмжлэлд дурдсанаар хохирлын үнэлгээ гарсан өдөр өөрийн санаачилгаар автомашинаа МЧ авто засвар эмчилгээ гэх газарт 3,000,000 төгрөгөөр зарж борлуулсан талаар хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд хохирлын үнэлгээгээр гарсан 9,655,000 төгрөгийг хүлээн авснаар дахин бидэнтэй холбогдоогүй.
Бид эрх бүхий байгууллагын тогтоосон үнийн дүнгээр нийт хохирлыг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б******* өөрийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах, түүний улмаас учирсан хохирол, олох ашиг нь бидэнд хамааралгүй.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу манай компанид жолоочоор ажилладаг Н.А*******ий гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учруулсан хохирол болох А******* ХХК-ийн тогтоосон үнийн дүнг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн нь нэхэмжлэгчид учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн ба үнэлгээнд талуудын хэн аль нь маргаагүй атлаа өнөөдөр автомашины үнийг бүхэлд нь төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагчийн учруулсан хохиролтой шалтгаант холбоогүй төлбөр Б.Б*******гийн автомашины урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөг, хамтран нэхэмжлэгч М******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хариу төлбөрийн үүрэг буюу хүүгийн үлдэгдэл 4,865,137 зэргийг нэхэмжилж байгаа нь хуульд заасан гэм хорыг арилгах журамд нийцэхгүй.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.А*******гийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нарын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан эд хөрөнгөд учруулсан хохиролд 10,865,137 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие тухайн үед "С******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу нэхэмжлэгчид учруулсан хохирол 9,655,000 төгрөгийг ажил олгогч болох С*******" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан. Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу ажил олгогч нь гэм буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй.
Иймд ажил олгогч С******* ХХК-аас нэхэмжлэгч нарын хохирлыг төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д тус тус зааснаар хариуцагч Монгол овогт Наваанцэрэнгийн А******* /РД:РХ67121311/-ээс 5,845,000 төгрөг гаргуулж Б.Б*******д олгож, үлдэх 800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С******* ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,792 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А*******ээс 108,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Н.А*******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Шүүх нэхэмжлэгч нараас А******* ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээнд авагдсан техникийн эвдрэлийг тооцож үнэлгээ гаргахдаа нийт 51 эд ангийг шинээр солихоор, 10 эд ангийг засварлахад гарах шууд зардлыг 9,225,000 төгрөг, ажлын хөлс 710,000 төгрөг, нийт 9,935,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байгааг автомашины инженер, механикийн нарийн мэргэжлийн хүмүүсийг шинжээчээр томилон уг үнэлгээ дээр үндэслэж уг автомашиныг өмнөх байдалдаа сэргээн засварлагдах боломжтой эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүхээс хангахаас татгалзсан үндэслэлд хариуцагч тал ямар нэг хүсэлт, гомдол гаргаагүй.
Түүнчлэн дээрх А ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж маргадаггүй.
Нэхэмжлэгч Д.Б******* нь уг тээврийн хэрэгслийг 2022 оны 01-р сарын 19-ний өдөр худалдан авч осол болох хүртэл, хугацаагаар ашигласан, улмаар 2022 оны 09 дүгээр 20-ны өдөр гаргасан А ХХК-ийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр ******* улсын дугаартай, Toyota Prius 30 маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийг 18,500,000 төгрөг гэж тодорхойлсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд. ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт "... Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахад гэм хор учруулахаас өмнө байсан байдлыг сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.. гэж тус тус зааснаар хариуцагч Н.А******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэхэмжлэгч Б.Б*******гийн өмчлөлийн автомашиныг мөргөн, зам тээврийн осол гаргасны улмаас түүнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Дээрх осол болсон цаг хугацаанд автомашины зах зээлийн үнэлгээнээс тооцоход нэхэмжлэгч Б.Б******* автомашиныг үнэлгээгээр тогтоосон эд анги, сэлбэг хэрэгслийг шинээр солих, завсарлахад өмнөх байдалдаа сэргэх боломжгүй. Түүнд уг ослын улмаас бодитоор 5,845,00 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.
Тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан гэм хорын хохирлыг гэм хор учирсан этгээд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчээс алинаас нь ч шаардах эрхтэй тул хариуцагчаар өмчлөгч С******* ХХК, жолооч Н.А******* нарыг хамтран хариуцагчаар татаж хохирол шаардсан нь хуульд нийцсэн.
Шүүх талуудын үүссэн гэм хорын харилцаа болон үйл баримтуудыг зөв гэж дүгнэсэн атлаа гэм хор барагдуулах журам, зарчим, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь хариуцагч нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасны дагуу эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол буюу үнэлгээний байгууллагаас тогтоосон 9,635,000 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд энэхүү тогтоосон үнэлгээ нь тухайн автомашиныг өмнөх байдалд нь сэргээн засварлахад шаардагдах нөхөн төлбөр гэж үзсэн. Энэ үнэлгээнд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар гомдол, санал хүсэлт гаргаагүй бөгөөд тухайн нөхөн төлбөрөө аваад бүтэн 6 сарын турш бидэнтэй нэг ч холбоо бариагүй. Ийнхүү мэргэжлийн үнэлгээний байгууллагаас гаргасан тооцооллоор тухайн автомашин өмнөх байдалдаа сэргээн засварлах боломжтой гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү нөхөн төлбөрөөр сэргээн засагдах боломжгүй гэх дүгнэлт, нотлох баримт, үйл баримт хавтаст хэрэгт огт хавсаргаагүй. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч хариуцагчид нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Сэргээн засагдахгүй учраас зарах тухай бүр цаашлаад сэргээн засагдахгүй тухай нэг ч шаардлага, мэдээлэл өгч байгаагүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн бөгөөд өөрийн автомашинаа сэлбэн засварлуулахаас татгалзаж, худалдсан үйлдэл нь тухайн автомашинд учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн автомашиныг мөргөсөн үйлдэл нь тухайн автомашиныг зарахад буюу ашиглах боломжгүй болгосон гэх үр дагаварт хүргэсэн шалтгаант холбоо, нотлох баримт, үйл баримт байхгүй.
Нэхэмжлэгчийн автомашинаа худалдсан үйлдэл нь гэм хорын харилцаанаас үүссэн хохирол биш бөгөөд Б.Б*******гийн өөрийн өмчийг захиран зарцуулж байгаа өмчийн эрх зүйн харилцаа юм.
Шүүх гэм хорын улмаас учирсан хохиролд нэхэмжлэгчийн өөрийн бие даан гаргасан шийдвэрээс үүссэн эрсдэл, алдагдлыг хамааруулан мөн хариуцагчийн хууль бус үйлдэл, нэхэмжлэгчийн автомашинаа худалдаад анх авч байсан мөнгөнөөс үүссэн зөрүү хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо үүсээгүй байхад хуулийг буруу тайлбарласан.
Мөн нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Н.А******* нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдад учруулсан хохирлыг ажил олгогч байгууллага хариуцна гэж үүргийг хуваарилж, Б.Б*******д учирсан эрх бүхий байгууллагын тогтоосон үнэлгээний хэмжээгээр хариуцан арилгасан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг зарим хэсгийг буюу хариуцагч Н.А******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Б******* автомашинтай болох зорилгоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, 19,500,000 төгрөгөөр автомашин худалдаж авсан. Хариуцагч Н.А******* замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас Б.Б*******гийн автомашинд хохирол учирсан. Эд хөрөнгийн үнэлгээний компани 9,655,000 төгрөгөөр Б.Б*******гийн автомашинд учирсан хохирлыг үнэлж, Номин даатгал ХХК даатгалын нөхөн төлбөр олгосон. Б.Б******* 9,655,000 төгрөгөөр автомашинаа засварлуулахаар засварын газарт хандсан боловч тус автомашиныг өмнөх байдалд нь сэргээн засварлах боломжгүй, зөвхөн сэлбэгэнд худалдаж авах боломжтой гэсэн тул 3,000,000 төгрөгөөр сэлбэгэнд худалдаж, тухайн засварын газраас тодорхойлолт авч, 3,000,000 төгрөг авсан талаарх дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.Б******* 19,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашины төлбөрт даатгалын нөхөн төлбөрт 9,655,000 төгрөг, автомашинаа сэлбэгэнд худалдан борлуулсан 3,000,000 төгрөгийг нэмж, нийт 12,655,000 төгрөг болсон. Тус мөнгийг автомашин худалдаж авсан нийт үнийн дүнгээс хасаж тооцоход нийт 6,645,000 төгрөгийн бодит хохирол Б.Б*******д учирсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хамтран хариуцан арилгах үүрэгтэй, өмнөх байдалд нь сэргээх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлж болно гэсэн хуулийн заалтыг баримталж үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Н.А*******гийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч М******* ХХК, Б.Б******* нар хариуцагч С******* ХХК, Н.А******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 6,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.
3. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр С******* ХХК-д жолооч ажилтай Н.А******* нь Хюндай Айросити /Hyundai Aerocity/ маркийн ******* улсын дугаартай автобусаар ажил үүргээ гүйцэтгэх явцдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 543 пост, Сонсголонгийн замын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Б*******гийн эзэмшлийн, М******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан ******* улсын дугаартай, Тоёота Приус /Toyota Prius/ 30 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Хариуцагч Н.А******* зам тээврийн осол гаргасан, осолд буруутай талаар хариуцагч тал маргаагүй.
Номин даатгал ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тодорхойлолтоор жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу А******* ХХК-ийн 2022 оы 9 дүгээр сарын 20-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-аар тодорхойлсон 9,655,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Д.Б*******д шилжүүлсэн гэх бөгөөд нэхэмжлэгч Д.Б******* нь уг нөхөн төлбөрийг авсан талаар нэхэмжлэлд дурдсан тул талууд энэ талаар маргаагүй гэж үзнэ.
5. Б.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Мядагбадамаас ******* улсын дугаартай, Тоёота Приус /Toyota Prius/ 30 маркийн автомашиныг 19,500,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд автомашины үнээс урьдчилгаа 6,200,000 төгрөгийг төлж, үлдэх 13,300,000 төгрөгийг Микрокредит ББСБ ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, автомашиныг зээлийн барьцаанд Микрокредит ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.
Иймд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасны дагуу уг автомашины шууд бус эзэмшигч нь Б.Б*******, шууд эзэмшигч нь М******* ХХК тул анхан шатны шүүх Микрокредит ББСБ ХХК-ийг хариуцагч нараас гэм хорын хохирол шаардах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
6. Нэхэмжлэгч Б.Б******* нь автомашин бүрэн завсарлагдах боломжгүй гэх үндэслэлээр хохирол 6,845,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэнэ. Учир нь нэхэмжлэгч Б.Б*******гаас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн МЧ автозасвар эмчилгээ гэх гарчигтай Худалдан авсан О.Батбаяр гэж гарын үсэг зурж, Hybrid эмчилгээ гэсэн дардастай баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. МЧ автозасвар эмчилгээ гэх албан ёсны байгууллага байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Hybrid эмчилгээ гэсэн дардас албан ёсны дагуу хэрэглэгдэх боломжгүй буюу аж ахуйн нэгжийн нэр байхгүй, улсын бүртгэлийн дугаар тэмдэглэгдээгүй, О.Батбаяр гэх иргэний бичиг баримт авагдаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргаагүй. Иймд энэ баримтыг үндэслэн маргаан бүхий автомашиныг засах боломжгүй гэж дүгнэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
7. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэхдээ анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана. ... гэж зааснаар иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргах учиртай. Шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг дүгнэх юм.
8. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гэм хорын хохиролд 6,645,000 төгрөг гаргуулах тухай Б.Б*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М******* ХХК, Б.Б******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/01150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С******* ХХК, Н.А******* нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 6,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М******* ХХК, Б.Б******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А*******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА