| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0005/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 12
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Амарсайхан
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Зулаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Н.Т, С.Г нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1830003220240 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Нэг. Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль, хүрээлэн буй орчин судлаач мэргэжилтэй, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Г.
Хоёр. Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Т.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт иргэн Н.Тыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхины дээд хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт иргэн С.Гтай маргалдаж улмаар түүний баруун гарын эрхий хурууг хазаж, эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны хазагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өглөөний сонсгол дээр Т дарга байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулах саналтай хүмүүс байна уу гэхэд нийгмийн даатгалын байцаагч С ах босоод бусад сумдуудад босоо удирдлагатай ажилтанууддаа 2 жил тутамд нэг удаа түлээний мөнгө олгож байна гэхэд Т дарга тийм зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр нь би босоод яагаад болохгүй байгаа юм бэ? бусад сумдууд болоод байна, босоо удирдлагатай хүмүүс сумын төсөвт нилээдгүй мөнгө оруулж байгаа шүү гэж хэлсэн. 18 цагийн үед багийн Засаг дарга Аын найранд ороод, 23 цагийн алдад тэндээс гарсан. Мийн эхнэр Ц Солонгос улсаас ирсэн байсан учраас одоо бүгдээрээ манай руу оръё гэсэн. Тэгээд манай тамгын газрын ажилчид орсон. Ам, Л бид гурав тамхи татаж, юм ярьж байгаад 30-40 минутын дараа орсон. Бид нарыг ороход тухайн хүмүүс нэг виски уугаад дуусаж байсан. Үлдсэн вискийг уугаад сууж байхдаа Т даргын яриаг би мушгин гуйвуулж маргаан үүсгэн, хэл амаар доромжилсон. Гэтэл Т дарга намайг өшиглөхөөр нь би зөрүүлж алгадсан. Засаг дарга, Мэ хоёр намайг боож унагагаагаад чирч гаргах хооронд Т дарга миний толгой руу өшиглөж, баруун гарын эрхий хурууг хазсан. Гадаа Засаг даргыг Л хорьж байсан, Мэ миний дээр гарсан байсан. Буцаад ороход Тын хөмсөгнөөс цус гарч байсан учраас би малгайгаа аваад гарсан гэв.
Шүүгдэгч, хохирогч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай тамгын газрын ажилчид багийн Засаг дарга Аын найранд орсон. Найрнаас гарч ирээд Солонгос улс руу яваад ирсэн ажлын газрынхаа албан хаагчийнд орсон. Бид гэрт нь ороод сууж байтал Г гаднаас орж ирээд над руу гэнэт дайраад хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь яагаад намайг доромжилдог юм гэхэд Засаг дарга тэндээс Г боль гэсэн. Бид нар нэг сөжү тойруулаад тайван сууж байсан. Тэгсэн та нар Тыг өмөөрлөө гээд над руу дайрахаар нь чи яагаад намайг доромжилдог юм гэхэд над руу дайраад 2, 3 удаа хүчтэй цохиход Засаг дарга Гыг чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ гээд Гыг гадаа авч гараад тэд нар дээр, доороо ороод байсан. Бид найр тайван бус болсон учраас явъя гэж гарсан.Би машинд сууж байхдаа Г яагаад намайг цохьдог юм, асууна гээд үүдний таамбар руу ороход Г гэнэт намайг цохисон. Би цохино гэж бодоогүй, юугаар цохисныг мэдэхгүй. Хөмсөгний судас таарсан учраас их цус гарсан. Би гэр рүү ороод цустай хувцсаа солиод, хүний хувцас өмсөөд гэртээ харьсан. Түүнээс хойш би Гд ойртоогүй. Гэртээ очиход нөхөр хөмсгөө үзүүл гээд эмчид үзүүлсэн. Надад оногдуулсан ялын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би энэ хүний гарыг хазаагүй. Энэ хүн унтаж байгаагүй, арслан бар шиг дэрвэж байсан. Энэ хүн яг тэр үед юу болсныг мэдэхгүй байгаа. Найранд ороход бол гар нь зүгээр байсан гэдгийг бид нар бүгд мэдэж байгаа. Хүмүүстэй муудах үедээ гараа яаж гэмтээснийг би мэдэхгүй. Би ганц нэг хундага архи уусан байсан. Гэхдээ би ухаан санаагаа алдтал уугаагүй байсан. Би хоёр, гурав цохисон нь бол үнэн. Намайг тэвчихийн аргагүй үгээр доромжилж байсан. Гы мэдүүлэгт зөрүүтэй зүйл байна. Г би цохиогүй, цус нь гоожсон гэсэн мөртлөө би цохисон гэж байна. Гэрт байхад гарын хурууг хазсан бол 10 гаруй хүн тойроод сууж байхад миний гарыг хазчихлаа гээд хачин болох байсан. Тэгтэл хэзээ хойно нь гар хазчихлаа гэсэн. Намайг цохисноос хойш гэнэт ухаан ороод тэгж бодож байгаа байх. Би энэ хүний гарыг хазахаар ойртоогүй, Энэ хүн намайг ойртуулахааргүй дайрч байсан. Тухайн үед надад гомдолтой санагдаж байсан. Байгууллагын даргын хувьд энэ хүн яагаад над руу ярьж миний биеийг асуудаггүй юм гэж бодож байсан. Хоногийн удаанд би өс санаад яах вэ, энэ хүнийг ажилгүй болгоод яах вэ гэж бодож гомдол тайлагдсан. Цагдаагийн газарт хэргээ хүлээхгүй, прокурорын газарт хэргээ хүлээхгүй байхад яагаад ирээд уулзахгүй байгаа юм гэж бодож байгаад би өөрөө дуудаж уулзсан. Тэгээд чи яг намайг хазсан гэж үзэж байна уу? үгүй гэж бодож байгаа юм уу? гэхэд би таныг хазаагүй гэж бодож байгаа гэсэн. Би өмгөөлөгч авахгүй гэж бодож байтал цагдаагийн газарт, прокурорын газарт энэ хүн намайг л хазсан гээд байсан учраас прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэе гэхэд нь би зөвшөөрөхгүй, би хэрэг хийгээгүй гэсэн. Надад бол одоо гомдоод байх зүйл алга гэв.
Эрүүгийн 1830003220240 дугаартай хэргээс:
- Гэрч Т.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг дарга бөгөөд тухайн өдөр манай Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын хүмүүс Ц.Аын найранд ороод 23 цагийн үед гараад бид хэд шууд жолооч Мэ гэх айл руу явцгаасан юм. Тэгээд Мэ ахын гэрийн гадаа С.Г, Мэ, Засаг дарга Г.Х бид 4 байж байгаад С.Г нь түрүүлээд орсон. Араас нь бид 3 ортол тэнд бужигнаад хоорондоо хэрэлдээд байсан. Засаг дарга, Мэ хоёр Гыг гэрээс гаргаж гэрийн гадаа Б руу дайраад “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гээд хэрэлдэж муудаад байхаар нь би дундуур нь орж хорьсон юм. Тэгээд дараа нь Б, М 2 барьцалдаж хоёулаа ойчиж байгаа харагдсан. Би Засаг дарга, Мэ хоёр Бг яг цохиж байгааг нь бол хараагүй. Тухайн үед жоохон согтуу хорьж байснаа санаж байна. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөө яваад Ц.Аын найранд 19 цагийн үед орсон. Тэгэхэд С.Г нь хуруугаа ямар нэгэн байдлаар боосон болон гэмтсэн зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
- Гэрч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт санхүү албаны мэргэжилтнээр ажилладаг ба 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай сумын Засаг даргын тамгын газрын алба хаагч нар “Ш” багийн Засаг дарга Ц.Аын хуриманд ороод би Цийн машиныг аваад 21 цагийн үед байх сайн санахгүй байна гараад машиныг нь өгөхөөр Цийн гэр рүү очиход тэднийд манай тамгын газрын алба хаагчид байсан. Тухайн үед С.Г нь тамгын дарга Н.Тыг хэл амаар өдөж элдэв янзаар хэлэхэд Засаг дарга болон Мэ нар “одоо болно, боль” гэхэд Б нь “та нар Түмээгийн үгэнд орлоо” гээд бахираад байж байтал гэнэт Түмээ дарга “Булганаа намайг цохичихлоо” гээд хөмсөг нь язарчихсан нэлээн цус гарчихсан байхад нь би цусыг нь тогтоож цустай хувцсыг нь сольж өгсөн. Тэгээд Засаг дарга болон Мэ нар нь Бтай барьцалдаад гэрээс гарч байгаа харагдсан юм. Тэрнээс хойш намайг гэрт байхад Б дахиж орж ирээгүй. Тэгээд би тэнд байсан Г, Ба, Т, Анхаа нарыг гэрт нь хүргэж өгсөн. ...Аын найранд ороход бид нар бүгд эрүүл байсан бөгөөд С.Г нь хуруугаа ямар нэгэн байдлаар боосон болон гэмтсэн зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
- Гэрч Ц.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Сүхбаатар сумын төвд хуримаа хийсэн юм. 2018 оны 10 дугаар сарын 15-ны 17 цагийн үед сумын Засаг даргын тамгын газрын алба хаагч нар манайд орж ирсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрөөгөөд байх сайн санахгүй байна манай ажлынхан гарцгаасан юм. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Дараа нь хоорондоо муудсан гэж хүнээс сонссон. Манай Засаг даргын тамгын газрынхан 7 хоногийн эхний даваа гаригт сонсгол хийдэг ба тэр дээр Б, Т 2 хоорондоо муудсан сурагтай байсан юм. Би гэрийн хойморт сууж байгаад С.Гыг “ахын дүү энийг явуулчих” гээд архи дамжуулж сөн түшүүлэхэд гар нь гэмтсэн зүйл ажиглагдаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
- Гэрч Д.Баын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сумын Засаг даргын жолоочоор ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай сумын Засаг даргын тамгын газрын алба хаагч нар “Ш” багийн Засаг дарга Ц.Аын хуриманд ороод 22 цаг өнгөрөөгөөд гарцгаасан. Тэгээд манай жолооч болох Мэ гэх айл руу орцгоосон ба миний бие нилээн согтуу байсан болохоор болсон асуудлыг санахгүй байна. Ямар ч байсан Түмээ даргын хөмсөг нь язраад цус гарчихсан байхыг харсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Намайг Ц гэр рүү хүргэж өгсөн гэж байсан. Аын найранд ороход С.Г нь хуруугаа ямар нэгэн байдлаар боосон зүйл ажиглагдаагүй. Ц.Аын гэрт байхад С.Г нь сөн түшиж байсан ба тэр үед зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
- Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар сумын тамгын газрын алба хаагчид багийн дарга Ц.Аын гэрийн найранд орсон ба тэднийхээс 23 цагийн үед гараад шууд жолооч Ү.Мийх рүү явсан. Тэднийд Түмээ дарга, Ц бид 3 байж байтал гаднаас Б орж ирээд Түмээ даргыг шууд гараараа 2 удаа алгадсан ба араас нь Засаг дарга, Мэ болон бусад хүмүүс орж ирээд Бг авч гарсан. Түмээ дарга араас нь гарсан ба төд удалгүй гэрийн үүднээс цус гарчихсан орж ирсэн юм. С.Г нь баруун гарын эрхий хуруугаа боосон болон гэмтсэн зүйл бол байхгүй зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,
- Гэрч Т.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай тамгын газрын ажилчид Аынд 16 цагийн үед орсон бөгөөд тэндээс 23 цагийн үед гарч бид нар манай гэр рүү явцгаасан юм. Тэгээд манайд байж байтал С.Г нь гэнэт босч ирээд Т даргыг гараараа 2-3 удаа алгадахад Т нь сандлаасаа унасан юм. Тэгэхээр нь би уур хүрээд “та нар яахаараа ингэж муудаад байдаг юм” гээд өөрийн нөхөр Мийг “наад хүмүүсээ гарга” гэсэн. Мэ, Х хоёр зууралдаад манай үүдний амбаар руу гарч байгаа харагдсан бөгөөд би Т даргыг аваад явах гэтэл Т “би Гд гомдолтой байна, намайг юунаас болж цохисон талаар нь би асууна” гээд машинаас буугаад манай үүдний амбаар руу ороход С.Г нь дахиад гараараа цохиход Тын хөмсөг задарсан юм. Тухайн үед С.Г “Түмээ чи миний гарыг хазчихлаа” гээд гадаа яриад байсан юм. Би Тыг эмнэлэг рүү аваачих гэсэн боловч өөрөө эмнэлэг явахгүй гээд байхаар нь гэрийнх нь гадаа хүргэж өгсөн юм. Н.Т нь С.Гы баруун гарын эрхий хурууг хазахыг хараагүй. Харин тухайн үед С.Г нь миний гарыг хазчихлаа гээд ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,
- Гэрч С.Гий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би С.Гы төрсөн ах бөгөөд тухайн үед би ээлжийн амралттай байсан юм. Орой 16 цагийн үед манай тамгын газрынхан багийн дарга Ц.Аын найранд орцгоосон ба би жоохон сууж байгаад 22 цагийн үед манай эхнэр ирээд намайг дуудаад байхаар нь би гэр лүүгээ явсан юм. Намайг гарахад тэд нар ямар нэгэн байдлаар муудсан зүйл бол байгаагүй. Тэгсэн шөнө 02 цагийн үед С.Г нь манай эхнэр рүү залгаад “би зодуулчихлаа” гээд залгасан байсан. Би өглөө очиход хамар нь хавдчихсан баруун гарын эрхий хуруу нь хазагдсан байсан. Би юу болсон талаар асуухад өчигдөр орой Мэ, Х 2 намайг зодсон. Мөн Түмээ миний хурууг хазсан гэж ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
- Гэрч Э.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 15- ны өглөөний сонсгол дээр С.Г нь Ттай түлээний асуудлаар маргаад байсан. ... Тэгээд бид нар 23 цагийн үед Аынхаас гарсан бөгөөд би Лын хамт М ахынх руу ороход Түмээ даргын нүүр нь цус болчихсон Б намайг зодчихлоо гээд уйлж байсан бөгөөд Б гадаа хүмүүстэй байж байх шиг байсан. Би яг цохисон зодсон асуудлыг хараагүй, мэдэхгүй юм. Тухайн үед Ц эгч бусдыгаа бодвол эрүүл байсан” гэх ... мэдүүлэг /хх-ийн 26/,
- Гэрч Ц.Лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хамт олонтойгоо багийн дарга Ц.Аын найранд орсон бөгөөд 23 цагийн үед тэднийхээс гараад жолооч Мийх рүү ороод шууд унтсан юм. Хэрүүл маргаан болсон талаар юу ч мэдэхгүй байна. Тухайн өдөр С.Гы хуруу зүгээр байсан. Ямар нэгэн байдлаар гэмтсэн болон хуруу гараа боосон зүйл ажиглагдаагүй. Учир нь тухайн үед С.Г нь сөн түшиж байхад гэмтсэн зүйлажиглагдах байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
- Гэрч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр болох Н.Т нь тамгын газрын ажилчин болох Аын найранд 16 цагаас орно гээд явсан юм. Тэгсэн тэр орой ирэхдээ манай эхнэр “Бд зодуулчихлаа” гээд хөмсөг нь сэтрээд цус гарчихсан байхаар нь өөрийн дүү болох эмч Энхцэцэгт очиж үзүүлтэл наадах чинь оёдол тавихгүй бол болохгүй гэхээр нь Сайнчимэг гэх эмчийг гэртээ дуудаад оёдол тавиулсан юм” гэх.мэдүүлэг /хх-ийн 25/,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 557 дугаартай дүгнэлтэд: Н.Тын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 41/,
- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 558 дугаартай дүгнэлтэд: С.Гы биед хүзүүний болон баруун чихний дээд хэсэг, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун гарын эрхий хурууны хазагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтлэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан хүзүүний болон баруун чихний дээд хэсэг, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин баруун гарын эрхий хурууны хазагдсан шарх бүхий гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 47/,
- С.Гы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/,
- Н.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74/,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018.11.06-ны өдрийн 227 дугаартай тодорхойлолтууд /хх-73/,
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.11.07-ны өдрийн 193 дугаартай тодорхойлолтууд /хх-77/,
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/24 дугаартай хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-88/ зэрэг баримтууд болно.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас шүүгдэгч Н.Т нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж, түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл: шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт С.Гы баруун гарын эрхий хурууг хазаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: ”.... Н.Т нь гэрт миний баруун гарын эрхий хурууг хазсан гэх мэдүүлэг, гэрч Д.Огийн: “... Цийн гэр рүү очиход тэднийд манай тамгын газрын алба хаагчид байсан. Тухайн үед С.Г нь тамгын дарга Н.Тыг хэл амаар өдөж элдэв янзаар хэлэхэд Засаг дарга болон Мэ нар “одоо болно, боль” гэхэд Б нь “та нар Түмээгийн үгэнд орлоо” гээд бахираад байж байтал гэнэт Түмээ дарга “Булганаа намайг цохичихлоо” гээд хөмсөг нь язарчихсан нэлээн цус гарчихсан байхад нь би цусыг тогтоож, цустай хувцсыг нь сольж өгсөн. Засаг дарга болон Мэ нь Бтай барьцалдаад гэрээс гарч байгаа харагдсан юм. С.Г нь хуруугаа ямар нэгэн байдлаар боосон болон гэмтсэн зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Лын: “... Ц.Аын найранд ороод 23 цагийн үед гараад бид хэд шууд жолооч Мэ гэх айл руу явцгаасан юм. Мэ ахын гэрийн гадаа С.Г, Засаг дарга Г.Х бид 4 байж байгаад С.Г нь түрүүлээд орсон. Араас нь бид 3 ортол тэнд бужигнаад хоорондоо хэрэлдээд байсан ба Засаг дарга, Мэ хоёр Гыг гэрээс гаргаж гэрийн гадаа Б руу дайраад “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гээд хэрэлдэж муудаад байхаар нь би дундуур нь орж хорьсон юм. Тэгээд дараа нь Б, Мэ 2 барьцалдаж хоёулаа ойчиж байгаа харагдсан. С.Г нь хуруугаа ямар нэгэн байдлаар боосон болон гэмтсэн зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Ц “...Т би Гд гомдолтой байна, намайг юунаас болж цохисон талаар нь би асууна гээд машинаас буугаад манай үүдний амбаар руу ороход С.Г нь дахиад гараараа цохиход Тын хөмсөг задарсан юм. Тухайн үед С.Г “Түмээ чи миний гарыг хазчихлаа” гээд гадаа яриад байсан юм. Н.Т нь С.Гы баруун гарын эрхий хурууг хазахыг хараагүй” гэх мэдүүлэг, гэрч С.Г “...Би юу болсон талаар асуухад өчигдөр орой Мэ, Х 2 намайг зодсон. Мөн Түмээ миний хурууг хазсан гэж ярьж байсан юм” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд: Дээрх гэрч нар нь хохирогч С.Г нь хэрүүл маргаан үүсгэн Тыг цохьсон нөхцөл байдлыг мэдүүлжээ. Улсын яллагч хохирогч С.Г, гэрч Т.Ц, С.Г нарын мэдүүлэг, шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 558 дугаартай дүгнэлтүүд нь шүүгдэгч Н.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах яллах талын нотлох баримт гэж үзсэн байна. Дээрх байдлаас дүгнэхэд: Хохирогч С.Г нь согтуугаар Н.Тыг хэл амаар доромжилсон харьцаа үүссэн төдийгүй Н.Тын үйлдлийн улмаас С.Гы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй байна. Гэрч Т.Цийн нөхөр болох Ү.Мэ нь хохирогч С.Гтай ах дүү нарын хүүхдүүд, гэрч С.Г нь хохирогч С.Гы төрсөн ах тул тухайн гэрч нарын мэдүүлэг нь ашиг сонирхолын зөрчилтэй, тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 558 дугаартай дүгнэлт нь хохирогч С.Гы биед хэдэн удаагийн, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон баримт бөгөөд харин хэргийн үйл явдал болоод гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэрийг нотолсон баримт биш юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Тыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт хохирогч Н.Тыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхины дээд хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Гы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Н.Т, гэрч Т.Л, Д.О, Ц.А, Д.Ба, Д.Г, Т.Ц, С.Г, Э.Д, Ц.Л, Б.Сгийн мөрдөн байцаалтад гаргасан мэдүүлэг, шинжээчийн 557 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч С.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Н.Гы энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Г нь хохирогч Н.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Гд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Н.Тд эмчилгээний зардалд 1300000 төгрөг төлсөн, хохирогч Т.Т нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан С.Гд торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид эмчилгээний зардалд 1300000 төгрөг төлсөн, хохирогч Н.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гыг 450 дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч С.Г, Н.Т нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Тд 1 300 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА