Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01281

 

Б.Э*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01804 дугаар шийдвэртэй, 

Б.Э*******ы нэхэмжлэлтэй,

Д.О*******т холбогдох,

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие Д.О*******аас түц авахаар тохиролцож 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг өдрөө Д.О******* Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу *******ийн автобусны буудал дээр тавьчихлаа, ирж түлхүүрээ аваарай гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******ийн 2 дугаар буудалд заасан байрлалд очиход түц байхгүй байсан бөгөөд Д.О******* Сонгинохайрхан дүүрэгт өөр байрлал санал болгосон. Энд тохижилтын ажил хийгдээд дууссан, ачилт орохгүй гэж хэлээд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө Сонгинохайрхан дүүрэгт түц-ийг буулгаж өгсөн боловч 01 дүгээр сарын 15-ны өдөр хороо, дүүргээс хүмүүс ирж ачилт хийгдэх байршил гэж хэлсэн.

Тухайн үед Д.О*******ыг дуудаад түц-ээ авахаа болъё гэж хэлсэн боловч ирээгүй. Орой нь би бараагаа хураагаад Д.О*******ын гэрт очиж өөрт нь түц-ний түлхүүрийг нь буцааж өгсөн. Маргааш нь түц-ийг ачаад авч явсан. Д.О******* нь мөнгөө хэд хоногийн дараа буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй, сүүлдээ утсаа огт авахаа больсон. Иймд Д.О*******аас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******ийн 2 дугаар буудалд байрлалтай ажиллуулж байсан түц-ээ Б.Э*******д зарахаар болсон. Тэр орой түц-ний 8,000,000 төгрөгийг Д.О*******ын эхнэрийн данс руу шилжүүлсэн. Түц нь өөрөө жижиг байшин болохоос ямар нэгэн зөвшөөрөлтэй түц гэж хэлээгүй. Түц-нд зөвшөөрөл өгөхгүй гэдгийг мэдэж байсан. *******ийн 2 дугаар буудалд ажиллаж байсан ч гэсэн нэхэмжлэгч өөрөө гэр нь Сонгинохайрхан дүүрэгт байдаг болохоор тэр дүүрэгт газар хайж байрлуулъя гэсэн болохоор *******аас түц-ийг ачаад Сонгинохайрхан дүүргийн ******* байрны арын зам дагуу байрлуулаад ингээд наймаа дуусаад явсан. Үүнээс хойш түц-ний ашиг, орлого гайгүй байна гээд Д.О*******т архи, чихэр хүртэл оруулж өгсөн байдаг. 7, 8 сарын дараа энэ түц-ээ ав гээд Д.О*******т түцний түлхүүрийг өгчихөөд явсан. Очоод түц байрлуулсан газар очиход түц байгаагүй. Үүнээс хойш чимээгүй байж байгаад 1 жилийн дараа 8,000,000 төгрөгөө авъя гэж нэхэмжлэл гаргасан байна. Иймээс хариуцагчийн хувьд түц-ээ хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.О*******аас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******аас 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талууд тэгш байх зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар үнэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн. Учир нь нэхэмжлэгч Б.Э******* нь түц-ийг хүлээж авч 7, 8 сар хүртэл ажиллуулаад хангалттай ашиг авсан байдаг. Мөн ашиг орлого сайн байна гээд архи, чихэр авч хариуцагч Д.О******* дээр очсон. Түц-ийг хүлээн авснаас нэг жилийн дараа шүүхэд шүүхэд гаргасан байгаа нь бүтэн жил ажиллуулсан нь нотлогддог. Мөн түц ажиллуулах зөвшөөрлийн хариуцагч Д.О******* өгөх эрх мэдэлтэй этгээд биш байхад анхан шатны шүүх түц-ийг зөвшөөрөлтэй өгөх үүргийг Д.О******* хүлээсэн гэж дүгнэн түц худалдах, худалдан авах гэрээг, түц ажиллуулах зөвшөөрөлгүй байсан нь биет байдлын доголдолтой гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 243, 205 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн түц буцаан хариуцагч Д.О*******т нэхэмжлэгч биечлэн өгөөгүй. Одоо түц хаана байгаа нь тодорхойгүй байхад түц-ийг Д.О******* буцаан өгсөн гэж дүгнэж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэр түц-ийг 7-8 сар ажиллуулаагүй, 1 өдөр ажиллаад буцаагаад ачуулсан. *******т түц ажиллуулж байсан гэдэг нь худлаа. *******т түц тавьж өгнө гэж байгаад болиод буцаагаад Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлж өгсөн. Ингээд Сонгинохайрхан дүүрэгт 1 өдөр түц ажиллаад, маргааш нь ачуулсан гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

2. Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч Д.О*******т холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ 7, 8 сарын дараа түц-ний түлхүүрийг өгөөд явсан, түц-ийг байрлуулсан газар очиход түц байгаагүй. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа боловч хариуцагчийн хувьд түц-ийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан маргасан байна.

4. Талуудын тайлбараас үзвэл тэдгээрийн хооронд байгуулагдсан гэх 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж буй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу түц-ийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэхийг шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэх учиртай. Тухайн түц одоо хаана байгаа эсэх нь тодорхойгүй. Хэргийн уг нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд анхан шатны шүүх уг асуудлаар талуудыг хангалттай мэтгэлцүүлээгүй тул шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй.

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөх гүйцэтгэх, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01804 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА