Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 13

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагч хяналтын прокурор Ц.Роза, 

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1830003890005 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар. 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1978 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалангийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Э. 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” дэлгүүрт иргэн Ж.Этай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи дОт, доод уруулын дотор талын урагдсан шарх, цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 16 цагийн үед Этэй хамт манайд нэг шил архи уучихаад “О” дэлгүүр лүү нэг шил архи авья гэж орсон. Дэлгүүрт ороод би Э ламын хажуугаар гарч байгаад шүргэхэд над руу нэг юм хэлсэн. Тэгэхээр нь таны лам надад хамаагүй гэж хэлээд маргалдаж Эыг заамдаад авсан. Зарим зүйлийг архи уусан байсан учраас сайн мэдэхгүй байна. Би 2 удаа эрүү орчим хэсэгт цохьсон гэв.

 Эрүүгийн 1830003890005 дугаартай хэргээс: 

- Хохирогч Ж.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой 17 цаг 45 минутын үед “О” дэлгүүрт орж эзнийг нь дуудуулчихаад уулзаж байхад гаднаас 3 хүн орж ирсэн. Тэр 3 хүний нэг нь надад агсарч “чи бол лам биш, чиний лам гэж юу байдаг юм бэ” гэх зэргээр ямар ч шалтгаангүй намайг доромжилж, чи гар зайл гэх зэргээр дайрч давшилсан. Би тухайн үед чи согтуу байна, архи уугаад янз бүрийн юм битгий яриад бай гэтэл чи манай ангийн хүүхэд биз дээ гээд андуураад байсан. Та намайг андуураад байна гэтэл заамдаж аваад миний шанаа руу цохьсон. Би зугтаж урд лангууны хажууд очиход миний өмсөж явсан дээлний хүрэмний захаар намайг боож, толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, лам малгайг авч шидсэн. Мөн кассны ард хэд хэдэн удаа цохьсон. Эр надад 500000 төгрөг өгсөн. Надад гаргах санал, хүсэлт байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 13/, 

- Гэрч Н.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... Б.Э нь Ж.Эыг чи хэн бэ гээд байсан. Удалгүй хоорондоо зууралдаж байгаа харагдсан. Би хүнд үйлчилж байсан учраас цохисон талаар хараагүй. Б.Э нь гараад явах гэтэл Ж.Э нь чи яахаараа лам хүнийг заамддаг юм бэ, байж бай хүрээд ир гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11- 12/, 

- Гэрч А.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Эр нь Э ламтай маргалдаж муудалцаад лам Эын дээлийн захнаас заамдалцаад лангууны араас гараад ирсэн. Тухайн дэлгүүр нь дундуураа олон лангуутай байсан, Архины тасаг тухайн дэлгүүрийн зүүн хойд буланд байсан. Би лангууны баруун талд байсан учраас лангууны цаана хэн нь хэнийгээ цохьсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/3037 тоот тодорхойлолт /хх-ийн 31/,

 - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-40/, 

- Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг баримтууд болно. 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” дэлгүүрт хохирогч Ж.Этай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан түүний эрүүл мэндэд тархи дОт, доод уруулын дотор талын урагдсан шарх, цус хуралт, зүүн шанаа, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Э, гэрч Н.Д, А.Э нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 624 дүгээр дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Эын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Ж.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Прокуророос Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ж.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Эт гэм хорын хохиролд 500000 төгрөг төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б. Эрыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Эт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Ялтан Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ж.Эт 500000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА