Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 18

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал, 

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр, 

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Аад холбогдох эрүүгийн 1930000020007 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: 

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг, “Б” гэх газар оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газар иргэн Ц.Ныг зодож, эрүүл мэндэд нь “баруун зүүн гарын шуун дээр цус хуралт, зүүн мөрөн дээр зулгаралт, зүүн хөлийн шилбэ, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн хөлийн шилбэний дээд 1/3-т өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв. 

Эрүүгийн 1930000020007 дугаартай хэргээс: 

- Хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 12 дугаар сарын 21- ний орой 20 цагийн үед гадаа мотоцикл дуугарахад Г босож хаалга шагайж сонсчихоод Аын мотоциклын дуу байна гэж хэлээд гэрээ цоожлолгүй орхиод орондоо ороод хэвтэж байхад гаднаас Ав, А нар орж ирээд бид хоёр М /жинхэнэ нэрийн мэдэхгүй/ ахынд ярьж байгаад ирлээ та нарыг зодно гэж хэлээд Ав шууд Гыг орон дээр дараад авсан. Тухайн үед А нь “чи Гыг архи уулгасангүй, чамд базуулдаг хүн байхгүй” гэхээр нь “чи ер нь яагаад байгаа юм” гэхэд “Чи манай эхнэрийг түлсэн, чамайг эхнэртэйгээ адилхан болгоно” гэж хэлээд өмсөж байсан цамцаар боосон. Тэгтэл харин Авгээс Г салаад намайг тавиулсан. Тэгтэл Ав, Гыг барьж аваад цаашаа зууралдаад явсан. Тухайн үед А миний зүүн мөрөн дээр хазсан тэгээд Г салгасан. Энэ байдлаар үргэлжилж байтал Ав гэнэт надаас уучлалт гуйгаад Гтай зууралдахаа больсон. Тухайн үед нь Г Аыг надаас салгахад А тайвширсан байдалтай байж байгаад аягатай ус аваад над руу шидсэн. Би оногдоогүй ба дараа нь данх болон хутга аваад шидэх гэхэд Г хорьж болиулсан. Тэгээд А гарахдаа миний зүүн хөл рүү өшиглөчихөөд гараад явсан. Ав над руу ойртоогүй А л зодсон. А над руу дайрах болон зууралдаж байхад Г салгаж байсан. Хоёр гарын шуу, зүүн мөр, зүүн хөлийн шилбэ, зүүн чихний дэлбээ зэрэг газруудад зулгаралт няцралт үүссэн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ Д.А нь надтай сайн дураараа эвлэрч, нэхэмжлэх зүйлгүй болсон” гэх мэдүүлэг /хх- 3-7/, 

Гэрч Ц.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Х” гэх газар мал маллаж аж төрдөг юм. 2018 оны 12 дугаар сарын 21- ний орой 20 цагийн үед мотоциклын дуу гарахад нь би шагайж сонсоход Аын мотоциклын дуу байхаар нь би хаалгаа цоожлолгүй орхиод орондоо ороод хэвтэж байтал гаднаас А, Ав нар орж ирээд “М ахынд 3 шил архи ууж байгаад бид хоёр их юм ярьлаа. Чамайг алахаар ирлээ” гэж хэлээд Ав намайг дараад унахад А нь эхнэр рүү маань дайрсан. Би тухайн үед ноцолдож байгаад Авгээс салаад Наас Аыг салгаад авахаар Ав нь намайг татаж аваад байсан. Энэ байдлаар нилээд удсаны эцэст би Авгийн дээр гараад хоёр хацраас нь барьж байгаад “намайг таньж байна уу? Г байна одоо болилдоо” гэхэд Ав “нээрээ муухай ч юм уу, болио” гээд больсон. Тэгэхээр нь би Наас Аыг салгасан юм. А салаад сууж байснаа эхнэр рүү ахиад дайраад цамцаар нь боосон. Тухайн үед би салгасан энэ байдлаар нэлээд үргэлжилсний эцэст А тайвшраад сууж байснаа эхнэр рүү хутга, аяганы хагархай, данх бариад 3 удаа дайрахаар нь би салгасан тэгээд ус уугаад гарахдаа манай эхнэрийг А өшиглөчихөөд гараад явсан юм” гэх мэдүүлэг /хх-11-13/, 

Гэрч Б.Авгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би Аын гэрт очоод бид хоёр Баяндэлгэр сум руу хүнээс ямааны мөнгө авна гээд ирсэн юм. Аын мөнгө авах хүн нь Түвшинширээ сум явсан байсан болохоор уулзаж чадаагүй юм. А “ганц шил архи уучихаад явах уу” гэхээр нь “тэгье” гээд бид хоёр “У” гэх дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч Хуяг гэх залуугийнд Хуяг бид гурав хувааж уучихаад “У” дэлгүүрээс 0.5 литрийн архи нэгийг авч хөдөө Мгийнд /жинхэнэ нэрийн мэдэхгүй/ хувааж ууж дуусаад би мотоциклоо унаад Гынх чигтээ явтал А араас “Гыг хоёулаа зодох уу” гэхээр нь “тэгье” гэсэн. Тэгтэл А “энэ муу ер нь зэвүүн, ороод шаана” гэсэн. Тэгээд л гэрт нь ороод шууд дайрсан юм шиг байгаа юм /би сайн санахгүй байна/ нэг мэдэхэд л Гтай зууралдаж байсан. Тухайн үед Аын эхнэртэй нь зууралдаж байсан. Тэгээд би сэхээ ороод больтол Г, А руу очоод эхнэрээсээ салгаад А тайвшраад сууж байснаа хутга шиднэ гэж А хэлж байсан. Тухайн үед хутгаа Н нуусан байсан. А, Ныг утсаар яриулах гэж гар дээр нь гишгэж байсныг санаж байна. Тэгээд ахиад юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Г болилдоо гэж байхыг нь сонсоод ухаа орж больсон. Тэр үед Н руу А дайраад л байсан. Тухайн үед би салгуулаад “уучлаарай” гэж хэлээд Аыг авч гараад ардаа сундлаад Аын гэрт очиж хоносон. Маргааш нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Гын гэр рүү А бид хоёр хоёр мотоциклтой очиход гэрээ дотроос нь цоожилсон тавьж өгөхгүй байсан. Тэгтэл урдаасаа Г мотоциклтой гарч ирэхэд нь А “хөөе наашир чи” гэж чанга бахирахад Г шууд зугтаасан. Тэгэхээр нь би “уучлалт гуйх гэж ирчихээд хөөе гэж чанга дуугарлаа” гэхэд А “яадаг юм наад пизда чинь зогсохгүй байгаа юм чинь” гэж байсан. Тэгээд Энхээ /жинхэнэ нэрийн мэдэхгүй/ гэх айлд Г очсон байхаар нь араас нь очоод “яагаад зугтаад байгаа юм, уучлалт гуйх гээд байхад, араас чинь бид хоёр ирлээ” гэж хэлчихээд Аын гэрт очсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-14-16/, 

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтэнд: Ц.Нын биед баруун зүүн гарын шуун дээр цус хуралт, зүүн мөрөн дээр зулгаралт, зүүн хөлийн шилбэ, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн хөлний шилбэний дээд 1/3-т, өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-21/, 

Д.Аын л шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /хх-45/ зэрэг баримтууд болно. 

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газар хохирогч Ц.Ныг зодож, эрүүл мэндэд нь “баруун зүүн гарын шуун дээр цус хуралт, зүүн мөрөн дээр зулгаралт, зүүн хөлийн шилбэ, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн хөлний шилбэний дээд 1/3-т өвдөгний үений гадна хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Д.Аын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Б.Ав, Ц.Г нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Д.Аад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

Шүүгдэгч Д.Аын бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.А нь хохирогч Ц.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Д.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Прокуророос Д.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүгдэгч Д.Аад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Д.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов. 

Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д. Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Аад мэдэгдсүгэй. 

5. Ялтан Д.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА