Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 01013

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2016/01013

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 37-02 тоотод оршин суух, Хөхнүүд овгийн Санжжавын Ганболдын /регистрийн дугаар ФЖ63041211/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ганболд, гэрч Ч.Баасансүрэн, С.Наранбат, шүүххуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Ганболд Эрдэнэт хотын Хялганат хороонд 1975 оноос хойш 1996 он хүртэл амьдарч ажиллаж байгаад 1996 оны 05 сард АТБ-д белазйын жолоочоор 2005 оны 09 сар хүртэл ажилласан. Эрдэнэт хотын Хялганат хороонд хөнгөн үйлдвэрийн ойн яамны харьяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 315 дугаартай тушаалаар МАЗ-509 машины жолоочоор ажилд орсон юм. Тэгээд 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Тухайн үед надтай хамт Санжаажавын Ганболд гэдэг хүн ээлжийн тэрэгний жолоочоор ажиллаж байсан бөгөөд манай байгууллагын боловсон хүчин тушаал гаргахдаа энэ хүнтэй андуурч бичээд миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ Санжаажавын Ганболдын ажилд томилсон өдрийн тушаалыг андуурч бичсэн. Мөн 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус байгууллагад ажиллаж байсан талаар тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Санжжавын Ганболд намайг Эрдэнэт хотын Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйнд МАЗ-509 машины жолоочоор 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ганболд нь 1988 оны 09 дүгээр сарын 03-аас 1994 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат хорооны МБАА-д Маз-509 машины жолоочоор ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Санжжавын Ганболдын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

2.1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 315 тоот тушаалд ...Авто баазад ХҮ-ийн яамны байнгын курс төгсөж ирсэн Санжжавын Ганболдыг 09 дүгээр сарын 03-наас маз 509 машины жолоочоор тус тус томилон ажиллуулсугай гэжээ.

3.Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаар ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд Санжаажав овогтой Ганболдыг ажилчдын үйлчилгээний машины жолоочоор 12 дугаар сарын 01-нээс томилон ажиллуулсугай гэжээ.

4.Гэрч Ч.Баасансүрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:Би 1974 онд элсэлтээр Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйд ирээд 1994 он хүртэл ажилласан.Санжжавын Ганболд 1988-1994 оны хооронд Эрдэнэт хотын Хялганат хорооны мод бэлтгэлийн аж ахуйд Маз-509 машины жолоочоор ажиллаж байсан.Манайд 2 Ганболд ажилладаг байсан.Нэг нь энэ Санжжавын Ганболд, нөгөө нь Санжаажавын Ганболд гэж хүн байсан. Санжаажавын Ганболдажилчдын үйлчилгээний машины жолоочоор ажилладаг байсан гэжээ.

5.Гэрч Ч.Баасансүрэнд Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйн захиргаа ХЗЭ-ийн хорооноос 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон баярын бичиг, Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйн захиргаа ХЗЭ-ийн хорооноос 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын хүндэт жуух бичигт ...Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйн тракторч Сэнгэдоржийн Баасансүрэнг Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнав гэжээ.

6.Гэрч С.Наранбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:С.Ганболд бол миний төрсөн дүү. Би 1977 онд Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд слесарь, 1983 оноос Маз 509 жолоочоор 1994 он хүртэл тасралтгүй ажилласан.1989-1991 он хүртэл дүү С.Ганболдтой маз 509 гэсэн 1 автомашин дээр смен жолоочоор ажилласан.Манай Мод бэлтгэлийн аж ахуйд Санжаажавын Ганболд гэдэг хүн ажиллаж байсан. Санжаажавын Ганболд анхнаасаа үйлчилгээний баазын жолоочоор тасралтгүй ажилласан гэжээ.

7.Гэрч Санжжавын Наранбатын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

8. Хөхнүүд овгийн Санжжавын Ганболд, Хүрхүүд овгийн Санжаажавын Ганболд нарын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Нэхэмжлэгч Санжжавын Ганболдыг 1988 оны 09 дүгээр сарын 03-наас 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд Маз-509 машины жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Учир нь 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 315 тоот тушаалд ...Авто баазад ХҮ-ийн яамны байнгын курс төгсөж ирсэн Санжжавын Ганболдыг 09 дүгээр сарын 03-наас маз 509 машины жолоочоор тус тус томилон ажиллуулсугай гэж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт ...1992 оны 11 сарын 20 Хянганат ХК-ийн 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 393 дугаар захирлын тушаалаар Авто баазад Маз 509 машины жолоочоор томилон ажиллуулав, 1994 оны 06 дугаар сарын 01 Хянганат ХК-ийн 1994 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаар захирлын тушаалаар өөр газар шилжин ажиллах болсон тул жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Баасансүрэн, С.Наранбат нараас мэдүүлэг авсан ба гэрч Ч.Баасансүрэн 1974-1994 он хүртэл Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан нь түүнд Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйн захиргаа ХЗЭ-ийн хорооноос 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгосон баярын бичиг, Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйн захиргаа ХЗЭ-ийн хорооноос 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх, 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Бүгд найрамдах Монгол ард улсын Засгийн газрын хүндэт жуух бичгээр, гэрч С.Наранбат нь 1977-1994 он хүртэл Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд слесарь, маз 509 жолоочоор ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн ...манай байгууллагад Санжаажавын Ганболд гэдэг хүн 1987 оноос ажилчдын үйлчилгээний машины жолоочоор ажиллаж эхэлсэн юм байна лээ.Би Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа байнгын жолооны курсыг 1988 онд төгсөж ирээд 1988 оны 09 дүгээр сарын 03-наас маз 509 жолоочоор ажиллаж эхэлсэн гэсэн мэдүүлэг нь гэрч С.Наранбат, Ч.Баасансүрэн нарын мэдүүлгээр тогтоогдож байгаагаас гадна ...Санжаажав овогтой Ганболдыг ажилчдын үйлчилгээний машины жолоочоор 12 дугаар сарын 01-нээс томилон ажиллуулсугай гэсэн Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 525 дугаар ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тогтоогдож байна.

Хэрэгт Хөхнүүд овгийн Санжжавын Ганболд, Хүрхүүд овгийн Санжаажавын Ганболд гэсэн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд авагдсан байх ба дээрхи 2 иргэний үнэмлэхээр Санжжавын Ганболд, Санжаажавын Ганболд гэсэн 2 өөр хүн байгаа гэсэн нэхэмжлэгч, гэрчүүдийн мэдүүлэг нотлогдож байна.

Хэрэгт авагдсан 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын 315 тоот тушаал, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарыг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүйн дээр гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөхнүүд овгийн Санжжавын Ганболдыг 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хялганат хорооны Мод бэлтгэлийн аж ахуйд МАЗ-509 машины жолоочоор, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хялганат ХК-нд МАЗ-509 машины жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эсзөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА