Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 123

 

Б.Х- гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/01059/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 639 дугаар шийдвэртэй,   

         Нэхэмжлэгч У овогт Б-ын Х-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч У овогт А-ийн Ө, Г овогт Ш-ын А нарт  холбогдох 

          “Нотариатч Ш.*******ийн гэрчилсэн өв хүлээн авахаас татгалзах тухай гарын үсэг зуруулсан баримт бичгийг хүчингүйд тооцуулах, хамтран хариуцагч А.Ө--ийн хууран мэхлэх, төөрөгдүүлэх зорилгоор хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өвийн гэрчилгээг хүчингүй болгуулах, өвлөгдөх ёстой хөрөнгийн эрхийг хууль ёсоор сэргээж шүүхээр үнэн зөвийг тогтоож зөрчигдсөн эрхийг сэргээлгэх”  тухай иргэний  хэргийг

           Хариуцагч А.Ө--ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

           Нэхэмжлэгч Б.Х-  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “А” ХХК-ийн захирал байсан талийгаач Г.А- нь миний хүү байсан бөгөөд 2009 оноос эхлэн үе үе бие нь муудаж байсан ба 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Солонгос улсад хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэн амжилттай байсан боловч сэргээн засах эмчилгээ хийлгэж байхдаа цус алдан нас барсан. Миний хүү амьд сэрүүн үедээ 1995 онд ээж, дүү нарынхаа өмч хувьчлалын цэнхэр тасалбараар өөрийн ажиллаж байсан “Болор” ХК-ийн хувьцааг худалдан авч тус компанийн өмч болон агуулахын барилгыг давуу эрхтэйгээр хувьчилж авсан. Ингээд тус обьектыг гадны компаниудад түрээсэлж ирсэн. Энэ хугацаанд би том хүү Г.Ш-, дүү П- нарын хамт энэ хүүгийнхээ асрамжид амьдарч байсан.

Ингээд гуравдах хүү болох Г.А-ийг таалал төгссөнөөс хойш 2011 оны 10 дугаар сард миний ач хүү А.Ө-- нь эмээ Б.Х-  намайг хараа, сонсгол мууг далимдуулан миний өмчлөх эрхийг хуурч залилан мэхлэх, итгэл эвдэх аргаар худал хэлэн өөрийн бэлтгэн ирсэн Өв хүлээн авахаас татгалзах гэсэн баримтан дээр гарын үсэг зуруулан надад өвлөгдөх ёстой хөрөнгийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авч хохирол учруулсан тул А.Ө--өөс миний хүү Г.А-аас надад өвлүүлэх ёстой байсан өвийн өөрт ногдох хэсгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүү маань явахдаа гэр бүлийн хурал хийж ах дүү нараа цуглуулан энэ хөрөнгө энэ хүмүүсийн хөрөнгө болох талаар захиас даалгаварыг өгөөд одоогийн энэ компаниа миний ач хүү А.Ө--төө бэлэглэж бэлэглэлийн гэрээ хийсэн байдаг. Хөрөнгө мөнгө үргэлж хэрэгтэй байсан тийм хэцүү хүнд үед бид нэг гэр бүлийн хүмүүс олон жилийн турш хамтран ажиллаж амьдарч ирсэн болохоор энэ бүх нөхцөл байдлыг ойлгож бүх чадал чинээгээрээ мөнгө хөрөнгөөр туслаж байсан. Гэтэл хүүг минь дөнгөж бурхан болуут бидний тусалж дэмжиж байсан миний ач хүү түүний эхнэр нь гэнэт зангаа хувиргаж миний талийгаач хүүгийн өвлүүлсэн өмч хөрөнгийн надад ногдох хэсгийг хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн хөгшин намайг хууран мэхэлж гарын үсэг зуруулан өөрийн нэр дээр шилжүүлсэн байсныг мэдээд ач хүү, нотариатч Ш.******* нарт маш их гомдож байна. Би одоо Дархан хотод амьдардаг 90 настай бөгөөд хараа муу, ноднин жил нүдэндээ мэс ажилбар хийлгэсэн, сонсгол муу намайг хуурч өв хүлээн авахаас татгалзах тухай гарын үсэг зуруулах баримтыг тусгайлан бэлтгэсэн байсан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.Ө-- нь над дээр ганцаараа орж ирэн аавын компанийг явуулах зөвшөөрөл таниас авах хэрэгтэй байна, дулаан цахилгааны гэрээ хийхэд таны гарын үсэгтэй зөвшөөрөл хэрэгтэй байна, банкнаас зээл авч Х.Чинзориг ахын байгууллагаас авсан зээлийг өгмөөр байна, том ах Ширмахалын байрыг зарж аавын ажил явдалд хэрэглэсэн байрны мөнгийг өгөх гэсэн юм гэж надад итгүүлэхээр нь би өөрийн ач хүүдээ итгэн  гарын үсэг зурсныг би өнөөдөр батлаж байна. Би нотариатч дээр очоогүй бөгөөд нотариатч ч манайд ирж байгаагүй. Би энэ нотариатчийг нэг ч удаа харж байгаагүй бөгөөд А.Ө--ийн хөгшин намайг хууран мэхлэж өв хүлээн авахаас татгалзах бичиг баримт дээр гарын үсэг зуруулсаныг нотариатч баталж хууль бус үйлдлийг хамтран хийж хөгшин намайг хохироож байгаад гомдолтой байна. Тухайн үед А.Ө-- нь ганцаараа орж ирж гарын үсэг зуруулсан бөгөөд үүнийг Б.Х-  миний бие болон ач хүү М.******* гэрчилнэ. Гэтэл тухайн үед нотариат байгаагүй, уг хэлцлийг нотлох үүрэг бүхий этгээд болох нотариатч Ш.*******ийн гэрчилсэн Өв хүлээн авахаас татгалзах тухай гарын үсэг зуруулсан баримт бичгийг хүчингүйд тооцуулах, хамтран хариуцагч А.Ө--ийн хууран мэхлэх, төөрөгдүүлэх зорилгоор хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өвийн гэрчилгээгээ хүчингүй болгуулах, надад өвлөгдөх ёстой хөрөнгийн эрхийг хууль ёсоор сэргээж шүүхээр үнэн зөвийг тогтоож миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.  Хүү нас барсанаас хойш эх, хүү 2 нүүрээ үзүүлээгүй. Урд нь ирж золгож утсаар ярьдаг байсан. Нэг удаа ч утсаар яриагүй ирж уулзаагүй. Амьд үлдсэн хэд нь бие биендээ туслаад явсан бол сайн байсан байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсч байна гэжээ.

           Хариуцагч тойргийн нотариатч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Б.Х-  гуайн төрсөн хүү хүрээлэнгийн захирал н.******* хүү М.******* надруу 2-3 өдөр дараалан утсаар яриад манай хамаатны хүүхэд хотоос ирж байгаа, эмээгийнхээ гарын үсгийг зуруулах гэсэн юм. Ажлын бус цагаар хийлгэх гэсэн юм гэж хэлсэн. Ажлын бус цагаар хийж чадахгүйээ гэж хэлэхэд гуйгаад байхаар нь маргааш өглөө эрт уулзъя гэж хэлсэн. Маргааш нь тухайн үед М.******* А.Ө--ийг дагуулж орж ирсэн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М.******* нэг залуутай орж ирсэн би тэр А.Ө-- гэдэг залууг танихгүй хуйвалдсан зүйл байхгүй. М.*******, А.Ө-- 2 хүсэлтийг бэлдчихсэн гээд бид 3 дэвтэрээ аваад Б.Х-  гуайн гэрт нь гурвуулаа орсон, ороод би үүдэнд нь зогсож байсан бид нар ярилцчихсан гээд М.******* эмээгээр гарын үсэг зуруулчихъя гэж хэлээд хоосон юман дээр гарын үсэг зуруулсан. Өвөөс татгалзсан хүсэлтийг А.Ө--, М.******* 2 бэлдчихсэн ирсэн. Тэгээд би гэрээг нь баталгаажуулаад гарсан, гэтэл 2 жилийн өмнөөс ийм маргаан үүссэн. Тухайн үед Б.Х-  гуай өөрөө гарын үсэг зурсан, Б.Х-  гуайд би тайлбарлаж өгөөгүй нь үнэн. Тайлбарлах боломж гараагүй. М.*******, А.Ө-- 2 гэрээгээ бэлдээд ирсэн байсан тул би хоорондоо ярилцсан байна гэж ойлгоод тайлбарлаж өгөөгүй. Б.Х-  гуай ойлгоогүй нь аргагүй байх. Би хэлцэл батлаагүй. Өвөөс татгалзсан хүсэлтэн дээр нь Б.Х-  гэдэг хүний гарын үсэг зурсан гэдгийг нь гэрчилээд дэвтэр дээрээ бүртгэл хийсэн үйлдэл хийгдсэн. Тухайн өдөр М.*******, А.Ө-- нарын хэлсэн үгийг Б.Х-  гуай ойлгоогүй байж болно. Хүүгийнх нь хүү М.******* 3-4 хоногийн өмнөөс энэхүү яриа гэр бүл дотор нь яригдсан байдаг. М.******* нь надад худлаа хэлэхгүй үүнийг гэрчилнэ манай хүүгийн багын найз гэжээ.

              Хариуцагч А.Ө--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              А.Ө-- нь нэхэмжлэгч Б.Х- гийн хүү Г.А-ийн том хүү нь. Г.А- нь 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан. Нас барахаасаа өмнө Г.А-ийн нэр дээр АОӨГ компани нь нэг гишүүний бүртгэлтэй компани байсан байдаг. Компаний нэр дээр Баянгол дүүргийн 5 хороонд бүртгэлтэй байшин үйлдвэрлэх комбинатын хашаанд үл хөдлөх эд хөрөнгө байсан. Талийгаач Г.А- нь нас барахаасаа өмнө 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ эрх шилжүүлэх гэрээг өөрийн төрсөн хүү А.Ө--т компаний 100%-ийн хувьцааг бэлэглэсэн байдаг. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа.А.Ө-- нь тухайн үед бэлэглэлийн гэрээг хуулийн этгээдээр бүртгүүлэх гээд бүртгэлийн газар очиход хуулийн этгээдийн бүртгэлийн газар засварт орсон байсан тул гэрээг бүртгүүлэх боломжгүй байсан. Улмаар хугацаа алдаад 2014 оны 10 дугаар сар хүртэл компанийг шилжүүлж авч чадахгүй явж байсан. Баянгол дүүргийн нотариатчид хандахад бэлэглэлийн гэрээ нь бүртгэгдээгүй юм бол компанийг өв залгамжлалын журмаар шилжүүлээд өгье гэж хэлсэн. А.Ө--ийн төрсөн ээж, төрсөн дүү, А.Ө--, Б.Х-  гэсэн 4 хүний нэр дээр өв хийгдсэн байгаа. А.Ө--ийн төрсөн эх, төрсөн дүү нь өвөөс татгалзсан. Дархан-Уул аймагт ирээд Б.Х-  эмээ дээрээ ирсэн. Гэрт нь орохдоо өөрийн үеэл болох М.*******той хамт гэрт нь орсон. Гэрт нь орохоосоо өмнө өвөөс татгалзах хүсэлтийн утгыг өөрийн эмээдээ уншиж, тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч гарын үсгээ зурж, хурууны хээгээр баталгаажуулсан. Энэхүү хэлцэл нь хууль бус гэж үзэхгүй байна. Нотариатч нь хүсэлтийн агуулгыг гэрчлэхгүй гарын үсэг хурууны хээ нь Б.Х-  гуайнх мөн гэдэг нь нотлогдож байгаа. Нэхэмжлэгч нь өв хүлээж авах хүсэлтийг нотариатад гаргаж өгч байгаагүй. Өвийг 3 сарын дотор хүлээж авах ёстой. Өвлөгчтэй хамт амьдарч байгаагүй өв нийлсэнээс хойш 2011 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс нэг жилийн дотор өв хүлээж авах хүсэлтийг нотариатчид гаргаж өгөх ёстой байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар өв хүлээж авах эрхгүй болсон гэж үзэж байна. Өв хүлээж авах тусгайлсан хөөн хэлэлцэх хугацаа байдгийг шүүх авч үзээсэй. Нэхэмжлэгчийн гарын үсгийг шинжээч томилуулж шинжлүүлэх хүсэлт гаргасан боловч шинжилгээ хийх боломжгүй гэдэг хариу өгсөн. Иймээс нэхэмжлэгчийн өгч байгаа тайлбараар гарын үсэг өөрийнх нь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүсэлт нь хэлцлийн хэмжээнд хүрэх баримт бичиг биш юм. Өвлөх эрхээсээ татгалзаж байгаа бол хүсэлт гаргана гэж Иргэний хуулинд заасан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хүсэлтийг хэлцэл гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Х-  нь гарын үсэг өөрөө зурсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс нотариатын үйлдэл нь хууль ёсны дагуу гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл биш, өв хүлээж авах татгалзал нь бэлэглэл, гэрээслэлийн гэрээний алинд нь ч багтахгүй үүнийг хэлцэл гэж үзэх боломжгүй. Хэлцэл гэдэг нь нэг тал хүлээж аваад харилцан тохиролцсон байдлыг хэлцэл гэдэг. Хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт зааснаар өв хүлээн авагч өв хүлээн авахаасаа татгалзах эрхийг хуульчлаад өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь өв хүлээн авахаасаа татгалзаж гарын үсэг зурсан тул энэхүү бичиг нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 639 дугаар  шийдвэрээр:

           Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.10-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн нотариатч танаа, өв хүлээн авахаас татгалзах тухай гэсэн хүсэлтийн талаар хариуцагч тойргийн нотариатч Ш.*******ийн хийсэн үйлдлийг хүчингүй болгож, хамтран хариуцагч А.Ө--ийн хууран мэхлэх, төөрөгдүүлэх зорилгоор хийгдсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах өвийн гэрчилгээ хүчингүй болгуулах, надад өвлөгдөх ёстой хөрөнгийн эрхийг хууль ёсоор сэргээж шүүхээр үнэн зөвийг тогтоож миний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Х- гийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ХААН банктөрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ш.*******ээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х- д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч А.Ө-- давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэгч Б.Х-  нь талийгаач Г.А-ийн үүсгэн байгуулсан “АОӨЭ” ХХК-ийн хувьцааны ногдох хэсгийг өвлөх эрхээсээ татгалзаж, өв хүлээн авахаас татгалзах тухай бичигт өөрийн гараар гарын үсэг зурж, өөрийн хурууны хээний дардасыг бичигт дарж өгсөн. Дээрх үйлдэл нь өв хүлээн авахаас татгалзсан гэдгийг хангалттай нотлох нотолгоо юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-т зааснаар “Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахас татгалзах эрхтэй” бөгөөд хуулийн 528 дугаар зүйлд заасан өв хүлээн авахаас татгалзах журамд өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг зайлшгүй нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг хуульчлаагүй байна. Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тохиолдолд “АОӨЭ” ХХК-ийн өвлөн авсан өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болгох сөрөг үр дагаврууд үүсэхээр байна. “АОӨЭ” ХХК-ийн хувьцааг цорын ганц үүсгэн байгуулагч миний талийгаач эцэг Г.А- нь нас барахаасаа өмнө 2011 оны 07 дугаар сард нотариатчаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр бэлэглэл, эрх шилжүүлэх гэрээгээр хүү надад шилжүүлэн өгч, цаашид компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллахыг үүрэг болгосон. Хэдийгээр нотариатч Ш.******* 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бичигдсэн хүсэлт дээр нэхэмжлэгч Б.Х-  гарын үсэг зурахад байлцаагүй гэдэг нь үнэн боловч Б.Х- гийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нь хуульд нийцсэн байна.

            Миний зүгээс нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн асуудал огтхон ч гаргаагүй, ийм санаа зорилго ч байгаагүй болно. Тус хүсэлтийн агуулгыг эмээ Б.Х- д хангалттай сайн тайлбарлаж, уншиж танилцуулж өгөөд хүлээн зөвшөөрөхөд нь гарын үсэг зуруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Б.Х-   хариуцагч  А.Ө--, нотариатч  Ш.*******  нарт холбогдуулан  нотариатын хууль бус үйлдлийг хүчингүй болгуулах, надад өвлөгдөх ёстой хөрөнгийг  өөрийн нэр дээр  хууль бусаар шилжүүлэн авч хохирол  учруулсан тул миний хүү  Г.А-аас надад өвлүүлэх ёстой байсан  өвийн өөрт ногдох, хэсгийг  буцаан авах тухай  2 төрлийн шаардлага гаргасан  байхад  \хэргийн 1-3 дугаар тал \ анхан шатны  шүүхийн шүүгчийн, 2015 оны  09 дүгээр сарын 29-ний өдрийн  4106 дугаар захирамжид  “өв хүлээн авахаас татгалзах тухай гарын үсэг зуруулсан  баримт бичгийг  хүчингүйд тооцуулах, хамтран хариуцагч  А.Ө--ийн хууран мэхлэх, төөрөгдүүлэх  зорилгоор хийгдсэн хэлцлийг  хүчин төгөлдөр бусд тооцуулах, өвийн гэрчилгээ хүчингүй болгуулах, надад өвлөгдөх ёстой  хөрөнгийн эрхийг хууль ёсоор сэргээлгэх, шүүхээр үнэн зөвийг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай  \ хэргийн 10 дугаар тал \  5 төрлийн  шаардлага  бүхий нэхэмжлэлд иргэний хэрэг  үүсгэсэн  нь  учир дутагдалтай болжээ.

Учир нь: Захирамжийн  бүтэц нь шийдвэрийн бүтцийн адил удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна. Тодорхойлох хэсэгт  нэхэмжлэлийн  шаардлагын агуулгыг заах  ёстой юм. Гэтэл  нэхэмжлэгчийн  шаардлагад  байхгүй  шаардлагуудыг  шүүх  нэмж бичсэн байна.

Нэхэмжлэлийн  шаардлагаас үзэхэд  нотариатчийн хууль бус үйлдлийг хүчингүй болгох гэж  харин  нэхэмжлэлийн үндэслэлд  “хүү Г.А-аас надад өвлүүлэх ёстой байсан  өвийн өөрт ногдох хэсгийг буцаан авах, өв хүлээн авахаас татгалзах тухай  бичигт гарын үсэг зуруулсан баримт бичгийг хүчингүйд тооцуулах, хамтран хариуцагч А.Ө--ийн  хууран  мэхлэх төөрөгдүүлэх зорилгоор  хийгдсэн  уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, өвийн гэрчилгээг хүчингүй болгон, надад өвлөгдөх ёстой хөрөнгийн эрхийг хууль ёсоор сэргээж, шүүхээр үнэн зөвийг нь тогтоож, миний зөрчигдсөн  эрхийг сэргээж өгнө үү  гэсэн  нь  шаардлага  гэж  үзэх эсэхийг   тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т  заасан  “шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх”   тухай  заалтыг  зөрчжээ.

Шаардлага болон үндэслэлийг тодорхой болгуулснаар  нэхэмжлэгч болон хариуцагч,   шаардлага, татгалзалтай  холбоотой  нотлох баримтыг  шүүхэд  ирүүлэх, шүүх   болсон үйл баримтыг нотлох баримтын үндсэн дээр зөв тогтоож, маргааны харилцааг зохицуулсан хуулийг  зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой  болно.

Шүүх  5 төрлийн  шаардлага  бүхий нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн атлаа,  тэдгээртэй холбоотой  нотлох баримт  болох өвлөх эрхийн  гэрчилгээ, өвлөх  ёстой ямар эд хөрөнгө байгаа, түүний үнэ зэргийг   гаргуулаагүй  байв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр буцаасан тул  хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдлын  талаар  дүгнэлт хийх боломжгүйг дурдаж байна.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 639 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр  мөн шүүхэд  буцаасугай.

2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  А.Ө--  давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЦЭЦЭГ                         

                                  ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА 

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ