Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 39

 

Г.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаар магадлалтай (мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 140 дүгээр магадлалаар хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээсэн), Г.Н-д холбогдох эрүүгийн 2011000000924 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгайд оршин суух хаягтай,

Төв аймгийн 8 дугаар хэсгийн ардын шүүхийн 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 3 сарын хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 228 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорьж, Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар уг ял дээр нь өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 3 хоногийн ялыг бүгдийг нэмж 3 жил 2 сар 3 хоног хорих ял оногдуулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил хорих, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж нийт  5 жил 1 сар хорих ялаар  шийтгүүлж байсан Б овогт Г-ийн Н

Г.Н нь согтуугаар 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгайд байх гэртээ А.Р-ийг хамтран амьдрагч Ц.Э-тай хардан түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гараараа болон гутал, сүхний ишээр олон удаа цохиж олон тооны гэмтэл шарх биед нь учруулж онц харгис хэрцгийгээр алсан,

тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Э-ыг хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн цавь, бэлгийн их уруул, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Н онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж  алсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар түүнийг 19 жилийн хугацаагаар хорих, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,         

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 19 жилийн хорих ял дээр 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 80 хоногоор тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 402 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 19 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 2 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 19 жил 2 сар 20 хоногоор тогтоосугай”,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар оршуулгын зардал болох 2,269,850 төгрөгийг шүүгдэгч Г.Н-ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-д олгуулсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Г.Н-г 213 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Н гаргасан гомдолдоо: “Мөрдөгч ахлах дэслэгч Г мэдүүлэг авалгүйгээр цагдан хорьсон. Цагдан хорьсноос 4 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 24-нд ганцхан удаа мэдүүлэг авснаас хойш байцаалт явуулаагүй, дахиж ирээгүй. Энэ бүх асуудал Э гэдэг эмэгтэйтэй шууд холбоотой бөгөөд тэд нар маргалдаж байсан. Казак залуу зассан орноосоо босоод унталгүй гарсан байж болзошгүй яагаад гарах болсон, хаалганы хажууд довжоо даваад ойчсон байдал, нас барсан, нүүрэнд нь зулгаралт үүссэн хөнгөн гэмтэл авсан байдаг нь тэд нар хамт гараад гадаа чухам юу болсныг би мэдэх боломж байхгүй байсан гэсэн мэдүүлгийг бичиж аваагүй.

Э-ыг тэр хавийн хүмүүс бүгд мэднэ, байцаалт авахыг хүсч байна гэхэд Э үүнд хамаарахгүй, хэрвээ Э-ыг байцаах юм бол та хоёр хам хэрэгтэн болно шүү, үүгээрээ л дуусга, танд шүүх ял өгөхгүй гэж худал хэлж байхад нь би хэрэг хийгээгүй юм чинь үнэн байх гэж бодоод л итгэсэн. Казак залуу маань согтуу байсан учир хэн нэгэнтэй зодолдсон, эсвэл зодуулсан байж болзошгүй гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх, бодит гэрчлэгч нь Э байсаар байтал, Э-ыг олох шаардлагагүй гэж байснаас болж мөрдөгч ахлах дэслэгч Г-ийн буруугаас би олон жил, сарын хорих ял эдлэх болсондоо гомдолтой. Үнэнийг нэг бүрчлэн тогтоох цаг хугацаа боломж дээд зэргээр байсан.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “талийгаач нь архины хордлогоор нас бараагүй, гадны нөлөөгөөр гэмтэл авч нас барсан гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан байсан. Үнэхээр гадны ямар нэг хүний нөлөөгөөр нас барсан нь үнэн бол хэний нөлөөгөөр хэнтэй зодолдсон гэдгийг ерөөсөө олж тогтоогоогүй, зөвхөн надад л бүгдийг хууль зөрчин тохсон явдалд би гомдолтой байдаг. Энэ бүх асуудалд мөрдөгч Г, хяналтын прокурор У-ийн хариуцлаггүй байдал нөлөөлсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг бүрэн тогтоож чадаагүй байж дээрх зүйл, ангиудаар ял сонсгож, шийтгэх тогтоол гаргасныг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би авчирсан архинуудын бүгдийг ганцаараа уун ухаан алдчихаад маргааш хүртэл нь унтсан болохоос казак залуу бид хоёрын хооронд ямар ч маргаан гарах, зодолдох шалтгаан нөхцөл ерөөсөө байгаагүй, байх ч ёсгүй. Нэгэнт надад 19 жил 2 сар 20 хоногийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэж би үздэг.

Улсын яллагчаар шүүх хуралд оролцсон хяналтын прокурор У нь “шүүгдэгч Н нь урьд нь олон удаа ял эдэлж байсан учир хэргээ хүлээхгүй байгаа юм. Энэ нь түүнийг хүн алсан нь үнэн гэж хэлсэнд гомдолтой байна. Хяналтын прокурор хүн үнэнийг бүрэн тогтоохын тулд хяналт тавьдаг атлаа, үнэн  зөв тогтоогоогүй байж дээрх үгийг хэлснээр надад асар өндөр ял шийтгэл онооход бодитойгоор шүүх хурлын бүрэлдэхүүнд нөлөөлсөнд гомдолтой. Хяналтын прокурор Уранзаяа хууль бус үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан нь дараах шалтгаантай.

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байх Хилийн цэргийн заставын дарга байхад гадуур ажил хөөцөлдөж явахад цэргүүд байраа галдаж шатааж байсны улмаас ял шийтгэлийг 1984 онд хүлээсэн.

Хүргэн дүүгээ өдөр болгон согтуу ирж дүү, ээж нарт агсан тавиад байхаар нь ахын ёсоор алгадсаны улмаас 6 сарын баривчлах ялаар 1994 онд шийтгүүлсэн. Ял эдлээд 5 сар болж байхад хүргэн дүү айлд архидаж байгаад нас барсан байсан.

Кино үйлдвэрийн ар талд байдаг 204 дүгээр байрны орцны жижүүр нь зээлсэн мөнгөө өгөлгүй худал хэлснээр нь нэг алгадчихаад яваад өгсөн шөнө /2010 онд/ өөр орцны жижүүр хүүхэнд хөл рүүгээ хутгалуулсныг хэн ч мэдээгүй, хараагүй байсан тэрчлэн хутгалуулсан орцны жижүүр согтуу байсан учир өөрөө ч мэдээгүй. Гэтэл тэр орцонд амьдардаг нэгэн эмэгтэй намайг алгадаж байсныг харсан гэж хэлсний улмаас намайг хутгалсан гэж үзээд 5 жилийн хорих ял өгсөн юм. Түүнээс биш би санаатайгаар хүн зодож, алж, хядаж байсандаа одоо надад оноосон хэргийг хүлээхгүй, зөвшөөрөхгүй байгаа юм биш билээ.

Хоригдол Г.Н би одоо иргэний үнэмлэх дээрх насаараа 54 настай, төрснөөрөө 63 настай, биеийн эрүүл мэнд муу байгаа учир хийгээгүй хэргийн төлөө 19 жил 2 сар 20 хоногийн ялыг дийлж дуусгана гэхэд миний чадал үнэхээр мөхөсдөж байна. Миний гомдолдоо дурдсан асуудлууд нь бүгд үнэн бөгөөд хэрхэн, ямар шийдвэр гаргах нь эрхэм шүүгчид та бүхний эрх үүргийн асуудал гэдгийг би мэдэж байна. Иймд миний үнэнийг бичсэн талаарх асуудлыг шийдвэрлэнэ үү,  эсвэл энэ хэргийг намайг үйлдсэн нь үнэн гэж үзнэ үү, миний нас биеийн байдал одоогийн эдлэх ёстой ялын хугацааг харгалзан үзэхийг хүсч байна” гэжээ.

Прокурор Б.У хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч Г.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.Н-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд хамрагдаж байх тул шийтгэх тогтоол, магадлалаар оногдуулсан 2 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хасаж нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж  хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Одоогийн байдлаар хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх шүүгдэгч Г.Н-г 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр согтуугаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зуслангийн задгайд байх өөрийн гэртээ хохирогч А.Р-ийг хамтран амьдрагч Ц.Э-тай хардан түүнийг гараараа болон гутал, сүхний ишээр цохиж, олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн үед дээрх хохирогчийг өмөөрсөн Ц.Э-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, түүнийхээ үндэслэлийг шийтгэх тогтоол, магадлалд тодорхой заасан байна.

Тухайлбал, шүүгдэгч Г.Н нь мөрдөн байцаалт (хэргийн 1 дэх хавтас, 125-132 дахь тал), анхан шатны шүүх хуралдааны явцад (шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 2 дахь хавтас, 14-21 дэх тал) гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, ял хөнгөрүүлэх талаар гаргасан өөрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой танилцаж гарын үсгээ зурсан (хэргийн 2 дахь хавтас, 36 дахь тал) бөгөөд тэрээр хяналтын журмаар гаргасан гомдолдоо уг хэргийг өөрт нь тохсон явдалд гомдолтой талаар дурдсан боловч тэрээр хохирогч нарт хэрхэн, яаж хүч хэрэглэн халдсан тухай гэрч, хохирогч Ц.Э-ны өгсөн мэдүүлэгт үндэслэн хоёр шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал болон уг хэргийг хэн үйлдсэнийг сэргээн тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн хоёр хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг болон амь хохирогч А.Р-ийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт тулгуурлан хоёр шатны шүүх нь гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэхүү үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг үндэслэлтэй тогтоосон байна.  

Шинжээчийн дүгнэлтэд тусгаснаар (хэргийн 1 дэх хавтас, 63-68 дахь тал) амь хохирогчийн цусанд 4.4, шээсэнд 4.7, ходоодны шингэн 4.8 промиль спирт илэрснийг шинжээч согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлж, “хүнд зэргийн согтолттой хүн орон зай, цаг хугацааны баримжаагүй, өөрийгөө хянах чадваргүй байдаг тул биеэ хамгаалах чадваргүй байдаг” хэмээн тайлбарлан мэдүүлсэн (хэргийн 1 дэх хавтас, 75-76 дахь тал), Г.Н зүгээс хүч хэрэглэн халдах үед хохирогч А.Р ямар байдалтай байсан, эсэргүүцэл үзүүлсэн эсэх талаар гэрч, хохирогч Ц.Э-ны мэдүүлэг (хэргийн 1 дэх хавтас, 40-43, 52-55 дахь тал) зэрэгт үндэслэн хохирогч нь хүчтэй согтуурсны улмаас бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт халдлагын эсрэг идэвхтэй эсэргүүцэх чадваргүй байсан гэж хоёр шатны шүүх дүгнэж энэ шинжээр нь шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр (хэргийн 1 дэх хавтас, 63-68 дахь тал) талийгаачийн биед олон тооны шарх, гэмтэл учирсныг тогтоож, үхлийн шалтгааныг “...дээрх олон тооны гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас барсан” хэмээн тодорхойлсныг үндэслэн хоёр шатны шүүх нь шүүгдэгч Г.Н олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг алсан гэж үзэж, түүний хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Хоёр шатны шүүх нь дээр дурдсан хуулийн зүйл хэсэгт заасан үндэслэл, зарчмуудыг болон дотоод итгэлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.1, 2.7-д заасан 12-оос 20 жил хүртэл, эсхүл бүх насаар нь хорих ялуудаас 19 жил хорих ялыг шүүгдэгчийн гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон гэж дүгнэж, сонгон хэрэглэснийг хүндэдсэн хэмээн үзэх үндэслэлгүй байна.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэм, нөхөн төлүүлэх эдийн хохирлын хэр хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо өөрийгөө 54 биш 63 настай гэж дурдсан хэдий ч Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 11/09/019874 тоот иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1 дэх хавтас, 55 дахь тал), өмнө нь түүнд ял оногдуулж байсан таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, ял эдэлсэн байдалтай холбогдох бусад баримт бичгээр (хэргийн 1 дэх хавтас, 168-186 дахь тал) тэрээр 1967 оны 2 дугаар сарын 18-нд төрсөн (регистрийн дугаар) болох нь эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдож байх тул шүүгдэгчийн насны байдлыг тогтоолгох шаардлагагүй гэж үзлээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулсан ялыг өршөөлд хамруулах талаар дүгнэлт гаргасан боловч Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар түүнд өршөөл үзүүлсэн байх тул (хэргийн 1 дэх хавтас, 171 дэх тал) Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу өршөөлд дахин хамруулах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН