Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 208/МА2024/00049

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 150/ШШ2024/00046 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ******* ******* *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр /цахим/, П.Занабазар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Галтаа, П.Сумъяа /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

...Миний бие ******* овогтой ******* ******* нь "******* Шохой" *******-ийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргаар 2022 оны 04 сарын 13-ны өдөр ажилд орсон. 2022 оны 05 сарын 27-ны өдөр Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын дарга албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн "******* *******" *******-ийн Гүйцэтгэх захирлын Б/622 дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан бөгөөд үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 43.1.4 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ДОА22/06 дугаартай зөвлөмж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ДОА22/07 дугаартай зөвлөмж, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.9.8, 8.9.9 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1.4, 5.1, 10.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн болно. Тушаалын тушаах хэсэгт шууд удирдлагаас өгсөн албан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоop биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил байх тул 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай гэжээ.

Миний бие "******* Шохой" *******-д ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Тушаалд бичигдсэн зөрчлүүд нь хэзээний ямар зөрчил болох нь тодорхойгүй, ямар үүрэг даалгаврыг хэрхэн өгч, хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй байх бөгөөд миний бие ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байсан болно. Мөн надаас зөрчилтэй холбоотой ямар нэгэн тайлбар аваагүй, ямар зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалтыг баримтлаагүй байна. Мөн 2022 оны 10 дугаар сарын 10-21-ний өдрийг дуустал хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж байсан ба энэ тухайгаа Гүйцэтгэх захирал *******т мэдэгдэж, эмнэлгийн магадалгааг байгууллагын цахим хаяг [email protected] хаяг руу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр илгээсэн бөгөөд магадалгааг эх хувиар нь байгууллагад хүргүүлсэн билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасныг зөрчиж, хуулийн 123.3-д заасныг баримтлалгүй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна. Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа учраас урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна... гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Монгол Улсын иргэн *******ын нэхэмжлэлтэй, "******* *******" *******-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ХК-д *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

"******* *******" *******-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар иргэн *******ыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулах хүртэлх хугацаанд Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд түр хугацаатайгаар томилсон байдаг.

Гэвч ******* нь тус компанид ажиллах хугацаандаа Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн хэмжээнд мөрдөгдөх хууль, тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, архив, албан бичиг хэргийн хөтлөлтийг стандартын дагуу явуулах, төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах чиг үүргээ удаа дараа зөрчиж, гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байгаагүй болно. Тодруулбал ******* нь өөрөө компанийн хүний нөөцтэй холбоотой бүхий л ажлыг хариуцах, хянах, компанийн дүрэм журмыг хуульд нийцүүлэн явуулах гол чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан боловч дээрх албан тушаалд түр томилогдсоноос хойш ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаар талууд хоорондоо тохиролцоогүй явж ирсэн.

Хэдийгээр ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулагдсантай агуулгын хувьд адилтгаж үзэж болохоор байна. Ажил олгогч нь ажилтан *******ыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан туршилтаар ажиллуулахаар 2022 оны 05 дугаар сард түр томилж, 2022 оны 10 дугаар сард ажил олгогчийн зүгээс түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цаашид сунгахгүйгээр цуцалсан нь хугацааны хувьд хууль зөрчөөгүй болно. Мөн "******* *******" *******-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/127 тоот тушаалаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.1.4-д зааснаар компанид ажилтан шалгаруулж авах, ажлаас чөлөөлөх асуудлыг тусгасан байх бөгөөд ажилтныг ажилд авахтай холбогдсон харилцааг компанийн "Ажилтан сонгон шалгаруулах журам"-аар зохицуулна гэж тус тус заасан байна.

*******ын хувьд компанийн дүрэм болон компанийн "Ажилтан сонгон шалгаруулах журам"-ыг баримтлаагүй түр томилогдсон болно. Учир нь ажил горилогчийн хувиар бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлээгүй, бичгийн болон ур чадварын, ярилцлагын шалгалтуудыг өгөөгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй төдийгүй тухайн албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, туршлага, боловсролын шаардлагыг хангаагүй болно.

"******* *******" *******-ийн дүрмийн 7.1 "Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт Компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна. Дүрмийн цагт "Төлөөлөн, Компанийн эрх ашигт сөргөөр удирдлагын үйл ажиллагаа, гаргасан 07/13 шийдвэр нь компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн эсэх, үйл ажиллагаа хууль бодлого, дүрэм журамд нийцсэн эсэхэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг арилгахыг холбогдох этгээдээс шаардах, шаардлагыг эс биелүүлбэл асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх, Дүрмийн 7.14 "Компани нь шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудал эрхэлсэн байнгын болон түр хороог байгуулж болох бөгөөд өөрийн үйл ажиллагааг үр өгөөжтэй, байнгын мэргэшсэн байдлаар үйл ажиллагааг явуулах зорилготой Аудитын цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хороог заавал байгуулан ажиллуулна" гэж тус тус заасан байна.

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлээр компанийн гүйцэтгэх захиралд тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгаж, Компанийн удирдах албан тушаалтан бүрийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хянуулсны дараа томилох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийг хэрэгжүүлэх үүднээс"... хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянуулах хүртэл хугацаанд түр томилсугай" гэсэн тушаалуудыг хүчингүй болгохоор заасан байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг, даалгаврыг компанийн гүйцэтгэх захирал хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжилтийн хүрээнд иргэн *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь дээрх шийдвэртэй нийцнэ.

Түүнчлэн "******* *******" *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын 5 дугаарт "Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоол, тус тогтоолоор баталсан зохион байгуулалтын бүтцийг хүчингүй болсонд тооцсугай." гэж заасан. Өнөөдрийн байдлаар дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газар гэсэн бүтэц нь орон тооны хамт байхгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүйгээс гадна холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй, түүнчлэн Гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар баталсан Захиргаа, удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байх тул эгүүлэн ажилд боломжгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ******* нь тус компанид ажиллах хугацаандаа шууд удирдлагаас өгсөн албан үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн Удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг Үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

******* нь төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ДОА22/06 дугаартай зөвлөмжөөр өгөгдсөн "Ажлын байрны тодорхойлолт"-ыг шинэчлэн баталж мөрдүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ДОА22/07 дугаартай зөвлөмжөөр өгөгдсөн "Хөдөлмөрийн дотоод журам"-ыг шинэчлэн баталж мөрдүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй байна. Гүйцэтгэх захирлын зүгээс дотоод аудиторын зөвлөмжийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч *******т цохолт хийж, хэрэгжилтийг хангаж, хариу өгөхөөр үүрэгжүүлсэн боловч хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Энэ нь компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/127 дугаартай тушаалаар батлагдсан компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.10, 6.2.7, 6.3.9, 7.7, 8.2 дах заалт мөн Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/163 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын Албан тушаалын зорилго, зорилт чиг үүрэг хэсгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, Албан тушаалын зорилт хэсгийн №3. ... Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартад нийцүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, №6. ... Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэсэн заалтуудыг тус тус мөрдөж ажиллаагүй. Тодруулбал: Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан хийх компанийн хөдөлмөрийн дотоод журмыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр буюу нэхэмжлэгчтэй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноос хойш даруй 1 сарын дараа боловсруулж, Гүйцэтгэх захирлын тушаалаар баталж үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 386 дугаар тогтоолоор "******* *******" *******-ийн гүйцэтгэх захирал *******т шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх захирал ******* Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч *******т үүрэг даалгаврын биелэлтийг төлөвлөгөө гаргаж, тайлагнах үүргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн боловч мөн л биелүүлээгүй.

Компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/127 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 3.1.6-д "Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн шууд удирдах ажилтанд ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй", 3.1.7-д "Урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох...", 3.2.1.4-т "Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллагсад нэгжүүдийн дарга нарт Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр чөлөөг олгоно" гэж заасныг зөрчиж 2022 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ажил тасалж, журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй болно.

Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/148 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Ажилтан нарын цаг бүртгэл, хоолны хөнгөлөлтийн карт ашиглах тухай журам"-аар ажилтан ******* нь хурууны хээ, нүүр царайгаар ажлын цагаа бүртгүүлэх үүрэгтэй боловч бүртгүүлээгүй нь журмын 4.1-д зааснаар ажил тасалсанд тооцогдож байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 150/ШШ2024/00046 дугаартай шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* Шохой Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 94,896,990 төгрөг, 2022 оны жилийн эцсийн урамшуулал 2,963,265 төгрөг нийт 97,860,255 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 717,451 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн *******ын нэхэмжлэлтэй, ******* ******* *******-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 150/ШШ2024/00046 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна. Тодруулбал:

1.Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ******* *******-ийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 10-21-ний өдрийг дуустал хугацаанд намайг эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтэж байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хэмээн тайлбарладаг.

Хариуцагчийн зүгээс дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ******* ******* *******- ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар *******ыг Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон, улмаар Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар *******ыг Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нь хянуулах хүртэлх хугацаанд Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд түр хугацаатайгаар томилон ажиллуулж байсан бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байдаг.

Нэхэмжлэгч ******* нь тус компанид ажиллах байх хугацаандаа Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн хэмжээнд мөрдөгдөх хууль, тогтоомж, дүрэм журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, архив, албан бичиг хэргийн хөтлөлтийг стандартын дагуу явуулах, төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах чиг үүргээ удаа дараа зөрчиж, Гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байгаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь шууд удирдлагаас өгсөн албан үүрэг, даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн Удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчлүүдийг гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13- ны өдрийн Б/622 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хэмээн маргасан билээ.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захиал ******* нь дээрх 2 зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг, ТӨБЗГазрын тогтоолд дурдсан үүрэг даалгаврын биелэлтийг төлөвлөгөө гаргаж, тайлагнах ажлыг хариуцуулахаар А. *******т цохолт хийсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн атлаа: ******* ажлын байрны тодорхойлолтод заасанчлан компанийн дотоод хэм хэмжээ тогтоосон дүрэм журмыг боловсронгуй болгож эрх зүйн зөрчил гаргахгүй байх орчныг бүрдүүлэх, удирдлагаас тавьсан шаардлага өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг хүлээсэн байгаа боловч маргааны зүйл болох дээрх 2 зөвлөмж, 1 тогтоолыг *******т ямар хугацаанд, хэрхэн мэдэгдэж гардуулсан талаарх нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул нотлоогүй гэж үзнэ гэх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримтын талаар хоорондоо зөрүүтэй байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Учир нь *******ыг ажлаас чөлөөлсөн ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 тоот тушаалын үндэслэлд дурдагдсан: ... ******* нь шууд удирдлагаас өгсөн албан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдоно. Үүнд:

******* ******* *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ДОА22/06 дугаартай зөвлөмжөөр Ажлын байрны тодорхойлолт-ыг шинэчлэн баталж мөрдүүлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №ДОА22/07 дугаартай зөвлөмжөөр компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн баталж мөрдүүлэх талаар Гүйцэтгэх захиралд албан бичгийг хүргүүлсэн байдаг. Гүйцэтгэх захирлын зүгээс дээрх зөвлөмжийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч *******т цохолт хийж, хэрэгжилтийг хангаж, хариу өгөхөөр үүрэгжүүлсэн боловч хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Энэ нь компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн А/127 дугаартай тушаалаар батлагдсан компанийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.10, 6.2.7, 6.3.9, 7.7, 8.2 дах заалт мөн Компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/163 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг хэсгийн... төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, Албан тушаалын зорилт хэсгийн №3... Гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартад нийцүүлэх ажлыг удирдан зохион байгуулах. №6 Гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэсэн заалтуудыг тус тус мөрдөж ажиллаагүй.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 386 дугаар тогтоолоор ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирал *******т шалгалтын мөрөөр тодорхой арга хэмжээ авахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Гүйцэтгэх захирал мөн л Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч *******т үүрэг даалгаврын биелэлтийг төлөвлөгөө гаргаж, тайлагнах үүргийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн боловч биелүүлээгүй бөгөөд дээрх хоёр зөвлөмж болон тогтоол нь хэрэгт эх хувиараа авагдсан ба тухайн баримт бичгүүдэд Гүйцэтгэх захирал гараар цохолт хийж, огноог бичиж *******т хүргүүлсэн байдаг.

Компанийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/127 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоор журам-ын 3.1.6-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн шууд удирдах ажилтанд ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 3.1.7-д Урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох..., 3.2.1.4-т Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажиллагсад нэгжүүдийн дарга нарт Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр чөлөөг олгоно гэж заасныг зөрчиж 2022 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ажил тасалж, журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй болно.

Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/148 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Ажилтан нарын цаг бүртгэл, хоолны хөнгөлөлтийн карт ашиглах тухай журам-аар ажилтан ******* нь хурууны хээ, нүүр царайгаар ажлын цагаа бүртгүүлэх үүрэгтэй боловч бүртгүүлээгүй нь журмын 4.1- д зааснаар ажил тасалсанд тооцогдож байна.

Зүй нь шүүхийн зүгээс дээр дурдсан хоёр зөвлөмж, нэг тогтоолыг *******т цохолт хийж хугацаатай үүрэг даалгавар өгсөн гэж үзсэн тохиолдолд ******* нь дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаараа нотлох үүргийг шүүхийн өмнө хүлээх учиртай билээ.

Иймд хариуцагчийн гаргасан хариу тайлбар, түүнийгээ нотолсон татгалзал нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээр дурдсан зөвлөмж, тогтоолыг хэрхэн яаж *******т хүргүүлснээ хариуцагч нотлоогүй гэх байдлаар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүйд гомдолтой байна.

2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа *******ыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахаар 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл ажиллуулсан, ажил олгогчийн зүгээс түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сунгахгүйгээр цуцалсан нь хугацааны хувьд хууль зөрчөөгүй, ажилтан сонгон шалгаруулах журмыг баримтлаагүй томилогдсон, албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшил, туршлага, боловсролын шаардлага хангаагүй гэх зөрчлүүдийг дурдаж байгаа боловч тухайн зөрчлүүдийг тушаалдаа тодорхой нэрлэн заагаагүй байх тул шүүхээс тайлбар хийх шаардлагагүй гэж үзье" гэх байдлаар хариуцагчийн тайлбар, няцаалтыг үгүйсгэж, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дүгнэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/298 дугаар тушаалаар *******ыг Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын албан тушаалд түр хугацаатайгаар томилон ажиллуулж байсан бөгөөд Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцсэн болно.

Тодруулбал ажил олгогчийн зүгээс *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх, тэнцэх эсэхийг тодруулахаар түр хугацаагаар томилон 5 сарын туршилтын хугацаанд ажиллуулсан байдаг бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараа ажил олгогч нь тухайн ажилтантай зайлшгүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хүлээгээгүй билээ.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: ... байгууллагын дотоод хэм хэмжээнд заасанчлан ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдсэн, гүйцэтгэх захирал чөлөө зөвшөөрөл олгосон гэдгийг нотлоогүй гэж дүгнэв" гэсэн атлаа ажилтан ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тохиролцоогүй тул ажилтан А. ******* хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гэж тодорхойлсон ажил тасалсан зөрчлийг гаргасан буруутай байсан ч уг үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрх ажил олгогчид үүсэхгүй" хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Зүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д Ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, 4.2.2-т хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, 42.2.7-д ажил олгогчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх, 42.2.9-д ажил олгогчийн шаардсанаар ажил үүрэгтэйгээ холбоотой мэдээллийг ажил олгогчид үнэн зөвөөр өгөх, хийсэн ажлаа тайлагнах үүрэгтэй гэж тус тус заасан ба нэхэмжлэгч ******* нь дээрх үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн байдаг.

Энэ тохиолдолд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй, 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж заасан эрхийнхээ хүрээнд *******ыг ажлаас чөлөөлсөн нь хуульд бүрэн нийцсэн.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48,3-т "Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасан атал шүүхийн зүгээс ажил олгогчийг нэхэмжлэгч *******тай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхгүй гэж хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 150/Ш32023/00656 дугаар "Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай" /1-р ХХ-ийн 102-105-р тал/захирамжаар хангаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* болон ******* нарын хоорондоо харилцаж байсан вайбэр чат, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 48 минутад "******* *******" *******-ийн [email protected] болон [email protected] нарын хоорондоо харилцаж байсан чатад тус тус үзлэг хийхээр болсон.

Улмаар дээр дурдсан үзлэг хийх ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны явцад хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч ******* нь шүүхэд үзлэг хийлгэх гэж буй и-мэйл цахим хаяг нь түүний эхнэрийнх ба эхнэр нь ойрхон машиндаа байгаа тул шүүх хуралдааны танхимд оруулан ирж, гар утсанд нь үзлэг хийлгэмээр байна гэх тайлбарыг гаргасан билээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөвлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч бус хүнийг шүүхийн танхимд оруулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох тул дээрх ажиллагааг явуулж болохгүй талаар даргалагчид тайлбарласан болно.

Гэтэл нэхэмжлэгч А. ******* нь тэгвэл манай эхнэртэй утсаар холбогдоод и-мэйлд нь нэвтрэх эрхийг нь авчих боломжтой гэсний дагуу шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг *******ын эхнэртэй шүүх хуралдааны дундуур гар утсаар нь яриулж, тухайн и-мэйл хаягт нэвтрэх нэр, нууц кодыг нь асуух зэргээр хооронд нь ярилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг гаргаж байсныг хариуцагчийн зүгээс шаардлага тавьж байж таслан зогсоосон.

Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98-114 дүгээр зүйлүүдэд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулсан ба хуулиар шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичиг нь шүүх хуралдааны дундуур хэргийн оролцогч бус этгээдтэй гар утсаар холбогдох, улмаар и-мэйл цахим хаягт нь нэвтрэн орж, нотлох баримтад үзлэг хийж, хэрэгт бэхжүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр иргэн *******ын нэхэмжлэлтэй, "******* *******" *******-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 150/ШШ2024/00046 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас гаргасан гомдлоо дэмжиж байна. ...Нэхэмжлэгч *******ын хувьд 2022 оны 05 дугаар сараас 10 сарын хугацаанд ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлах үед харагдана. Тухайн зөрчил түүнийг ажлаас чөлөөлсөн маргааны зүйл болсон тушаалын нэг үндэслэл болсон. Мөн хэрэгт авагдсан 159-169 дүгээр талд авагдсан ******* ******* *******-ийн хөдөлмөрийн дотоод журам авагдсан байгаа. Уг журмын 3.2-1.4-д гүйцэтгэх захирлын шууд удирдлагад ажилладаг нэгжүүдийн дарга нар гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр чөлөө олгоно гэсэн заалт байдаг. *******ын хувьд 04 дүгээр сарын 10-ны өдөр өвчтэй болсон гэдэг. Тэрийгээ анхан шатны шүүх дээр ч хэрэгт ч тэр албан ёсоор захирлаас авсан зүйл байдаггүй. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод ажиллах ёстой байтал тухайн өдөр Улаанбаатар хотод очиж, өрхийн эмнэлгийн эмчээс магадалгаа авсан байдаг. Улмаар уг магадалгааг 04 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын цахим хаягаар явуулсан үйл баримт байдаг. Тухайн өдөр ажил олгогчоос албан ёсоор чөлөө аваагүй гэж хариуцагчийн зүгээс маргаж байгаа.

Иймд тушаалд үндэслэсэн хоёр зөрчил тогтоогдсон. Тэр талаар албан ёсны эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах ёстой бол түүнийг гүйцэтгэх захирлын шууд удирдлагын дор ажилладаг газар, хэлтсийн даргын хувьд гүйцэтгэх захирлаас авах ёстой байтал аваагүй гэж маргаж байна. Иймд гомдлыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Галтаа өмгөөлөгч гомдолтой холбогдуулан өөрийнхөө дүгнэлтийг хэлсэн. Нэмж хэлэхэд *******ын хувьд захиргаа удирдлагын газрын дарга буюу хүний нөөцийн хэлтсийн даргатайгаа хавсарч ажил албан тушаалыг гүйцэтгэхээр ажил олгогчтой тохиролцсон. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасны дагуу ажил олгогчтой ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож, цалин хөлсийг тохиролцож ажил үүргээ гүйцэтгэж эхлээд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, үүний дагуу ажил хөдөлмөр эрхэлж байсан. Мөн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу зөрчил гаргасан байна гэж дүгнэдэг. Дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээ байхгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэгэнт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсчихсэн учир хөдөлмөр эрхлэлтийн харилцааны дагуу зөрчлүүд үүссэн. Тийм учраас уг зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед гүйцэтгэх захирал нь ажлаа хийдэггүй ихэнхдээ байдаггүй байсан. Надад үүрэг болгосон, даалгасан гэж баримтуудыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөх үед нь л мэдсэн. Ажил үүргээ биелүүлээгүй гэж байгаа бол энэ тухай надад мэдэгдэхгүйгээр шууд ажлаас халж байгаа нь үндэслэлгүй, мөн ажил тасалсан гэсэн үндэслэл ярьдаг. Миний бие өвдөөд ажлаа хийгээд хойшлуулсаар байгаад арга буюу эмнэлэгт хэвтэх болсон. Эмнэлэгт хэвтэх болсон тухайгаа гүйцэтгэх захиралд утсаар мэдэгдэхээр залгасан боловч утсаа аваагүй тул байгууллагын хооронд харилцдаг вабер чатаар эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт эмчлүүлэх болсон талаараа бичсэн. Үүний дараа эмнэлгийн магадалгааг зохих ёсоор холбогдох хүмүүст хүргүүлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан талаар тайлбар хэлье. Ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар ажил олгогч хариу тайлбартаа мэдэгддэг. Гэвч тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-г үндэслээгүй байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байна гэж заасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэг нь *******ын үүрэг биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дугаар ажил олгогчийн үүрэг.

...Ажил олгогч гэдэг маань Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар аж ахуй нэгж байгууллага байгаа. Аж ахуй нэгж нь Компанийн тухайн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх захирал уг үүргийг хэрэгжүүлнэ. Тийм учраас талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлийг тогтоосон нь хуульд нийцнэ.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх байхгүй. Нэгэнт ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан. Нэгэнт шаардах эрхгүйгээс үүдэж үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг агуулгаар шүүхэд хариу тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх маргааны зүйлийг маш сайн тодорхойлсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Тушаал дээр үндэслэлийг тодорхой бичээгүй. Ажил тасалсан гэх зөрчил нь яг хэд хоног тасалсан, хэдэн сарын хэдний өдөр тасалсан гэх зөрчил бичигдээгүй. Сахилгын зөрчил гэдэг нь тухайн сахилгын зөрчлийн хэм хэмжээг зөрчиж байгаа үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Тийм учраас үйлдлийг тодорхой бичээгүй гэдэг талаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Ямар үүрэг даалгавар өгсөн, уг үүрэг даалгаврыг *******т хэрхэн мэдэгдсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч нотлоогүй. Тушаал дээр нэгэнт зөрчлийг тодорхой бичээгүй учраас шүүхэд ирүүлж байгаа нотлох баримт, хариу тайлбар нь нөхөн ирүүлж байгаа гэдэг агуулгаар тодорхойлогдож болно гэж ойлгож болно. Тийм учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

...Хариуцагчийн өмгөөлөгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д заасныг тайлбарлаж хэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх нь 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх зөвлөмж дээр маш тодорхой байгаа. Үүнд ажилтан буруугүй байх зарчимтай. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлөөр цуцалж болохгүй гэдгийг бүхий л хөдөлмөрийн маргааны кейс, практик дээр явж байна. Мөн хууль тогтоомжийн хүрээнд ч тийм байгаа. Эрх зүйн харилцаа үүссэн гэж тогтооно. Гэхдээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах эрхээ хэрэгжүүлээгүй учраас ажлаас чөлөөлөх нь хуульд нийцэхгүй гэдэг шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Сүүлд нь захирамжийн биелэлт хангагдаагүй процессын зөрчил гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Ийм процессын зөрчил болохгүй. Процессын зөрчилд болсон үйл баримт байхгүй. Нөгөө талаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар яг ямар зөрчил гэдэг талаар, өөрөөр хэлбэл давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн168 дугаар зүйлийн хэдийн хэдээр гомдол гаргаад байгаа нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэв.

 3. Хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* *******-д холбогдуулан Захиргаа удирдлага, Хүний нөөцийн газрын даргын албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр давж заалдах гомдол гаргажээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.

 5. Хэргийн үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч ******* нь ******* Шохой *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай Ажиллагсдыг ажилд томилох тухай тушаалаар ******* Шохой *******-ийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/622 дугаартай тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-т заасны дагуу ******* Шохой *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан байх ба маргаан таслах комисс ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн тул гомдлоо шүүхэд ирүүлжээ.

Ажил олгогчоос *******ыг ажлаас халсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу шууд удирдлагаас өгсөн албан үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тэмдэглэлээр өгсөн албаны чиг үүрэгт хамаарах үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй, албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж тайлбарласан байна.

 6. а. Ажил олгогчийн ажилтан ******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан баримтаар ******* Шохой ******* /ажил олгогч/-аас ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудиторын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ДОА22/06, дугаартай зөвлөмж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ДОА22/07 дугаартай зөвлөмжүүд, Захиргаа удирдлага, хүний нөөцийн газрын даргын ажлын байрны тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн байх ба энэхүү баримтаар ажилтан ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болгох нь тогтоогдоно гэжээ.

Зөвлөмж гэдэг нь удирдлагын аливаа үйл ажиллагааг сайжруулах болон удирдлагын шийдвэрт тусгуулах санал, үзэл баримтлалыг хураангуйлан нэгтгэсэн баримт бичгийг хэлдэг бөгөөд тус компанийн ТУЗөвлөлийн дэргэдэх дотоод аудиторын зөвлөмжүүд нь ажилтан *******т үүрэг даалгавар өгсөн гэхээс илүү ******* Шохой ХК-ийн өмчийн хэлбэр өөрчлөгдсөн болон Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой байгууллагын дотоод журмын шинэчлэн батлах ажилтны ажлын байрны тодорхойлолт зэргийг баталж мөрдүүлэх талаар зөвлөмжийг хүргүүлсэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан гэдэг нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл хийсэн байх энэ нь тогтоогдсон байхыг олгоно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.6 хөдөлмөрийн гэрээ, 2.3.7 аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг талууд дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж болохоор зохицуулжээ.

Ажил олгогчоос *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тухайн ажлын байранд томилогдсоноор хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх ба ******* нь гүйцэтгэж буй ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрхэн зөрчсөн, тухайн зөрчлийг нь илрүүлж тогтоосон эсэх, шууд удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгавар биелэгдээгүй, эсхүл үүрэг даалгаврыг хэрхэн зөрчсөн талаар ажил олгогчоос холбогдох баримтыг ирүүлээгүй буюу татгалзлаа нотолж чадаагүй байна.

б. Ажил олгогчийн ажилтан ******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэсэн үндэслэлийн талаар :

Хариуцагчаас компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 3.1.6-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй бол энэ тухайгаа өөрийн шууд удирдах ажилтанд ажил эхлэхээс өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 3.1.7-д Урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох... гэж заасныг зөрчиж ******* 2022 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ажил тасалсан гэжээ.

Хэрэгт авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн төвд төлсөн үйлчилгээний хураамж төлсөн баримт, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Бөхбатын Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо зэрэг баримтуудаар ******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд эмчилгээ хийлгэж, хэвтэн эмчлүүлж байсан болох нь тогтоогдсон байх ба түүнийг хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

 7. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд ажил олгогчийн тушаалыг хуулийн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзэж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч ******* нь ажилдаа ирэх боломжгүй талаар мэдэгдсэн гэх баримтыг судлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж тайлбарладаг боловч зохигчдын утсанд хийсэн үзлэгийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 150/ШШ2024/00046 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 647,252 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА

 Г.ДАВААРЕНЧИН