| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0019/э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 16
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1830004010010 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн БаруунУрт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн ...тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С” зочид буудалд Ш.Жийг зодож, эрүүүл мэндэд нь “баруун нүдний гадна буланд, зүүн хацарт зулгарсан шарх, духанд, хамрын дор, эрүүний баруун буланд зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний эргэн тойронд уруулын зүүн дээд хэсэгт, дээд уруулын дотор талд, хүзүүний зүүн урд хэсэг, зүүн эгэм, хэнхэрцгийг хамарсан, зүүн бөөр орчим цус хуралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, нүүрний зүүн хэсэг нэлэнхүйдээ, зүүн нүд, уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 1987 оны төгсөлтийнхөн шинэ жилийн баяраа “Э” ресторанд тэмдэглэж, шөнө 00 цагийн үед тарцгаасан. Манай ангийнхан тэндээсээ С зочид буудалд орж 4-5 шил архи уусан. Тухайн үед би архи уусан байсан. Нэг өрөөнд ороод сууж байтал Ж намайг зайл гээд хөөгөөд байсан. Үүнээс болж бид хоёр хоорондоо зууралдаж, хоёр давхарын хүнгүй нэг өрөөнд орж зодолдсон. Би болсон асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан Жтой зодолдоод гараараа цохиод байх шиг байсан. Эмчилгээний зардалд 535000 төгрөг өгсөн гэв.
Эрүүгийн 1830004010010 дугаартай хэргээс:
- Хохирогч Ш.Жийн мөрдөн байцаалтад өгсөн: ”... 1987 оны төгсөлтийн шинэ жилийн баярын арга хэмжээ 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой “Э” ресторанд болсон бөгөөд шөнө 00 цагийн орчим тарж, би ангийн хүүхдүүдийн хамт “С” гэдэг зочид буудалд орсон. Тухайн үед би архи бага зэрэг хэрэглэсэн байсан. Шөнө 04-05 цагийн үед коридорт танил Б.Мтай таарсан. Тэр намайг гэнэт цохьсон. Би болсон асуудлын талаар болон юунаас болж намайг цохьсоныг мэдэхгүй байна. Зүүн талын шанаа бүхэлдээ хавдаж, зарим хэсэг нь урагдсан. Цээжин хэсэг хөхөрсөн. Хохирол барагдуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх- 4-5/,
Гэрч Ш.Мий мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Ш.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед гэрээсээ ангийнхантайгаа уулзана гэж гараад 2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед Төмөртэйн 11-4 тоот хашаанд Б.Баатарзориг гэдэг айлд орж унтсан байсан гэсэн. Өдөр 12 цагийн үед Б.Баатарзориг баруун талын гэрт байдаг манай ээж, ах хоёрт орж Жамбал ахын нүүр ам хүн харахын аргаггүй нүүр нь шалбарсан байдалтай болсон байна гэж хэлэхээр нь ах орж харсан байсан. Сэрэхээр нь асуухад хүнд зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-6/,
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: ”... Буудлын өрөөнүүдээр явж байгаад хоёр давхарын нэг өрөө рүү ортол Ш.Ж, Б.М хоёр цуг архи уугаад сууж байсан. Тухайн үед Ш.Жийн зүүн хацар, шанаа хавдаж урагдсан шинжтэй нилээн согтуу байсан. Тухайн үед Ш.Жийг хэнд зодуулсныг мэдээгүй. Сүүлд нь Б.М нь Ш.Жтой зодолдсон талаараа надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-8/,
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтэнд: Ш.Жийн биед баруун нүдний гадна буланд, зүүн хацарт зулгарсан шарх, духанд, хамрын дор, эрүүний баруун буланд зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний эргэн тойронд, уруулын зүүн дээд хэсэгт, дээд уруулын дотор талд, хүзүүний зүүн урд хэсэг, зүүн эгэм, хэнхэрцгийг хамарсан, зүүн бөөр орчим цус хуралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, нүүрний зүүн хэсэг нэлэнхүйдээ, зүүн нүд, уруулын зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ. /хх-12/,
Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 16/
Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас /хх-ийн 17-25/
Б.Мын урьд л шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/3022 дугаартай тодорхойлолт /хх-37/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С” зочид буудалд хохирогч Ш.Жийг зодож, эрүүүл мэндэд нь “баруун нүдний гадна буланд, зүүн хацарт зулгарсан шарх, духанд, хамрын дор, эрүүний баруун буланд зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний эргэн тойронд уруулын зүүн дээд хэсэгт, дээд уруулын дотор талд, хүзүүний зүүн урд хэсэг, зүүн эгэм, хэнхэрцгийг хамарсан, зүүн бөөр орчим цус хуралт, дээд уруулын дотор талд язарсан шарх, нүүрний зүүн хэсэг нэлэнхүйдээ, зүүн нүд, уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Б.Мын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч Ш.М, Б.Б нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Мын бусдын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч Ш.Жийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Мт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ш.Ж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн торгох ялын саналыг харгалзан Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тогтов.
Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 535000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Ж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мт мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 535000 төгрөг төлсөн, хохирогч Ш.Ж гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мт авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА